Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01233

 

Б.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/03176 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00117 дугаар магадлалтай,

Б.Эийн нэхэмжлэлтэй

Д.Нд холбогдох

40,650,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч Д.Нгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Д.Н, түүний өмгөөлөгч Д.Батдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.Э нь Д.Нд холбогдуулан 40,650,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/03176 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Нгээс 38,070,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгож, үлдэх 2,580,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 361,201 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид 348,301 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00117 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/03176 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 227 дугаар зүйлийн 227.3 дахь гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 дэх гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Д.Н хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул доорхи үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлийн зүйл болох тээврийн хэрэгслийг хариуцагч надад худалдахаас өмнө “Транс капитал” ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн байсан бөгөөд эрхийн ямарч зөрчилгүй эд хөрөнгө хэмээн итгүүлж, Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг нотариатчтай хуйвалдан тээврийн хэрэгслийн гэрчилгээгүйгээр үйлдсэн байдаг. Энэ нь тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний надад өөрт минь үлдсэн эх хувиас болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр давхар нотлогдоно. /хх10/ Гэрээ байгуулсны дараа тээврийн хэрэгсэл нь эрхийн зөрчилтэй гэдгийг мэдсэн бөгөөд энэ тухай худалдагч талд хэлэхэд нэр шилжүүлж өгнө гэдэг боловч нэрээ шилжүүлж өгөхгүй удсан тул эргэлзээ төрж, гэрээний дагуу төлбөр төлөхөө зогсоосон. Гэрээг цуцлах саналаа тавьсан байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжилбэл зохих этгээд мөн эсэх, нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр хуурамч нотлох баримтад үндэслэн шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх дээрх гомдлыг хянаад “гэрээний зүйл нь хөдлөх эд хөрөнгө буюу автомашин ба хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Б.Эийн нэр бичигдсэн байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь мөн эсэхийг тогтоохдоо тухайн цаг хугацаанд /гэрээ байгуулах үед/ тээврийн хэрэгсэл хэний өмчлөлд байгаагаар тогтоодог болохоос урьд өмнө нь хэн хэн өмчилж байснаар өмчлөгчийг тогтоодоггүй тул хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Б.Э бидний хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ 2013.04.15-ны өдөр байгуулсан. Иргэний хуулийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэсэн миний гомдлыг дүгнэхдээ миний хавтаст хэрэгт авагдаагүй зүйлд үндэслэн... нэхэмжлэгчээс энэ талаар тодруулахад 2018.04.13-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарласныг хариуцагч тал үгүйсгээгүй болно... Дээрх байдлаас үзэхэд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна гэж хэрэгт авагдаагүй үйл баримтад үндэслэж гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо анхан шатны шүүх хурлын товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй талаар гомдол гаргасан. Гэтэл шүүх хуралдаанд гаргасан гомдлыг тэмдэглээгүй байх бөгөөд энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй, орхигдуулсан байна. Миний бие Хэнтий аймагт түр оршин суудаг бөгөөд тухайн үед утсаар ирхийг мэдэгсэн боловч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.1-д заасны дагуу шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар зэргийг мэдэгдээгүй учраас шүүх хуралдаанаас хоцорч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбар, татгалзал нотлох баримт гаргаж, мэтгэлцэж чадаагүй байдаг. Ийнхүү шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс болж шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлсөн тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах  үндэслэлтэй гэж үзэв. Харин нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт гэрээгээр тохирсон хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, хариуцагчийн эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэр  зэрэг баримтад тулгуурласан байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

6. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Нд холбогдуулан худалдан авсан автомашины үнийн үлдэгдэл 38,000,000 төгрөг, 6 ширхэг автомашины дугуйны үнэ 2,580,000 төгрөг нийт 40,650,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, уг тээврийн хэрэгсэл нь “Транс капитал ББСБ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа, мөнгийг төлж чадахгүй, машиныг буцааж өгөх хүсэлтэй гэсэн үндэслэлийг заажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 38,070,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа гэрээний зүйл болох автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийг дүгнээгүй, автомашин бусдын өмчлөлд бүртгэлтэй байгаа эсэхийг тодруулаагүй нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчсөн, хэрэгт байгаа баримтын хэмжээнд залруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэв.

8. Нэхэмжлэлийн үндэслэл болсон бичгээр байгуулсан 2013.04.15-ны өдрийн гэрээгээр Б.Э нь Хьюндай FS 41501 маркийн цагаан өнгийн 80-25 УБЗ улсын дугаартай автомашиныг худалдах, Д.Н нь машины үнэ 50,000,000 төгрөгийг 2015.04.15-ны дотор буюу сар бүр 3,500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

9. Хэрэгт байгаа баримтаас үзвэл Б.Э нь эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн боловч өмчлөх эрхийг шилжүүлээгүй, хариуцагч Д.Н нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй боловч хэдэн төгрөг төлсөн, хэдийг төлөөгүй талаар зохигч талууд мэтгэлцэж чадаагүй байдал тогтоогджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан. Түүнчлэн мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ..” гэж заасан боловч талууд гэрээнд үнийг төлснөөр өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцоогүй байв.

Гэвч тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээнээс үзвэл автомашины өмчлөх эрх ББСБ-ын өмчлөлд бүртгэгдсэн, огноо тодорхой бус байгаа учраас энэ нь гэрээ байгуулах үед эсвэл гэрээ байгуулсны дараа эсэхийг дүгнэх боломжгүй, ийм байхад шүүх тодруулаагүй нь учир дутагдалтай байна. Гэрээний зүйл болох автомашиныг эрхийн доголдолтой гэж үзэх эсэх, эсвэл эрхийн доголдлыг арилгаад өмчлөх эрхийг шилжүүлэх боломжтой эсэх, уг хөрөнгөд ногдуулсан үүргийн хэмжээ зэрэг нөхцөл байдлыг дүгнэхэд хангалттай баримт байхгүй нөхцөлд хяналтын шатны шүүх залруулах боломжгүй юм.

10. Иймд хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хууль хэрэглээний асуудлаар залруулж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/03176 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00117 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2021.02.15-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 347,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                           Д.ЦОЛМОН