Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01390

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01390

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01404 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Бийн хариуцагч Х СӨХ-д холбогдуулан гаргасан цалин 560 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.М, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Гантын 40б байранд жижүүрийн ажил хийдэг ба сонсгол маш муу, хөгжлийн бэрхшээлтэй. Би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус Баянгол дүүрэг, 17 дугаар хороонд байрлах Х СӨХ-д жижүүрийн ажилд орсон. Хариуцагч Х СӨХ нь 17 дугаар хорооны 36а, 36и, 37 дугаар байрнуудыг хариуцан ажилладаг бөгөөд би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сар хүртэл уг СӨХ-нд тасралтгүй ажилласан. Би нэг сарын 140 000 төгрөгийн цалин авдаг. Би 2019 оны 7, 8, 9, 11 сарын буюу нийт 4 сар 36а байрны жижүүрээр ажилласан хугацааны цалинд 540 000 төгрөгөө авсан. Гэтэл хариуцагч СӨХ нь 37 дугаар байрны жижүүр хийсэн мөнгө болох 2019 оны 7, 8, 9, 11 дүгээр сарын буюу нийт 4 сарын 560 000 төгрөгийн цалинг надад огт өгөөгүй. Иймд 37 дугаар байрны жижүүрээр ажилласан хугацааны буюу 2019 оны 7, 8, 9, 11 дүгээр сарын цалин болох 560 000 төгрөгийг Х СӨХ-оос гаргуулж, 4 сарын хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид өгөх ёстой Ахуй үйлчилгээний 90 жилийн ойн дурсгалын тэмдэгийг ч өгөөгүй, энэ мэтээр байнга шахаж хавчдаг байсан. Ийм ч учраас нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сард ажлаас гарч 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Саруул дулаан СӨХ-д жижүүрээр ажилд орсон ажиллаж байгаа. Мөн хариуцагч Х СӨХ нь С.Бийг ажилд оруулах тушаалаар авсан мөртлөө ямар ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй байдаг. Гэтэл гэрээ байгуулаагүй. Цаашлаад С.Бэ нь 36а байрнаас гадна 37 дугаар байранд давхар жижүүр, цэвэрлэгчээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгааг шүүхээс анхаарч үзнэ үү. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн цалинг өгөхгүй байсан учир тэрээр аргагүйн эрхэнд шүүхэд хандсан байгаа гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хамгийн анх нэхэмжлэгч С.Бийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн манай СӨХ-ны 06 дугаар тушаалаар ажилд авсан. Ажилд авахдаа 36и байрны 1-2 дугаар орцны жижүүр, үйлчлэгчээр нэг сарын 400 000 төгрөгийн цалинтайгаар түр хугацаагаар авч ажиллуулсан. Түүний орсон ажлын байр нь байнгын ажлын байр. Дараа нь С.Бэ 2018 оны 12 дугаар сараас эхлэн 36и байрны 1, 2, 3 дугаар орцыг байраар нь хариуцан сарын 600 000 төгрөгөөр цалинжан ажиллаж байсан. Гэтэл тэрээр 36и байрны 28 тоотын оршин суугчийн хүүхдийг айлган сүрдүүлсэн. Ингээд эцэг эхээс нь гомдол ирсэн тул 2019 оны 9 дүгээр сараас эхлэн 36а байрны 1, 2, 3 дугаар орцыг хариуцуулж сарын 600 000 төгрөгөөр цалинжуулсан. Нэхэмжлэгч С.Бэ нь хөгжлийн бэрхшээлтэй чих хатуугаар группт орсон хүн учраас Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй зөвхөн ХАОТ үндсэн цалингаас 10 хувиар авах хуулийн дагуу төлөх учраас авдаг. Бодит байдал дээрээ С.Бэ ажлаа хийдэггүй, байнга хэл ам таталдаг. Гэсэн ч бид нэхэмжлэгчийг хүн гэдэг утгаар нь ажиллуулаад, цалинжуулаад явж ирсэн. Тэрээр 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймаг явж группээ сунгуулахаар явахад нь хүртэл бид замын зардлын мөнгийг өгч байсныг хэлмээр байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан шигээ 37 дугаар байрыг огт хариуцан ажиллаж байгаагүй. Уг байр 1 орцтой учраас тэнд жижүүр, үйлчлэгч байнгын байх боломжгүй тул 36и, 36а байрны жижүүр, үйлчлэгч, лифтчин нараар ээлжлэн хааяа угаалгадаг байснаас албан ёсоор орон тооны жижүүр үйлчлэгчийн тушаал гаргах боломжгүй байдаг. Учир нь 1 жижүүр үйлчлэгч 590 м2 талбайг хариуцах стандарт нормтой. 36а байрны хүүхдийн тоглоомын талбайг давхар хариуцуулан сарын 200,000 төгрөгийн цалинтай н.Энхбат гэдэг хүнийг түр хугацаагаар авч ажиллуулсан боловч энэ хүн ажил хийх чадваргүй архичин хүн байсан тул ажлаас чөлөөлсөн. С.Бэ ажлын цагаар ажлын өрөөндөө байдаггүй. Энд тэнд тэнэж, эсвэл 15 цагаас 21 цаг хүртэл бүжигт орчихдог. Хамт олны хүчээр хийх ажилд оролцдоггүй хүн. Жил бүрийн Ахуй үйлчилгээний баярыг тохиолдуулан ажилчдаа урамшуулдаг. Түүнд хамруулж Ахуй үйлчилгээний 90 жилийн ойн дурсгалын тэмдэгээр шагнасан. Үнэмлэхийг нь өгөөгүй байсан байх, үүнийг мэдэж авлаа. Бид нөхөн өгч болно. Нэхэмжлэгч С.Бэ хамгийн анх 2020 оны 02 дугаар сард шүүхэд яг энэ асуудлаараа хандсан. Гэвч шүүх нэхэмжлэгчийг ирээгүй гээд 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийг буцаасан. Тэр шүүх хуралдааныг тарсны дараа миний хажуугаар өнгөрөхдөө савхин бээлийтэй гараараа гудамжинд толгой руу цохисоноос болж би толгой эргэж унасан бөгөөд толгойгоо 3 хоног бариачаар бариулж ажил хийх чадваргүй болсон. Энэ талаараа би цагдаад хандмаар байсан ч нэхэмжлэгчийг өрөвдөөд хандаагүй. 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн үед манай СӨХ-ны 36а байрны усны цэгээс 1 ширхэг ногоон шүүр аваад, мөн 36и байрны 3 дугаар орцонд орж улаан өнгийн 1 ширхэг шүүр хулгайлан авч явсан. 2020 оны 3 дугаар сарын 10-ны шөнө 01 цагт 3 бичиг барьчихсан 37-36а байрны 1, 2 дугаар орцуудаар намайг хулгайч, худалч, мөнгө идэж, уусан гэж бичсэн бичгүүдээ нааж тавьсныг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өглөө бүгдийг хурааж авсан баримтуудыг камераар баталгаажуулж утсандаа хадгалсан. 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажлын өрөөнд орж ирж элдэв үгээр доромжилж ...чамайг би ална гэж сүрдүүлж, заналхийлж, хорооны цагдаад мэдэгдсэн гэж дарамталж байлаа. Би энэ хүнийг хүн ёсоор үзэж нэг ч үг хэлж, хэл амаар доромжлох байтугай үргэлж өрөвдөн тус болъё гэж бодож явдаг. Ямар учраас надтай ийм өш хонзонтой хүн гэдгийг ойлгохгүй юм. Мөн нэхэмжлэгч өөрөө 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өөр СӨХ-нд ажилд орсон. Бүр 2019 оны 11 дүгээр сард өөрөө сайн дураараа ажлаа хаяад явсан ч бид түүний хариуцан ажилласан 36а байрны жижүүр, цэвэрлэгчийн мөнгийг нь бүтэн төлсөн. Энэ талаарх баримтуудаа өгсөн. Бидний зүгээс өөрт байгаа бүхий л баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Өөр ямар ч баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан цалин 560 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай С.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 17 450 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн 3 дугаар хуудсанд хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч 37 дугаар байрыг хариуцан ажиллаж байгаагүй гэж худлаа хэлснийг нотлох баримтгүйгээр шүүх үнэлсэн. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн. Би 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа гарсан. 2020 оны 02 сард шүүхэд анх нэхэмжлэлээ өгсөн. 37 дугаар байрыг давхар хариуцан ажилладаг гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж шүүх буруу дүгнэсэн. Гэрч Ганбаатар шүүх хуралд намайг 37 дугаар байранд ажилладаг талаар хэлж байхад гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Мөн хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралд олон зүйлийг худал хэлсэн. Намайг 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас хөөсөн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Бэ нь хариуцагч Х СӨХ-д холбогдуулан жижүүрээр ажилласан 2019 оны 7-11 дүгээр сарын цалин болох 560 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч 37 дугаар байрыг хариуцан ажиллаж байгаагүй. Түүний хариуцан ажилласан 36а байрны жижүүр, цэвэрлэгчийн мөнгийг төлсөн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тушаал-ын дагуу хариуцагч Х ХХК-д жижүүр, үйлчлэгийн ажилд томилогдож, 2019 оны 11 дүгээр сарыг дуустал ажиллаж, улмаар чөлөөлөгдсөн үйл баримтын талаар маргаагүй байна. Уг ажлын байр нь байнгийн ажлын байр болон хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй гэж талууд тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Учир нь нэхэмжлэгч өмнө нь дээрх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх буцаасан талаар тайлбарлаж, давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн төлөөлөгчөөс тодруулж, асуухад зөвшөөрсөн тайлбар гаргасан болно.

 

Иймд нэхэмжлэгч нь хэзээ, ямар үндэслэлээр шүүхэд хандаж байсан үйл баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх талаар дүгнэлт хийхэд чухал юм. Мөн нэхэмжлэгч хэдэн төгрөгийн цалин хөлстэй байсан болон хэдэн байрны орцыг тус бүр хэдий хугацаанд хариуцан жижүүрлэж, цэвэрлэгээ үйлчилгээг нь хийсэн үйл баримтыг нарийвчлан тооцож дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01404 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

С.ЭНХТӨР