Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 146/ШТ2017/00017

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа 

Улсын яллагч: Д.Бат-Өлзий

Хохирогч: Ё.О

Хохирогчийн өмгөөлөгч: Т.Оюунчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд  

Шүүгдэгч: А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт А-н Ат холбогдох 146/2016/0012/Э/ индекстэй, эрүүгийн 201615010189 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, .... настай, ......эй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын ..... дүүргийн 21 дүгээр  хороо, ....24 гудамж 981 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, А овогт А-н А. /РД: ......../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч А.А нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ......сумын 4 дүгээр багийн нутагт байх Ерөнхий боловсролын сургуулийн баруун талын шороон замд өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай “Тоёото ланд-80” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, мөн дүрмийн 2.7.а дахь заалт “...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, 9.1 дэх заалт “...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...”, 9.2 дахь заалт “...жолооч аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, хохирогч Ё.О-ийн бие махбодид болгоомжгүйгээр хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ......суманд очсон. Тэгээд өдөр нь тоглолтоо зарлаж яваад орой нь тоглолт эхэлчихээд байж байхад миний машинд 2-3 залуучууд орж ирсэн. Тэд нар дэлгүүр явъя гэхээр нь дэлгүүр явсан. Дараа нь бас тоглолт дуусахын өмнө дахиад дэлгүүр явъя гээд дэлгүүр явж байх замд 3, 4 хүн замын хажууд явж байсан бөгөөд нилээн ойрхон дөхөж очоод гаръя гэсэн чинь нэг хазгай газар байхаар нь тооромз гишгэсэн чинь гулгаж очоод мөргөсөн. Дараа нь машинаа зогсоож бууж ирээд Ё.Од анхан шатны тусламж үзүүлсэн. Тухайн үед буугаад очиход Ё.О ухаан алдсан байсан. Тэгээд эмнэлэгийнхэн болон цагдаа ирээд хохирогчийг аваад явсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж хүний биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Ё.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гомдолтой байна. Байнга нуруу толгой өвдөж байгаа. Нурууний 2 сэртэн хугарсан байна гэсэн. Одоо сайн тонгойж чадахгүй байгаа. Нуруу өвдөөд толгой өвдөөд байна. Одоо нөхрийнхөө асрамжид байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Эмчилгээний зардлыг шүүгдэгч төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед нь нэхэмжлэх болно гэв.

Хохирогч Ё.Оийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ......сумын төвд болсон асуудал байгаа юм. Тухайн өдөр тоглолт үзээд 21 цагийн үед тараад гэрээдээ явж байсан юм. Тэгээд сургуулийн баруун талын шороон замын хажууд ертөнцийн зүгээр хойд зүгт чиглэлтэй явж байсан юм. Тэгтэл араас автомашин мөргөөд түүнээс болж би ухаан алдаад нэг сэрсэн чинь сумынхаа эмнэлэг дээр сэрсэн юм. Тухайн үед юу болсныг мэдээгүй. Ямар машин намайг мөргөснийг мэдэхгүй байна. Тухайн үед цас орсон байсан. Замынхаа ертөнцийн зүгээр зүүн талд хойд зүгт явж байсан. Зам цасан бүрхүүл тогтсон, гөлөөнтэй болсон байсан. Би Улаанбаатар хотод ГССЗҮТ-д нуруу нугасны тасагт 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэвтэн эмчлүүлж 7 хоног хэвтсэн. Миний талаар шүүх эмнэлэгийн дүгнэлт дээр тодорхой бичсэн байгаа. Одоогоор миний бие хүний асаргаанд байгаа биеийн байдал тааруу байна. Гомдолтой байна. Эмчилгээний гарсан зардлыг нотлох баримтаар нэхэмжилнэ. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Эмчилгээний нийт зардлаа баримтаа харж байгаад хэлнэ. Тухайн үед намайг мөргөсөн машин дуут дохио өгөөгүй. Явж байхад араас шууд л ирээд мөргөсөн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлсээ баримтаар бүрдүүлж байгаад прокурор шүүхийн шатанд нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 80-81 дүгээр хуудас/  

Гэрч Г.У-н 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр А.А 2016 оны 12 дугаар сарын 11-ний орой 23 цаг өнгөрч байхад надруу залгаж би Өвөрхангай аймгийн ......сумын Цагдаа дээр байна. Автомашин жолоодон явж байгаад хүн мөргөсөн /шүргэсэн/ талаараа хэлсэн. А.А өөрийнхөө эзэмшлийн автомашинаар хөдөө орон нутгаар хөлсөөр явдаг юм...” гэжээ. /хх-ийн 82-83 дугаар хуудас/

Гэрч Д.М-н 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би зам тээврийн осол болсон талаар мэдэхгүй. Өвөрхангай аймгийн ......сумын 4 дүгээр багийн нутаг Ерөнхий боловсролын сургуулийн баруун талд байдаг автомашины шороон зам ......сумын газрын нэгдмэл сангийн тайлангаар нийтийн эдэлбэрийн зам талбайн газарт хамаардаг. 2016 оны 12 дугаар сард сумын хэмжээнд цас орж шороон зам дээр халтиргаа гулгаа үүссэн байсан...” гэжээ. /хх-ийн 85-86 дугаар хуудас/

Гэрч Г.Ү-н 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр ......сумын төвд Улаанбаатар хотоос тоглолт ирсэн. Уг тоглолтыг би бэр хүүхэн Ё.Оийн хамт үзээд буцаж гэртээ харихаар ......сумын Соёлын төвөөс гарч Оюун нарын хамт 3-уул урдаас, хойшоо чиглэлд явж байхад саарал өнгийн улсын дугаар маркийг мэдэхгүй автомашин манай бэр хүүхэн Ё.О хамаад явсан. Гадаа харанхуй байсан тэгээд харсан чинь автомашины баруун хойд талд Ё.О чирэгдээд ойчиж байгаа бололтой байсан. Тэрний дараа автомашин дотроос жолооч нь согтуу бууж ирсэн. Автомашин дотор ямар хүмүүс цуг явж байсан талаар мэдээгүй. Жолооч нь гарч ирээд түргэн дуудаж эмчид үзүүлсэн. Ослын дараа уг автомашины жолооч нь Улаанбаатар хотоос өөр автомашин дуудаж манай бэр Ё.О авч яваад эмнэлэгийн байгууллагад хандаж дахин эмнэлэгт хэвтүүлсэн байсан. Эмчилгээ хийлгэж дуусгаад Ё.О ......суманд хүргэж өгсөн. Манай гэр Ё.Оийн гэртээ хашаанд байдаг. Одоо Ё.Оийн биеийн байдал нь тааруухан байдаг. Хүний асаргаанд байгаа. Манай бэр Ё.О нь автомашинд мөргүүлж бие махбодидоо гэмтэл авсанд нь гомдолтой байна. Тухайн үед цас орсон зам цастай байсан. Автомашин ямар нэгэн сигнал, дуут дохио өгөөгүй...” гэжээ. /хх-ийн 87-88 дугаар хуудас/

Гэрч О.О-н 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр ......суманд Улаанбаатар хотоос тоглолт ирсэн юм. Уг тоглолтыг би үзсэн. Тэгээд тоглолт болоод дуусаж байхад гэр ойролцоо байдаг Ё.О түүний хадам ээж Үүрцайх хоёртой таарсан. Тоглолт дуусны дараа 3-уулаа явсан. Явж байхад буюу ......сумын Соёлын төвөөс гарч хойшоо чиглэлд сугдалцаад явж байхад Ё.О нэг автомашин хамаад аваад явсан. Тухайн үед би Ё.О Үүрцайх хоёрын дунд миний зүүн гар талд Ё.О, баруун гар талд Үүрцайх явж байсан. Цаг орой болчихсон гадаа харанхуй байсан. Бид урдаас хойшоо чиглэлд явж байсан. Автомашины баруун хойд дугуйны талд Ё.О ойчсон байсан. Уг автомашины жолооч согтуу бууж ирсэн. Удалгүй эмнэлэг, цагдаагийн ажилчид ирсэн. Соёлын төвд болсон тоглолт тарж байхад сумын төвд хөдөлгөөн их байсан. Жолооч тухайн үед дуут дохио өгөөгүй...” гэжээ. /хх-ийн 89-90 дүгээр хуудас/

Гэрч Э.Б-н 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “.........сумын төв Ерөнхий боловсролын сургуулийн хойд гудамжны үзүүрт ...... улсын дугаартай Тоёото Ланд Крузер-80 маркийн автомашинтай хүн явган зорчигчийг дайрсан гэх газарт ирэхэд зам гулгайтай болсон. Халтиргаа их байсан. Харин автомашины жолооч А.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтуурлыг шалгаж тэмдэглэл хөтөлсөн. 2016 оны 12 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн ......сумын төвд цас орсон байсан болохоор халтиргаа бий болсон байсан. Намайг хэргийн газарт ирэхэд А.А нь автомашиныг зогсоосон байсан. Замын нөхцөл байдал цастай байсан...” гэжээ. /хх-ийн 91-92 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 329 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт: ...Ё.Оийн биед бүсэлхийн 1, 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алтантанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 41 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/

Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 16 дугаар хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 48-49  дүгээр хуудас/

№.........., №.........дугаартай тээврийн хэрэгслийн үнэмлэх болон жолооны үнэмлэхэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 50 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 51 дүгээр хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 54-56 дугаар хуудас/

LTG-ийн зурагтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 57 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Аын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106-107 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.А нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ......сумын 4 дүгээр багийн нутагт байх Ерөнхий боловсролын сургуулийн баруун талын шороон замд өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай “Тоёото ланд-80” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, мөн дүрмийн 2.7.а дахь заалт “...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, 9.1 дэх заалт “...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...”, 9.2 дахь заалт “...жолооч аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, хохирогч Ё.Оийн бие махбодид болгоомжгүйгээр хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь хохирогч Ё.О, гэрч Д.М, Г.Ү, О.О, Э.Б нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 329 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 16 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /хх-ийн 17-18 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Аыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас  бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А нь хохирогч Ё.Оийн эмчилгээний болон бусад зардалд нийт 1939087 төгрөг төлсөн нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдож байх ба хохирогч хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байна. Иймд хохирогчид эмчилгээний зардал төлж хохирол төлөгдсөн байна гэж үзлээ. Харин хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан тул цаашид эмчилгээ хийлгэж зардал гарсан бол баримтаа бүрдүүлэн иргэний журмаар эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан 3 ширхэг тус бүр 200000 төгрөгийн шатахууны зарлагын падаан нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул 200000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтыг хэрэгт болон шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй болно. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 55.1.10-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогчид эмнэлэгийн болон бусад тусламж үзүүлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Хохирол төлөгдсөн тул шүүгдэгчийн эзэмшлийн 32 инчийн LTG маркийн өнгөт зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүйд тооцов.

Шүүгдэгчийн эзэмшлийн  ...... улсын дугаартай “Тоёото ланд” крузер 80 маркийн автомашин, .......... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, .........дугаартай жолоочийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолыг хүчингүй болгож, автомашин, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдал болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 248 дугаар зүйлийн 248.1.1, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт А-н Аыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтлийг учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт А-н Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр /жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат 02 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эмчилгээний зардалд 1939087 төгрөг төлснийг, хохирогчийн эмчилгээний зардалд гаргаж өгсөн 200000 төгрөгийн шатахууны баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн 500000 төгрөгний үнэлгээтэй, LTG маркийн 32 инчийн зурагтыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүйд тооцсугай. 

6. Шүүгдэгчийн эзэмшлийн ...... улсын дугаартай, Ланд крузер-80 маркийн автомашин, .......... дугаартай тээврийн хэрэслийн гэрчилгээ, .........дугаартай жолоочийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцох мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүйд тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Ат ...... улсын дугаартай, Ланд крузер-80 маркийн автомашин, .......... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож, .........дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.  

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгчид 02 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА