Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/шш2018/01687

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2018/01687

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Амардэлгэр даргалж, шүүгч Д.Ганболд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А-д холбогдох

 

гэм хорын хохиролд 960,780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О, хариуцагчийн төлөөлөгч Г.П, иргэдийн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О миний өөрийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, Дандарбаатарын гудамж,11-р байрны тоот байр нь давхар байрны хамгийн дээд давхарт байрладаг ба сүүлийн 2 жил дээврээс ус алдаж удаа дараа хохирол учирч ирснийг өөрсдөө засч ирсэн. Энэхүү байр нь нийт айлтай ба cap бүр СӨХ-ийн төлбөрт айл бүрээс 22,500 төгрөг нийт 1,035,000 төгрөг хураадаг ба дээврийн болон бусад нийтийн эзэмшлийн хэсгийн засвар үйлчилгээг хариуцан хийх үүрэгтэй байтал одоог хүртэл засаагүйн улмаас Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр 872.280 төгрөгийн бодит хохирол учруулаад байна. Үүнд тааз, шал, хивс, гэрлийн бүрхүүл зэрэг эд зүйлс багтаж байгаа. Зөвхөн манайх гэхэд СӨХ төлбөрт 2011 оны 06 сараас эхлэн нийт 7 жилийн туршид 1,800,000 төгрөгийг СӨХ-д төлсөн боловч одоог хүртэл засвар үйлчилгээгээ хийлгэж чадалгүй хохирсоор байна. Энэхүү байр нь ашиглалтанд ороод тийм ч олон жил болоогүй учраас байрны урсгал засварын зардал гардаггүй тул СӨХ төлбөр нь СӨХ-ийнхний ашиг болоод явдаг. Одоогоор уг байранд хүн амьдрахын аргагүй буюу гэрэл цахилгаан шатсан, шал тааз усанд автсан, ховхорсон пөмбийсөн байдалтай байна. Энэ асуудлаар 2018 оны 01 сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргаж байсан ба 2018 оны 03 сарын 31-ны дотор хохиролыг барагдуулж, дээврийг засварлаж, дахин хохирол учирхааргүй болгохоор талууд тохиролцсон боловч өнөөдрийн байдлаар огт засвар хийлгүй, бороо цас орох бүрт дээврээс ус алдаж хохирол учруулж байна. Иймд хариуцагч А СӨХ-с надад учруулсан хохирол болох 872.280 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 86.500, бичиг барит нотариатаар баталгаажуулсны төлбөр 2.000 төгрөг, нийт 960.780 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, дахин хохирол учруулахгүй болгох арга хэмжээ авч өгнө үү.

 

2011 онд байранд орсон. Сар болгон 22 500 төгрөг төлж байсан. 8 жил төлсөн. дээвэр нь зөвхөн манайх биш бүгд 46 айлд хамаарна. 2-3 жилийн өмнөөс гойжиж ирсэн ба бид өөрсдөө засаж байсан. СӨХ зассан гэсэн. Гэтэл манай хэсэгт засаагүй. Барилга барьсан компаниар засуулсан гэдэг. Цас хайлах, бороо ороход байнга ус гойждог. Ус гойшоод шал, эд хогшилд хохирол учирдаг. Бид 8 жил төлсөн үйлчилгээг авья гэж байгаа. СӨХ-н төлбөрөө цаг тухайд нь төлж байсан. Бид дээврээ засуулах хүсэлт гаргасан боловч үүргээ биелүүлдэггүй. Аргагүй эрхэнд үнэлгээ хийлгэсэн. Хэвсэнцэрийг цэвэрлүүлэх мөнгө нэхсэн. Дахиад бороо ороход дахиад л гойжино. Ашид билгүүн компаний тайлангаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.П нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүнийхийг төлөөд өгье гэхээр бусад 46 айл нь нэхнэ. Зарим айл нь төлбөрөө төлдөггүй. Мөнгө нь засвар хийхэд хүрдэггүй. Нэхэмжлэгчийн гэр хэцүү, ус их алддаг нь үнэн. Засвар гүйцэтгэсэн компанийг нь цуг шүүхэд өгөх саналтай байдаг. Миний бодлоор 480 000 төгрөгийн хохирол гаргасан гэсэн боловч 900 гаруй гэсэн. Үүнийг төлье гэхэд бусад айл нэхэх гээд байдаг. Хохирол учирсан гэдэгт маргаан байхгүй. Гүйцэтгэсэн байгууллага нь засаж өгөх ёстой. Би СӨХ-д ажилладаг гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.О нь гэм хорын хохиролд 960,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч А СӨХ нь гэм хорын хохирол учруулсан талаар маргаагүй боловч хохирлын хэмжээний талаар маргаж, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа хэрэв нэхэмжлэгчийн хохирлыг төлбөл бусад оршин суугчдад хохирол төлөх тул зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлаж байна.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.О нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамжны дүгээр байрны  тоотод оршин суудаг болох нь хэргийн 4 дүгээр талд байгаа нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, шилжин ирсэн тухай тодорхойлолтоор тогтоогдож байна. Мөн хэргийн 3 дугаар талд гэм хор учруулсан хэмээн маргаж буй дээрх орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Гэвч уг 46 тоот орон сууцанд нэхэмжлэгч оршин суудаг эсэх талаар хариуцагч маргаагүй. Үүнээс гадна маргаж буй энэхүү Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамжны 11 дүгээр байрыг хариуцагч А СӨХ хариуцан ажилладаг талаар зохигч хэн аль нь маргаагүй. Харин хариуцагчийн 186 дугаар гэрчилгээнд гудамжны нэрийг зөрүүтэй бичсэн бөгөөд энэ талаар маргаагүйг дахин дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн өмчлөлийн 46 тоот орон сууцны дээврээс ус алдсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт байгаа гэрэл зургуудаар тогтоогдож байна. Хариуцагч нь учирсан хохирлын хэмжээг 480,280 төгрөг гэж тайлбарласан нь Ашит билгүүн ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээний тайлантай тохирч байна. Харин хэрэгт Ашит билгүүн ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээний тайлан давхар авагдсан бөгөөд уг тайлангийн талаар хариуцагч маргаагүй, тусгайлсан тайлбар хэлээгүй. Эдгээр 2 үнэлгээний тайлангийн нийт нь дүн нь 958,780 төгрөг байх тул нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол нь 958,780 төгрөг гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Түүнчлэн хариуцагч нь үнэлгээг бодитой гаргасан эсэх талаар маргаагүйг дурдах нь зүйтэй. Гэвч нэхэмжлэгч нь ус алдсаны улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 872,280 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хариуцагч нь дээврийн чанараас шалтгаалж нэхэмжлэгчийн өмчлөлийн 46 тоот орон сууцны таазаар ус гойжсон талаар маргаагүй тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6-д зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг СӨХ холбоо хариуцах үндэслэлтэй.

 

Ашид билгүүн ХХК-ний гаргасан дээрх 2 үнэлгээг нэхэмжлэгч Н.О захиалан хийлгэж, нийт 86,500 төгрөг төлсөн болох нь үнэлгээний тайлан болон хэргийн 5-7 дугаар талд байгаа бэлэн мөнгийн орлогын баримтаар тогтоогдож байна.

 

Харин нэхэмжлэгч нь гэм хорын хохирол нэхэмжлэхийн тулд 2,000 төгрөгний зардал гарсан гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Хариуцагчийн хэрэв нэхэмжлэгчийн хохирлыг төлсөн тохиолдолд бусад оршин суугчид хохирол нэхэмжлэх бөгөөд үүнийг СӨХ төлөх боломжгүй гэсэн тайлбар нь гэм хорын хохирлыг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Эдгээрийг шүүх бүрэлдэхүүн нэгтгэн дүгнээд хариуцагчаас 958,780 /872,280+86,500/ төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 497 дугаарзүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч А СӨХ-с 958,780 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,561 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.АМАРДЭЛГЭР

 

ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД

 

Д.ЗОЛЗАЯА