Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 784

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Б*******ын П*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/213 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “Б.П******* би 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Эрүүл мэнд, спортын яамтай үр дүнгийн гэрээ хийж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт эмнэлгийн тусламж үйлчилгээний хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. 

2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ээлжийн амралтаа авах байсан боловч уг амралтыг олгохын оронд Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Б/213 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч гэнэт ажлаас халсан юм. 

Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Э******* нь намайг ажлаас халахдаа хууль буруу хэрэглэж, хууль зөрчиж ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсанд би гомдолтой байна.

Тус яам нь тайлбартаа миний хийж гүйцэтгэсэн ажлыг бүхэлд нь үгүйсгэж намайг үндэсгүйгээр гүтгэж гүжирдсэнд гомдолтой байна. Намайг ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргасан гэж буруутгаж байгаа нь үндэсгүй. Надад 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Б/163 дугаар тушаалаар миний үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 10% бууруулах шийтгэл оногдуулсан байсан. Энэ хугацаанд миний бие Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн тасагт Рассённый склероз гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байх үед уг тушаал гарсан байдаг. Надад арга хэмжээ авна гэж удирдлагын зөвлөлийн хуралд өөрийн биеэр оролцуулаагүй байж ийм тушаал гаргасанд би гайхаж байна. Ийм учраас би дээрх тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Намайг ажилд томилохдоо Төрийн жинхэнэ албан хаагчийн шаардлага хангаагүй орон тоон дээр томилогдсон гэдэг нь үндэсгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүл мэнд спортын яамнаас /хуучин нэрээр/ Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр намайг байгаа орон тоон дээр авч ажиллуулсны бурууг надад нялзаах ёсгүй. Учир нь би сонгон шалгаруулалт зарласан, зарлаагүй тухай мэдэхгүй. Тухайн яаманд шаардлагатай орон тоо байсан болоод намайг авсан гэж бодож байна. Би өөрөө өөрийгөө ажилд томилоогүй. Сонгон шалгаруулалт зарлан, ажилд томилох хуулиар олгогдсон үүрэг нь яаманд байдаг бөгөөд зарлаагүй орон тоон дээр намайг авч ажиллуулсанд би буруугүй. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль буруу хэрэглэсэн, үндэсгүйгээр ажлаас халсанд би гомдож арга буюу шүүхэд хандаж уг асуудлыг шударга шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлээ гаргаж, өөрт хуулиар олгогдсон эрх ашгаа хамгаалуулна гэж найдаж шүүхэд гомдол гаргаж байгаа болно. Иймд уг тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж  байна. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн Б/213 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Яамны тушаал шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл нь бусдыг ажлаас халах хууль зүйн үндэслэл болохгүй байгаа. Захиргааны байгууллагын санаачлагаар ажлаас халахад Хөдөлмөрийн тухай хуулийг баримталдаг. Нэхэмжлэгч төрийн байгууллагын албан тушаалтан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулийн Хөдөлмөрийн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна гэж заасан учир Хөдөлмөрийн тухай хуулийг барих нь зөв. Ингэхдээ баримталсан хуулийн зүйлчлэл нь буруу байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл ээлжийн амралтын нөхөн олговор олгох тухай заалт байдаг. Ийм хуулийн заалтыг үндэслэл болгоод ажлаас халсан байгаа нь эрх зүйн үндэслэл буруу, хууль буруу тайлбарласан, буруу хууль хэрэглэсэн, буруу дүгнэлт хийсэн. Сонгон шалгаруулалт зарлах нь тухайн байгууллагын асуудал, ажлын шаардлагад нийцээгүй ажилтан авсан нь байгууллагын буруу байгаа юм. Өөрөөр хэлбэл ажлын шаардлага хангаагүй, ажил үүргээ биелүүлээгүй гэдэг нь нотлогдохгүй, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 2016 онд цалингийн суутгалтай, сахилгын шийтгэлтэй байсан гэж байна. 2016 оны 05 дугаар сарын 16-30-ны өдөр хүртэл нэхэмжлэгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нэхэмжлэгчид 5 сард нь арга хэмжээ аваад 6 сард ажлаас халсан байгаа нь ажилтныг үзэл бодол, ажил албан тушаалаар нь хавчин гадуурхсан гэж дүгнэж байгаа юм. Монгол Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.2-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ийг  "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын төвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж тайлбарласан байгаа. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/213 тушаал нь хуульд нийцэхгүй байна. Уг тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан үеийн цалинг нөхөж олгож, буцаан томилох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийг бөглүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд үндэслэлтэй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд сарын дотор шүүхэд хандсан. Иргэний хэргийн шүүх Захиргааны хэргийн шүүхэд хандана уу гэсэн учир хөөн хэлэлцэх хугацааны дотор Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа гэж ярих шаардлагагүй болж байгаа юм. Түр ажиллах  хугацаа хуульд заасан үндэслэлээр 6 сар байдаг. Эрх зүйн байдлыг хууль тогтоомжийн бусад актаар Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гээд заасан байна. Яг хуульд заасан үндэслэлээр гаргах ёстой байгаа юм. Хөдөлмөрийн хуулийг барихдаа яг тохирсон хуулийн заалт хэрэглэсэн үү гэхээр хэрэглээгүй байгаа юм. Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.6.8, 9.9 гэдэг заалт бол Төрийн нарийн бичгийн дарга ажилтан авах, шинээр ажилтан томилох, чөлөөлөх эрх олгосон заалт. Хөдөлмөрийн тухай асуудлыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг барих ёстой байсан. Төрийн жинхэнэ албаны мэргэжлийн шалгалт өгөөгүй гэсэн байна. Уг шалгалтыг өгсөн байхыг шаардах эрх нь яаманд байгаа. Шалгалт өгөөгүй хүн авсан байж шаардлага хангаагүй гэж халах нь иргэнийг хохироож байгаа юм.” гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Б.П*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.П******* нь Эрүүл мэнд, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын эмнэлгийн тусламж, үйлчилгээний хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Ажилд томилох тухай” 266 дугаар тушаалаар 1 жилийн хугацаагаар түр томилогдсон. Б.П******* нь ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр батлуулсан асуудлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр холбогдох материалыг бэлдэж хэлэлцүүлээгүй зөрчил гаргасан тул Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6/163 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн. 

Мөн Б.П*******гийн 2016 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд 2016 оны эхний хагас жилийн төлөвлөгөөг бүрэн тасалж, 42.5 хувиар хангалтгүй, ажлын байрны шаардлага хангахгүй гэж дүгнэгдсэн.

 Б.П******* нь ажилд томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан шаардлагыг хангаагүй төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоон дээр томилогдсон байна.

Б.П******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна. 

Иймд Б.П*******г ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд бүрэн нийцэж байгаа төдийгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гэрч Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Т******* мэдүүлэгтээ: “Б.П******* нь “Бөөр хамгаалах үндэсний стратегийн дунд хугацааны үнэлгээний дүн”-ийн материалыг надад нийт 3 удаа оруулж ирж танилцуулсан. Тухайн материалыг би хянаад шаардлагатай тохи************** засвар оруулж яамны удирдлагын зөвлөлийн хурлаар оруулах ёстой. Гэтэл 2 удаа хянуулсан материал миний оруулсан засвартай надад байна, гурав дахь удаа хянаж, засвар оруулсан материалыг надад одоо хүртэл гаргаж өгөөгүй. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах “Т*******” хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүн”-ийн материалыг надад хянуулахаар 1 удаа оруулж ирснийг би хянаад шаардлагатай засваруудыг оруулаад буцааж өгсөн. Харин миний хянаад засвар оруулсан материалыг гаргаж өгөөгүй. Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох  журмын хэрэгжилтэнд үнэлгээ хийх ажлыг төлөвлөгөөний дагуу Б.П******* 2 дугаар улиралд хийж гүйцэтгэж, удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх байсан боловч хийгээгүй, энэ нь өөрийнх нь бичсэн үр дүнгийн гэрээний хагас жилийн биелэлтийг дүгнэх хуудсанд (Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох  журмын хэрэгжилтийн үнэлгээний удирдамжийг Төрийн нарийн бичгийн даргаар батлуулж холбогдох тайланг нэгтгэж байна) гэж 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тайлагнаснаар батлагдаж байна. Байгууллагын дотоод журмаар тухайн асуудлыг жилд 2 удаа хийж гүйцэтгэх шаардлагатай бөгөөд хугацаа тулаад, байгууллагын ажил тасрах гээд байсан тул түүний оронд харьяа байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Э*******гээр хийлгүүлж, удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Төрийн алба мэргэшсэн байх, хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг авч ажиллуулах шаардлагатай. Би Б.П*******тэй 6 сарын хугацаанд хамтран ажилласан боловч ямар ч ахиц дэвшил гарахгүй, ажлын байрны шаардлага хангахгүй байсан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр “Ажлаас чөлөөлөх тухай Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/213 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэгч Б.П*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 266 дугаар тушаалаар Б.П*******г тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын эмнэлгийн тусламж үйлчилгээний хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд буюу төрийн захиргааны албан тушаалд ТЗ-7-2 зэрэглэлээр цалинжуулж 1 жилийн хугацаагаар түр томилсон байна.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй” гэх үндэслэлээр Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/213 дугаар тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.7.6-д заасныг баримтлан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын эмнэлгийн тусламж, үйлчилгээний хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.П*******г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч “Сонгон шалгаруулалт зарлаагүй орон тоон дээр төрийн жинхэнэ албаны шалгалт өгөөгүй намайг авч ажиллуулсанд би буруугүй. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, хариуцагч “1 жилийн хугацаагаар түр томилсон, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан шаардлагыг хангаагүй, удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр батлуулсан асуудлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр холбогдох материалыг бэлдэж хэлэлцүүлээгүй сахилгын зөрчил гаргаж Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6/163 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, 2016 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд хагас жилийн төлөвлөгөөг бүрэн тасалж, 42.5 хувиар хангалтгүй, ажлын байрны шаардлага хангахгүй гэж дүгнэгдсэн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” хэмээн тайлбарлан маргажээ.

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-т заасны дагуу Төрийн нарийн бичгийн дарга нь “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, халах” бүрэн эрхтэй ба энэ эрхээ хуульд заасан үндэслэлээр хэрэгжүүлэх учиртай, өөрөөр хэлбэл хуульд тодорхой заасан шалгуур, нөхцөл шаардлагыг хангасан этгээдийг төрийн албанд томилох нь зүйн хэрэг бөгөөд, мөн төрийн албанаас халах, чөлөөлөхөд ч хуульд тодорхой заасан үндэслэлийг шаардана. 

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5-д зааснаар иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх нь төрийн албаны зарчим бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.6-д зааснаар төрийн жинхэнэ албаны сул орон тоо гарсан тохи************** тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах, төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж нөөцөд бүртгэгдсэн иргэдээс тухайн албан тушаалын шалгуур шаардлагыг хамгийн сайн хангаж буй иргэнийг томилох замаар сул орон тоог нөхөх бөгөөд дээрх заалтыг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож, буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхээр мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заажээ. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болох хэдий ч энэ зохицуулалтыг журамласан Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 2 дугар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журамд туршилтын хугацаагаар томилоход ч төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн байхыг шаарджээ.

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 266 дугаар тушаалаар Б.П*******г тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын эмнэлгийн тусламж үйлчилгээний хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 1 жилийн хугацаатай томилох үед ч, уг албан тушаалд ажиллах явцдаа ч тэрээр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах шалгуур шаардлагыг хангаагүй байх тул энэ үндэслэлээр түүнийг чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах шалгуур шаардлагыг хангаагүй төдийгүй тухайн албан тушаалд түр томилогдон ажиллах хугацаандаа албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн болох нь дараах байдлаар тогтоогдож байна. 

Тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс харахад мэргэжилтэн Б.П******* нь эхний хагас жилд “Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ”, “Сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратегийн төгсгөлийн үнэлгээ”, “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох  журмын хэрэгжилтэнд үнэлгээ”, “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын үйл ажиллагаанд үнэлгээ”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах “Т*******” хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээ”, “Бөөр хамгаалах үндэсний стратегийн дунд хугацааны үнэлгээ” хийж үнэлгээний дүнг удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг хариуцсан байна. 

Гэвч “Бөөр хамгаалах үндэсний стратегийн дунд хугацааны үнэлгээ”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах “Т*******” хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээ” хийх ажлыг хийж дуусгаагүй, “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох  журмын хэрэгжилтэнд үнэлгээ” хийх ажлыг хийж гүйцэтгээгүй, удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй болох нь гэрчийн мэдүүлэг, 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас жилээр дүгнэсэн илтгэх хуудас, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. 

Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр батлуулсан асуудлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр холбогдох материалыг бэлдэж хэлэлцүүлээгүй зөрчилд нь Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5/163 дугаар тушаалаар түүнд албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, сахилгын шийтгэл хүлээсний дараа ч мөн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн түүний үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас жилээр дүгнэхэд 42.5 оноотой “Хангалтгүй”  дүгнэгдсэн байх тул албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын байрны шаардлага хангаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчилд 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сахилгын шийтгэл хүлээсэн, энэ шийдвэрт тэрээр хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй атлаа гомдол гаргах хугацаа хэтэрснээс хойш буюу 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гарсан ажлаас чөлөөлсөн тушаалд маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэлгүй байсан талаар дурьдсаныг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/213 дугаар тушаалд зөвхөн ажилтныг ажилд томилох, чөлөөлөх эрх олгосон заалтыг баримталсан, уг эрхээ хэрэгжүүлэх үндэслэлийг заасан буюу  ажлаас чөлөөлөх үндэслэл болгож буй хуулийн заалтыг баримтлаагүй буруутай байх боловч тушаах нь хэсэгтээ үндэслэлээ тодорхой тусгасан, энэхүү үндэслэл нь төрийн алба мэргэшсэн байх зарчимд болон зорилгодоо нийцжээ.

Түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гарсан, тэрээр 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар харьяаллын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, тус шүүхэд 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, иргэний хэргийн шүүхэд хандсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, нэхэмжлэл гаргах хугацааг тооцно.

Иймд Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/213 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6,  хэсэгт заасныг баримтлан “Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/213 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай Б.П*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХАЛИУНА