Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 181/2019/00959/И |
Дугаар | 001/ХТ2022/01198 |
Огноо | 2022-12-01 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2022/01198
Их аяны жолоо ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02620 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 157 дугаар магадлалтай,
Их аяны жолоо ХХК-ийн нэхэмжлэлтэй
Туушин авто тээвэр ХХК-д холбогдох
Гэм хорын хохиролд 56,855,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Э.Наранбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөлгч Г.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Их аяны жолоо ХХК-иас Туушин авто тээвэр ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 56,855,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02620 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Туушин авто тээвэр ХХК-аас нийт 53,172,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Их аяны жолоо ХХК-д олгож, үлдсэн 3,683,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Их аяны жолоо ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 600,300 төгрөгөөс 442,227.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 158,072 төгрөгийг, хариуцагч Туушин авто тээвэр ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 423,810 төгрөгийг, шинжээчийн ажлын хөлсөд 1,818,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Их аяны жолоо ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 157 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч Э.Наранбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэмээн үзэж бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх ...Хариуцагч нь Нордбенз маркийн 2047 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016.09.26-ны өдрийн Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Л.Болдбаатарт худалдсан гэж маргаж байх боловч 2047 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй болох нь Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна... хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон байна.
Туушин авто тээвэр ХХК нь 2016.09.26-ны өдөр Л.Болдбаатартай Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2047 УНЛ улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч тээврийн хэрэгслийг худалдахаар тохиролцож үнийг Туушин авто тээвэр ХХК-иас өгсөн тээвэрлэлтийн ажил үүргийг гүйцэтгэх хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцсон. Үүнтэй холбоотой 2016.10.01-ний өдөр Тээвэрлэлтийн гэрээ байгуулж 2047 УНЛ улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч тээврийн хэрэгслийг Л.Болдбаатарт шилжүүлэн өгсөн. Тухайлбал, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасанд нийцүүлэн дээрх гэрээг байгуулсан бөгөөд мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.3-д тус тус зааснаар Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Туушин авто тээвэр ХХК-ийн хувьд Л.Болдбаатартай хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй, тус компанийн ажилтан биш бөгөөд ямар ч хөдөлмөрийн харилцаа үүсээгүй болох нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримтаар нотлогдож байгаа юм.
4.2. Мөн шүүх ...хариуцагч нь 2018.06.04-ний өдрийн Зам тээврийн осолд Гашуун сухайт авто зам ХХК буруутай гэж үзэж байгаа тохиолдолд тус компанид холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна... гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компанийн өмгөөлөгчөөс уг хэрэгт Гашуун сухайт авто зам ХХК-ийг хариуцагчаар оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Бодит байдал дээр Их аяны жолоо ХХК-д учирсан хохирлыг Гашуун сухайт авто зам ХХК хамтран хариуцах үндэслэл бүхий баримт хэрэгт авагдсан боловч тус компанийг уг хэрэг хариуцагчаар оролцуулаагүй нь хэргийг үнэн зөв, эргэлзээгүй шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон.
Тухайлбал, уг зам тээврийн осол нь хавтаст хэргийн 2018.06.04-ний өдрийн Зам тээврийн ослын акт, 2018.06.17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт зэрэгт тус осол нь хэрэг гарсан орчмын замын эвдрэл хагархай зэргийн улмаас гарсан, мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолын 1-р хавсралт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт 4-д Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нъ зам, төмөр замын гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж үзэж акт тогтоосон. Авто замын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө гэж заасан бөгөөд уг зам тээврийн осол нь тухайн замын эвдрэл, гэмтлийн засан сайжруулалтыг хариуцан ажилладаг Гашуун сухайт авто зам ХХК-ийн зам болон замын бусад байгууламжийг хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах үүргээ биелүүлээгүй, замын эвдрэл гэмтлийн талаар мэдээллээ үнэн зөв өгөөгүйн улмаас гарсан. Гашуун сухайт авто зам ХХК нь замын эвдрэл гэмтлийн талаар мэдээллээ үнэн зөв өгөөгүй болох нь Гашуун сухайт авто ХХК-аас манай Туушин авто тээвэр ХХК-д ирүүлдэг Замын эвдрэлийн анхааруулах мэдээгээр нотлогдоно.
Тухайлбал, осол болдог өдөр буюу 2018.06.04-ний өдөр ирүүлсэн мэдээнд осол болсон газар болох Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт сумын нутагт байрлах нүүрс тээврийн засмал замын 86-87 дахь километрийн замын эвдрэлийн талаарх заалт замын эвдрэлийн талаарх анхааруулах мэдээнд огт байхгүй байсан. Харин осол болсноос хойш 12 хоногийн дараа буюу 2018.06.16-ны өдрийн ирүүлсэн замын эвдрэлийн талаарх анхааруулах мэдээнд шинээр оруулсан байдаг.
4.3. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ...нэхэмжлэгчийн өмчлөлийн Нордбенз маркийн 7195 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 53,172,000 төгрөгийн хохирол учирсан нь Вэндо ХХК-ийн 2020.08.07-ны өдрийн Авто машин техникийн үнэлгээний тайлан болон тайлангийн хавсралтаар тогтоогдож байна... гэдэг. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө ...учруулсан бодит хохирол болох 56,855,500 төгрөгийг гаргуулах.. тухай бөгөөд тус компанид учруулсан бодит хохирлыг шаардсан.
Манай компанийн хувьд бодит хохирол гэж Их аяны жолоо ХХК-ийн өмчлөлийн Нордбенз маркийн 7195 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварласан бодит зардлыг ойлгоно гэж үзэж байгаа.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Вэндо ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд уг компаниас шинжээчийн дүгнэлт гаргах явцад нэхэмжлэгч компанийн 7195 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл засварлагдсан, хэвийн, зам тээврийн хөдөлгөөнд оролцож байсан байдаг. Нийтэд нээлттэй мэдээллийн сайт болох www.smartcar.mn сайтын мэдээллээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь 2019 оны 10 дугаар сараас зам тээврийн хөдөлгөөнд оролцож байсан болох нь харагддаг. Бодит байдал дээр нэхэмжлэгч компанийн тээврийн хэрэгсэл засварлагдсан нөхцөл байдал бий болсон тул тус компанид учирсан бодит хохирлыг шинжээчийн дүгнэлтээр бус харин тухайн тээврийн хэрэгслийг засварласан бодит зардлаар тодорхойлох нь зүйтэй.
Үүнтэй холбоотой нэхэмжлэгч компанийн тээврийн хэрэгслийг засварласантай холбоотой гэх санхүүгийн баримтууд хэрэгт авагдсан боловч санхүүгийн баримтуудаас үзэхэд тухайн баримтууд нь 2019 оны 12 дугаар сарын баримт болон 2020 оны баримтууд байдаг. Нэхэмжлэгч компанийн 7195 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2019 оны 10 дугаар сараас ашиглалтанд орж, зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байдаг бөгөөд үүнийг нэхэмжлэгч компани ч хүлээн зөвшөөрдөг. Тухайн санхүүгийн баримтуудын гүйлгээний утга дээр сэлбэг, машин засвар гэж байгаа нь уг хохирол учирсан машинд зориулагдсан эсэх нь тодорхойгүй, нотлогддоггүй. Энэ талаар шүүхээс дүгнэлт өгөөгүй.
Мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгож буй Вэндо ХХК-ийн дүгнэлтэд ...Нордбенз маркийн 7195 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 53,172,000 төгрөгийн хохирол учирсан... гэдэг боловч уг хохирлыг тооцсон үнийн дүнд Их аяны жолоо ХХК-ийн 7597 АЧ чиргүүлд ч учирсан хохирлыг тусгасан байдаг. Гэтэл уг 7597 АЧ чиргүүлийн эзэмшигч нь 2019 оны 4 дүгээр сард солигдож, Их аяны жолоо ХХК эзэмшигч нь биш болсон. Үүнийг мөн шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар дүгнээгүй.
4.4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
6. Нэхэмжлэгч Их аяны жолоо ХХК шаардлагын үндэслэлээ: ...2018.06.04-ний өдөр тус компанийн жолооч Ч.Батдалай 75-97АЧ чиргүүл бүхий 71-95УБЛ улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч машинаар Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутагт байрлах нүүрс тээврийн засмал замын 87 дахь километрт буюу Цагаанхаднаас Тавантолгой чиглэлд ачаа тээвэрлэж явахад Нордбенз маркийн 20-47УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Туушин автотээвэр ХХК-ийн жолооч Л.Болдбаатар Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчснөөс зам тээврийн осол гарч, автомашин гэмтэж, компанид 56,855,500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон тул хохирлыг гаргуулна... гэж тайлбарласан,
Хариуцагч: ...зам тээврийн осол хариуцагч компанийн буруугаас болоогүй, замын эвдрэл, гэмтлийн засан сайжруулалтыг хариуцан ажилладаг Гашуун сухайт авто зам ХХК-ийн зам болон замын бусад байгууламжийг хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах үүргээ биелүүлээгүй, замын эвдрэл гэмтлийн талаар мэдээллээ үнэн зөв өгөөгүйн улмаас осол гарсан. Энэ талаар Зам тээврийн ослын акт, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан. Ослын улмаас манай компанид ч бас ихээхэн хэмжээний хохирол учирсан... гэж маргажээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж, хариуцагчаас 53,172,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
8. Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...осол гаргасан жолооч Л.Болдбаатар нь манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тус компанийн ажилтан биш, 20-47УНЛ дугаартай тээврийн хэрэгслийг Автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр Л.Болдбаатарын эзэмшилд шилжүүлсэн, үнийг тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцсон тул компани хариуцагч биш, мөн зам тээврийн осолд Гашуун сухайт авто зам ХХК-ийн буруутай болох нь тогтоогдсон байтал шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/
9. 2018.06.04-ний өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сум, Могой баг Ухаа худаг Ганц мод чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн хатуу хучилттай авто замын 87 дахь км-т Нордбенз маркийн 2047УНЛ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Болдбаатар Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчснөөс Нордбенз маркийн 71-95УБЛ улсын дугаартай Их аяны жолоо ХХК-ийн эзэмшлийн, Ч.Батдалайн жолоодож явсан автомашиныг мөргөж, зам тээврийн осол гарсан, ослын улмаас 71-95УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл, хохирол учирсан нь 2018.06.17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, Хөрөнгө эстимэйт ХХК, Вендо ХХК-иудын Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон, Л.Болдбаатарт Зөрчлийн тухай хуулийн 14.7-д заасан үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсан, 2016.09.26-ны өдрийн Автомашин зээлээр худалдах-худалдан авах №04 тоот гэрээгээр Туушин авто тээвэр ХХК иргэн Л.Болбаатарт 20-47УНЛ улсын дугаартай Нордбенз маркийн автомашиныг хагас чиргүүлийн хамт худалдах, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг худалдагчаас өгсөн тээвэрлэлтийн ажил үүргийг гүйцэтгэх хэлбэрээр төлөхөөр харилцан тохирсон, гэрээний үүргийг хэрэгжүүлэхээр 2016.10.01-ний өдөр №04 дугаартай Тээвэрлэлтийн гэрээ байгуулсан, 20-47УНЛ дугаартай автомашины эзэмшил Туушин автотээвэр ХХК-д бүртгэлтэй үйл баримт тогтоогджээ.
10. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж, 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Туушин автотээвэр ХХК, Л.Болдбаатар нарын хооронд байгуулсан Автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээний 1.4-т автомашины үнэ төлөгдөж дуусахад гэрээ дуусгавар болж, автомашин худалдан авагчийн өмчлөлд шилжинэ... гэж тохиролцсон бөгөөд худалдан авагч автомашины үнийг бүрэн төлөөгүй тул өмчлөх эрх худалдан авагчид шилжээгүй, өөрөөр хэлбэл худалдагч буюу Туушин автотээвэр ХХК автомашины өмчлөгч хэвээр байгаа үндэслэлээр хариуцагчийг Туушин автотээвэр ХХК гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага хууль зөрчөөгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх зохицуулалтад нийцсэн байна.
11. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд ...учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.
Хариуцагч Туушин автотээвэр ХХК тээврийн хэрэгслийг өмчлөх эрх шилжээгүй байхад өөрөө зөвшөөрч Л.Болдбаатарт уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгснөөр тэрээр бусдад учруулсан гэм хорыг хариуцахаар хуулиар үүрэг хүлээсэн, нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг хариуцагч зөвшөөрөхгүй тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, шүүх шүүхээс томилогдсон шинжээч Вендо ХХК-ийн гаргасан авто машин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайланг үндэслэн хохирлыг 53,127,000 төгрөгөөр тооцсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд хоёр шатны шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.
Иймд ...шүүх хариуцагчийг зөв тодорхойлоогүй, хохирлыг шинжээчийн дүгнэлтээр бус тээврийн хэрэгслийг засварласан бодит зардлаар тодорхойлох ёстой... гэх агуулга бүхий хариуцагчийн гомдлыг хангахгүй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох бөгөөд шүүх нэхэмжлэлд дурдаагүй этгээдийг хариуцагчаар татах үндэслэлгүй тул ...Гашуун сухайт автозам ХХК-ийг хариуцагчаар оролцуулах хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаагүй нь хэргийг үнэн зөв шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бий болгосон... гэх гомдлыг хангахгүй, харин хариуцагч нь эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгаа тохиолдолд тус компанид холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй гэж дурдсан нь зөв.
13. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.
Дээр дурдснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02620 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 157 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Э.Наранбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Туушин автотээвэр ХХК-иас 2021.02.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 450,619 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Б.МӨНХТУЯА
Х.ЭРДЭНЭСУВД