Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 3192

 

 

 

 

 

 

 

 

   2020          10             23                                                102/ШШ2020/03192

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: АК ББСБ ХХК нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Б.Н

 

            Хариуцагч: С.Б

 

            Хариуцагч: Ц.Л        

 

            Хариуцагч: Б.Т холбогдох,

 

            Зээлийн гэрээний үүрэгт 57,415,190 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, Д.Майдри, хариуцагч Б.Нгийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, хариуцагч С.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амундра, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга оролцов.

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч АК ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас иргэн Б.Н болон С.Б нар нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр №1808003 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, 35,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар, сарын 3,8 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр, 18 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд хариуцагч Б.Н, Ц.Л, Б.Т нарын өмчлөлийн БГд, 1 хороо, 00 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан.

Зээлдэгч Б.Н нь зээлийн гэрээний эргэн төлөлтөд 4,160,000 төгрөгийг, зээлдэгч С.Б нь зээлийн гэрээний эргэн төлөлтөд 10,149,280 төгрөгийг төлж, өөрөөр ямар нэгэн төлбөр төлөөгүй, зээлдэгч нараас төлсөн энэхүү төлбөрүүд нь зээлийн хүүгийн төлбөрөөс хасагдаж тооцогдож байгаа учраас зээлдэгч нар нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 35,000,000 төгрөг, зээлийн хүү 19,727,120 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,688,070 төгрөг, нийт 57,415,190 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Б.Н, С.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 57,415,190 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.Н, Ц.Л, Б.Т нарын өмчлөлийн №000510531 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн БГД,  хаягт байршилтай орон  хороо, 00 тоот орон сууцаар хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2018 оны 08 дугаар сард хүү багатай яаралтай мөнгөний хэрэг гарсан. Ингээд н.Батбаяр, С.Б нартай ярилцаад миний өөрийн хамтран өмчилдөг орон сууцаа барьцаанд тавиад би 15,000,000 төгрөгийг, тэд 20,000,000 төгрөгийг авахаар тохиролцсоны дагуу С.Б нь АК ББСБ ХХК-аас зээлээ хөөцөлдөж, зээлээ авсан.  Ийнхүү би хамтран зээл авснаас хойш 9,10,11 сарын төлөлтийг хийж, 11 сарын 16-ны өдрийн төлөлтийг хоцроогоод түүнээс хойш миний төлсөн мөнгөөр л төлөгдөж байсан. Тухайн үед хэлж ярихад банктайгаа ярилцаад албан тоот явуулсан, ярилцаад шийдсэн, зүгээр санаа зоволтгүй, мөнгө ороод ихээр нь хийчихнэ гэж ярьж байсан. Тухайн үед би хөдөө орон нутагт байсан болохоор банктайгаа уулзаж чадаагүй. Би 15,000,000 төгрөгөөс нийт 7,700,753 төгрөг төлсөн. Үүнд “Эйч Эн Фүүдс” ХХК-ийн 5124031534 тоот дансанд 2,635,000 төгрөгийг, С.Бийн 5031661152 данс руу 905,753 төгрөгийг,  АК ББСБ ХХК-ийн 5013176441 тоот данс руу 4,160,000 төгрөгийг тус тус хийсэн байна. Би зээлсэн 15,000,000 төгрөгт ногдох үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна гэжээ.

 

Хариуцагч Б.Нгийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Б.Н анх 2 хувийн хүүтэй зээл олгоно гэсэн зарын дагуу С.Бийн ээжтэй холбогдож уулзсан байдаг. Ингээд С.Бийн ээжтэй уулзахад “...Би чамд зээлийн чинь бүх асуудлыг зохицуулж өгнө. Харин чамд барьцаа хөрөнгө байвал өмчлөх эрхийн гэрчилгээгээ аваад хүрээд ир. Би чамд 2 хувийн хүүтэй зээл гаргаж өгье. Надад бас 20,000,000 төгрөг шаардлагатай байгаа юм. Чиний зээл дээр нэмээд зээлчихье...” гэж хэлсэн байдаг юм байна лээ. Ингээд нээх удахгүй зээл чинь гарахаар болчихлоо хүрээд ир гэж хэлснийх нь дагуу очиж зээлээ авсан байдаг. Б.Нгийн хувьд зээл авахдаа “...Та надад 2 хувийн хүүтэй зээл гаргаж өгнө гэсэн биз дээ...” гэж хэлэхэд “...Харин тийм ээ. Бага хүүтэй зээл гаргаж чадсангүй. Чи надад 15,000,000 төгрөгөө 2 хувийн хүүтэй нь төлчих, би өөрийнхөө авсан зээлийг үндсэн хүүтэй  нь төлөөд явъя...” гэж хэлсэн байдаг. Үүнээс харвал С.Б анхнаасаа залилан мэхлэх зорилготойгоор Б.Нгийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авсан гэж үзэх үндэслэлтэй. Хэдийгээр цаана нь залилан мэхлэх шинж чанартай боловч Б.Н 15,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ Б.Н 15,000,000 төгрөгийн зээл авахдаа С.Б болон түүний ээж н.Батбаяр гэх 3 хүнтэй хамтран ажиллах гэрээ гэх хуурамч гэрээ байгуулаад АК ББСБ ХХК-аас зээл авсан байдаг юм байна лээ. Б.Н уг асуудлаар С.Б болон н.Батбаяр нарт холбогдуулан цагдаагийн газарт гомдол гаргаад шалгуулж байгаа. С.Б нь анх Б.Нд “...Чи зээлж авсан 15,000,000 төгрөгийн 2 хувийн хүүг миний данс руу хийчих. Би цааш нь АК ББСБ ХХК-д 20,000,000 төгрөгийг үндсэн төлбөр болон хүүгийн хамт төлж байя...” гэж хэлж байсан. Үүний дагуу Б.Н зээлж авсан 15,000,000 төгрөгийн сарын төлөлт болон 2 хувийн хүүг С.Бийн дансанд шилжүүлж байсан. С.Бийн хувьд Б.Нд амласан амлалтдаа хүрээгүй буюу зээл авснаас хойш эхний хэдэн сар  л АК ББСБ ХХК-д зээл болон хүүг төлсөн байдаг. Ингээд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээ больсноос болж өнөөдрийн нөхцөл байдал бий болсон. Б.Нгийн тухайд зээлж авсан гэх 15,000,000 төгрөг болон түүний үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хариуцагч С.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 2018 оны 08 сарын 16-ны өдөр С.Б, Б.Н нар нь АК ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөг авсан байдаг. С.Бийн хувьд зээлээр авсан мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. н.Батбаяр болон Б.Н нар хамтран ажиллах гэрээний үндсэн дээр 35,000,000 төгрөгийг С.Бөөр дамжуулан зээлийн гэрээ байгуулж авсан байдаг. н.Батбаярын хувьд тухайн мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг авч, үлдэх 15,000,000 төгрөгийг Б.Н авсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Хариуцагч Б.Н нь 15,000,000 төгрөгт ногдох хүү болон үндсэн төлбөрийг С.Бийн дансанд байнга шилжүүлдэг байсан гэх тайлбар гаргаж байна. Гэтэл бодит байдал дээр Б.Н нь С.Бийн дансанд 905,748 төгрөг л шилжүүлсэн байдаг. С.Бийн хувьд 10,149,280 төгрөгийг АК ББСБ ХХК-д шилжүүлсэн байдаг гэв.

 

Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч АК ББСБ ХХК нь хариуцагч Б.Н, С.Б, Ц.Л, Б.Тнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,415,190 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын  зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүхээс хариуцагч Ц.Л, Б.Тнарт нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гардуулсан боловч тэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч АК ББСБ ХХК нь 2011 онд Монгол Улсын санхүүгийн зохицуулах хорооноос  банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байх тул  зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд гэж үзнэ.

Хариуцагч Б.Н, С.Б нар нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч АК ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг, бизнесийн зориулалтаар, сарын 3,8 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатайгаар зээлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч Б.Н, Ц.Л, Б.Тнар нь нэхэмжлэгч АК ББСБ ХХК-тай барьцааны гэрээг байгуулан, өөрсдийн өмчлөлийн №000510531 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205008131 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 4 дүгээр байрны 38 тоот хаягт байршилтай орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээнд талууд гарыг үсэг зурж, нотариатаар батлуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Талууд  дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал маргахгүй байх тул хариуцагч  Б.Н, С.Б нар болон АК ББСБ ХХК нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа, харин  хариуцагч  Б.Н, Ц.Л, Б.Тнар  болон нэхэмжлэгч АК ББСБ ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд үүссэн дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч АК ББСБ ХХК нь дээрх гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч АК ББСБ ХХК-аас зээлийн гэрээний дагуу зээлүүлсэн 35,000,000 төгрөгийг хариуцагч С.Бийн данс руу шилжүүлсэн байх ба уг мөнгөнөөс 15,000,000 төгрөгийг хариуцагч Б.Нд шилжүүлсэн байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс зээлсэн 35,000,000 төгрөгийн 15,000,000 төгрөгийг хариуцагч Б.Н авч, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагч С.Б авсан болох нь тогтоогдож байх ба хариуцагч нар нь уг мөнгийг ийнхүү хуваан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэжээ.

Хэдийгээр хариуцагч С.Б нь уг зээлийн гэрээний дагуу авсан 20,000,000 төгрөгийг н.Батбаярт өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, уг гэрээ хүчин төгөлдөр байх тул зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээсэн этгээд мөн байна.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг өөрийн авсан хэмжээгээр хэсэгчлэн гүйцэтгэх үүрэгтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Ннь уг зээлийн төлбөрөөс авсан гэх 15,000,000 төгрөгт ногдох үүргийг, хариуцагч С.Б нь үлдэх 20,000,000 төгрөгт ногдох үүргийг тус тус хүлээх үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.Н нь өөрийн авсан гэх 15,000,000 төгрөгт ногдох үүрэгт нийт 7,700,753 төгрөг төлсөн. Үүнд “Эйч Эн Фүүдс” ХХК-ийн 5124031534 тоот дансанд 2,635,000 төгрөгийг, С.Бийн 5031661152 данс руу 905,753 төгрөгийг,  АК ББСБ ХХК-ийн 5013176441 тоот данс руу 4,160,000 төгрөгийг тус тус төлсөн гэж тайлбарлаж байна.

Хариуцагч С.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Нгээс С.Бийн данс руу шилжүүлсэн 905,748 төгрөг  дээр нэмж 10,149,280 төгрөг, нийт 11,055,020 төгрөгийг АК ББСБ ХХК-д зээлийн эргэн төлөлтөд төлсөн гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлтөд хариуцагч Б.Нгээс нийт 4,160,000 төгрөгийг, хариуцагч С.Бөөс 11,055,020 төгрөгийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх ба үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй.

Иймд хариуцагч Б.Нг зээлийн гэрээний эргэн төлөлтөд 5,065,748 /4,160,000+905,748/ /төгрөгийг, хариуцагч С.Бийг зээлийн гэрээний эргэн төлөлтөд 10,149,280 төгрөгийг тус тус төлсөн гэж үзнэ.

Харин хариуцагч Б.Нгийн “Эйч Эн Фүүдс” ХХК-ийн 5124031534 тоот дансанд шилжүүлсэн гэх 2,635,000 төгрөгийг энэхүү зээлийн гэрээний үүргээс хасч тооцох үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны хүү тооцон нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Иймд гэрээ байгуулагдсанаас хойш 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 25 сар, 14 хоногийн хүүг хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарыг зээлийн гэрээний дагуу төлөх үүргийг тус тусд нь тодорхойлбол:

Хариуцагч Б.Нгийн авсан 15,000,000 төгрөгийн 1 сарын хүүг зээлийн гэрээнд заасан сарын 3,8 хувиар тооцвол 1 сард 570,000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй. Үүнийг нийт хугацаа болох 25 сар 14 хоногоор тооцвол нийт хүүгийн төлбөрт 14,516,000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байх ба үүнээс хариуцагч Б.Нгийн нэхэмжлэгчид төлсөн гэх 5,065,748 төгрөгийг хасч тооцвол 9,450,252 төгрөгийн хүүг төлөөгүй гэж үзнэ.  Үүнээс нэмэгдүүлсэн хүүг тооцвол 1,890,050 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Б.Н нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр болох 15,000,000 төгрөг, түүний хүүгийн үлдэгдэл төлбөрт 9,450,252 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,890,050 төгрөг, нийт 26,340,302 төгрөгийг төлөх үүрэгтэй байна гэж дүгнэлээ. 

Хариуцагч С.Бийн авсан 20,000,000 төгрөгийн 1 сарын хүү 760,000 төгрөг байх бөгөөд нийт 25 сар 14 хоногийн хүүгийн төлбөр 19,354,662 төгрөг болж байна.  Үүнээс хариуцагч С.Бөөс нэхэмжлэгчид төлсөн гэх 10,149,280 төгрөгийг хасч тооцвол 9,205,382 төгрөгийн хүүг төлөөгүй гэж үзнэ.  Үүнээс нэмэгдүүлсэн хүүг тооцвол 1,841,076 төгрөг болж байна.

Иймд хариуцагч С.Б нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр болох 20,000,000 төгрөг, түүний хүүгийн үлдэгдэл төлбөрт 9,205,382 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,841,076 төгрөг, нийт 31,046,458 төгрөгийг төлөх үүрэгтэй байна гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Нгээс 26,340,302 төгрөгийг, хариуцагч С.Бөөс 31,046,458 төгрөгийг /нийт 57,386,760 төгрөгийг/ тус тус гаргуулан нэхэмжлэгч АК ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,430 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч АК ББСБ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцэж байх тул барьцааны зүйл болох хариуцагч Б.Н, Ц.Л, Б.Тнарын  БГД, 1-р хороо, 00 тоотод байршилтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                             ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Нгээс 26,340,302 төгрөгийг, хариуцагч С.Бөөс 31,046,458 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч АК ББСБ ХХК-д олгож, үлдэх 28,430 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл  хариуцагч Б.Н, Ц.Л, Б.Тнарын  өмчлөлийн БГД, 1-р хороо, 00 тоотод байршилтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 735,756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид 359,851 төгрөгийг, хариуцагч С.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 318,182 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч АК ББСБ ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ЭНХЗАЯА