Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 01695

 

Н.О-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01687 дугаар шийдвэртэй Н.О-ын нэхэмжлэлтэй, “А” СӨХ-д холбогдох

 Гэм хорын хохиролд 960 780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нэр дээрх Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 11 дүгээр байрны 46 тоот орон сууц нь 8 давхар байрны дээд давхарт байрладаг ба сүүлийн 2 жил дээврээс ус алдаж удаа дараа хохирол учирч, өөрсдөө засч ирсэн. Энэхүү байр нийт 46 айлтай ба cap бүр СӨХ-ны төлбөрт айл бүрээс 22 500 төгрөг нийт 1 035 000 төгрөг хураадаг ба дээврийн болон бусад нийтийн эзэмшлийн хэсгийн засвар үйлчилгээг хариуцан хийх үүрэгтэй байтал одоог хүртэл засаагүйн улмаас “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр 872 280 төгрөгийн бодит хохирол учруулаад байна. Үүнд: тааз, шал, хивс, гэрлийн бүрхүүл зэрэг эд зүйлс багтаж байгаа. Манайх СӨХ төлбөрт 2011 оны 06 сараас эхлэн 7 жилийн турш 1 800 000 төгрөгийг төлсөн боловч одоог хүртэл засвар үйлчилгээ хийлгэж чадалгүй хохирсоор байна. Энэ асуудлаар 2018 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба 2018 оны 03 дугаар сарын 31-ний дотор хохирлыг барагдуулж, дээврийг засварлаж, дахин хохирол учирхааргүй болгохоор тохиролцсон боловч засвар хийлгүй, бороо цас орох бүрт дээврээс ус алдаж хохирол учруулж байна. Иймд учруулсан хохирол 872 280 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 86 500 төгрөг, нотариатын төлбөр 2 000 төгрөг, нийт 960 780 төгрөгийг гаргуулж, дахин хохирол учруулахгүй болгох арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүний төлбөрийг төлье гэхээр бусад 46 айл нэхнэ. Зарим айл төлбөрөө төлдөггүй. Мөнгө нь засвар хийхэд хүрдэггүй. Нэхэмжлэгчийн гэр хэцүү, ус их алддаг нь үнэн. Засварын ажил гүйцэтгэсэн компанийг цуг шүүхэд өгөх саналтай байдаг. Хохирол учирсан гэдэгт маргаан байхгүй. Гүйцэтгэсэн байгууллага нь засч өгөх ёстой гэжээ.

       Шүүх: Иргэний хуулийн 497 дугаарзүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “А” СӨХ-оос 958 780 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27 561 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О давж заалдах гомдолдоо: "А" СӨХ-г төлөөлөх эрхгүй этгээд шүүх хуралд оролцсон байхад шүүх итгэмжлэлийг шалгаж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн шүүх хуралд оролцуулалгүй, түүнээс тайлбар авалгүй хэргийг хэлэлцэн шийдвэр гаргасан ноцтой зөрчил гаргажээ. Учир нь: СӨХ-ны захирал Д.Э-ээс Г.П-д олгосон итгэмжлэл нь иргэн аж ажуйн нэгжээс СӨХ-ны төлбөр гаргуулах, СӨХ-ны мэдлийн газар чөлөөлүүлэх асуудлаар нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл байх бөгөөд хариуцагчийг төлөөлөх итгэмжлэл биш юм.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт заасны дагуу СӨХ Н.О-ын эд хөрөнгийн гэмтлийг хариуцахгүй. Н.О СӨХ-ны төлбөрийг төлөх ёстой бөгөөд уг үүргээ биелүүлсэн ч мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т "өөрийн сууцны доторх засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцах" гэж заасны дагуу Н.О өөрөө хариуцан засах үүрэгтэй. Манай СӨХ 2017 оны зун тус байрны дээврийг "Баясгалант ханд" ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж үүргээ гүйцэтгэсэн. Тус компани шаардлага хангасан засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн эсэх, улмаар нэхэмжлэгч Н.О-ын эд зүйлд гэмтэл учруулсан гэм хорын хохиролд СӨХ гэм буруутай гэж үзэхгүй. Иймд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.О хариуцагч “А” СӨХ-д холбогдуулан гэм хорын хохиролд 960 780 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн 26 дугаар талд авагдсан хариуцагч “А” СӨХ-ноос Г.П-д олгогдсон итгэмжлэл нь сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөн оролцох хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагаас 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн аж ахуйн нэгжээс СӨХ-ны төлбөр төлүүлэх, газар чөлөөлүүлэх маргаан бүхий хэрэгт төлөөлөн оролцуулахаар Г.П-д олгосон итгэмжлэл нь энэ хэрэгт хамааралгүй болно.

Дээрх зөрчлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх эрхийн үндсэн дээр явагдсан гэж үзэх боломжгүй, давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад хамаарах асуудлаар хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01687 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатын шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.БАТЗОРИГ

                                                      ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА