Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0103/З |
Дугаар | 128/ШШ2022/0368 |
Огноо | 2022-05-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2022/0368
2022 05 12 128/ШШ2022/0368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З овогтой Пүрэвжавын Ц /РД: **/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б /шүүхэд төлөөлөх эрх №2***/,
Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Захиргаа, удирдлагын газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Ц нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт холбогдуулан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/200 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 198 өдрийн 18,980,359 төгрөгийг гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй байна.
2. Нэхэмжлэгч П.Ц нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Албан тушаалд түр томилох тухай” Б/23 дугаар тушаалаар Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргын албан тушаалд ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хүчинтэй байх хугацаанд ажлын шаардлагын дагуу түр хугацаагаар томилогдон ажиллаж байжээ.
3. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” А/123 дугаар тушаалаар тухайн газрын ажилтан, албан хаагчдын 2021 оны ээлжийн амралтын хуваарийг баталсан бөгөөд тус тушаалын дагуу нэхэмжлэгч П.Ц 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал ээлжийн амралтаа биеэр эдлэх хуваарьтай байсан боловч тус хугацааг хэтрүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажилдаа орсон байна. Иймд хариуцагч захиргааны байгууллагын зүгээс маргаан бүхий 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/200 дугаар тушаалыг гаргажээ.
4. Нэхэмжлэгч П.Ц нь хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/200 дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/34 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийн гомдолд дурдсан асуудлыг “... Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл болон “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу шийдвэрлэх боломжгүй ...” гэж хариу өгсөн байна. Ингэснээр нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд ханджээ.
5. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
5.1. Нэхэмжлэгч нь төрийн захиргааны байгууллагад 2003 оноос эхлэн ажиллаж, 2005 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрийн албаны тангараг өргөж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 96 дугаар тушаалаар мэргэжилтнээр, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 325 дугаар тушаалаар ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. 2020 оны Засгийн газрын 222 дугаар тушаалаар шинээр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрыг байгуулсантай холбогдуулан тус байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий нөөцийг бүрдүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3-т заасан үндэслэлээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/137 дугаар тушаалаар тус агентлагт ажиллуулахаар П.Цг шилжүүлсэн.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргын албан тушаалд түр томилсон. Ийнхүү түр томилсны дараа Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар ажлын байрны тодорхойлолт батлагдсан. Уг ажлын байрны тодорхойлолтоор эрхэлсэн түшмэл ангиллын ТЗ-11 ангилалд хамаарах албан тушаалд төрийн албанд 12 жилээс доошгүй жил ажилласан, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4 жилээс доошгүй жил ажилласан, эм зүйч эсхүл анагаах ухааны мэргэжилтэй бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх шаардлага тавигдсан. П.Цгийн хувьд төрийн албанд 18 дахь жилдээ ажиллаж, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 30-ны 499 дугаар тушаалаар ахлах түшмэлийн дөтгөөр зэрэг олгосон ба үүнээс хойш ахлах түшмэлээр 6 жил ажилласан бөгөөд Словак улсад эм зүйч мэргэжлээр бакалаврын зэрэг, Эмнэлгийн тусламж үйлчилгээний удирдлагаар Австрали улсад магистрын боловсролын зэрэг тус тус хамгаалсан мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагч юм. Ийнхүү ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангасаар байхад П.Цг Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасны дагуу томилохгүй түүний эрх зүйн байдлыг дордуулж түр томилсон.
5.2. П.Ц нь Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байх үедээ 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаагаар ээлжийн амралтаа авсан. Тус амралттай байх хугацаандаа охиноо Америкийн Нэгдсэн Улсад сургуульд нь хүргэж өгөхөөр явсан. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны 08 дугаар сард ирж буцах онгоцны тасалбарыг хамтад нь бичихгүй байсан. Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаанд нэхэмжлэгч П.Ц нь Ковид-19 халдвар авч, энэ нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шинжилгээгээр батлагдсан ба гэртээ тусгаарлагдаж, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Монгол Улс уруу явах боломжгүй болсон. Энэ тухайгаа 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Захиргаа удирдлагын газрын даргыг түр орлож байсан ажилтанд мэдэгдсэн. Мөн тухайн үед халдварын нөхцөл байдлын улмаас “МИАТ” ТӨХК нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх бүх нислэгүүдийг цуцалж байсан.
Ингээд Монгол Улсад 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ирээд, тухайн үед мөрдөгдөж байсан Улсын онцгой комиссын даргын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаалаар батлагдсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д заасны дагуу 14 хоног гэртээ тусгаарлагдах журамтайг нисэх онгоцны буудал дээр буух үед албаны хүмүүс анхааруулж байсан. Гэхдээ энэ хугацааг баримтлалгүй 7 хоноод ажилдаа орсон байдаг. Энэ хүндэтгэн үзэх шалтгааныхаа тухай байгууллагын даргадаа хэлсэн. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаангүй, надад мэдэгдэлгүй ажил тасалсан ажлаа өг гэж 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд байгууллагын дарга хэлсэн. П.Ц хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, ажлаа өгөхгүй гэдгээ хэлсэн боловч тухайн өдрийн 19 цагийн орчимд ажлаас чөлөөлөх тушаалыг танилцуулж ажлаа хүлээлгэн өг гэсэн.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/200 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16, 37.1.18, 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1. 3.13, 5.3.1, 5.3.2, Байгууллагын орон тооны бус ёс зүйн зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/2022 дүгээр тогтоолыг үндэслэн ээлжийн амралтын хуваарьт хугацааг долоо хоногийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж ажил тасалсан тул гэдгийг үндэслэсэн байсан.
П.Ц нь ажлын зайлшгүй шаардлагаар, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай журмын дагуу төрийн байгууллага хооронд шилжин томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч юм. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/137 дугаар тушаалын хавсралтын холбогдох хэсэг нь хууль зөрчиж шилжүүлсэн тул хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж, Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 01/694 дүгээр албан бичгээр дүгнэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хүчингүй болгоогүй.
П.Цгийн хувьд төрийн албанд хоёргүй сэтгэлээр хууль ёсны дагуу хэрэгтэй шаардлагатай газар нь шилжин томилогдож, хууль бус шийдвэрээ эргэн өөрчлөхийг хүлээж ажилласныхаа төлөө аль ч төрийн байгууллагад нь ажиллах боломжгүй ажилгүй болсондоо гомдолтой байна.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1. “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.1. “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй.
Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг зөрчин хууль зүйн үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5. “хуульд заасан бусад үндэслэл” гэж заасныг үндэслэсэн боловч аль хуульд заасан ямар үндэслэлээр чөлөөлснийг тодорхой заагаагүй. Мөн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.13, 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.2, Байгууллагын орон тооны бус ёс зүйн зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/2021 тогтоолыг үндэслэсэн ч энэ нь хуульд заасан чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй юм.
Урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Төрийн албаны төв зөвлөлд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өргөдлөө гаргасан ба хариуг 2022 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авсан болно. Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийг эс зөвшөөрч ийнхүү шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.
Нэхэмжлэгч П.Цгийн хувьд Ковид-19 халдвар авч эмчлүүлсэн, тухайн нөхцөл байдлын улмаас гадаад улсаас ирсэн хүн заавал тусгаарлагдах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа тайлбарласан боловч ийнхүү ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдөж хохирсон. Иймд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/200 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Нэхэмжлэгч нь энэ байгууллагад орж ажилласнаас хойш Ковид-19 цар тахлын үед нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэс нь хамгийн хүнд ачаалалтай ихтэй байсан талаар тайлбарласан. Мөн шагнал урамшууллын асуудал гарахад тусгай зөвшөөрөл өгдөг газруудын ажилтнуудыг шагнаад манай ажилтнуудыг шагналгүй үлдээсэн, манай ажилтнууд хамгийн их хүч хөдөлмөр гаргаж, хамгийн олон цаг ажилласан буюу 106 өдөр илүү ажиллаж, 8 удаа амралтын өдөр ажилласан гэж тайлбарласан. Ингээд нэхэмжлэгч нь ажилтнуудаа шагнуулмаар байна гэхэд энэ тухай дарга нарын хооронд маргаан гарсан бөгөөд өөр хүний хувийн бизнесийн хүрээнд оруулж ирсэн Ковид-19 халдварын оношлуурыг шаардлага хангахгүй байсан гэсэн дүгнэлтийг нэхэмжлэгч гаргасан. Энэ 2 нөхцөл, шалтгааны улмаас нэхэмжлэгчийг удаан хугацаанд ажлын байрны дарамтад оруулсан. Амралтын өдөр дуудаж ажиллуулдаг, мөн 2, 3 цагийн дотор хий гэж утсаар ажил даалгадаг, өөр байгууллагын өөр албан тушаалтны ажлыг П.Цд өгдөг байсан. Орой 9 цагт ажил даалгаж маргааш өглөө гэхэд бэлэн байлга хийж чадахгүй бол чамайг мэргэжилтэн болгоно, газрын даргаас чинь буулгана гэж хэлдэг. Удирдлагуудын багын хурал дээр хүртэл П.Цг газрын даргаас буулгана, мэргэжилтэн болгоно гэх байдлаар ажлын байрны дарамтыг удаа дараа үзүүлж байсан. Ковид-19 халдварт өвчнөөр өвдөөд, энэ тухайгаа мэдэгдсэн байхад ажлаас нь чөлөөлсөн.
Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Нэхэмжлэгчийг 7 хоногийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэдэг үндэслэлийг маргаан бүхий тушаалд тусгасан. Хариуцагчаас маргаан бүхий тушаалын үндэслэлийн талаар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн хариу тайлбартаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7-д заасан нийтлэг үүргийг зөрчсөн, төрийн байгууллагыг хууран мэхлэх үйлдэл нь Зөрчлийн тухай хууль болон төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх үйл ажиллагаанд саад учруулах гэсэн 15.2 дугаар зүйлийн 1.2-т заасан “хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн” гэсэн зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан нь баримтаар тогтоогдож байна гэж тайлбарласан.
Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг хуульд заасан эрх бүхий этгээд буюу шүүх тогтоодог. Нэхэмжлэгч ямар нэгэн зөрчил гаргасныг шүүх тогтоогоогүй. Зөрчлийн хууль зөрчсөн гэдэг нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны акт нь хуулийн дагуу гарсан захиргааны акт биш гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн албан тушаалыг орлож байсан Б.Бт мэдэгдсэн байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа ирээд шууд байгууллагын удирдлагадаа өгсөн. Тухайн үед гадаадаас ирсэн хүн бүрийг 14 хоног гэрт нь тусгаарлаж байсан. Гэтэл нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэж ажлаас халсан нь үндэслэлгүй байна.
Мөн хариуцагчаас сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэж байна. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчид сонсох ажиллагаа явуулсан гэж тайлбарладаг. Гэтэл нотлох баримт гаргаж өгөх, тайлбар хийх, мэтгэлцэх боломжоор хангаж өгөөгүй. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3-т заасан үндэслэлээр шилжин ажилласан бөгөөд эрх зүйн байдал нь дордох ёсгүй гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг” сул орон тоо гэж үздэг юм. Шинээр бий болсон энэ орон тоог сул орон тоо гэж үзэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Сэлгэн ажиллуулах болон шилжин ажиллуулах журмыг баримтлан нэхэмжлэгчийг ажиллуулах ёстой байсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1-д “... албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүй” буюу шууд томилно гэсэн зохицуулалтыг үндэслэж шууд томилсон нь хууль зөрчөөгүй. Харин дараа нь хуульд байхгүй түр гэдэг зохицуулалтаар томилсон нь эрх зүйн байдлыг нь дордуулсан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
Хариуцагчийн зүгээс анх томилсон тушаал бол илт хууль бус захиргааны акт байсан гэж тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар тушаалыг зассан гэж хэлсэн, гэтэл тус заалтад илэрхий алдааг засах гэж заасан байдаг. Б/23 тушаалаар шууд томилсон нь ямар илэрхий алдаатай байсан юм бэ, 2022 оны тушаалыг 2021 он гээд гаргасныг бол үүнийг илэрхий алдаа гэдэг юм. Б/23 тушаал нь гарсан цагаасаа хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт байсан. Түр томилсон тушаал болгож өөрчлөхдөө сонсох ажиллагаа явуулаагүй. Тодруулбал, анхны тушаалаа хүчингүй болгоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасныг зөрчиж, шууд шилжин томилогдож байгаа хүнийг эрх зүйн байдлыг дордуулсан. Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны хуулийн 62 дугаар зүйлд зааснаар төрийн хамгаалалтад орох учиртай юм. Иймд түр гэдэг зохицуулалт байхгүй, төрийн мэргэшсэн жинхэнэ албан хаагч байсан гэдгийг цохон тэмдэглүүлж байна. Түр томилох зохицуулалт хуульд огт байхгүй буюу шууд томилох эсвэл үүрэг гүйцэтгэгчээр томилох гэж хуульд заасан байдаг. Нэхэмжлэгч П.Цг үүрэг гүйцэтгэгчээр томилоогүй. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар шууд томилсон.
Сахилгын зөрчил гаргасан гэж тайлбарлаад эсвэл ёс зүйн зөрчил гаргасан гэж хариуцагчаас тайлбарлаж байна. Хариу тайлбартаа зөрчлийн хэрэг үйлдсэн гэж хэлээд байна. Ингэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь зөрчлийн хэрэг юм уу, сахилгын зөрчил юм уу, ёс зүйн зөрчил юм уу гэдгийг тогтоогоогүй гэж үзэж байна. П.Цгийн 5 хоног ажилдаа очиж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Үүнийг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Тухайн үед Ковид-19 цар тахлын үе байсан, нэхэмжлэгч мэдэгдэх ёстой хүмүүст мэдэгдсэн байна. Мөн хязгаарлалтад байх хугацаандаа өрхийн эмнэлэгтээ очиж үзүүлсэн байна. Түүнийг нь өрхийн эмч нотолсон байна. Тав хоног ажилдаа хоцорч ирсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Хариуцагч мэтгэлцээний үед татгалзлын үндэслэлээ нотолж чадсангүй. Татгалзлаа нотлох баримтуудыг хангалттай өгч чадаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
7. Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргаар ажиллаж байсан П.Ц нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргын албан тушаалд ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хүчинтэй байх хугацаанд түр хугацаагаар томилогдон ажиллаж байсан.
Тус газар нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/123 дугаар тушаалаар ажилтан, албан хаагчдын 2021 оны ээлжийн амралтын хуваарийг баталсан бөгөөд уг хуваарийн дагуу зохих амралтуудыг эдлүүлсэн. Гэвч тухайн үед Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрч улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын түвшинд шуурхай, тасралтгүй ажиллах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалт, чанар, аюулгүй байдлын асуудалтай холбоотойгоор Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох дээд байгууллагуудаас шуурхай үүрэг даалгаврууд манай байгууллагад ихээр өгч байсан тул чанар, аюулгүй байдал, нөөц хангалтын ажлыг үндэсний хэмжээнд хариуцаж байсан манай газар нэгжийн дарга, мэргэжилтнүүд нь ээлжит хуваариа хойшлуулах, амралтын дундуур ажилдаа орох, биеэр эдлэхгүй байх нь түгээмэл байсан.
П.Цгийн хувьд ч эмийн аюулгүй байдлын асуудлыг хариуцаж байсан даргын хувиар ажлын ийм шаардлага тулгарч, удирдлагын зүгээс эм, оношлуурын чанар, аюулгүй байдалтай холбоотой ажлуудыг яаралтай гүйцэтгэх шаардлагатай байгаа талаар үүрэг даалгаврыг амаар нэг биш удаа өгч байсан. Ковид-19 халдварын нөхцөл байдал хүнд байгаа, ялангуяа танай газрын чиг үүрэгтэй холбоотой эм, оношлуурын үнэлгээний яаралтай ажлууд хүлээгдэж байгаа тул бид ажиллах шаардлагатай байна гэх зэргээр Б.Ц дарга үүрэг өгсөн боловч дургүйцсээр хуваарьт заасан хугацаанд буюу 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр амарч, Америкийн Нэгдсэн Улсад аялахаар явсан байсан.
Нэхэмжлэгч П.Цгийн ээлжийн амралтын хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дуусаж, ажилдаа орох байсан. Гэтэл түүнээс хойш 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 6 хоногийн хугацаанд ажил тасалж, учир шалтгааны талаар удирдлагад огт танилцуулаагүй бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт заасан “Захирах, захирагдах ёсыг сахин биелүүлнэ” гэсэн төрийн албаны үйл ажиллагаанд мөрдөн ажиллах үндсэн зарчмыг биелүүлээгүй, тус газрын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3.1-д заасан “Ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн цалинтай, цалингүй чөлөө олгоно. Чөлөө хүсэхдээ ажилтнууд нэгжийн даргад, нэгжийн дарга, дэд дарга нар байгууллагын даргад амаар болон бичгээр хүсэлт гаргана” гэж заасныг санаатай зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй юм. П.Ц нь шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтантай утсаар, цахим, бичгээр өргөдлөө бичих зэрэг хэлбэрээр холбогдох боломжтой байсан боловч огт мэдэгдээгүй болно.
П.Ц нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн нислэгээр Монгол Улсад ажилд орох хоногоо 5 хоног хэтрүүлэн ирсэн байтал “Тэгш дүүрэн нөхөрлөл” гэх өрхийн эмнэлгээс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрүүдийн хооронд гэрийн тусгаарлалтад байсан гэсэн эмнэлгийн магадалгаа авч ирүүлсэн юм. Энэ нь түүний магадалгаанд дурдсанаар Монгол Улсад эмнэлгийн байгууллагад очиж үзүүлсэн гэх 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, нислэгээр Монгол Улсад ирсэн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн баримтуудаар цаг хугацааны хувьд илт зөрүүтэй байгаа нь нотлогдож байгаа юм.
Ийм учир шалтгааны улмаас тухайн эмнэлгийн магадалгааг тодруулахаар холбогдох байгууллагуудад хандсан бөгөөд үүний хариу болгож ирүүлсэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/1555 дугаар албан бичигт “П.Ц нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Тэгш дүүрэн хүслэн нөхөрлөл” өрхийн эмнэлгийн бүртгэлээр амбулаторийн хяналтын үзлэгийн тусламж, үйлчилгээ авсан тухай мэдээлэл байна. Харин танай тодруулсан хугацаанд иргэн П.Ц нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан тухай мэдээлэл байхгүй болно. Иймд тус иргэнд олгосон эмнэлгийн магадалгаа нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, үзлэг оношилгоо хийлгүйгээр дүрэм, журмыг зөрчин олгосон байж болзошгүй” гэж ирүүлсэн.
Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02-02/3085 дугаар албан бичигт “Тус төвийн их эмч Д.Өлзиймаагийн олгосон эмнэлгийн магадалгаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаартай “Эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журам”-ын 3.4, 4.5 дахь заалтыг зөрчсөн байна” гэж, “Тэгш дүүрэн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвөөс Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаар албан бичиг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 821 дүгээр албан бичгүүдэд дурдсан П.Цд олгосон тодорхойлолтын тухай дүн бүртгэгч С.Л өгсөн тайлбарт “П.Цгийн регистрийн дугаараар холбогдох программд орж харахад Ковид-19 сөрөг гэсэн хариунууд байсан. (2021 оны 09 дүгээр сарын 15-ны хариу тухайн үед байгаагүй), урьдчилсан бичиг хийх боломжгүй та ажилдаа орох үедээ орж ирээрэй, иргэн П.Ц 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойших хугацаанд тусгаарлалтад байсан бичиг авна гэхэд нь олон хоногоор өгөхгүй 5-7 хоног л байдаг гэж хариулсан, тухайн үед би хүн ихтэй байсан тул дээд шатны байгууллагын хүн худлаа хэлнэ гэж бодолгүй магадалгааг хийж өгсөн” гэх зэргээр дурдсан байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1. “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.2. “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7. “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг санаатайгаар зөрчиж, төрийн байгууллагыг хууран мэхлэх оролдлого бүхий үйлдэл, Зөрчлийн тухай хуулийн Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах гэсэн 15.2 дугаар зүйлийн 1.2-т хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн гэсэн зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан нь баримтаар тогтоогдсон гэж үзэж байна.
Мөн П.Цгийн ажлын ирцийн цахим бүртгэлээс харахад 2021 оны 09 дүгээр сарын 10-17-ны өдрүүдэд ажил тасалсан нь тогтоогдож байх ба тус газрын удирдлагын хурлаас уг асуудлыг байгууллагын орон тооны бус ёс зүйн зөвлөлд хандсанаар тус зөвлөлөөр П.Цг байлцуулан асуудлыг хэлэлцэж, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/2021 дүгээр тогтоолоор “Сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасанд тооцож сахилгын шийтгэл ногдуулах тухай” саналыг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн.
Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар хурлаар Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу удирдлагын зүгээс П.Цгээс тайлбар авч, тэмдэглэл үйлдэн шийдвэрийг танилцуулж, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/200 дугаар тушаалыг өөрт нь эх хувиар гардуулсан болно. Иймд тухайн албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан П.Цг гаргасан зөрчлийнх нь улмаас албан тушаалаас нь чөлөөлөх тухай 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/200 дугаар тушаалыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Нэхэмжлэгч П.Ц нь Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргын түр орлон гүйцэтгэгч байсан. Өөрөөр хэлбэл, 2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т тусгай шалгалт өгөх гэсэн хуулийн зохицуулалт орж ирсэн. Хэдийгээр дээд шатны байгууллага албан тушаалтны шийдвэрээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт томилогдож ирсэн боловч тухайн агентлагийн дарга хууль тогтоомжид нийцүүлэн томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т тодорхой заасан. Хэдий шилжиж ирж байгаа боловч шууд томилох боломжгүй.
Төрийн захиргааны албан хаагчийг тухайн албан тушаалын тавигдах шаардлагыг хангаж байвал төрийн албан хаагчийн тусгай шалгалт өгөхгүйгээр томилно гэсэн. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ утгаараа нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд хандсан байна. Үүний хариуд Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шалгалт өгөх болзол журмыг тус тус зөрчсөн, төрийн албаны тусгай шалгалтгүйгээр томилсон байх тул тухайн албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй гээд Төрийн албаны зөвлөлөөс баталсан тогтоолынхоо хэрэгжилтийг хангаж ажилладаг Төрийн албаны зөвлөл ингэж үзсэн байна. Хэрэв тусгай шалгалтгүй томилно гэж үзсэн бол үүнээс өөр шийдвэр гарах байсан.
Нэхэмжлэгч нь улсад 18, 19 жил ажилласан, хамгийн туршлагатай гэж тайлбарлаж байгаа нь үнэн байх. Гэхдээ Төрийн албаны тухай шинэ хуулиар тусгай шалгалт өгөх гэсэн зохицуулалтыг огт тайлбартаа дурдахгүй байна. Энэ нь хэн нэгэн хүнд зориулагдсан, заавал ийм хүн байх ёстой гэсэн заалт байхгүй. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо цалингийн санг тогтоох гээд агентлагийн даргын бүрэн эрх юм. Үүний дагуу Эрүүл мэндийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/23 дугаар тушаалаар манай агентлагийн бүтцийг баталсан. Тус батлагдсан тушаалын дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасан хууль тогтоомжид заасны дагуу томилох, чөлөөлөх, албан тушаал бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллах, шагнаж урамшуулах гэсэн зохицуулалт байдаг. Хууль тогтоомжид гэдэг үгийг анхаараасай гэж хүсэж байна. Тухайн Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргын албан тушаалд томилогдсон П.Ц та тусгай шалгалт заавал өгсөн байх ёстой. Олон жил ажилласан гэдгээрээ шууд томилогдоно гэсэн ойлголт байхгүй... ” гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Б/23 тушаалын тухай яригдахгүй гэсэн боловч сая дурдагдсан учраас үүнтэй холбоотой тодруулж хэлэх нь зүйтэй. Эрүүл мэндийн яамнаас шилжиж ирсэн гэсэн Төрийн нарийн бичгийн даргын тушаал хууль зүйн хувьд маргаантай акт юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар шинээр байгуулагдсан нь Эрүүл мэндийн яамны бүтэц чиг үүрэгтэй холбоотой гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн зүгээс тийм биш юм. Учир нь тухайн нэгж нь Эрүүл мэндийн яаманд байхгүй болсон буюу татан буугдсан. Цоо шинэ бүтэц үүссэнтэй холбоотойгоор тушаал нь яаж гарах байсан талаар миний зүгээс бодоход шилжүүлэн томилсон биш ажил олгогч үүргийнхээ дагуу тухайн татан буугдсан нэгжийнхээ албан хаагчдыг үүргийнхээ дагуу ажлаар хангах эрх зүйн зохицуулалтын дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллуулах тухай асуудал яригдсан бол асуудал өөр байх байсан. Нэхэмжлэгчээс асуулт асуухад Эрүүл мэндийн яаманд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан байгаа юм. Энд эргэлзээтэй байгаа асуудал нь ямар учраас Төрийн нарийн бичгийн даргаас ахлах түшмэлийн зэрэг олгосон бэ гэдэг нь тодорхойгүй. Манайд ажиллаж байсан албан тушаалын тогтоол өөрөө эрхэлсэн түшмэлийн албан тушаал буюу ТЗ-11 юм. Энэ албан тушаалын шаардлагад төрийн албанд 12 жилээс доошгүй жил ажилласан, түүнээс ахлах тушаалын албан тушаалд 4 жилээс доошгүй жил ажилласан байна. Тэгэхээр ахлах түшмэлийн албан тушаал гэж ямар албан тушаалыг хэлдэг вэ гэхээр Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт”-ыг баталсан. Тус тогтоолд эрхэлсэн түшмэл буюу ТЗ-13 зэрэглэлд яам, газрын дарга, Засгийн газрын агентлагийн дарга гэх мэт албан тушаалыг дурдсан байна. П.Ц даргын албан тушаал нь эрхэлсэн түшмэлийн албан тушаал байсан. Эрүүл мэндийн яаманд П.Ц даргын хашиж байсан алба нь дэс түшмэл буюу ТЗ-8 гэдэг албан тушаалыг хашиж байсан. ТЗ-8 албан тушаалд яамны ахлах мэргэжилтэн хамаарна гэж заасан. Дэс түшмэлээс шатлан дэвшихэд шат алгасан дэвшдэггүй. Гэтэл алгасаад эрхэлсэн түшмэлийн албан тушаалд томилсон байсан. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй ярьж байгаатай санал нийлэхгүй байна. Төрийн албаны тухай хуульд түр томилох гэдэг ойлголт байхгүй гэж тайлбарлаж байгаа нь төрийн жинхэнэ албан хаагчтай хамааралтай ойлголт юм. Нэхэмжлэгч П.Цгийн хувьд Эрүүл мэндийн яаманд байхдаа төрийн жинхэнэ албан хаагч байсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргын хувьд хуульд заасан тусгай шалгалтыг өгөх ёстой байсан. Мөн ахлах түшмэлийн ажлын туршлага харагдахгүй байна.
Нэхэмжлэгч нь ээлжийн амралтын хуваарьт заасан хугацаагаа эдэлсэн атлаа эргэж ажилдаа ирээгүй. Ковид-19 халдвар авсан бол тэр талаар агентлагийн даргад өөрөө мэдэгдэж, бичгээр өргөдлөө гаргаж түүнийг нь үндэслээд чөлөө олгох байсан. Цахим хөгжсөн байхад хаанаас ч өргөдлөө бичиж танилцуулах боломжтой байсан гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгч нь дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй. Байгууллагын дотоод журамд заасны дагуу хоёр өдрөөс илүү өдрийн чөлөөг тушаал гаргаж шийдвэрлэдэг... ” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
9. Нэхэмжлэгч иргэн П.Цгийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
10. Хэргийн нөхцөл байдал, үйл баримтын тухайд.
10.1. Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Агентлаг байгуулах тухай” 222 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 9.1, Улсын Их Хурлын 2020 оны 7 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулснаар,
10.2. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/137 дугаар тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын “Журам батлах тухай” 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан журмын 5.2-т заасныг үндэслэн Засгийн газрын тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах шинээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулсантай холбогдуулан улсын хэмжээнд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн хангах нийлүүлэх, эмийн зах зээлд төрийн зохицуулалт, хяналт хийх, нэмэгдэл, оновчтой болгох төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, зохицуулах биелүүлэхээр тус байгууллагад шаардлагатай байгаа хүний нөөцийг бүрдүүлэхээр хавсралтаар баталсан Эрүүл мэндийн яамны нэр бүхий албан хаагчдыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шилжүүлсэн байна.
10.3. Тус тушаалын хавсралт болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлэн ажиллуулах албан хаагчдын нэрсийн 8 дугаарт нэхэмжлэгч П.Цгийн нэр бичигдсэнээр,
10.4. Шинэ агентлаг болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Албан тушаалд түр томилох тухай” Б/23 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.3, 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 44 дүгээр зүйлийн 44.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.2, Улсын Их Хурлын 2019 оны 21, Засгийн газрын 2018 оны 382, 2020 оны 75, 2020 оны 222 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/01 дүгээр тушаалыг тус тус үндэслэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаад “Одоогоор ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэсэн дүгнэлтийг Авлигатай тэмцэх газраас 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05/1809 дүгээр албан бичгээр мэдэгдсэн тул Эрүүл мэндийн яамнаас шилжин ирсэн Пүрэвжавын Цг Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын дарга албан тушаалд урьд авч байсан албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл хөлсийг бууруулахгүйгээр 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хүчинтэй байх хугацаанд ажлын шаардлагыг үндэслэн түр хугацаагаар томилжээ.
11. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд.
Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/200 дугаар маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийн “...Эмийн аюулгүй байдал,тандалт судалгааны газрын дарга албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан Пүрэвжавын Ц нь ээлжийн амралтын хуваарьт заасан хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 20-ны өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж, ажил тасалсан” гэсэн үйл баримтыг шийдвэрлэж,
11.1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5. “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах”, 8.3.7. “агентлагийн төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах”, 8.4. “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1. “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 16.5.5. “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.“Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.7. “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.16. “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах”, 37.1.18. “хууль тогтоомжид заасан бусад үүрэг”, 46 дугаар зүйлийн 46.2. “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.5. “хуульд заасан бусад үндэслэл” гэж хуульчилсныг,
11.2. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны А/74 дүгээр тушаалаар батлагдсан байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1. “Байгууллагын дарга төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд томилох, ажлаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халахдаа хууль тогтоомжийн дагуу тушаал гаргана”, 3.13. “Төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулахдаа холбогдох хууль, журам, дүрмийг үндэслэнэ”, 5 дугаар зүйлийн 5.3.1. “Ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн цалинтай, цалингүй чөлөө олгоно. Чөлөө хүсэхдээ ажилтнууд нэгжийн даргад, нэгжийн дарга, дэд дарга нар байгууллагын даргад амаар болон бичгээр хүсэлт гаргана”, 5.3.2. “Ажилтанд 1 сард ажлын 8 хүртэл цагийн чөлөөг чөлөөний хуудсаар нэгжийн дарга, ажлын 2 хүртэл өдрийн чөлөөг нэгжийн удирдлагын саналыг үндэслэн чөлөөний хуудсаар нэгжийн дарга болон дэд дарга нар, ажлын 3 ба түүнээс дээш өдрийн чөлөөг ажилтны өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн байгууллагын даргын тушаалаар олгоно” гэж журамласныг,
11.3. Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дэргэдэх Орон тооны бус ёс зүйн зөвлөлийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасанд тооцох тухай” 01/2021 дугаар тогтоолыг тус тус үндэслэн, түүнийг үүрэгт ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзэж, 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдөрт багтаан ажлыг нь хүлээлцүүлжээ.
12. Нэхэмжлэгчээс Тодорхойлох хэсгийн 5.1-д заасан үндэслэлийг дурдаж, Үндэслэх хэсгийн 10.4-д заасан хариуцагчаас хэрэгжүүлсэн үйл баримт /томилсон үйл ажиллагааг/-ыг буруутгаж, “маргаан бүхий албан тушаалд анх томилохдоо түр бус, бүрмөсөн жинхэлж томилох байсан, шилжүүлэн томилоход нэхэмжлэгчийн хүсэл зориг байгаагүй, ажлын байрны дарамт удаа дараа үзүүлж байсан” гэхчлэн тайлбарлаж, шүүх хуралдаан дээр мэтгэлцсэнийг шүүх, маргааны зүйлд хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагаар дурдаагүй үндэслэлээр маргасан хэмээн хүлээн аваагүй.
13. Учир нь үйл баримтад хамаарах хариуцагчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар тушаалтай холбоотойгоор нэхэмжлэгч нь “маргаан бүхий албан тушаалд ... томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ... Б/23 дугаар тушаалд өөрчлөлт оруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0666 дугаар шүүгчийн захирамжийн 2 дахь заалтаар хүлээн авахаас татгалзсан нь хуулийн хүчин төгөлдөр байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь тус шүүгчийн захирамжийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй байна.
14. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ...асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарлан маргасан энэхүү хэсэгт дүгнэлт хийгээгүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шилжүүлэн томилсон захиргааны акттай холбогдуулан маргаагүй гэж дурдсаныг тэмдэглэх нь зүйтэй.
15. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2. “төрийн захиргааны албан тушаал”, 10.3. “энэ хуулийн 10.1.2, ... төрийн жинхэнэ албан тушаал гэнэ” гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, өргөөгүйгээс, эсхүл түр болон жинхлэн томилогдсон эсэхээс үл хамааран тухайн албан тушаалыг хашихдаа хуулийг дээдлэн сахихаас гадна ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, сахин биелүүлэх ёстой байна.
16. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн III хэсэг. “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг, нийтлэг үүрэг, эрх, хориглох зүйл, ёс зүйн хэм хэмжээ”-г хуульчилсан ба тус хуулийн наймаас аравдугаар бүлэг, 36 дугаар зүйлээс 40 дүгээр зүйл хамаарч байна. Төрийн жинхэнэ албан хаагч нь дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1. “...хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.7. “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, ...төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.16. “...байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлттэй ашиглах” зэргээр нийтлэг үүрэг хүлээхээр, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. “энэ хуулийн 10.1.2-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ...Засгийн газар тогтооно” гэж зааснаар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг сахиж мөрдөхөөр байна. Хуулийн энэ хэсэг /40.2/-т хамгийн гол нь “албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч” хэмээн шууд заасныг анхаарах шаардлагатай юм.
17. Маргаан бүхий тушаал ёсоор нэхэмжлэгчийг ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэдгийг хариуцагчаас тогтоож шийдвэрлэхдээ:
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дэргэдэх орон тооны бус ёс зүйн зөвлөлийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасанд тооцох тухай” 01/2021 дүгээр тогтоолоор, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.2, 4.4, 6 дугаар зүйлийн 6.3, 6.7 дахь хэсэг, Байгууллагын орон тооны бус ёс зүйн зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын дүгнэлтийг үндэслэн Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын дарга П.Ц нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ээлжийн амралтаа биеэр эдлэн ажилдаа орох байсан боловч уг хугацааг 6 хоногоор хэтрүүлж, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажилдаа орсон нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан “захирах, захирагдах ёсыг баримтлах”, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.7-д заасан “захирах, захирагдах ёсыг сахин биелүүлнэ”, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5.3 дугаар зүйлийн 5.3.1. “Ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн цалинтай, цалингүй чөлөө олгоно. Чөлөө хүсэхдээ ажилтнууд нэгжийн даргад, нэгжийн дарга, дэд дарга нар байгууллагын даргад амаар болон бичгээр хүсэлт гаргана” гэсэн заалтуудыг зөрчсөн нь баримтаар тогтоогдсон, хууль тогтоомжийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзсэнийг үндэслэл болгожээ.
18. Улмаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дэргэдэх орон тооны бус ёс зүйн зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар тус агентлагийн удирдлагын зүгээс Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын дарга П.Цд холбогдож гаргасан “Ээлжийн амралтаа аваад хугацаандаа ажилдаа ороогүй” асуудал мэдээллийг хэлэлцэж, “... П.Ц нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсгийн захирах, захирагдах ёсыг баримтлах гэснийг баримтлаагүй, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5.3 дугаар зүйлийн 5.3.1. “Ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн цалинтай, цалингүй чөлөө олгоно. Чөлөө хүсэхдээ ажилтнууд нэгжийн даргад, нэгжийн дарга, дэд дарга нар байгууллагын даргад амаар болон бичгээр хүсэлт гаргана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул Ёс зүйн зөвлөлөөс сахилгын зөрчил болон ёс зүйн зөрчил гаргасан гэж үзээд сахилгын шийтгэлийг хүлээлгэх саналыг нийт гишүүдийн 100 хувийн саналаар Захиргаа удирдлагын газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
19. Шүүх, энэ тохиолдолд хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй, маргаан бүхий тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэв.
20. Яагаад гэвэл, Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.1. “Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл ... байгууллагын дэргэд ажиллана”, 6.3. “Ёс зүйн зөвлөл нь ...заасны дагуу шалгаж ...ердийн олонхын ирцтэй хуралдан хэлэлцэж, ...тогтоол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ёс зүйн асуудалд тэр дундаа “ээлжийн амралтаа биеэр эдлэх хугацааг хэтрүүлж, ажил тасалсан” гэх зөрчилд ёс зүйн хариуцлага тооцож тогтоол гаргасан нь бие даасан шийдвэр байна, үүнийг үндэслэсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь уг Ёс зүйн зөвлөлийн тогтоолыг нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлж маргаагүй тул маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Ёс зүйн тогтоолд заасан үйл баримтыг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
21. Нэхэмжлэгч нь ковид-19 цар тахлын халдвар авч эмчлүүлсэн, түүнд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдэг үйл баримттай талууд маргаагүй, харин нэхэмжлэгч нь өөрт тулгарсан хүндэтгэн үзэх шалтгаан буюу ковид-19 өвчний халдвар авч эмчлүүлсэн, гадаад улсад зорчиж, эх орондоо ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн зэргээс үүдэн ээлжийн амралтын хугацаа дуусгавар болоход ажлын байран дээрээ бэлэн байж, ажиллах боломжгүй байсан гэдгээ зохих ёсоор баримтжуулж нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу бичгээр чөлөө хүсээгүй, шууд удирдах албан тушаалд албан ёсоор танилцуулаагүй, шинжилгээний хариу зэрэг өвчтэй байсан баримтаа баталгаат орчуулгаар орчуулж, албаны цахим хаягт илгээгээгүй гэх, түүнчлэн өвчтэй байсан баримт байгаагүй гэх нөхцөл байдлуудыг хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д зааснаар тогтоосон байна.
22. Энэ байдал нь хэрэгт авагдсан, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт хаяглагдсан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 04/1555 дугаар албан бичигт: “... Тус газрын эрүүл мэндийн даатгалын цахим системээс иргэн Пүрэвжавын Цгийн 2021 оны 09 дүгээр сард авсан тусламж, үйлчилгээг шалгахад 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Тэгш дүүрэн хүслэн нөхөрлөл” өрхийн эмнэлгийн бүртгэлээр амбулаторийн хяналтын үзлэгийн тусламж, үйлчилгээ авсан тухай мэдээлэл байна. Харин танай ирүүлсэн албан бичигт дурдсан хугацаанд иргэн П.Ц нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан тухай мэдээлэл байхгүй болно. Иймд тус иргэнд олгосон эмнэлгийн магадалгаа нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, үзлэг оношилгоо хийхгүйгээр дүрэм, журмыг зөрчин олгосон байж болзошгүй асуудлыг холбогдох хуулийн дагуу уг асуудлаар хяналт шалгалт явуулах чиг үүрэг бүхий байгууллагад хандана уу” гэх хариу /хх-ийн 74-75-р хуудас/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02-02/3085 дугаар албан бичигт: “... “Тэгш дүүрэн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвөөс олгосон эмнэлгийн магадалгааг шалгаж өгөхийг хүссэн албан бичгийн дагуу хяналт шалгалт хийлээ. Өрхийн эрүүл мэндийн төвийн анхан шатны бүртгэлийн баримтуудыг шалгахад П.Ц нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ХӨСҮТ-д PCR шинжилгээ өгсөн, 09 дүгээр сарын 17-ны өдөр DS;UO7.1 оношоор өрхийн эмчид үзүүлснээс өөр бүртгэл байхгүй байна. Тус төвийн их эмч Д.Өлзиймаагийн олгосон эмнэлгийн магадалгаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаартай “Эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журам”-ын 3.4, 4.5 дахь заалтыг зөрчсөн байна” гэх хариу /хх-ийн 80-81-р хуудас/, түүнчлэн Эрүүл мэндийн газрын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 821 дүгээр албан бичиг, “Тэгш дүүрэн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн дүн бүртгэгч С.Лхагваас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “иргэн П.Цд олгосон тодорхойлолтын тухай” гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
23. Шүүх, нэхэмжлэгчийн “өвчтэй байснаа хуулийн асуудал хариуцсан ажилтанд телеграммаар мэдэгдсэн, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас халдвар авсан тохиолдолд хэн байсан ч гэсэн ажил албан тушаалдаа очихгүй 14 хоног тусгаарлагдаж байсан, гадаадаас ирсэн иргэд 7 хоног гэртээ тусгаарлагдах талаарх Улсын онцгой комиссын шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байсан, өвчтэй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус” зэрэг тайлбаруудыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байранд ажлын байрны тодорхойлолтод заасан төрийн тухайн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь хууль болон журамд заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй, энэ утгаараа “хүндэтгэн үзэх шалтгаан”-аа тодорхой шаардлагын дагуу буюу байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу илэрхийлэх, хэрэв үүнийг зөрчвөл хариуцлага хүлээх ойлголттой байснаа мэдсээр байж зөрчсөн гэж үзэхээр байна.
24. Хариуцагчийн “...ажилтан, албан хаагчдын 2021 оны ээлжийн амралтын хуваарийн дагуу зохих амралтуудыг эдлүүлсэн боловч манай байгууллага эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, нөөц хангалтын ажлыг үндэсний хэмжээнд хариуцдаг тул тухайн Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрч улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын түвшинд шуурхай, тасралтгүй ажиллах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалт, чанар, аюулгүй байдлын асуудлаар Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох дээд байгууллагуудаас шуурхай үүрэг даалгаврууд ихээр өгч байсан, иймээс манай газрын нэгжийн дарга, мэргэжилтнүүд нь амралтын ээлжит хуваариа хойшлуулах, амралтын дундуур ажилдаа орох, биеэр эдлэхгүй байх нь түгээмэл байсан...” гэх тайлбар нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2. “шуурхай, тасралтгүй байх, 4.2.4. “үр нөлөөтэй байх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлан ажиллах, хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл байдал хариуцагчид байсныг харуулж байна.
25. Үүгээрээ хариуцагч нь маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5. “хуульд заасан бусад үндэслэл”-ийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5. “энэ хуулийн 46.1, 46.2-т заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана” гэх бүрэн эрхийн хүрээнд зөв хэрэгжүүлж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2. “...төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 27 дугаар зүйлийн 27.1. “...төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө” гэж зааснаар тухайн төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр буюу Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т зааснаар тухайн албан тушаалын тусгай шалгалтыг өгөхгүйгээр түр томилогдсон байсан нэхэмжлэгчийг “төрийн жинхэнэ албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” шийдвэр гаргахгүйгээр төрийн алба дахь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
25. Маргаан бүхий Б/200 дугаар тушаалын үндэслэлийг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэсэн Төрийн албаны зөвлөл 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/34 дугаар албан бичигт: “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох тухай, мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх зохицуулалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ыг тус тус зөрчин төрийн албаны тусгай шалгалтгүйгээр томилсон байх тул Таныг тухайн албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй...” хэмээснийг дурдаж, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. “... 22, 23, 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож ... мэдэгдлийг ...хүргүүлнэ” гэж зааснаар төрийн албаны төв байгууллагаас хариуцагчид хариуцлага тооцох үндэслэл байгаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
26. Ийм учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. “Төрийн жинхэнэ албан хаагчийг ... төрийн албанаас чөлөөлөх ... хориглоно”, 62 дугаар зүйлийн 62.1.1. “...төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх” заалтыг зөрчсөн гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, уг тохиолдлууд нь зөвхөн хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд жинхлэн томилогдсон албан хаагчид хамааралтай, үүгээрээ төрийн жинхэнэ албан хаагчид хуулиар хориглосон, төрийн жинхэнэ албан хаагчид нэмэгдэл баталгаа олгосон заалтыг шүүхээс хэрэглэх үндэслэл болохгүй байна.
27. Шүүхээс, нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актаар тодорхойлсон хариуцагчийн 2021 оны Б/200 дугаар тушаал нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, тус тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснээрээ уг маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулсны үр дагаврыг шийдвэрлүүлэхээр шаардсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 198 өдрийн 18,980,359 төгрөгийг гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах үндэслэлгүй байна.
28. Энэхүү шүүхийн шийдвэр нь хариуцагч захиргааны байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн тогтоолтой холбогдуулан нэхэмжлэгчээс маргахад саад болохгүй.
29. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16, 40 дүгээр зүйлийн 40.2, 46 дугаар зүйлийн 46.2.5, 46.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн П.Цгээс Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/200 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 198 өдрийн 18,980,359 төгрөгийг гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН