Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 01724

 

     “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01240 дугаар шийдвэртэй, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д холбогдох

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 638 516 497 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Нийт 625 008 960 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Б, нэхэжлэгчийн өмгөөлөч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагчийн өмгөөлөг О.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн СХГ-10/01 тоот “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Наран молл худалдааны төвийн А, Б, В, Г дөрвөн блокийн зоорийн давхар, 1,2,3,4 давхрын угсралтын ажлыг 2010 оны 12 дугаар сарын 01-ний дотор 2 800 000 ам.долларын хөлсөөр барьж гүйцэтгэхээр тохирсон. Гэрээт ажлыг 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүрэн дуусгасан бөгөөд 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн. Дэлгүүрийн үйл ажиллагаа албан ёсоор 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нээлтээ хийж, эхэлсэн. Энэ ажлын хөлснөөс нэхэмжлэгч баталгааны 5 хувь буюу 140 000 ам.доллараас бусад хэсгийг төлсөн бөгөөд баталгаат хугацаа 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дууссан байхад төлбөрийг төлөхгүй байгаа тул 140 000 ам.доллартай тэнцэх 339 407 600 төгрөг гаргуулахаар шаардсан. Гэхдээ хариуцагчаас ажлын төлбөрт нийт төлсөн дүнгээс 5 207,4 ам.доллар илүү төлсөн тооцоо гарсан талаар хариуцагч тайлбарлаж байгаа учир 140 000 ам.доллараас 5 207.4 ам.долларыг хасч, үлдэх 134 792,6 ам.доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн ханш 2 424,34 төгрөгөөр тооцож 326 783 092 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Барилга угсралтын ажил гүйцэтгэх 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11/10 тоот гэрээгээр доод давхартаа гарааштай, 3 давхар оффис, агуулахын зориулалттай барилга угсралтын ажлыг 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2 000 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Гэхдээ уг гэрээнд 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12/03/29 тоот нэмэлт оруулах тухай гэрээгээр барилгын ажлыг бүрэн дуусгах хугацааг 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгаж, барилга угсралтын ажлын нийт өртгийг суурийн ажлын зардлыг оруулан 2 554 580 000 төгрөг байхаар тохирч өөрчлөлт оруулсан. Гэвч захиалагч талаас материалын болон мөнгөний санхүүжилтийг хугацаа хожимдуулан хийж байснаас болж ажил хугацаандаа дуусаж чадаагүй. Улмаар барилга угсралтын ажлыг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүрэн дуусгаж, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн уг гэрээгээр чанарын баталгаа болгож, суурийн ажлын зардал ороогүй дүн буюу 2 403 518 000 төгрөгийн 5 хувийг барьцаалуулсан бөгөөд гэрээ ёсоор 12 сарын дараа төлөгдөх байсан 128 175 700 төгрөгөөс 107 294 028 төгрөгийг дутуу өгсөн. Иймд 11/10 тоот гэрээний төлбөрийн үлдэгдэл 107 294 028 төгрөгийг гаргуулж өгнө үү.

11/10 тоот болон 12/03/29 тоот гэрээний дагуу гүйцэтгэж байсан барилгын ажлын явцад 3 дугаар давхрын дотоод заслын ажлын зургийг захиалагчийн хүсэлтээр 2012 онд өөрчилж, өрөө тасалгааг нэмж хийх болсноор 100 528 247 төгрөгийн нэмэлт зардал манайхаас гарсан. Энэ ажил 2012 оны 08 дугаар сараас 2012 оны 10 дугаар сарын хооронд хийгдсэн. Бид тохирохдоо эхлээд ажлаа гүйцэтгэх, дараа нь гүйцэтгэлээр тооцож зардлыг төлөхөөр болсон. Энэ дагуу нэмэлт ажлыг гүйцэтгэж, хийсэн нэмэлт ажлын хэмжээнд гарсан зардлыг зохих зөвшөөрөл бүхий этгээдээр тооцож гаргуулан шаардсан боловч захиалагч төлбөрийг төлөхөөс татгалзаж, мөнгийг өгөөгүй. Иймд нэмэлт ажлын зардалд 100 528 247 төгрөгийг гаргуулж өгнө үү. Захиалагч 11/10 тоот гэрээний баталгаа 5 хувиас төлөгдөөгүй үлдсэн 107 294 028 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлөх ёстой байсан, мөн нэмэлт ажлын зардлыг ажил хүлээлгэн өгсөн даруй буюу 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлөх байсан. Гэвч эдгээр төлбөрийн аль алийг төлөөгүй тул 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 233 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэж алданги шаардаж байгаа. Тооцож үзэхэд алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээнээс их гарсан тул хуульд нийцүүлэн 50 хувь буюу 103 911 130 төгрөгөөр тооцож хариуцагчаас шаардаж байна. Иймд хариуцагчаас СХГ-10/01 тоот гэрээний төлбөр 326 783 092 төгрөг, 11/10 тоот гэрээний төлбөр 107 294 028 төгрөг, нэмэлт ажлын төлбөр 100 528 247 төгрөг, алданги 103 911 130 төгрөг, нийт 638 516 497 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Сөрөг шаардлагын тухайд: Наран Молл худалдааны төвийн гадна шилэн фасадын ажлыг манайх захиалагчийн хяналтын доор “ИЗМнэг” ХХК-иар гүйцэтгүүлсэн тул бидэнтэй доголдол ярих үндэсгүйн гадна хуулиар тогтоосон гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн. Тэгээд ч 184 134 842 төгрөгийн зардал гарна гэж нэхэмжлээд байна уу? гарсан гэж нэхээд байна уу? ойлгомжгүй байна. Зардал гарсан бол ямар байгууллагаар засварлуулж, хэдэн төгрөг төлсөн нь тодорхой байх ёстой атал энэ талаар баримтгүй тул энэ шаардлагыг зөвшөөрөхгүй. 11/10 тоот гэрээний дагуу хийгдсэн ажлын доголдол арилгахад шаардагдах 30 036 034 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь: Наран агуулахын барилгын 2 дугаар давхрын шалны ажилд гарсан гэх доголдол нь манай хийсэн ажлаас бус харин техникийн буруу тооцооллоос үүдэлтэй гэж үзэж байгаа. Бид ажлаа явуулахдаа 2 давхрын шалны цутгалтын зарим хэсгийг үйлдвэрийн зуурмагаар, зарим хэсгийг орц нормыг нарийн тооцоолж өөрсдөө гараар зуурсан зуурмагаар цутгасан байдаг. Ашиглалтын явцад шалны будаг ховхорсон байгаа байх. Энэ нь манай ажлын доголдол биш, харин техникийн шаардлага хангаагүйгээс үүдэлтэй. Барилга угсралтын ажил гүйцэтгэх 2011 оны 11/10 тоот гэрээгээр барилгын ажлыг бүрэн дуусгах хугацааг 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэж тохирсон боловч, нэмэлт гэрээгээр барилгын ажлыг бүрэн дуусгах хугацааг 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэхээр тохирсон. Бид ажлаа 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн. Бид санхүүжилтгүй бол ажлаа явуулах боломжгүй байсан бөгөөд захиалагч 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хамгийн сүүлд санхүүжилт өгсөн. 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэхэд 95 хувийн төлбөр хийгдсэн байх ёстой байтал 1 146 265 453 төгрөг төлөгдсөн байсан.

Хугацаа хэтэрсэн санхүүжилттэй холбоотой тул манайх алдангид 407 563 084 төгрөг төлөх үндэслэлгүй. Хариуцагч нь 2012 оны 08 дугаар сарын 20-оос 2013 оны 05 дугаар сарын 13-ныг хүртэлх хугацааны алданги шаардсан шаардлагаа 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацааг өнгөрсөн хойно шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн зардалд төлсөн 3 275 000 төгрөгийн тухайд хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн ажлын хөлс тул төлөхгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны СХГ-10/01 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээний баталгаат хугацааны 5 хувь болох 140 000 ам.доллараас бусад төлбөрийг захиалагч тал бүрэн төлсөн. Энэ гэрээний нийт төлбөр 2 800 000 ам.доллар бөгөөд хариуцагчаас нийт 2 665 207,5 ам.доллар төлсөн болох нь тооцоо нийлсэн актаар тогтоогдож байгаа. Тэгэхээр 5 207,4 ам.доллар нь 140 000 ам.доллараас хасагдаж тооцогдох ёстой. Үлдэх хэсгийг төлөөгүй үндэслэл нь Наран Молл худалдааны төвийн шилэн пасадны ажилд доголдол гарсан учир уг доголдлыг арилгаагүй нөхцөлд төлбөрийг төлөх боломжгүй байсан. Бид өөрсдийн зардлаар буюу 184 134 842 төгрөгөөр доголдлыг арилгасан учир авлагадаа тооцож суутгах үндэслэлтэй. Гэхдээ гарсан зардлаа сөрөг шаардлагаар шаардаж байгаа тул харилцан тооцуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Барилга угсралтын ажил гүйцэтгэх 2011 оны 11/10 тоот гэрээгээр шаардаж буй 107 294 028 төгрөгийн тухайд: Баталгааны 5 хувийн төлбөрөөс 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 238 тоот албан бичгээр 8 600 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 223 тоот албан бичгээр 5 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 289 тоот албан бичгээр 17 600 000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирлын хүсэлтээр 25 000 000 төгрөг нийт 56 200 000 төгрөг төлсөн. Үлдэх 63 975 900 төгрөгийг барилгын баталгаат хугацаа дуусаагүй, ямар нэг шаардлага гарсаар байгаа тул төлөхгүй. Уг гэрээний 3.2-т баталгааны талаар заасан бөгөөд Наран агуулахын барилгын шалны цутгалтын ажил чанарын шаардлага хангахгүй байсан. Энэ нь Барилга архитектур корпорациийн итгэмжлэгдсэн лабораторийн 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шинжилгээний хариугаар чанарын шаардлага хангахгүй гэж гарснаар нотлогдож байгаа. Хариуцагчийн цутгасан цементийн марк хэмжээндээ хүрээгүй, мөн пандусын ажил зургийн дагуу хийгдээгүй, өндөршилд таараагүй, өнгөлгөө тэгшилгээ хийгдээгүй орхисон зэрэг ажлуудын заримыг өөрсдийн зардлаар зассан. Иймд эдгээр зардлыг хасч, үлдэх хэсгийг өгөх асуудал яригдах учиртай. Нэмэлт ажлын төлбөр 100 528 247 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд: Наран агуулахын барилгын 3 дугаар давхрын өрөөний тоог барилгын ажлын явцад захиалагчийн хүсэлтээр нэмсэн нь үнэн боловч барилга угсралтын ажил гүйцэтгэх 2011 оны 11/10 тоот гэрээнд нэмэлт оруулах тухай 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12/03/29 дугаар гэрээний 2.1-т нийт өртгийг 2 403 518 000 төгрөг гэж заасан. Уг үнэд бүх зардал багтсан, өөрчлөлт байхгүй, эцсийн үнэ гэж заасан тул нэмэлт зардал төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн алдангид 103 911 130 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Барилга угсралтын ажил гүйцэтгэх 11/10 тоот гэрээнд нэмэлт оруулах тухай 12/03/29 дүгээр гэрээний 5.1-т хугацаа хэтрүүлсэн тохиолдолд торгууль төлөхөөр заасан боловч манайх хугацаа хэтрүүлээгүй, 5 хувиас зарим хэсгийг өгсөн, үлдэх хэсгийг төлөх хугацаа болоогүй тул алданги төлөх үүрэг үүсээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 2010 оны СХГ-10/01 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлын доголдлыг засварлахад 184 134 842 төгрөгийн зардал гарсан: Шилэн пасадны ажлыг “ИЗМнэг” ХХК-иар гүйцэтгүүлсэн нь үнэн боловч туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө нэхэмжлэгч өөрөө хариуцах үүрэгтэй. Тэрч утгаараа илэрсэн зөрчлийг мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн албан шаардлагаар “Ж” ХХК-д тавьсан. Нүүрлэгээний шиллэгээ хоорондын чигжээс муу, жижиг хэмжээний хэсгүүдийг барьцалдалт муутай, найрлага тохироогүй цавуугаар хийлгэснээс жижиг багцын гадна талын шил унасан, багц хоорондын чигжээс цавуунд хагарал гарсан, багцуудаас хөндийрсөн зэрэг доголдлыг нь арилгахад хэдэн төгрөгийн зардал гарахыг “Алтан ус” ХХК-иас үнийн санал авахад 180 673 848 төгрөгөөр хийнэ гэж хэлсэн учир 2015 оны 09 дүгээр сарын 07-ны шаардлагаар энэ дүнг тавьсан. Гэтэл 2017 оны 07 дугаар сард “Хос ур” ХХК-иар энэ ажлыг хийлгэхэд 184 134 842 төгрөгийн зардал бодитоор гарсан тул зөрүү 3 457 994 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны нэхэмжлэлээр шаардсан. Тиймээс доголдол арилгахад гарсан зардлаа шаардаж байгааг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.

Барилга угсралтын ажил гүйцэтгэх 2011 оны 11/10 тоот гэрээ, уг гэрээнд нэмэлт оруулах тухай 2012 оны 12/03/29 дугаар гэрээний 1.4-т ажлыг 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлөөр дуусгахаар тохирсон. Гэтэл барилга 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баригдаж дууссан бөгөөд гэрээний хугацаанаас 263 хоног хэтэрсэн. Уг барилгыг улсын комисс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан. Барилгын ажил гүйцэтгэж дуусгахаар тохирсон 2012 оны 08 дугаар сарын 20-ны байдлаар дотор заслын ажил хийгдээгүй байсан, уг ажлын төлбөр 952 469 200 төгрөг гэвэл үүнээс барьцааны 5 хувь 127 729 000 төгрөгийг хасч, үлдэх 824 740 200 төгрөгийн ажил хийгдээгүй байсан дүн гарч байгаа. Гэрээний 9.1-т зааснаар хугацаа хэтэрсэн 263 хоногоос 0,5 хувиар алданги тооцвол 1 084 533 363 төгрөг болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 412 370 100 төгрөгийг алданги шаардах эрхтэй. Гэхдээ үүнээс 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан шаардлагын дагуу 407 563 084 төгрөг гаргуулж өгнө үү. Барилга угсралтын ажил гүйцэтгэх 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11/10 тоот гэрээний дагуу хийсэн агуулахын шал нь шаардлага хангахгүй байгааг дахин хийх шаардлага гарсан. Цутгасан цемент нь чанарын шаардлага хангахгүй, маркандаа хүрэхгүй байсан нь тогтоогдсон бөгөөд дахин цутгахад 30 036 034 төгрөг шаардлагатай учраас доголдол арилгахад шаардагдах 30 036 034 төгрөг гаргуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн зардлыг манайх төлсөн тул 3 275 600 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 625 008 960 төгрөгийг гаргуулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 82 дугаар зүйлийн 82.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2-т заасныг тус тус баримтлан Н ХХК-аас 588 252 381 төгрөг гаргуулж Ж ХХК-д, Ж ХХК-аас 80 036 034 төгрөг гаргуулж Наран Трейд ХХК-д тус тус олгож, Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50 264 116 төгрөгт, Н ХХК-ийн сөрөг шаардлагаас үлдэх 541 697 926 төгрөгт тус тус холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3 729 573 төгрөгөөс 3 729 565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 8 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцааж, хариуцагчаас төлсөн 3 464 990 төгрөгөөс 3 448 606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 16 384 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцааж, хариуцагчаас 3 099 212 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 558 130 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан Жиди ХХК-аас 729 000 төгрөгийг, Н ХХК-аас 2 071 000 төгрөгийг тус тус гаргуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх /РД:5318521/-ийн Төрийн сан дахь 100900005409 тоот дансанд оруулж,

Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэсгээ тодруулан гомдол гаргаж байна. Үүнд: Нэг: "Ж" ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

 1. 2010 оны СХГ-10/01 тоот “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөрт 134 792,6 ам.доллар буюу 326 783 092 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Хоёр компанийн хооронд хийсэн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн "Тооцоо нийлсэн акт"-тай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэгдэл төлбөрийг өгөхгүй саатуулсан талаарх нотлох баримтаа 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн хамт гаргасан боловч шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Нотлох баримт хүлээн аваагүйгээс дээрх 134 792,6 ам.доллар буюу 326 783 092 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа үндэслэлээ нотлох болон шүүхэд мэдүүлэх эрхээ итгэмжлэгдсэн төлөөлөгч би алдсан гэж үзэж байна.

2. 2011 оны 11/10 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээнд нэмэлт оруулах тухай 2012 оны 12/03/29 тоот гэрээний үлдэгдэл төлбөрт 107 294 028 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд: 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 8 600 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17 600 000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 7 947 077 төгрөг нийт 39 147 077 төгрөгийг 5 хувийн барьцаанаасаа цувуулж авсан. /1 хавтасны 92-95 тал/ 2013 оны 08 дугаар сарын 14-нд талуудын хооронд болсон уулзалтын протоколоор нотлогдоно. /1 хавтасны 180 тал/ Гэрээний үлдэгдэл 107 294 028 төгрөгөөс барьцааны 5 хувиас урьдчилж авсан 39 147 077 төгрөгийг хасвал 68 146 951 төгрөг үлдэж байна.

3. 2011 оны 11/10 тоот гэрээ, түүнд нэмэлт оруулсан 2012 оны 12/03/29 тоот гэрээний дагуу барилгын ажил гүйцэтгэх явцад захиалагчийн хүсэлтээр хийсэн гэх нэмэлт ажлын   зардалд 100 528 247 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Анхан шатны шүүх нэг талын гаргаж өгсөн төсөвчин Б.Батбагана, Д.Намсрай нарын "Наран агуулахын барилгын дотор заслын ажлын төсөв"-ийг үнэлэн шийдвэр гаргасан нь буруу. Учир нь: талууд бичгийн хэлбэрээр нийт барилгын эцсийн дүнг тохиролцсон. "Ж" ХХК нь хэрвээ төсвөө зохиосон бол захиалагчийн зөвшөөрлийг авч нэмэлт гэрээ хийх ёстой байсан. Хэрвээ гэрээ хийх шаардлагагүй гэж үзвэл гэрээнд гарын үсэг зурсан захиалагчийг төлөөлөх эрх бүхий этгээдээр төсвөө батлуулж гарын үсэг зуруулж, тамга даруулах ёстой байсан. Захиалагч тал өрөөний тоог нэмүүлсэн талаар маргаагүй. Ажлын зураг дээр захиалагчийн инженер гарын үсэг зурсан, харин нэмэлт ажил дээр хөлс тохиролцоогүй. Тэгээд ч нэмэлт ажлыг заавал хөлсөөр хийнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Нэмэлт оруулсан 2012 оны 12/03/29 тоот гэрээний 2.1-т "...Энэхүү нийт өртөг үнэнд дахин өөрчлөлт хийхгүй эцсийн үнэ болно" гэж анх хийсэн гэрээний үнийг нэмж, өөрчлөлт оруулахдаа тодорхой заасан. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж нотлох баримтыг үнэлэлгүйгээр 100 528 247 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

4. Төлбөр төлөх хугацаа хэтрүүлснээс үүссэн алдангид 103 911 130 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Анхан шатны шүүх 107 294 028 төгрөгийн төлбөрийг төлөх ёстой гээд энэ хэсгийн 2-т дүгнэчихсэн учраас "Н" ХХК-иас дээрх алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. 107 294 028 төгрөгийн төлбөрийг төлөх ёсгүй, нэмэлт ажлын төсөв гэж батлагдаагүй, нэмэлт гэрээ хийгдээгүй талаар гомдлын 2-т тайлбарласан. Тиймээс 53 647 014 төгрөгийн алдангийг "Н" ХХК төлөх ёстой гэдэг нь нотлогдохгүй байна.

Хоёр. "Н" ХХК-ийн гаргасан сөрөг шаардлагын хүрээнд:

1. 2010 оны СХГ-10/01 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдол арилгахад гарсан зардалд 184 134 842 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын тухайд: 2010 оны СХГ10/01 тоот гэрээний дагуу зохигчид маргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүгд хуулийн хугацаандаа байгаа гэж үзэхээр байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагын гомдлыг хуулийн хугацаанд гаргаагүй гэж буруу дүгнэсэн. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа шилэн пасад хийдэг "Алтан ус" ХХК-иас үнийн санал авахад нийт засварын өртөг 180 676 848 төгрөг гэж санал ирүүлсэн тул сөрөг шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Хэдийгээр "Хос ур" ХХК-иар шилэн пасадны ажлыг 100 000 000 төгрөгөөр тохиролцон хийлгэсэн боловч доголдлоос үүссэн засварын ажил бүрэн дуусаагүй. Шилэн пасадны завсраар ус орсноос болж 1,2,3 дугаар давхрын тааз, хана, шал борооны усанд цохигдож дахин шинээр хийх, эсвэл бүрэн засвар хоёрын аль нэгийг хийх хэрэгтэй байгаа бөгөөд одоогийн байдлаар энэхүү ажил үлдсэн байгаа. "Алтан ус" ХХК-ийн үнийн санал бол доголдлыг бүрэн арилгах үнийн санал юм. Харин “Хос ур” ХХК шилэн пасад хийдэг мэргэжлийн компани тул зөвхөн шилэн пасадны доголдлыг засварласан. Шүүх нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй.

2. Анхан шатны шүүх доголдол арилгахад шаардагдах 30 036 034 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтээр нийт 128 206 872 төгрөгийн засвар шаардлагатай байгаа.

3. 2011 оны 11/10 тоот гэрээ, түүнд нэмэлт оруулсан 2012 оны 12/03/29 тоот гэрээгээр ажлын үр дүн хүлээлгэн өгөх хугацааг 263 хоног хэтрүүлснээс үүссэн алдангид 407 563 084 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын тухайд: Хэргийн 1 хавтасны 106 дугаар талд хариуцагч 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэлдээ алданги нэхэмжилсэн бөгөөд мөн хэргийн 2 хавтасны 7 дугаар талд сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа алдангийн хэмжээг нэмэгдүүлсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх огт хэрэглэхгүй байгаа нь зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн. Иргэний хуулийн 9 дүгээр бүлгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан байна.

Гурав. Процессын алдааны талаар:  Анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/Ш32018/06587 дугаар захирамжаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авахаас татталзсан. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг тус тус үндэслэн сөрөг шаардлагыг хүлээн авахаас татгалзсан. Зохигчдын хооронд "Ажил гүйцэтгэх гэрээ"-г 2 удаа байгуулсан. Хариуцагчаас 2 гэрээний торгууль гэж 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан сөрөг шаардлагаар шаардсан. Гэрээнд алданги гэж, нэхэмжлэлийн шаардлагад торгууль гэж бичсэн байдаг. Анхан шатны шүүх торгууль, алданги гэдэг 2 үгэн дээр дүгнэлт хийж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж сөрөг шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би санхүүгийн нотлох баримт бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно. Мөн эхний шинжээчийн зардал болох 3 275 000 төгрөгийг хариуцагчаас төлсөн байгааг анхан шатны шүүх үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн маргаантай хэргийн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу зөв үнэлж, нотлох баримтад үндэслэн зөв дүгнэлт хийсэн боловч хууль хэрэглээний хувьд залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “Ж” ХХК хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх  гэрээ-“ний үлдэгдэл төлбөр 134 792,6 ам.доллар буюу 326 783 092 төгрөг, “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 107 294 028 төгрөг, захиалагчийн хүсэлтээр хийсэн нэмэлт ажлын зардалд 100 528 247 төгрөг, алданги 103 911 130 төгрөг буюу нийт 638 516 497 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлын доголдол арилгахад гарсан зардал 184 134 842 төгрөг, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээний дагуу хийгдсэн ажлын доголдол арилгахад шаардагдах зардал 30 036 034 төгрөг, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг 263 хоног хэтрүүлснээс үүссэн алданги 407 563 084 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 3 275 000 төгрөг нийт 625 008 960 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр СХГ-10/01, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11/10 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх  гэрээ, 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2011 оны 11/10 дугаар гэрээнд нэмэлт оруулах гэрээ байгуулагдсны дагуу  нэхэмжлэгч “Ж” ХХК “Наран Молл” худалдаа үйлчилгээний төвийн 4 блок, зоорийн давхар, 1-4 давхарын барилга угсралтын ажлыг гадна тохижилтын хамт 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч “Н” ХХК ажлын хөлсөнд 2 800 000 ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, ажлын гүйцэтгэлийн талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч ажлын хөлсний үлдэгдэл төлбөр, нэмэлт ажлын зардал,алданги  шаардлагын хариуцагч баталгааны 5 хувь болох 140 000 ам.доллараас бусад төлбөрийг төлсөн, барилгын баталгаат хугацаа дуусаагүй, доголдлыг өрийн зардлаар арилгасан тул уг төлбөрт харилцан тооцуулах, захиалагчийн хүсэлтээр нэмэлт ажил гүйцэтгэсэн, гэрээний үнийн дүнд бүх зардал багтсан, гэрээний үнийг өөрчлөлгүй, эцсийн үнэ гэж зааснаар нэмэлт зардал төлөх үндэслэлгүй, санхүүжилтээ хугацаанд нь хийгээгүй, барилгын баталгаат хугацаа дуусаагүй тул алданги төлөх үүрэггүй гэж үгүйсгэж маргасан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг.

Хариуцагч “Н” ХХК-ийн хувьд 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн СХГ-10/01 дугаар барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар барилга барих баталгаа болгож гэрээт ажлын санхүүжилтийн 5 хувийг барилгын ажил гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгсний дараа нэхэмжлэгч “Ж” ХХК-д шилжүүлэх үүрэг хүлээсэн тул 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр улсын комиссын актаар барилгыг хүлээн авсан өдрөөс хариуцагчид 134 792,6 ам.долларын хөлс төлөх үүрэг үүссэн, мөн  2011 оны 11/10 дугаартай гэрээний 3.2-т нийт үнийн дүнгийн 5 %-ийг барилгын чанарын баталгаа болгож 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр барьцаалахаар тохиролцсоны дагуу ажлыг хүлээн авсан 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажлын хөлсний үлдэгдэл 127 729 000 төгрөг төлөх үүрэг үүссэн талаар шүүх дүгнэсэн нь зөв байна. Иймд нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч “Н” ХХК гэрээнд заасан хуваарийн дагуу ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан талуудын тооцоо нийлсэн баримтаар тогтоогдсон. Талууд тооцоо нийлсэн баримтыг маргаагүй. Уг төлбөрөөс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх  талуудын хоорондох ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар хуулийн үндэслэлтэй дүгнэж, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хариуцагч эхний төлбөрийн үлдэгдэл 134,792,6 ам.доллар буюу 326 783 092 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл 127 729 000 төгрөг,  2011 оны 11/10 дугаар тоот гэрээ, нэмэлт оруулсан 2012 оны 12/03/29 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 107 294 028 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алдангийн талаарх шаардлагыг тухайн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн үеэс тооцон, алдангийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

Мөн талуудын хооронд үүсэн нэмэлт ажлын зардлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн доголдолтой холбоотой шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзэв. Тухайлбал: 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11/10 дугаар гэрээнд нэмэлт оруулах тухай 2012 оны 12/03/29 дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 107 294 028 төгрөгнөөс 5 хувийн барьцаа хангагдаж, урьдчилж авсан 39 147 077 төгрөгийг хасч тооцно гэсэн боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байхад гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулахыг шаарддаггүй боловч гэрээ хэрэгжих явцад гарсан нэмэлт ажлыг нэхэмжлэгч өөрөө санаачилгаараа хийсэн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч уг ажлыг хүлээн авсан учраас шүүх ажил гүйцэтгэх явцад гарсан нэмэлт ажлыг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт зааснаар ажлын хэмжээ нэмэгдсэн гэж дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул алдангийн хугацааны талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаанаас тооцож үзэхэд алданги шаардах эрх 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үүссэн тул шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэн, алданги шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулж, нотлогдож байгаа хэмжээнд шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар гомдол гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, хариуцагч дахин нэхэмжлэл гаргахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүй, шинжээчийн зардалд төлсөн 3 275 000 төгрөгийн талаар шүүх дүгнэсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу болсныг зөвтгөн өөрчилж, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 344 дүгээр зүйлийн 344.2,351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасан хуулийн зохицуулалтыг баримтлах шаардлагагүй байсан тул хасч хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01240 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “78 дугаар зүйлийн 78.1, 82 дугаар зүйлийн 82.1” гэснийг “75 дугаар зүйлийн 75.2.1” гэж, “232.3, 232.4, 344 дүгээр зүйлийн 344.2, 351 дүгээр зүйлийн 351.1.1” гэснийг хасч өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162  дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  5 434 255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ

                                                     ШҮҮГЧИД                                             Ч.ЦЭНД

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА