Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2020/00051/И |
Дугаар | 134/ШШ2020/00101 |
Огноо | 2020-04-29 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 134/ШШ2020/00101
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.О
Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 3 263 452 148.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч НДХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
ШО нь Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагаар бүртгүүлж, 000014983 дугаартай ажил олгогч болсон. ШО ХК нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлангаар сард 500-570 ажилтантай, ажил олгогч, даатгуулагч нийлээд 230-370 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулдаг. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3 263 452 148.82 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д ажил олгогч нь ажилтан болон ажил олгогчийн тухайн сард төлвөл зохих шимтгэлийг тооцож сардаа багтаан нийгмийн даатгалын төвлөрсөн санд шилжүүлнэ гэж заасан боловч уг шимтгэлээ төлөлгүй хуримтлагдсан шимтгэлийн авлага үүсгэж байгаа нь тус компанид ажиллаж байгаа ажилчдын эрх ашгийг хохироож байна. Манай хэлтсийн зүгээс ШО ХК-д хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийг барагдуулж, өр төлбөр үүсгэхгүй ажиллах талаар албан шаардлага өгч, удаа дараа удирдлагуудтай уулзаж, ажилласан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэл 3 263 452 148.82 төгрөгийг тус компаниас нэхэмжилж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М миний бие нь НДХ нэхэмжлэлтэй ШО ХК-д холбогдох хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэл 3 263 452 148.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа.
ШО ХК нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бөгөөд 1990 оноос өнөөг хүртэл хугацаанд эрчим хүчний зориулалттай хүрэн нүүрс олборлон борлуулах үйл ажиллаага явуулж байна. Тус компанийн худалдан борлуулж буй нүүрсний үнийг төрөөс /эрчим хүчний зохицуулах хороо/ тогтоодог ба уг үнийг зөрчин худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрх байдаггүй. Нүүрс худалдан авч буй аж ахуйн нэгжүүд нь төв, говийн бүсийн дулааны болон эрчим хүчний төрийн өмчит станцууд байдаг юм. Төрөөс иргэд, аж ахуйн нэгжийг хямд үнэ бүхий эрчим хүч, дулаанаар хангах бодлогын хүрээнд нүүрсний үнэд хяналт тогтоосоноос ШО ХК нь алдагдалтай ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй байна. Мөн 2015-2019 оны хооронд үүссэн эдийн засгийн хямралаас үүдэн ШО ХК нь хүнд нөхцөлд ажиллах болсон, олсон орлогоороо уурхайн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн техникийн засварын ажил, дизель түлш, тэсрэх бодис худалдан авахад л зарцуулж байна. Улс оронд үүссэн бэлэн мөнгөний гачигдал, худалдан авалтын бууралт, гэрээт компаниуд худалдаж авсан нүүрсний төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдлаас болж компани санхүүгийн хүнд байдалд ороод байна. Компанийн эрх бүхий албан тушаалтнууд хугацаа хэтэрсэн нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, харилцан ойлголцолд хүрэхээр ажиллаж байсан. Одоо ч хүртэл хамтран ажиллаж, ойлголцолд хүрнэ гэдэгт итгэлтэйгээр ажиллаж байна. ШО ХК нь хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй талаар маргаан байхгүй бөгөөд төлбөрийг төлөх эдийн засгийн боломж үүсэхгүй байна.
Иймд, үүсээд байгаа маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэх хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийгмийн даатгалын хариуцагч байгууллага ШО нүүрсний уурхай нь 1995 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. Сүүлийн жилүүдэд хуулиар хүлээсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хариуцлага алдагдаж, 2014 оноос 2020 он хүртэл 3 263 452 148.82 төгрөг болсон байгаа. Үүнд: Даатгуулагчийн эрх ашиг хөндөгдөж, даатгуулагчид хохирох байдалд хүрсэн учраас бид сүүлийн 2 жилийн хугацаанд өр, авлага барагдуулах талаар хамтарч ажилласан. Манай байгууллагын зүгээс 2019 он хүртэл хүлээсэн, боломж бололцоог харсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Даатгуулагчийн эрх ашиг хөндөгдөх асуудал үүссэн учраас шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани 1990 оноос хойш Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд үйл ажиллагаа явуулж, говийн болон төвийн дэд станцуудыг нүүрсээр ханган ажиллаж байгаа. 2014 оноос хойш төрөөс нүүрсний үнэд хатуу хяналт тогтоосонтой холбоотой манай компани 2016 оноос хойш алдагдалтай ажиллаж эхэлсэн. Алдагдалтай ажиллаж эхэлсэн учраас нийгмийн даатгалын хуримтлагдсан өр төлбөр үүссэн байдаг. 2017, 2018, 2019 онуудад алдагдалтай ажиллаж эхэлсэн. Мөн онуудад эдийн засгийн инфляцийн түвшин эрчимтэй савласан. Уурхайгаас шалтгаалах бүх зардал өссөн байдаг. Үүнтэй уялдаад 2016 онд 2 000 000 000 төгрөгийн алдагдалтай, 2019 онд 7 000 000 000 төгрөгийн алдагдалтай ажилласан. Гол шалтгаан нь манай нүүрсийг хэрэглэгчдэд очиход хямд байлгах зорилгоор давхар хязгаарлалт тавьснаар энэ зүйлд хүрсэн. Төрөөс манай компанид үзүүлж байгаа зүйл нь манай компанийг үйл ажиллагаагаа явуулж, станцуудад нүүрсээ хүргүүл гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Үүнтэй уялдаад хэмнэж болох зардлууд, үйл ажиллагааны чиглэл явсаар байгаад шимтгэлийн төлөлтүүд хоцорсон байгаа. Тиймээс нийгмийн даатгалын байгууллагадаа буруу өгөхгүй. Манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болж ийм зүйл үүссэн байгаа. Компанийн зүгээс нийгмийн даатгалдаа талархаж явдаг. Манай компани нь санхүүгийн байдал хүнд байгаа гэдгийг дээд газартаа мэдээлж байсан. Нийгмийн даатгалын байгууллага одоог хүртэл манай ажилчдын бичилтийг хийж үйлчилгээг үзүүлж байгаа. Харин манай компанийн хувьд одоог хүртэл нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байгаа. 3 тэрбум төгрөг гэдэг бол манай компанийн нэг улирлын ашиг орлого, зардал болчих учраас өнөөгийн байдалд шууд төлөх боломжгүй. Гэхдээ төрөөс шийдвэр ирсэн тохиолдолд төлж барагдуулна. 3 263 452 148 төгрөгийг манай компани төлөхгүй гэсэн зүйл байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч НДХ нь хариуцагч ШО ХК-иас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 3 263 452 148.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Төрөөс иргэд, аж ахуйн нэгжийг хямд үнэ бүхий эрчим хүч, дулаанаар хангах бодлогын хүрээнд нүүрсний үнэд хяналт тогтоосоноос ШО ХК алдагдалтай ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй байгаа, тус байгууллага нь одоог хүртэл манай ажилчдын бичилтийг хийж үйлчилгээг үзүүлж байгаад талархдаг, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй талаар маргаан байхгүй, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн дээр маргаан байхгүй, ... санхүүтэйгээ тулгаж үзсэн, зөрүү байхгүй байсан ...” гэж тайлбарлана.
Хариуцагч ШО ХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 3 263 452 148.82 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлж барагдуулаагүй болох нь ШО ХК-ийн нягтлан бодогч Б.Б, Г.Э нарын гаргасан ШО ХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн тайлан /хх-5/, тус компанид ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /хх6-14/, 2015 оноос эхлэн Говьсүмбэр аймгийн НДХ ХААН банк, Хас банк, Төрийн банкиудад ШО ХК-ийн “Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах” тухай мэдэгдэл, Хугацаа хэтрүүлсэн шимтгэлийг төлүүлэх тухай улсын байцаагчийн албан шаардлага, мөн ШО ХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, онуудын эцсийн үлдэгдэл /хх-67/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ын 1-д өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах журамтай.
Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т зааснаар дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Түүнчлэн ШО ХК буюу ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ тогтоосон хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна.
Тодруулбал, хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Хуульд зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 16 475 211 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т заасныг баримтлан хариуцагч ШО ХК-иас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 3 263 452 148.82 төгрөгийг гаргуулан Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ШО ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 16 475 211 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА