Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 00111

 

 

 

 

 

 

 

 

О.Г-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03095 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О.Г-ийн хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан газар, хашаа чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Г- надад миний ах н.Гансүх нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр найз Я.Ү- нь хашаагаа зарах гэж байгаа талаар хэлсний дагуу 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Я.Ү-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 10 гудамж, 00 тоот, 18639311359979 нэг талбарын дугаартай 367 м.кв талбайтай, Г-2205004300 дугаартай газрыг 25 000 000 төгрөгөөр худалдан авсан. Я.Ү- ах бид хоёрын тооцоо дууссан бөгөөд миний худалдан авсан хашаанд Я.Ү- ах нь Б.Э-г түүний гуйлтын дагуу 2017 онд хашаандаа буулгасан. Гэвч Б.Э- нь одоог хүртэл манай газар болон хашааг суллаж өгөхгүй, очихоор утсаа авахгүй, барьсан байшингаа 25 000 000 төгрөгөөр авах юм бол нүүнэ гэж ааваараа хэлүүлээд байж байна. Иймд Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 10 гудамж, 00 тоот, 18639311359979 нэг талбарын дугаартай 367 м.кв талбайтай, Г-2205004300 гэрчилгээтэй газар, хашааг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмнөх эзэмшигч Я.Ү- нь О.Г- гэх хүнд газар, хашааг шилжүүлж өгсөн боловч Б.Э- тухайн газар амьдарч байсан тул байшин, барилга барих эрх нь нээлттэй байсан гэж үзэж байна. Уг газрын өмнөх өмчлөгч Я.Ү- нь анх Б.Э-д хэлэхдээ “...манайх энэ газрыг 5-6 жил ашиглахгүй тул танайх энэ газрыг засан сайжруулаад тохижилт хийгээд амьдарвал амьдар. Харин хоёулаа төлбөр мөнгөө, хэзээ өгөх, ямар хугацаа авах асуудлаа тохиролцож чадвал уг газрыг чамд зарахад татгалзах зүйлгүй...” гэж хэлсний үндсэн дээр одоо байгаа байшинг барьсан. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Г-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 10 гудамж, 00 тоот, 18639311359979 нэгж талбарын дугаартай 367 м.кв талбайтай.улсын бүртгэлийн Г- 2205004300 дугаарт бүртгэлтэй газар болон хашааг хариуцагч Б.Э-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Г-т олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Учир нь Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, Горькийн 10 дугаар гудамж, 00 тоот Г- 2205004300 газар, хашааг Я.Ү-аас 2017 онд Б.Э-д хандаж тухайн газар амьдарч, харж хандана эзэнтэй байлгаж өгөөч, түүнчлэн ойрын 5-6 жилдээ хашааг эзэмшиж, ашиглаж чадахгүй тул цаашид боломж бололцоогоор 5-6 жилийн дараа худалдан авч болно хэмээн хүсэлт тавьсны үндсэн дээр тус газрыг засаж сайжруулан арчилж, газрыг тэгшилж, байр барьж амьдарсан. Анх амаар тохиролцсоны дагуу боломж бололцоогоор Я.Ү-ын хаан банкны дансанд 4 000 000 төгрөг шилжүүлсэн.Түүнчлэн тус газарт амьдарч байхад мэдэгдэхгүйгээр тухайн газрыг өөр өмчлөгчийн нэр дээр шилжүүлсэн нь амаар тохиролцооноос буцсан үйлдэл гаргасан. Иймд газар, хашаа чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянаж, миний зөрчигдсөн эрхийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч О.Г- нь хариуцагч Б.Э-д холбогдуулан Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 10 гудамж, 00 тоот, 18639311359979 нэг талбарын дугаартай 367 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2205004300 дугаарт бүртгэлтэй газар болон хашааг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч О.Г- нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр Я.Ү-ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 10 гудамж, 00 тоот, 18639311359979 нэг талбарын дугаартай 367 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2205004300 дугаарт бүртгэлтэй газрыг 25 000 000 төгрөгөөр худалдан авч, 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдөр өмчлөх эрхээ улсын бүртгэлээр баталгаажуулсан, 000361859 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэгт авагдсан байна. /хх5-6/

 

Маргааны зүйл болох улсын бүртгэлийн Г-2205004300 дугаарт бүртгэлтэй газрын өмчлөгчөөр нэхэмжлэгч О.Г-ийг бүртгэсэн улсын бүртгэл хүчинтэй байх ба Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх нь үүсчээ.  

 

Иймд хууль ёсны өмчлөгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хариуцагч Б.Э- нь Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 10 гудамж, 00 тоот, 18639311359979 нэг талбарын дугаартай 367 м.кв талбайтай,улсын бүртгэлийн Г-2205004300 дугаарт бүртгэлтэй газарт байшин барьж, амьдарч байгаа болохоо хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...тухайн газар Я.Ү-ын өмчлөлд байхад түүнийг ирээдүйд худалдан авахаар амаар тохиролцсоны үндсэн дээр уг газарт байшин барин амьдарч байна” гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Б.Д, Т.О нар “...Б.Э- нь анх тухайн газарт шороо асгаж, газар тэгшилж байж гэрээ барьсан, надад худалдаж авахаар тохиролцоод хашаанд нь бууж байгаа гэж хэлж байсан. Анх намайг очиход ганц гэрийн суурь л байдаг байсан. Бусад хэсгүүд нь явахад ч хэцүү далий газар байсан. Өмнө жилээс л газрыг нь тэгшилж, цементлээд байшин барьсан” гэж мэдүүлсэн нь өмчлөгч О.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаахгүй. Тодруулбал, нэхэмжлэгч О.Г-ийн хувьд хариуцагч Б.Э- нь түүний өмчлөлийн газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрхээс үзвэл шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангасан нь зөв болно.

 

Хариуцагч Б.Э- нь газрыг эзэмшиж байгаа үндэслэлээ өмнөх өмчлөгч Я.Ү-тай холбоотойгоор тайлбарласан тул буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх нь нээлттэй болох талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. 

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03095 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ