Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/02506

 

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/02506

 

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоожийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: С.Б нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Х СӨХ-д холбогдох,

            1,730,000 /нэг сая долоон зуун гучин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн төлөөлөгч Д.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч Д.Мын хамт гаргасан тайлбартаа:

Миний бие сонсгол маш муу, хөгжлийн бэрхшээлтэй хүн. Би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Х СӨХ-нд жижүүрийн ажилд орсон. Тус СӨХ нь 17 дугаар хорооны 36а, 36и, 37 дугаар байруудыг хариуцдаг бөгөөд, би 2019 оны 12 дугаар сар хүртэл уг СӨХ-нд тасралтгүй ажилласан. 2019 оны 7, 8, 9, 11 дүгээр сар буюу нийт 5 сар ажиллаад 36а байрны цалин 540,000 төгрөгөө авсан. 37 дугаар байрны 2019 оны 7, 8, 9, 11 дүгээр саруудын нийт 4 сарын цалин 560,000 төгрөгийг надад өгөөгүй. Нэг сарын 140,000 төгрөгөөр би тооцсон. 2019 оны 10 дугаар сард үл таних ах 37 дугаар байранд жижүүр хийсэн ба, энэ хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгөөр цалинжсан. 10 сард надад 440,000 төгрөг өгч, 100,000 төгрөгийг хассан. Би ганцаараа 4 орцтой 9 давхар хоёр байранд 4 сар жижүүр хийсэн атлаа сар бүр 540,000 төгрөг буюу 3 орцтой 9 давхар нэг байрны цалин авсан. Гэтэл урд миний ажиллаж байсан 36и байр 3 орцтой, 9 давхар нэг байрны жижүүр одоо болтол сар бүр 540,000 төгрөгийг авч байгаа. Ингээд би 37 дугаар байранд жижүүр болон цэвэрлэгээ хийсний цалин 1 сарын 140,000 төгрөгөөр бодож, 2019 оны 7, 8, 9, 11 саруудын цалин 560,000 төгрөгийг Х СӨХ-оос гаргуулахаар шаардсан. Үүнээс гадна 2019 оны 3 дугаар сард 36А байрны 00-н өрөөнд машины грашны тоосгыг нурууныхаа арьсыг шалбартал зөөсөн ажлын хөлс 50,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл 47 дугаар байрны хогийг өөр газар зөөж хаясны хөлс 50,000 төгрөг, 36А байрны 10 дугаар сарын цалин 600,000 төгрөгөөс 450,000 төгрөгийг авсан ба, аваагүй үлдсэн 150,000 төгрөгийн цалин, мөн тус СӨХ-нд ажиллах хугацаандаа өөрийн мөнгөөр хангамж авдаг байсан, үүний үнэ 200,000 төгрөг болсон. Түүнчлэн сар бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэн миний цалингаас 60,000 төгрөг авч байсан. Үүнээс 40,000 төгрөгийг 12 сарын хугацаагаар тооцож 480,000 төгрөгийг буцааж авахыг хүсэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу байнгын ажлын байранд заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Хариуцагч хуулийн энэ зохицуулалтыг зөрчсөн байна. Ажилтнуудад цалингийн урьдчилгаа олгох хүснэгтэд 36А, 37 дугаар байрыг С.Б давхар хариуцан цэвэрлэж байсан гэдэг нь нотлогдож байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч шийдвэр гаргаагүй байж хөгжлийн бэрхшээлтэй ажилтны цалингаас суутгал хийсэн. Мөн тэрхүү суутгасан мөнгөөр Хүн амын орлогын албан татварт төлсөн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний цалин хөлснөөс аливаа татвар суутгах ёсгүй байхад дур мэдэн суутгасан байна. Иймд хариуцагч Х СӨХ-оос 2019 оны 7, 8, 9, 11 дүгээр саруудад 37 дугаар байранд жижүүр үйлчлэгчээр ажилласан хугацааны цалин /200,000*4 сар/ 800,000 төгрөг, хувь хүний орлогын албан татварт илүү суутгасан /40,000*12 сар/ 480,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сард дутуу олгогдсон цалин 150,000 төгрөг, ажиллах хугацаандаа ажилд ашигласан хангамжийн материалын зардал 200,000 төгрөг, мөн ажиллах хугацаандаа нэмэлт ажил хийж гүйцэтгэсний хөлс 100,000 төгрөг, бүгд 1,730,000 төгрөгийг гаргуулан С.Бд олгож өгнө үү...гэв.

Хариуцагч Х СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

С.Б Баянзүрх дүүргийн СӨХ-нд ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс манай СӨХ-ны 36И байрны 1,2 дугаар орцны жижүүр, үйлчлэгчээр, сарын 400,000 төгрөгийн цалинтайгаар түр хугацаагаар ажиллаж эхэлсэн. Тэрээр 2018 оны 12 дугаар сараас эхлэн 36И байрны 1, 2, 3 дугаар орцыг байраар нь хариуцан сарын 600,000 төгрөгөөр цалинжиж байтал тус байрны оршин суугчийн хүүхдийг айлган сүрдүүлснээр эцэг эх нь гомдол гаргаж, ажлаа сайн хийдэг болохоор нь бид хариуцдаг байрыг өөрчилж, 2019 оны 9 дүгээр сараас эхлэн 36А байрны 1, 2, 3 дугаар орцыг хариуцуулж, сарын 600,000 төгрөгөөр цалинжуулсан. С.Б нь хөгжлийн бэрхшээлтэй, чих хатуугаар группэд орсон хүн учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй, зөвхөн хүн амын орлогын албан татварт үндсэн цалингаас 10 хувиар авах хуулийн дагуу суутгадаг. С.Б 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймаг явж группээ сунгуулахаар явахад нь замын зардлын мөнгийг өгч байсан. 37 дугаар байр 1 орцтой учраас тэнд жижүүр үйлчлэгч байнгын байх боломжгүй тул 36И, 36А байрны жижүүр үйлчлэг, лифтчин нараар ээлжлэн хааяа угаалгадаг байснаас биш албан ёсоор орон тооны жижүүр үйлчлэгчийн тушаал гаргах боломжгүй. Учир нь 1 жижүүр үйлчлэгч 590 м.кв талбайг хариуцах стандарт нормтой. 36А байрны хүүхдийн тоглоомын талбайг давхар хариуцуулан сарын 200,000 төгрөгийн цалинтай Энхбат гэдэг хүнийг түр хугацаагаар авч ажиллуулсан боловч энэ хүн ажил хийх чадваргүй архичин хүн байсан тул ажлаас чөлөөлсөн. С.Б ажлын цагаар ажлын өрөөндөө байдаггүй, энд тэнд тэнэж, эсвэл 15 цагаас 21 цаг хүртэл бүжигт орчихдог, хамт олны хүчээр хийх ажилд оролцдоггүй хүн. Жижүүр ганц шал угаагаад цалин авдаггүй, ажилчид бүгд хамтаар ажилладаг. Авдаг цалин нь 320,000 төгрөг байсныг 600,000 төгрөг болгосон. 1 орцыг сарын 140,000 төгрөгөөр бодож цалинжуулдаг гэсэн нь нэхэмжлэгчийн өөрийнх нь бодож гаргасан санаа, түүнээс биш 97,000 төгрөг байдаг. Хангамжийн жагсаалтын дагуу сар бүр хангамж тараагддаг. 200,000 төгрөгийн материал авсан гэж байгаа ч баримтгүй байна. Ажлаа сайн хийвэл 30 хувь нэмж, муу хийвэл 30 хувь бууруулах журам байдаг. С.Б нь зан аашны хувьд хэрцгий хүн юм. 10, 11 дүгээр сард энэ хүн ажиллаагүй боловч бид цалинг нь бүтэн өгсөн. Өөр газар ажиллаж байгаа гэдгийг нь мэдсэн учир 12 дугаар сард ажлаас халах шийдвэр гарсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Х СӨХ-нд холбогдуулан, тус СӨХ-нд орцны жижүүр, үйлчлэгчээр ажиллах хугацаандаа нэмэлт ажил хийж гүйцэтгэсний хөлс 100,000 төгрөг, ажилд ашигласан хангамжийн зардалд өөрөөс зарцуулсан 200,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын цалингаас дутуу олгогдсон 150,000 төгрөг, 2019 оны 7, 8, 9, 11 дүгээр саруудад 37 дугаар байранд жижүүр, үйлчлэгчийн ажлыг хавсарч хийсний цалин 800,000 төгрөг, ажил олгогчийн цалингаас хувь хүний орлогын албан татварт 12 сарын турш илүү суутгасан 480,000 төгрөг, нийт 1,730,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Х СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч С.Б-г 37 дугаар байрны жижүүр, үйлчлэгчээр ажиллуулах, нэмэлт цалин олгохоор тохиролцоогүй, уг байрны цэвэрлэгээг ажилчид ээлжлэн хийдэг байсан учир цалин шаардах эрхгүй, мөн нэхэмжлэгчтэй нэмэлт ажил хийлгэх, хөлс төлөх талаар тохиролцоогүй учир тоосго зөөсөн гэх 50,000 төгрөг, хог зөөсөн гэх 50,000 төгрөгийн шаардлага үндэслэлгүй, ...татварын газарт сар бүр хувь хүний орлогын албан татварыг тайлагнадаг учир суутгал үндэслэлгүйгээр аваагүй, өөрөө ажил хаяж яваад 2019 оны 11 дүгээр сард ажиллаагүй байхад нь тухайн сарын цалинг бүрэн олгосон, мөн 2019 оны 10 дугаар сард С.Б ажил дээр алдаа гаргасан учир цалингийн 10 хувийг суутгасан тул 150,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй... гэх тайлбарыг гаргаж маргасан.

Х СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №06 дугаар тушаалаар С.Б-г мөн өдрөөс эхлэн тус СӨХ-ны 36И байрны 1, 2 дугаар орцыг хариуцуулан, түр хугацаагаар авч ажиллуулан, сарын цалинг 400,000 төгрөг тогтоож, улмаар 2018 оны 12 дугаар сараас эхлэн 36И байрны 1, 2, 3 дугаар орцыг байраар нь хариуцаж 600,000 төгрөгөөр цалинжиж байгаад, 2019 оны 9 дүгээр сараас тус СӨХ-ны 36А байрны 1, 2, 3 дугаар орцыг хариуцан ажиллаж байгаад, 2019 оны 12 дугаар сараас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-16/

Талууд хэдий бичгээр гэрээ байгуулаагүй боловч, ажил олгогч Х СӨХ-ны гүйцэтгэх захирлын тушаалаар С.Б-г жижүүр, үйлчлэгчээр авч ажиллуулсан нь тэдний хооронд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч С.Б 2019 оны 12 дугаар сард Х СӨХ-ны жижүүр, үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн болохоо мэдэж, олгогдоогүй цалин 560,000 төгрөг гаргуулах, ажиллаж байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх агуулга бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гаргаж, улмаар 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдаанд ирээгүйн улмаас түүний нэхэмжлэлийг шүүгчийн 102/ШЗ2020/03456 дугаар захирамжаар буцааж, дахин 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шинээр нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна. /хх-119-121/

С.Б нь Х СӨХ-нд орцны жижүүр, үйлчлэгчээр ажиллах хугацаандаа үүрэгт ажлаас гадна нэмэлтээр тоосго зөөсний хөлс 50,000 төгрөг, 47 дугаар байрны хог зөөсний хөлс 50,000 төгрөг, мөн цэвэрлэгээний нэмэлт хангамжийг өөрөөсөө гаргасан гэх 200,000 төгрөг, нийт 300,000 төгрөгийг ажил олгогч Х СӨХ-ноос гаргуулахаар шаардсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эдгээр шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, түүнчлэн, дээрх ажлыг СӨХ-ны бүх ажилчид ажил үүргийн дагуу ижил хэмжээнд хариуцан хийж, нэмэлт хөлс олгохоор тохиролцоогүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Э, Д.С нар нотолж байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн 2019 оны 7, 8, 9, 11 дүгээр саруудад Х СӨХ-ны 37 дугаар байрны жижүүр, үйлчлэгчийн ажлыг давхар хариуцан ажиллаж, нэг сарын хөлс 200,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг шүүх хангах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь хэрэгт нотлох баримтаар авагдсан СӨХ-ны ажилчдын цалингийн хүснэгтэд бичигдсэнээр СӨХ-ны бусад ажилчид тус байрыг зарим саруудад давхар хариуцан ажилласан ч, тэдний цалин 600,000 төгрөг буюу бусдаас илүү нэмэлт цалин олгогдож байгаагүй болох нь тогтоогдохын зэрэгцээ, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Э, Д.С нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч С.Б-ийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтэрт бичигдсэнээр тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн тэтгэвэр авдаг ба, Ховд аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийн шийдвэрээр түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосныг 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл сунгаж шийдвэрлэжээ. /хх-128, 129/

Монгол улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого нь албан татвараас чөлөөлөгдөнө. Гэтэл ажил олгогч Х СӨХ нь хөгжлийн бэрхшээлтэй ажилтны цалингаас 690,840 (2018 оны 11 дүгээр сард 40,000, 12 дугаар сард 60,000, 2019 оны 1, 2 дугаар сард 120,000, 3 дугаар сард 34,840, 4 дүгээр сард 26,000, 5-9 дүгээр саруудад сар бүр 60,000, 10 дугаар сард 50,000, 11 дүгээр сард 60,000) төгрөг суутган авч, тийнхүү суутгасан мөнгийг татварын байгууллагад төлсөн эсэх тухай нотлох баримтыг хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөх татварыг С.Б-ийн цалингаас суутгасан нь хуульд нийцээгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Х СӨХ-г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байх тул 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 12 сарын хугацаанд суутгаж авсан нийт 690,840 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн үндсэн цалин 600,000 төгрөг бөгөөд, 2019 оны 10 дугаар сард түүнд 450,000 төгрөгийн цалин олгогдсон болох нь ажилчдын цалингийн цэсээр тогтоогдсон. Дутуу олгогдсон 150,000 төгрөгийн цалинг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан ба, хариуцагч тал уг шаардлагыг эс зөвшөөрч, С.Б-г ажлын хариуцлага алдан зөрчил гаргасан учир цалингийн 10% хассан гэх боловч энэ тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгүүдэд зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэх ба, ажил олгогч нь ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.

Хэрэв ажилтан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-131.1.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулах боломжтой ба, тийнхүү сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах шаардлагатай. Хариуцагч Х СӨХ нь нэхэмжлэгч С.Б-гсахилгын зөрчил гаргасны улмаас нэг сарын цалинг 10% хасах сахилгын шийтгэл ногдуулсан хэмээн тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй тул ажилтны 2019 оны 10 дугаар сарын цалингаас үндэслэлгүйгээр суутгасан 150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр шүүх Х СӨХ-ны С.Б-ийн цалингаас үндэслэлгүйгээр суутган авсан 690,840 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын цалингаас дутуу олгогдсон 150,000 төгрөг, нийт 840,840 төгрөгийг хариуцагч Х СӨХ-ноос гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 889,160 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х СӨХ-ноос 840,840 /найман зуун дөчин мянга найман зуун дөчин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 889,160 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 50,080 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 24,730 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    А.САРАНТУЯА