Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01170

 

 

 

 

 

 

 

 2022          11           29                                          001/ХТ2022/01170

 

“П ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/03286 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 203 дугаар магадлалтай,                                                                                                                                   

“П ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“З ” ХХК-д холбогдох

5,308,104 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг        

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “П ” ХХК нь хариуцагч “З ” ХХК-д холбогдуулан 5,308,104 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/03286 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “З ” ХХК-аас 5,308,104 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “П ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “З ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 99,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 203 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/003286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.20-ны өдрийн 203 тоот магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийг хариуцагч тал нь бүрэн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шийдвэр, магадлалын үндэслэл болсон “Тооцоо нийлсэн акт” гэгчийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шат шатны шүүхэд илэрхийлсээр ирсэн. Тухайн баримт нь хариуцагч талыг төөрөгдүүлэх байдлаар үйлдсэн хүчин төгөлдөр бус нотлох баримт юм. Нэхэмжлэлд хамаарагдах хугацаанд талуудын хооронд ажил гүйцэтгэх ямар нэгэн хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байгаагүй, тухайн хугацаанд тооцоо нийлсэн актад дурдсан үнийн дүнд тохирох хэмжээний ажил үйлчилгээ гүйцэтгэгдээгүй гэдгийг хариуцагч тал тайлбарлан маргасан боловч шүүх цор ганц хүчин төгөлдөр бус нотлох баримтад үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Хавтаст хэрэгт “Тооцоо нийлсэн акт”-аас өөр хариуцагч талд төлбөрийн үүрэг үүсгэсэн ямар нэгэн гэрээ хэлцэл нэхэмжлэх, гаалийн бүрдүүлбэр зэрэг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон ямар хэмжээний ажил хэзээ хийж гүйцэтгэсэн болохыг нотлох баримт огт авагдаагүй. Ийнхүү шат шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой нягтлан үзээгүй бөгөөд ИХШХШ тухай хуулийн 40.1, 40.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч “П ” ХХК нь хариуцагч “З ” ХХК-д холбогдуулан 5,308,104 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, тооцоо нийлсэн актад гарын үсэг зурахдаа 1,859 ам.доллар биш, 1,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж ойлгож зурсан. Манай компанийн санхүүгийн бичиг баримтууд устсан. 1,859.98 ам.долларын үлдэгдэл төлбөр байх ёсгүй... гэж маргажээ. 

7. Анхан шатны шүүх хариуцагч “З ” ХХК-аас 5,308,104 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “П ” ХХК-д олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

8. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.

9. Хэргийн 6 дугаар талд Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримтад “...2019.03.11-ний өдрөөс 2020.03.17-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд “З ” ХХК нь 1,859.98 ам.долларын өртэй гарсныг харилцан батлав” гээд талуудын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсныг нэхэмжлэгч үндэслэж 1,859.98 ам.долларыг Монгол банкны 2020.09.22-ны өдрийн валютын ханшаар тооцон 5,308,104 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

10. Хариуцагч нь “Тооцооны үлдэгдлийн баталгаа нь хариуцагч талыг төөрөгдүүлэх байдлаар үйлдсэн хүчин төгөлдөр бус нотлох баримт юм. Нэхэмжлэлд хамаарагдах хугацаанд талуудын хооронд ажил гүйцэтгэх ямар нэгэн хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байгаагүй, тухайн хугацаанд тооцоо нийлсэн актад дурдсан үнийн дүнд тохирох хэмжээний ажил үйлчилгээ гүйцэтгэгдээгүй...” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй.  

11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/03286 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 203 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 99,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХТУЯА           

                                   ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

      Н.БАЯРМАА

      П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Д.ЦОЛМОН