Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 3095

 

 

 

 

 

 

 

 

 

2020            10              16                                              102/ШШ2020/03095

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Г нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э холбогдох,

 

Газар, хашаа чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, гэрч Б.Доржпүрэв, Т.Октябрь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                 

Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ү шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 О.Г надад миний ах н.Гансүх нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр найз Я.Ү нь хашаагаа зарах гэж байгаа тухай хэлсний дагуу  2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Я.Ү ахтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж,  БГД, 1-р хороо,  0000 талбарын дугаартай 367 м.кв талбайтай, Г-300 дугаартай газрыг 25,000,000 төгрөгөөр худалдан авсан. Я.Ү ах бид хоёрын тооцоо дууссан бөгөөд миний худалдан авсан хашаанд Я.Ү ах нь Б.Эг түүний гуйлтын дагуу 2017 онд хашаандаа буулгасан юм байна. Гэвч Б.Энь одоог хүртэл манай газар болон  хашааг суллаж өгөхгүй, очихоор утсаа авахгүй, уулзъя гэхээр үл тоон барьсан байшингаа 25,000,000 сая төгрөгөөр авбал нүүнэ гэж ааваараа хэлүүлээд байж байна. Иймд БГД, 1-р хороо,  0000 талбарын дугаартай 367 м.кв талбайтай, Г-300 гэрчилгээтэй газар, хашааг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэдийгээр өмнөх эзэмшигч Я.Ү нь О.Г гэх хүнд газар, хашааг шилжүүлж өгсөн боловч Б.Э тухайн газар амьдарч байсан тул байшин, барилга барих эрх нь нээлттэй байсан гэж үзэж байна. Уг газрын өмнөх өмчлөгч Я.Ү нь анх Б.Э д хэлэхдээ “...Манайх энэ газрыг 5-6 жил ашиглахгүй тул, танайх энэ газрыг засан сайжруулаад тохижилт хийгээд амьдарвал амьдар. Харин хоёулаа төлбөр мөнгөө, хэзээ өгөх, ямар хугацаа авах асуудлаа тохиролцож чадвал уг газрыг чамд зарахад татгалзах зүйлгүй...” гэж хэлсний үндсэн дээр одоо байгаа байшинг барьсан байдаг. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад:

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Б.Эд холбогдуулан БГД, 1-р хороо,  0000 талбарын дугаартай 367 м.кв талбайтай, Г-300 дугаарт бүртгэлтэй газар болон хашааг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           

            Нэхэмжлэгч О.Гнь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Я.Үтай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, Я.Үын өмчлөлийн БГД, 1-р хороо,  0000 талбарын дугаартай 367 м.кв талбайтай, Г-300 дугаарт бүртгэлтэй газрыг 25,000,000 төгрөгөөр худалдан авч, улмаар 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдөр тус газрын өмчлөгчөөр бүртгэгдэж, 0003 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан болох нь хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна. 

 

             Ийнхүү маргааны зүйл болох БГД, 1-р хороо,  0000 талбарын дугаартай 367 м.кв талбайтай, Г-300 дугаарт бүртгэлтэй газрын өмчлөгчөөр нэхэмжлэгч О.Гийг бүртгэсэн улсын бүртгэл хүчинтэй байх ба энэ талаар зохигч маргахгүй байхаас гадна уг газарт хашаагаар хүрээлэгдсэн болохыг зохигч хүлээн зөвшөөрч байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэжээ.

 

Хариуцагч Б.Энь маргааны зүйл болох БГД, 1-р хороо,  0000 талбарын дугаартай 367 м.кв талбайтай, Г-300дугаарт бүртгэлтэй газарт байшин барьж, амьдарч байгаа болохоо хүлээн зөвшөөрч байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ... тухайн газар Я.Үын өмчлөлд байхад түүнийг ирээдүйд худалдан авахаар амаар тохиролцсоны үндсэн дээр уг газарт байшин барин амьдарч байна гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий газар нь үл хөдлөх эд хөрөнгийн төрөлд хамаарах бөгөөд  мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт  бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж,өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэжээ.

 

Хариуцагч нь өмнөх өмчлөгч Я.Үтай уг газрын худалдан авахаар тохиролцож байсан гэж тайлбарлаж байх боловч тэдний хооронд уг хэлцэл нь хуульд заасан шаардлагыг ханган хийгдсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Эг маргаан бүхий БГД, 1-р хороо,  0000 талбарын дугаартай 367 м.кв талбайтай, Г-300 дугаарт бүртгэлтэй газрыг хууль бусаар эзэмшиж,  нэхэмжлэгч О.Гийн өмчлөх эрхэд саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч О.Гнь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг дагуу өөрийн өмчлөлийн газар болон хашааг хариуцагч Б.Эгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Б.Энь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлохоор шүүх хуралдаанд гэрчээр Б.Доржпүрэв, Т.Октябрь нарын оролцуулсан бөгөөд гэрчүүдийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Б.Энь анх тухайн газарт  шороо асгаж, газар тэгшилж байж гэрээ барьсан, Надад худалдаж авахаар тохиролцоод хашаанд нь бууж байгаа гэж хэлж байсан. Анх намайг очиход ганц гэрийн суурь л байдаг байсан. Бусад хэсгүүд нь явахад ч хэцүү далий газар байсан. Өмнө жилээс л газрыг нь тэгшилж, цементлээд байшин барьсан” гэх мэдүүлэг нь нэхэмжлэгч О.Гийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч О.Гийн хариуцагч Б.Эд холбогдуулан гаргасан БГД, 1-р хороо,  0000 талбарын дугаартай 367 м.кв талбайтай, Г-300 дугаарт бүртгэлтэй газар болон хашааг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзэв.

 

Харин хариуцагч Б.Энь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Гийн өмчлөлийн БГД, 1-р хороо,  0000 талбарын дугаартай 367 м.кв талбайтай, Г-300 дугаарт бүртгэлтэй газар болон хашааг хариуцагч Б.Эгийн хууль бус эзэмшлээс  албадан чөлөөлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Гт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ЭНХЗАЯА