Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00309

 

 

А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/03192 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Н, С.Б, Ц.Л, Б.Т нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 57 415 190 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, Д.М, хариуцагч Б.Н-гийн өмгөөлөгч Ч.Ш, хариуцагч Ц.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас иргэн Б.Н болон С.Б нар нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр №1808003 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 35 000 000 төгрөгийг бизнесийн зориулалтаар, сарын 3.8 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр, 18 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд хариуцагч Б.Н, Ц.Л, Б.Т нарын өмчлөлийн ********* дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дүгээр байрны ** тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч Б.Н нь зээлийн гэрээний эргэн төлөлтөд 4 160 000 төгрөгийг, зээлдэгч С.Б нь зээлийн гэрээний эргэн төлөлтөд 10 149 280 төгрөгийг төлж, өөрөөр ямар нэгэн төлбөр төлөөгүй, зээлдэгч нараас төлсөн энэхүү төлбөрүүд нь зээлийн хүүгийн төлбөрөөс хасагдаж тооцогдож байгаа учраас зээлдэгч нар нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 35 000 000 төгрөг, зээлийн хүү 19 727 120 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 688 070 төгрөг, нийт 57 415 190 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагч Б.Н, С.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 57 415 190 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.Н, Ц.Л, Б.Т нарын өмчлөлийн №********* дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дүгээр байрны ** тоот хаягт байршилтай орон сууцаар хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь 2018 оны 8 дугаар сард хүү багатай, яаралтай мөнгөний хэрэг гарсан. Ингээд Н.Б, С.Б нартай ярилцаад өөрийн хамтран өмчилдөг орон сууцаа барьцаанд тавиад би 15 000 000 төгрөгийг, С.Б 20 000 000 төгрөгийг авахаар тохиролцсоны дагуу С.Б нь А ББСБ ХХК-аас зээлээ хөөцөлдөж, зээл авсан. Ийнхүү би хамтран зээл авснаас хойш 9,10,11 дүгээр сарын төлөлтийг хийж, 11 дүгээр сарын 16-ны өдрийн төлөлтийг хоцроогоод түүнээс хойш миний төлсөн мөнгөөр л төлөгдөж байсан. Тухайн үед хэлж ярихад банктайгаа ярилцаад албан тоот явуулсан, ярилцаад шийдсэн, зүгээр санаа зоволтгүй, мөнгө ороод ихээр нь хийчихнэ гэж ярьж байсан. Тухайн үед би хөдөө орон нутагт байсан болохоор банктай уулзаж чадаагүй. Б.Н нь 15 000 000 төгрөгөөс нийт 7 700 753 төгрөг төлсөн. Үүнд Э ХХК-ийн 5124031534 тоот дансанд 2 635 000 төгрөгийг, С.Б-ийн 5031661152 данс руу 905 753 төгрөгийг, А ББСБ ХХК-ийн 5013176441 тоот данс руу 4 160 000 төгрөгийг тус тус хийсэн байна. Би зээлсэн 15 000 000 төгрөгт ногдох үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна. С.Б анхнаасаа залилан мэхлэх зорилготойгоор Б.Н-гийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авсан гэж үзэх үндэслэлтэй. Б.Н 15 000 000 төгрөгийн зээл авахдаа С.Б болон түүний ээж н.Батбаяр гэх 3 хүнтэй хамтран ажиллах гэрээ гэх хуурамч гэрээ байгуулан А ББСБ ХХК-аас зээл авсан. С.Б нь анх Б.Н-д ...зээлж авсан 15 000 000 төгрөгийн 2 хувийн хүүг миний данс руу хийчих. Би цааш нь А ББСБ ХХК-д 20 000 000 төгрөгийг үндсэн төлбөр болон хүүгийн хамт төлж байя... гэж хэлж байсан. Үүний дагуу Б.Н зээлж авсан 15 000 000 төгрөгийн сарын төлөлт болон 2 хувийн хүүг С.Б-ийн дансанд шилжүүлж байсан. Б.Н-гийн тухайд зээлж авсан гэх 15 000 000 төгрөг болон түүний үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хариуцагч С.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 сарын 16-ны өдөр С.Б, Б.Н нар нь А ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 35 000 000 төгрөг авсан байдаг. С.Бийн хувьд зээлээр авсан мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. н.Б болон Б.Н нар хамтран ажиллах гэрээний үндсэн дээр 35 000 000 төгрөгийг С.Б-өөр дамжуулан зээлийн гэрээ байгуулж авсан байдаг. н.Б хувьд тухайн мөнгөнөөс 20 000 000 төгрөгийг авч, үлдэх 15 000 000 төгрөгийг Б.Н авсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч Б.Н нь 15 000 000 төгрөгт ногдох хүү болон үндсэн төлбөрийг С.Бийн дансанд байнга шилжүүлдэг байсан гэх тайлбар гаргаж байна. Гэтэл бодит байдал дээр Б.Н нь С.Б-ийн дансанд 905 748 төгрөг л шилжүүлсэн байдаг. С.Б-ийн хувьд 10 149 280 төгрөгийг А ББСБ ХХК-д шилжүүлсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Н-гээс 26 340 302 төгрөгийг, хариуцагч С.Бөөс 31 046 458 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, үлдэх 28 430 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл хариуцагч Б.Н, Ц.Л, Б.Т нарын өмчлөлийн ********* дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дүгээр байрны ** тоот хаягт байршилтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 735 756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-гээс улсын тэмдэгтийн хураамжид 359 851 төгрөгийг, хариуцагч С.Б-өөс улсын тэмдэгтийн хураамжид 318 182 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хууль болон талуудын хооронд байгуулагдсан гэрээг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 1808003 тоот зээлийн гэрээг үндсэн зээлдэгч С.Б, хамтран зээлдэгч Б.Н нартай байгуулсан. Улмаар 35 000 000 төгрөгийг зээлдэгч С.Бийн дансруу шилжүүлсэн. Энэ зээлийн барьцаанд Б.Н, Ц.Л, Б.Т нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалж, барьцааг бүртгүүлсэн байсан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрт хувиарлаж, гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч анхнаасаа хариуцагч нараас 57 415 190 төгрөгийг гаргуулах буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос С.Бөөс, Б.Нгээс гэж үүргийн гүйцэтгэлийг хуваарилж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгчийн хувьд ганцхан Б.Нгээс ч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах ч эрхтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт юу хийхийг нь нарийвчлан зааснаар нэхэмжлэгчийн хувьд зөвхөн барьцаа хөрөнгийг худалдсан тохиолдолд үнийг төлүүлэх эрхтэй мэтээр хязгаарласан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулж өгнө үү. 1 .Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ББСБ ХХК-аас гаргасан хариуцагч Б.Н, С.Б, Ц.Л, Б.Т нараас 57 415 190 төгрөгийг гаргуулах, Б.Н, Б.Т, Ц.Л нарын өмчлөлийн ********* дугаар гэрчилгээтэй, улсьн бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Баянгол дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дүгээр байрны ** тоот хаягт байршилтай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Б.Н, С.Б, Ц.Л, Б.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57 415 190 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсаныг хариуцагч С.Б эс зөвшөөрч, хариуцагч Б.Н зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК болон хариуцагч Б.Н, С.Б нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 1808003 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 35 000 000 төгрөгийг, сарын 3,8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Н, Ц.Л, Б.Т нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 4 дүгээр байрны 38 тоот хаягт байршилтай орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 9-13 дугаар тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч С.Б нь Б.Нд 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэх 20 000 000 төгрөгийг н.Батбаярт шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй, зээлийг аваагүй гэдэг нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгчээс 35 000 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч С.Бийн данс руу шилжүүлсэн нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 106 дугаар тал/. Харин хариуцагч зээлсэн мөнгөө хамтран зээлдэгч Б.Н рүү шилжүүлсэн эсэх нь төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Учир нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж зааснаар Б.Н, С.Б нар нь хамтран зээлдэгчид байх тул нэхэмжлэгч нь тэдгээрээс үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Б.Н, С.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 57 415 190 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүхээс Б.Нгээс 26 340 302 төгрөгийг, хариуцагч С.Б-өөс 31 046 458 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг өөрийн авсан хэмжээгээр хэсэгчлэн гүйцэтгэх үүрэгтэй гэж тайлбарласан нь буруу болжээ. Тодруулбал, мөн хуулийн 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна. гэж зохицуулсан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хариуцагч тус бүрийн хүлээх үүргийн хэмжээг гэрээгээр зааглаагүй тул үүргийг хуваарилж шийдвэрлэхгүй юм. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан, Б.Н, Ц.Л, Б.Т нарын өмчлөлийн, Баянгол дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дүгээр байрны ** тоот хаягт байршилтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан.

 

Харин барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дүгээр байрны ** тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгч буюу барьцаалуулагч Ц.Л, Б.Т нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол хангагдахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/03192 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Н, С.Б нараас 57 386 760 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, үлдэх 28 434 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 445 025 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

С.ЭНХТӨР