Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 3176

 

 

                                            2020 10 22

102/ШШ2020/03176

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Э нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Ц холбогдох,

 

40,650,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э миний бие 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Д.Нтэй 80-25УБЗ улсын дугаартай цагаан өнгийн Хьюндай FS41501 маркийн тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдан авагч нь гэрээнд заасны дагуу төлбөрийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл буюу 2 жилийн хугацаанд сар бүр 3,500,000 төгрөг төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн. Түүнчлэн Д.Н нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 6 ширхэг дугуй зээлээр худалдан авсан бөгөөд төлбөрийг нь машины төлбөртэй хамт төлөхөөр тохиролцсон. Түүнээс хойш хариуцагч нь увуулж, цувуулж 12,000,000 төгрөгийг машины үнэ гэж төлсөн хэдий ч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй өдийг хүрч байна. Иймд хариуцагчаас худалдан авсан машины үнийн үлдэгдэл төлбөр 38,000,000 төгрөг, 6 ширхэг дугуйны үнэ 2,580,000 төгрөг, мөн Д.Н нь утсаа авахгүй, оршин суугаа хаягаа өөрчилсний улмаас хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 40,650,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Н миний бие Б.Эийн нэхэмжилсэн хэргийн дагуу 40,650,200 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй. Хьюндай FS41501 маркийн 0000УБЗ улсын дугаартай авто машиныг буцааж өгөх хүсэлттэй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Нд холбогдуулан 40,650,200 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхээс хариуцагч Д.Нд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...хариуцагч нь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 38,000,000 төгрөгийг төлөөгүй, мөн 6 ширхэг автомашины дугуйг нийт 2,580,000 төгрөгөөр авсан боловч мөнгийг өгөөгүй, хариуцагчийн эрэн сурвалжлуулж, хаягийг олж тогтоосон тул улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх боловч яг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тодорхой тайлбарлаагүй, харин автомашиныг буцаан өгөх хүсэлтэй байна гэжээ.

 

Хэрэгт талуудын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч Б.Эээс 0000УБЗ улсын дугаартай цагаан өнгийн Хьюндай FS41501 маркийн тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, үнийг сар бүр 3,500,000 төгрөг төлөх байдлаар 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, талууд гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Д.Н нь энэхүү Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах тухай гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдалд маргасан талаар ямар нэгэн тайлбарыг ирүүлээгүй байхаас гадна уг гэрээний дагуу автомашиныг хүлээн авсан болох нь түүний ...автомашиныг буцаан өгөх хүсэлтэй байна гэх тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчид автомашины үнэ болох 50,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ.

Хариуцагч нь гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлсэн эсэх талаар ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн автомашины үнэд 12,000,000 төгрөгийг авсан гэх тайлбарыг үндэслэн үлдэх 38,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 6 ширхэг автомашины дугуйг худалдсан гэж тайлбарлан түүний үнэ гэж 2,580,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч уг 6 ширхэг дугуйг худалдан авах талаар талууд тохиролцсон эсэх, хариуцагчид 6 ширхэг дугуйг хүлээлгэн өгсөн талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Иймд талуудын хооронд 6 ширхэг дугуйг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 6 ширхэг дугуйны үнэ гэх 2,580,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзлээ.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоолгох зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаснаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02359 дугаартай шийдвэр гарсан байх бөгөөд нэхэмжлэгч нь уг хүсэлтийг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-4 тал/.

Иймд нэхэмжлэгчээс хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 38,070,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 2,580,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Нгээс 38,070,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгож, үлдэх 2,580,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 361,201 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид 348,301 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА