Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2020/01248

 

           

 

 

 2020         09             11                                           151/ШШ2020/01248                                    

                                                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            .............аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, шүүгч Д.Алтантуул, Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: ............  байрлах .............газрын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: ..........  тоотод оршин суух ....... овогт Ч.Б-д холбогдох,

            7 848 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл, иргэдийн төлөөлөгч Ж.Отгонсүрэн нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .............газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Ч.Б. нь .............Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг" Их морин хөтөл" гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 02-82 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр 2 м урттай 44 ширхэг нойтон нарс модыг тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. Дээрх үйлдэлд .............цагдаагийн газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Лхагвабаяр мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж, тус аймгийн .............газраас 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийг тус Аймгийн .............газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Эрхэмбаяр 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ч.Б. дээрх гэмт хэргийн улмаас байгаль экологид 7 848 900 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснээс хойш хохирол төлөгдөөгүй байна.

Иймд тус аймгийн Жаргалант сумын Засаг даргаас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу .............тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дах хэсэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дах хэсэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор .............нэхэмжлэл гаргаж байна. Иймд иргэн Ч.Б.эс байгаль экологид учруулсан 7 848 900 төгрөгийн хохирлыг гаргуулж, орон нутгийн төсөвт оруулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Ч.Б.эс зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөр болох 7 848 900 төгрөг гаргуулах байгаа. Үндэслэл нь Ч.Б. нь .............Жаргалант сумын нутагт 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 44 ширхэг нойтон нарс модыг тээвэрлэсэн. Энэ тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэж эрүүгийн журмаар .............Цагдаагийн газарт шалгагдаж байгаад улмаар 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ч.Б.д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна гэж .............газраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй учир тухайн орон нутгаас албан тоотыг авч .............газраас нэхэмжлэл бичиж шүүхэд хүргүүлсэн байгаа. Энэ хэргийг шалгах явцад шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2 616 300 төгрөг гарсан байгаа. Энэ хохирлыг Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хохирлын хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 7 848 900 төгрөг болж байгаа юм.

Ч.Б. нь тухайн модыг бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэдэг нь гэрч Шинэбаяр, иргэний нэхэмжлэгч Ууганбаяр нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа юм. Мөн гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ гээд Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 6.6.6-д зааснаар Ч.Б. нь гарал үүслийн гэрчилгээгүй модыг тээвэрлэсэн гэдэг нь тогтоогдоно. Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр гаргасан. Шинжээчийн дүгнэлт дээр шинжээч н.Батмагнай гэж хүн шинжээчээр мэдүүлэг өгөхдөө нойтон мод бэлтгэсэн байсан гэж мэдүүлсэн. Мөн гэрч н.Батчимэг, иргэний нэхэмжлэгч н.Ууганбаяр нар нь тухайн газарт зөвшөөрөлгүйгээр модыг тээвэрлэсэн гэж мэдүүлсэн. Эдгээр нотлох баримтуудаар Ч.Б. нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь тогтоогдож байгаа. Иймд Ч.Б.эс зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөр болох 7 848 900 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 100140000955 дансанд оруулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагатай бүрэн танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариу тайлбараа шүүхэд хүргүүлсэн. Учир нь гэвэл Ч.Баатар-Эрдэнийг зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн гэж цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байгаа. Тээвэрлэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байгаад хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр .............шатанд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 11 дэх заалтад байгаль орчинд учруулсан хохирол гэж байгаль орчныг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэсэн байгаа. Тэгэхээр бэлтгэсэн, олборлосон бол байгаль орчинд хохирол учруулсан болж байгаа юм. Мөн Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2 дах хэсэгт ойд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх заалт байгаа. Ингэхээр Ч.Б. нь бэлтгэсэн бус харин тээвэрлэсэн байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгахдаа тээвэрлэсэн үйлдэлд нь шалгасан байгаа. Уг модыг тээвэрлээд .............Жаргалант сум руу орж ирэх үед цагдаагийн байгууллагаас шалгаж цагдаагийн хэсгийн хашаанд хураасан байгаа. Энэ талаар .............Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас тодорхойлолтыг ирүүлсэн байдаг. Хэрэгт энэ тодорхойлолт байгаа. Тухайн сумын цагдаагийн хэсгийн хашаанд тоо ёсоороо хадгалсан байгаа гэдгийг гэрэл зургаар бэхжүүлсэн. Модыг тооллогын комисс гаргаж тоолсон байгаа. Ч.Баатар-Эрдэнийн хувьд 2 метрийн урттайгаар тайрсан 44 ширхэг мод байгаа. Энэ модноос 1 ширхэг ч мод аваагүй. Цагдаагийн газарт битүүмжлэгдсэн хэвээр байгаа гэдэг нь харагдаж байна. Тийм учраас өнөөдөр .............газраас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .............газар нь хариуцагч Ч.Б.д холбогдуулан 7 848 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч .............газар, хариуцагч Ч.Б. нь .............Жаргалант сумын Буурлын 1-р багийн нутаг “Их морин хөтөл” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 02-82 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр 2 м урттай 44 ширхэг нойтон нарс модыг тээвэрлэсэн гэмт хэргийг .............газраас 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэсэн...”  тус гэмт хэргийн улмаас байгаль экологид 7 848 900 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжилж байна...” гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Ч.Б.д холбогдох Эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн .............тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон...” “...Монгол Улсын Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудад “хууль бусаар мод бэлтгэсэн” тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 .............газар, хариуцагч Ч.Б.эс 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хууль бусаар мод тээвэрлэсэн гэх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч 7 848 900 төгрөгийн хохирлыг буцаан шаардах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

.............Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/310 дугаартай албан бичгээр 2 метр урттай 44 ширхэг нарс модыг .............Жаргалант сумын цагдаагийн хэсгийн хашаанд байршуулсан байгаа нь Ч.Б. нь модыг зарсан, худалдсан түүнээс ашиг олсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Ч.Б.д холбогдох 2 метр урттай 44 ширхэг модыг тээвэрлэсэн гэх үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Гэтэл дээрх эрүүгийн хэргийг 2019  оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд гэм хор учруулснаас хүлээх үндэслэлд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас хөрөнгөд заавал хохирол учирсан байх бөгөөд эдгээр нөхцөлүүд тогтоогдсоноор гэм хорын хариуцлагын асуудлыг шийдвэрлэхээр заагдсан байна. 

Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “...эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна. 

Үүнээс үндэслэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 метр урттай 44 ширхэг нарс модны үнэ болох 7 848 900 төгрөг нь бодит хохирол мөн болох, хариуцагч Ч.Б. нь тухайн модыг бусдад зарсан, худалдсан түүнээс ашиг олсон үйл баримт тогтоогдохгүй байна.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11-д зааснаар “байгаль орчинд учруулсан хохирол” гэдэгт байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон.... үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “хууль бусаар мод бэлтгэсэн” үйлдэлд шууд хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалт байхаас “тээвэрлэсэн” үйлдэлд хохирол төлөх эрх зүйн зохицуулалтгүй байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ч.Б. нь .............Жаргалант сумын Буурлын 1-р багийн нутаг “Их морин хөтөл” гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 02-82 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2 м урттай 44 ширхэг нойтон нарс модыг тээвэрлэсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд тус модыг унагаж бэлтгэсэн этгээд тогтоогдоогүй байхад тээвэрлэсэн гэх Ч.Б.эс модны хохирлыг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа модыг тээвэрлэсэн үйлдэлд эрүүгийн журмаар шийдвэрлэхдээ мод бэлтгэсэн үйлдэлтэй адилтгаж шийдвэрлэдэг гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй, нотолж чадаагүй гэж үзэж байна.

Иймд .............газрын нэхэмжлэлтэй Ч.Б.д холбогдох 7 848 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1, 510 дугаар 510.1, Байгаль орчны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11,  Ойн тухай хуулийн 42 зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус зааснаар .............газрын нэхэмжлэлтэй, Ч.Б.д холбогдох, 7 848 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч .............газар нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  .............Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ТҮВШИНЖАРГАЛ  

                                            ШҮҮГЧИД                                 Д.АЛТАНТУУЛ

                                                                                                       Д.МӨНХБҮРЭН