Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0773

 

Б.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 784 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Пүрэвсүрэнгийн  нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 784 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6, хэсэгт заасныг баримтлан “Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/213 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай Б.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Б.Пүрэвсүрэнг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/213 дугаар тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 55 дугаар зүйлийг үндэслэж ажлаас чөлөөлсөн байгаа нь хуульд нийцээгүй. Шүүх дээрх тушаалд дүгнэлт хийхдээ “..тушаалд зөвхөн ажилтныг ажилд томилох, чөлөөлөх эрх олгосон заалтыг баримталсан, уг эрхээ хэрэгжүүлэх үндэслэлийг заасан буюу ажлаас чөлөөлөх үндэслэл болгож буй хуулийн заалтыг баримтлаагүй” гэж дүгнэсэн атлаа “...энэхүү үндэслэл нь зорилгодоо нийцжээ..” гэж эрс тэс зөрүүтэй 2 өөр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр бодит байдалд нийцсэн, үнэн зөв, эргэлзээгүй байх тухай хуулийн шаардлагад нийцээгүй бөгөөд ойлгомжгүй болсон гэж үзэж байна. Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/213 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийг үндэслэж Б.Пүрэвсүрэнг ажлаас чөлөөлсөн байхад шүүх дээрх байдалд дүгнэлт хийхийн оронд тушаал нь зорилгодоо нийцсэн гэж үзэж хариуцагч талын тайлбар мэдүүлэгт хэтэрхий хөтлөгдөж, дан ганц хариуцагчийн талд үйлчилж, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байдалд дүгнэлт хийхийн оронд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн үгээр хэрэгсэхгүй болгож байгаа нь Б.Пүрэвсүрэнг буруутган нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэсгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэлтэй байх тухай хуулийн шаардлагад нийцээгүй байна. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтанд, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийж чадаагүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх Б.Пүрэвсүрэнд урьд өмнө нь сахилгын шийтгэл ногдуулж байсан гэж дүгнэсэн нь үндэсгүй. Б.Пүрэвсүрэнг ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил  гаргаж арга хэмжээ авагдаж байсан гэж дүгнэхдээ уг зөрчилд арга хэмжээ авсан тушаал гарах үед Б.Пүрэвсүрэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Уг тушаалыг Б.Пүрэвсүрэнг ажлаас чөлөөлөхөөс нэг сарын өмнө 2016 оны 05 дугаар сарын 20-ний өдөр арга хэмжээ авсан байдаг. Энэ нь түүнийг ажлаас халах зорилгодоо хүрэхийн тулд өөрийг нь хүнд өвчтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед нь зориудаар сахилгын арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл дээрх тушаалаа Б.Пүрэвсүрэнд огт танилцуулаагүй. Шүүхэд хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтаас олж мэдсэн ба шүүх үүнийг анхаарч үзээгүй ач холбогдол өгөөгүй нь учир дутагдалтай болсон. Б/163 тоот тушаалаар арга хэмжээ авч байгаа нь нэг төрлийн зөрчилд давхардуулан арга хэмжээ ногдуулж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг ноцтой зөрчиж байхад шүүх үүнд дүгнэлт хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл нь ээлжийн амралтын нөхөн олговор олгох тухай заалт байдаг. Ийм хуулийн заалтыг үндэслэл болгоод ажилтныг ажлаас халаад байгаа нь эрх зүйн бөгөөд хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан. Шүүх үүнд дүгнэлт өгөхийн оронд түүнийг эс анхаарч байгууллагын талд хэтэрхий үйлчилж Б.Пүрэвсүрэнг ажлаас халсныг зөвтгөж байгаа нь үндэсгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй. Шүүх гэрч С.Төгсдэлгэрийн хэлсэн үг бүрийг хуулбарлан хэрэглэж энэ хэргийн гол нотлох баримт болгосон. С.Төгсдэлгэр бол Б.Пүрэвсүрэнгийн ажил албанд шууд нөлөөлөх дээд тушаалын албан тушаалтан. Эрүүл мэнд спортын яам Б.Пүрэвсүрэнг ажлаас халахдаа С.Төгсдэлгэрийн үгээр халсан. Гэтэл ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг гэрчээр энэ хэрэгт байцааж байгаа нь шүүх өөрөө хууль зөрчиж байгаагийн нэг хэлбэр юм. Шүүх хэрэгт хамааралгүй хуулийн олон заалтыг шийдвэрийнхээ үндэслэлийн нэг хэсэг болгосон боловч төрийн албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэлх хугацаагаар тогтоож болно..” гэсэн заалтыг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 266 тоот тушаалын заалтан дахь “түр томилсугай” гэсэн заалттай хольж, хутган хэрэглэсэн нь ойлгомжгүй. “Түр томилсугай” гэсэн заалт байсаар байхад түүнийг гуйвуулж туршилтын хугацаа хэрэглээд байгаа нь хууль буруу хэрэглэсэн бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Тэгээд ч ажлын байрыг Төрийн албаны тухай хуульд зааснаар ажилтан сонгон шалгаруулалтаар авдаг хуульд заасан нөхцөл журмыг зөрчиж Б.Пүрэвсүрэнг тухайн албан тушаалд авсан явдал нь түүний буруу биш, ажилд авсан захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байсаар байхад энэ үйл баримтаар Б.Пүрэвсүрэнг буруутгаж байгаа нь үндэсгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь “Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/213 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргаан бүхий актаар Эрүүл мэнд, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвсүрэнг “төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй” гэх үндэслэлээр Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.7.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ажлаас чөлөөлсөн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Тодруулбал,

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж  Төрийн албаны төв байгууллагаас томилох эрх бүхий этгээдэд нэрийг нь дэвшүүлсэн байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй, Төрийн албаны салбар зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлээгүй байхад түүнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон нь хууль бус бөгөөд хариуцагч нь төрийн албан тушаал эрхлэх хуульд заасан болзол, журмыг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд нэхэмжлэгчийг томилсон зөрчлөө залруулж уг үндэслэлээр ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т зааснаар иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчим зөрчигдсөн байх ба төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг төрийн албанд томилсонд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа ч энэ нь нэхэмжлэгчийг төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах хууль ёсны үндэслэл болж чадахгүй.

Мөн маргаан бүхий актад холбогдох хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүй байх боловч ажлаас чөлөөлсөн үндэслэл хуульд нийцсэн байх тул хуулийн заалтыг буруу баримталсан гэдгээр актыг хүчингүй болгох боломжгүй бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болно.

Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан “Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийг үндэслэж Б.Пүрэвсүрэнг ажлаас чөлөөлсөн байхад шүүх дээрх байдалд дүгнэлт хийгээгүй, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтанд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийж чадаагүй” гэх гомдлыг хүлээж авах үндэсгүй.

Харин хариуцагч нь нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнг “төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байхад шүүх түүнийг тухайн албан тушаалд түр томилогдон ажиллах хугацаандаа албан үүргээ хэрхэн биелүүлж байсан талаар, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн Б/163 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан талаар дүгнэлт хийх шаардлагагүй байжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнг ажиллаж байх хугацаандаа зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн, 2016 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд “хангалтгүй” үнэлгээ авсан талаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбартаа дурдсанаас эдгээр үйл баримт ажлаас чөлөөлөх үндэслэл болоогүй байна.

Түүнчлэн, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 266 дугаар тушаалаар Б.Пүрэвсүрэнг 1 жилийн хугацаагаар томилсон бөгөөд төрийн албан хаагчийг туршилтын хугацаагаар томилоход ч төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн байх шаардлагатай гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн тул “түр томилсон тушаалыг туршилтын хугацаатай хольж хутган хэрэглэсэн, сахилгын шийтгэл ногдуулсан актыг нэхэмжлэгч мэдээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэрч С.Төгсдэлгэрийг гэрчээр асуусан” гэх гомдлыг хангах боломжгүй юм.

            Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталвал зохих хуулийн заалтыг баримтлаагүй, бичвэрийн техник алдаа гарсан байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 784 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6,” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.3 дахь” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                          ШҮҮГЧ                                            Н.ХОНИНХҮҮ

                          ШҮҮГЧ                                            Ц.ЦОГТ  

                          ШҮҮГЧ                                           О.НОМУУЛИН