Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 01726

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01114 дүгээр шийдвэртэй, Б.Т-ын нэхэмжлэлтэй, “М” ХХК-д холбогдох

Дутуу олгосон цалин, тэтгэмжийн төлбөрт нийт 20 798 909 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

    Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр "М" ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18-105 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил олгогчоос ажилтны борлуулалтын урамшуулал, хангамжийн зардал, барьцаа цалин, гэнэт халагдсаны тэтгэмжийг дутуу олгосон, үндсэн цалингийн хэмжээг бууруулан хассан талаарх маргааныг шийдвэрлэсэн Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хорооны 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар зөвлөмжөөр дутуу олгосон борлуулалтын урамшуулал, хангамжийн зардал, барьцаа цалин, гэнэт халагдсаны тэтгэмж, үндсэн цалингийн хэмжээг бууруулан хассан нь хууль зөрчсөн болохыг тогтоож, зөвлөмжийг биелүүлэхийг хариуцагчид үүрэг болгосон юм. Гэтэл хариуцагчаас зөвлөмжийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй хирнээ зөвлөмжид заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.Үүнд:

1. Борлуулалтын урамшуулал: Миний бие "Дүүрэн богц" ХХК-ийн борлуулалтыг 2016 оноос эхлэн хариуцан ажилласан бөгөөд 2017 оны 11 дүгээр сард 74 800 литр шатахуун борлуулалтын орлогоос литр тутамд 2 төгрөгийн борлуулалтын урамшуулал 149 600 төгрөгийг, "Увс ундрага" ХХК-ийн борлуулалтыг 2017 оноос эхлэн хариуцсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сард 49 600 литр шатахуун борлуулсан. Энэ борлуулалтын орлогоос литр тутамд 2 төгрөгийн борлуулалтын урамшуулал 99 200 төгрөгийг мөн "Шивээ овоо" ХК-ийн борлуулалтыг 2017 оны 11 дүгээр сараас эхлэн хариуцан ажилласан бөгөөд 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарын хооронд 1 840 477 литр шатахуун борлуулсан. Энэ борлуулалтын орлогоос литр тутамд 2 төгрөгийн борлуулалтын урамшуулал 4 369 446 төгрөг олгох байснаас 500 000 төгрөгийг боруулалтын урамшуулалыг олгосон ба үлдсэн 3 869 446 төгрөгийг олгоогүй. "Цэцэнс майнинг" ХХК-д 2017 оны 12 дугаар сард 24 000 литр шатахуун борлуулсан. Дээрх шатахууныг захирлын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16-269 дүгээр тушаалд зааснаар литр тутамд 10 төгрөг нэмж компанид 240 000 төгрөгийн борлуулалтын нэмэгдэл оруулсан бөгөөд түүний 15 хувийн урамшуулал 36 000 төгрөг олгоогүй. "Суруга Монгол" ХХК 2018 оны 01 дүгээр сард 13 990 литр шатахуун борлуулсан. Дээрх шатахууныг захирлын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16-269 дүгээр тушаалд зааснаар литр тутамд 10 төгрөг нэмж компанид 139 900 төгрөгийн борлуулалтын нэмэгдэл оруулсан бөгөөд түүний 15 хувийн урамшуулал 20 985 төгрөг олгоогүй. 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16-269 дүгээр "Цалин тогтоох тухай" захирлын тушаалд зааснаар 2017 оны 12 дугаар cap, 2018 оны 01 дүгээр сарын хувь хэрэглэгчдийн борлуулалтын картын урамшуулал 100 749 төгрөгийг олгоогүй.

2. Хангамжийн зардал: "М" ХХК-ийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16-26 дугаар тушаалаар cap бүр борлууллалтын менежерүүдэд 200 000 төгрөгийн хангамжийн зардлыг олгож байхаар заасан боловч 2017 оны 12 дугаар cap, 2018 оны 01, 02, 03 дугаар сарын харилцагч халамжлах зардлаас тус бүр 30 000 төгрөгийг дутуу олгосон. Ингээд нийт 4 сарын харилцагч халамжлах зардалаас 110 455 төгрөгийг олгоогүй.

3. Барьцаа цалин: "М" ХХК-д ажиллаж байх хугацаандаа cap бүр цалингаас 10 000 төгрөг барьцаа болгон суутгаж авдаг. Би нийт 42 сар ажилласан бөгөөд барьцаа цалин 420 000 төгрөг байхад 330 000 төгрөг олгож, 90 000 төгрөгийг олгоогүй.

4. Үндсэн цалин: 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16-264 дүгээр "Ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” компанийн захирлын тушаал 2017 оны 12 дугаар cap, 2018 оны 01, 02, 03 дугаар сарын үл хөдлөх хөрөнгө төслийн менежерийн үндсэн цалингийн 40 хувиар тооцож олгохоос нийт 4 сарын үндсэн цалин 2 209 091 төгрөгийг олгоогүй. 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16-269 дүгээр "Цалин тогтоох тухай" компанийн захирлын тушаалаар борлуулалтын менежерийн үндсэн цалинг 600 000 төгрөгөөр тооцсон. 2017 оны 12 дугаар cap, 2018 оны 01, 02, 03 дугаар сарын борлуулалтын менежерийн 4 сарын үндсэн цалингийн зөрүү 1 325 455 төгрөг олгоогүй.

5. Гэнэт халагдсаны тэтгэмж: Ажлаас халагдсаны 6 сарын тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хууль болон дотоод журам зөрчиж бууруулсан 240 000 төгрөгийг үндсэн цалингаар тооцож 1 166 400 төгрөгөөр тооцож олгосон нь үндэслэлгүй. Учир нь: цалин хөлсийг үндэслэлгүйгээр бууруулаагүй бол миний бие 2018 оны 02 дугаар сард 1 956 457 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 2 563 630 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 2 457 077 төгрөгийн цалин авах байсан. Ийнхүү цалингийн дундаж тооцвол нэг сарын цалин хөлс 2 325 721 төгрөг байх бөгөөд нийт 13 954 328 төгрөгийн тэтгэмжийг олгохоос 1 166 400 төгрөг олгож 12 787 928 төгрөгийг дутуу олгоод байна. Иймд хариуцагчаас борлуулалтын урамшуулалд 4 275 980 төгрөг, хангамжийн запдалд 110 455 төгрөг, барьцаа цалин 90 000 төгрөг, үндсэн цалингийн зөрүү 3 534 546 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмжийн зөрүү 12 787 928 төгрөг, нийт 20 798 909 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Борлуулалтын урамшуулалд: "Дүүрэн богц " ХХК нь манай компанитай 2011 оноос хойш одоог хүртэл хамтран ажиллаж байгаа франчайзор компани. 2017 оны 12 дугаар cap хүртэл хуучин харилцагч нарыг халамжлах зардлаар cap бүр 30 000 төгрөгийг хангамжийн зардалд тооцон цалин хөлс дээр нэмж олгодог байсан. Улмаар 2017 оны 12 дугаар сараас захирлын тушаалаар хуучин байгууллагуудын cap бүрийн халамжийн 30 000 төгрөгийг олголгүй тухайн сард нийлүүлсэн литр бүрийг 1 төгрөгөөр тооцон олгохоор шийдвэрлэсэн. Б.Тэгшжаргал уг компанитай 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрээний шинэчлэлт хийсэн. Гэвч тухайн компани нь тухайн өдрийн зарласан үнээс доогуур үнээр авахаар "М ойл групп" ХХК-ийн ерөнхий захиралтай ярин хямд үнэ аван борлуулсан борлуулалтыг Б.Тэгшжаргал нь өөрийн борлуулалт хэмээн тайландаа тусгасныг шудрага бус зүйл гэж хассан байгаа. "Увс ундрага" ХХК нь өөрөө нефть импорт, бөөний худалдааны чиглэлээр ажилладаг бөгөөд шатахууны хомсдол, үлдэгдэл хүрэлцээгүй үедээ зах зээлийн үнээс доогуур үнэ захирлуудтай тохиролцон худалдан авдаг, одоог хүртэл гэрээ хийгдээгүй. "Шивээ овоо" ХК нь СШ.№901-2.ШОХК.2017 дугаар дизель түлш нийлүүлэх тендер зарлан байгууллагын өмнөөс бичиг баримт бэлтгэн сонгон шалгаруулалтанд оролцсон. Байгууллагын дотоод журам, тендерт оролцох журмын дагуу тухайн алба хэлтсүүд хамтран оролцдог бөгөөд дээрх журмуудад урамшуулалт цалин, борлуулалтын урамшуулалд тооцох тухай заагаагүй. Борлуулалтын менежерүүдийн ажил үүргийн хуваарийн дагуу бичиг баримтын бүрдлийг хийн оролцох үүрэгтэй. Гэвч Б.Тэгшжаргалын тендерийн багц дүнгээс борлуулалтын урамшуулал авах хүсэлтийг харгалзан үзэж ерөнхий захирлын шийдвэрээр багц дүнгээс өгөх боломжгүй нэг удаагийн урамшуулал 500 000 төгрөгийг олгосон.

"Цэцэнс майнинг" ХХК-тай шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. 2017 оны 12 дугаар сараас эхлэн шинээр хэд хэдэн удаа худалдан авалт хийсэн. Борлуулагчийн гаргасан тайлан, урамшуулал тооцох аргачлалын дагуу борлуулалтын урамшууллыг олгосон. Борлуулалт хийхдээ тухайн өдрийн компаниас зарласан нэгж үнийг өгсөн боловч зарласан үнээс доогуур худалдан борлуулсан. Үүнд: 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 35 730 литрийг зарласан үнэ 1 810 байхад 1 790 төгрөгөөр 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 35 730 литрийг зарласан үнэ 1 810 байхад 1 790 төгрөгөөр тус тус нийт 1 429 200 төгрөгийн алдагдалтай борлуулалт хийсэн. Гэвч байгууллагаас тухайн борлуулагчаас алдагдалыг суутгалгүй нийт борлуулсан литрээс урамшууллыг тооцон олгодог. Борлуулагч нар зарласан үнээс доогуур буюу дээгүүр борлуулалт хийхэд алдагдал буюу нэмэгдэл тооцон оноодоггүй. "Суруга Монгол" ХХК нь борлуулагчийн гаргасан тайлан, урамшуулал тооцох аргачилалын дагуу борлуулалтын урамшууллыг олгосон. Тухайн үед алдагдал өндөр байсан ч нийлүүлэлтээ таслалгүй явуулж борлуулагч нарт олгож байсан хувь хэрэглэгчдийн урамшууллыг зогсоон байгууллагын хэрэглэгчдийн урамшууллыг тооцохоор 2017 оны 11 дүгээр сарын 27-нд картын хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн.

2. Хангамжийн зардал: Компаниас борлуулалтын менежерүүдэд харилцагчийг халамжлахад 30 000 төгрөгийг cap бүр олгодог байсан ба 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18-23 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар борлуулалтын менежерүүдийн цалингийн системийг өөрчлөхдөө хуучин халамжилж байгаа байгууллагын борлуулалтын 1 литр тутмыг 1 төгрөгөөр тооцон олгож байхаар өөрчлөлт оруулсан. Б.Т-д үүний дагуу урамшууллыг тооцон олгож байсан.

3. Барьцаа цалин: Б.Т-д барьцаа мөнгө 330 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 18-134 дүгээр гүйцэтгэх захирлын тушаалаар олгосон.

4. Үндсэн цалин: 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 16-170 дугаар тушаалын 3 дахь хэсэгт Б.Т-д 2 сарын хугацаанд борлуулалтын менежерийн үндсэн цалинг 600 000 төгрөгөөр тооцон олгох бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн бусад борлуулалтын менежерүүдийн үндсэн цалингийн системийн дагуу үндсэн цалин 192 000 төгрөг болгохоор тушаал гарсан ба манай компаниас 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл борлуулалтын менежерийн үндсэн цалинг 600 000 төгрөгөөр тооцсон нь Б.Т-д илүү 9 000 000 төгрөгийн цалин олгосон байдаг.

5. Гэнэт халагдсаны тэтгэмж: Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Байгууллагын дотоод журмын 2.8.8-д ажилтанд нэг сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгоно гэж заасны дагуу Б.Т-д ажлаас халагдсаны тэтгэмж 1 440 000 төгрөгийг тооцон олгосон гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч “М” ХХК-иас 7 498 951 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 299 958 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 134 933 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Тэгшжаргал давж заалдах гомдолдоо:

1. Борлуулалтын урамшуулалын тухайд: Анхан шатны шүүх "Дүүрэн богц" ХХК-ийн 11 дүгээр сарын борлуулалтын урамшуулал 149 600 төгрөг, "Увс ундрага" ХХК-ийн борлуулалтын урамшуулал 99 200 төгрөгийн урамшуулал авах байсныг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хассаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь: нэхэмжлэгч миний бие 2017 оны 12 дугаар cap, 2018 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын 21-нийг хүртэл байгууллагын удирдлагуудад дээрх урамшуулалуудыг олгож өгөх хүсэлтийг удаа дараа бичгээр гаргаж байсан. Албан хүсэлтэд хариу өгөхгүй байсаар 2018 оны 03 дугаар cap хүрсэн. Компаний эрх бүхий этгээдэд зохих ёсны хугацаанд хүсэлтээ гаргаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаандаа хандсан гэж үзэж борлуулалтын урамшууллаас 248 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. "Шивээ овоо" ХК-ийн борлуулалтын урамшууллын 2017 оны 10 дугаар сарын нийт борлуулалт 688 348 төгрөг  авах байснаас нэг удаагийн урамшуулал олгоно хэмээн 500 000 төгрөгийг 10 дугаар сарын цалин дээр олгосон. Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороо болон анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх мөнгөн дүнг хасч нэхэмжилсэн. Гэтэл шүүхийн шийдвэрт 11 сарын борлуулалтын урамшууллын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд 2017 оны 10, 11 дүгээр сарын борлуулалтын урамшууллыг хассан. 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны 1 212 048 литр шатахуун борлуулсан борлуулалтын урамшуулал буюу 2 424 096 төгрөг олгохоор шийдвэрлэхдээ хасч тооцсон 500 000 төгрөгийг дахин хасч 1 924 096 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын нийт борлуулалтын урамшууллыг тооцож үзэхэд 1 321 172 литр буюу 2 642 344 төгрөг болж байна. Иймд 1 321 172-1 212 048=109 124 литр шатахууны борлуулалтын урамшуулал 2 642 344-2 424 096=218 248 төгрөг нийт 718 248 төгрөгийг нэмж шийдвэрт тусгаж өгнө үү.

“Цэцэнс майнинг” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сард 24 000 литр*10 төгрөг= 240 000 төгрөг*15 хувв өгөөж= 36 000 төгрөг, “Суруга Монгол” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сард 13 990 литр*10 төгрөг= 139 900 төгрөгийн урамшуулал авах байсан. Шүүх хуралдаан болохын өмнө хариуцагчаас борлуулалтын тайланг эх хувиар нь гаргуулах хүсэлт гаргасан хэдий ч хариуцагч гаргаж өгөөгүй. 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны үед давуу эрхийг ашиглан үнэ зарласан захирлын тушаалыг хуурамчаар үйлдэн нөхөж гарган шүүхэд баримт болгон өгсөн. Иймд борлуулалтын урамшуулал 56 985 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. Хувь хэрэглэгчдийн хийсэн борлуулалтын урамшуулал буюу картын урамшуулал 100 749 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн хөдөлмөрийн  маргаан шуурхай зохицуулах салбар хороонд өргөдөл гомдолд шаардлагаа гаргаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шийдвэрийг зөвшөөрөх боломжгүй.

2. Үндсэн цалин: Үл хөдлөх хөрөнгө төслийн менежерийн албан тушаалаар 2016 оны 09 дүгээр сарын 08-наас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан. 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 14-292 дугаар "М" ХХК-ийн захирлын тушаалаар нэг сарын үндсэн цалин 1 500 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16-264 дүгээр захирлын тушаалаар үл хөдлөх хөрөнгийн менежерийн үндсэн цалин /1 500 000төгрөг*40 хувь=600 000 төгрөг болж тус тус цалинжин ажиллаж байсан. 2017 оны 12 дугаар cap, 2018 оны 01, 02, 03 дугаар сарын үл хөдлөх хөрөнгө төслийн менежерийн үндсэн цалин 2 209 091 төгрөгийг олгоогүй. 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалинг 1 150 000 төгрөг*30 хувийн нэмэгдэл цалинг гэж бичсэн байдаг. 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 14-292 дугаар "М" ХХК-ийн захирлын тушаалаар нэг сарын үндсэн цалин 1 500 000 төгрөгөөр баталсан ба 2016 оны 16-264 дүгээр захирлын тушаалыг үндэслэн 600 000 төгрөгөөр цалинжиж байсан. Гэтэл шүүхийн шийдвэрт үндсэн цалинг 1 150 000*40 хувь=460 000 төгрөг гэж буруу тооцсон тул үндсэн цалин 1 500 000*40 хувь=600 000 төгрөгөөр тооцож 2 209 091-1 615 345= 539 746 төгрөгийг дутуу гаргасан гэж үзэж байна.

3. Гэнэт халагдсаны тэтгэмж: Үл хөдлөх хөрөнгө төслийн менежер болон шатахуун борлуулалтын менежерийн 2017 оны 12 дугаар cap, 2018 оны 01, 02, 03 саруудад ажиллаж байсан хугацааны үндсэн цалин хөлсийг хариуцагч тал хууль бусаар хасч шүүхээс тогтоож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч тал ажлаас чөлөөлөхдөө 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт 6 сарын тэтгэмжийг тооцохдоо ажилтаны дундаж цалин хөлсөөр тооцолгүй олгосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгө төслийн менежерийн үндсэн цалин 600 000 төгрөг дээр шатахуун борлуулалтын менежерийн үндсэн цалин 600 000 төгрөгийг нэмэх нь борлуулалтын урамшуулал нэмэгдсэн дүнгээр тооцож 12 787 928-3 600 000= 9 187 926 төгрөгийг ажлаас халагдсныг тэтгэмжээс үндэслэлгүй хассан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж борлуулалтын урамшуулалд 1 124 782 төгрөг, үл хөдлөх хөрөнгө төслийн менежерийн үндсэн цалингийн зөрүү 539 746 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмжийн зөрүү 9 187 926 төгрөг нийт 10 852 454 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Т "М" ХХК-д борлуулалтын менежерийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд захирлын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18-105 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа:

1. “Шивээ Овоо” ХК-ийн тендерийн сонгон шалгаруултад манай компани оролцож ялалт байгуулсан гэрээг дүгнэхдээ ялалт байгуулсны үндсэн дээр гэрээ байгуулсан болохыг нотлох аливаа баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүхэд "М" ХХК тендерийн журмын нотлох баримтын хэмжээнд өгсөн боловч үүнийг дүгнэн баримтын хэмжээнд гаргасан бичиг баримт, шийдвэрийн илтэд үндэслэлгүй үгүйсгэсэн.

2. Хангамжийн зардал: "М" ХХК-ийн захирлын 18-23 дугаар тушаалаар /хх-47/ борлуулалтын менежерүүдэд харилцагчийг халамжлахад 30 000 төгрөгийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ нь менежерүүдийн цалин хөлс, урамшуулал биш бөгөөд үүнийг шүүх цалин хөлс хэмээн ойлголтод багтаасан нь ойлгож дүгнэсэн. Харилцагч халамжлах гэдэг нь ажилтны өөрийн цалин бус, харин манай компанитай харилцдаг байгууллагуудад зориулагддаг мөнгөн зардал юм.

3. Б.Т "М" ХХК-д үл хөдлөх хөрөнгийн менежерээр ажиллаж байсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 17-414 дүгээр захирлын тушаалаар чөлөөлсөн. Тушаалыг шүүх дүгнэн үзээгүй хэтэрхий нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Мөн ажлаас халагдсны тэтгэмжийг тооцон бодохдоо "М" ХХК-ийн дотоод журмын дагуу 1 сараар тооцох атал 6 сарын хугацаагаар тооцсон.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэргийг хянан шийдвэрлээгүй бөгөөд байгууллагын гаргасан тушаал, журмыг хэт үгүйсгэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Б.Т хариуцагч “М” ХХК-д холбогдуулан борлуулалтын урамшуулалд 4 275 980 төгрөг, хангамжийн задалд 110 455 төгрөг, барьцаа цалин 90 000 төгрөг, үндсэн цалингийн зөрүү 3 534 546 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмжийн зөрүү 12 787 928 төгрөг, нийт 20 798 909 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч  “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18-105 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар борлуулалтын менежер ажилтай Б.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс цуцалж, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

Хэргийн 144 дүгээр талд авагдсан [email protected] хаягт 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд ирсэн и-мэйл, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд уг хаягаас илгээсэн и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах  салбар хороонд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан баримтуудаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй. Анхан шатны шүүх цахим хуудсанд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн атлаа уг нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар дүгнээгүй буруутай.

Иймээс 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01, 02, 03 дугаар сард хамаарах шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан гэж дүгнэн, “Дүүрэн богц” ХХК-ийн борлуулалтыг 2017 оны 11 дүгээр сард 74 800 литр борлуулсан шатахуунаас литр тутам 2 төгрөгийн урамшуулалаар тооцоход 149 600 төгрөг, “Увс ундрага” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сард 49 600 литр шатахуун борлуулсан литр тутам төгрөгийн борлуулалтын урамшуулал 99 200 төгрөг нийт 248 800 төгрөг болж байна.

“Шивээ овоо” ХК-д шатахуун борлуулсан тооцоог анхан шатны шүүх борлуулалтын урамшуулалд шаардсан 4 275 980 төгрөгөөс 1 924 096 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ талаарх шүүхийн тооцооны алдааны талаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй.

Нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын цалин дээр нэг удаагийн урамшуулалд 500 000 төгрөг олгосныг нэхэмжлэлдээ хасч тооцсон байхад анхан шатны шүүх 2017 оны 10, 11 дүгээр сарын борлуулалтын орлогоос дахин хассан, мөн 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын борлуулалтын урамшууллыг тооцож үзэхэд 218 248 төгрөгөөс илүү гарч байгаа тул гомдолд дурдсан хэмжээгээр хязгаарлан нийт 718 248 төгрөг /500 000+ 218 248/-ийг нэмж гаргуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Харин хувь хэрэглэгчийн хийсэн борлуулалтын урамшуулал буюу картын урамшуулал болох 56 985 төгрөгийн талаарх баримтгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 Нэхэмжлэгч Б.Т-ын 0105949 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн /хэргийн 5 дугаар тал/ бичилт, түүний тайлбараас  2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс “М” ХХК-д үл хөдлөх хөрөнгийн менежерээр, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс шатахуун борлуулалтын менежерээр ажилласан болох нь тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 1,2,3 дугаар сард үл хөдлөх хөрөнгө төслийн менежерийн ажил хавсран гүйцэтгэх, мөн борлуулалтын менежерийн үндсэн цалингийн зөрүүд нийт 3 534 546 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх нийт 2 940 000 /1 615 345 +1 325 455/ төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

Гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16-264 дүгээр “Ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаалыг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн менежерийн үндсэн цалин 1 150 000 төгрөгийн 40 хувийг 460 000 төгрөгийг 4 сараар тооцоход 1 840 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хангах үндэслэлтэй байна. Иймд шийдвэрт дурдсан үл хөдлөх хөрөнгө төслийн менежерийн ажлыг хавсран гүйцэтгэсэн цалин 1 615 345 төгрөгийн зөрүү болох 224 655 төгрөг /1 840 000-1 615 345-/ийг нэхэмжлэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан.

Тиймээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэхдээ, дундаж цалин хөлсөөр бус 600 000 төгрөгийн үндсэн цалингаар тооцон 3 600 000 төгрөг гаргуулсныг зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. 

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам” тушаалд заасны дагуу нэхэмжлэгчийн дундаж цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцоход  6 755 278 төгрөг /12 сарын 1 497 077 төгрөг+ 1 сарын 1 603 630 төгрөг+ 2 сарын 3 654 571 төгрөг/-өөс сарын дундаж цалинг тодорхойлоход  2 251 759 төгрөг  /6 755 278: 3/  болж байна. Уг дундаж цалинг 2 251 759 төгрөгийг 6 сараар тооцоход 13 510 554 төгрөг болох бөгөөд үүнээс нэхэмжлэгчид ажлаас халах тушаалд олгохоор заасан 3 600 000 төгрөгийг хасахад 9 910 554 төгрөг болох боловч нэхэмжлэгч нь ажлаас халагдсны тэтгэмжийн зөрүүг давж заалдах гомдолдоо 12 787 928 төгрөгөөр тодорхойлсон тул талуудын зарчимд нийцүүлэх үндэслэлээр хязгаарлаж, 12 787 928 төгрөгөөс 3 600 000 төгрөгийг хасч 9 187 928 төгрөг гаргуулна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрт борлуулалтын урамшууллын зардалд 967 048 төгрөг, үндсэн цалингийн зөрүү  224 655 төгрөг, гэнэт халагдсаны тэтгэмж 9 187 928 төгрөг нийт 10 379 631 төгрөгийг хангасан өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байгааг зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01114 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “7 498 951” гэснийг “10 379 631” гэж, “13 299 958” гэснийг “10 419 278” гэж, 2 дахь заалтад “134 933” гэснийг “181 024” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 188 589 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА