Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 304

 

Б.Э-, М.М- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч М.М-гийн өмгөөлөгч Н.Намжилцогт, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 225 дугаар магадлалтай, Б.Э-, М.М- нарт холбогдох 1805053970279 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.М-гийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** жүжигчний 1 дүгээр дамжааны оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-н Э,

2. Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** эрх зүйн 1 дүгээр дамжааны оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, , ял шийтгүүлж байгаагүй, М овогт М-ны М.

1. Б.Э- нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 102 дугаар байрны орцноос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенц жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан, М.М-тай бүлэглэн Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис өөрийн биедээ болон М.М-гийн цүнхэнд хадгалсан,

2. М.М- нь Б.Э-той бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Нийслэлийн 43 дугаар сургуулийн арын үерийн далан дээр Нэгдсэн Үндэсний байгууллагийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б.Э-ын үйлдлээс шүүгдэгч М.М-тай бүлэглэсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Э-ыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 1 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э-, М.М- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.М-гийн өмгөөлөгч Н.Намжилцогт гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх ... маш ерөнхий, ойлгомжгүй байдлаар дүгнэлт гаргаж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг өмгөөлөгч миний зүгээс хэргийг ул суурьтай хянаж магадлаагүй, яаруу сандруу өнгөцхөн шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Э- далан дээр явж байхдаа М.М-гийн цүнхэнд ууттай зүйл хийсэн бөгөөд энэ үйлдлийг Б.Сайханбилэг, Сумьяабазар нар анзаарч хараагүй байдаг. Үүний цараа Б.Э- өврөөсөө цаасанд ороосон өвс гаргаж ирснийг нь тэд татаж үзэцгээсний дараа цагдаа ирэхэд Б.Э- зугатаагаад явсан. М.М- шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэхдээ "гялгар уутанд өвс байгааг мэдсэн бол би ч гэсэн тийм харанхуй байхад зугатаад, явчих бүрэн боломжтой байсан” гэдэг. Б.Э- нь гялгар уутанд өвс байгаа гэдгийг Мөнхнаранд хэлээгүй байдаг. Энэ байдал нь эдгээр хүмүүсийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгээр нотлогддог. Нэг яллагдагчийн мэдүүлэг нөгөө яллагдагчийн мэдүүлгээр нотлогдож байвал нотлох баримтаар тооцдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор нь шүүгдэгчийн гэм бурууг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй байдаг. Харин яллагдагч, шүүгдэгч өөрийгөө гэм буруугүй болох, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судалж болсон үйл явдлын талаар шүүгдэгч нараар яриулж, тэдэнд асуулт тавьж хариулт авах байдлаар хэргийн талаарх бодит байдлыг сайтар нягталж тогтоосны үндсэн дээр дүгнэлт гаргасан. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, түүний биед үзлэг хийж биологийн дээж авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад шүүгдэгч М.М- нь өвсийг худалдаалах зорилгогүйгээр биедээ санаатай хадгалж байсан гэдгийг нотолсон баримтат мэдээллийг огт агуулаагүй байдаг. Шүүх нь нотлох баримтуудыг үнэлж дүнэхгүйгээр гэм буруугийн талаар дүгнэлт гаргах боломжгүй юм. Хогийн олс гэж нэрлэдэг энэ өвсийг хэрэглэсэн тохиолдолд шээснээс дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис илрэх нь гарцаагүй. Шээснээс уг бодис илэрсэн гэдэг нь өвсийг тухайн хүн хэрэглэсэн гэдгийг нотолж байгаа болохоос хадгалсан гэдгийг нотлох баримт болохгүй юм. Сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн хиолдолд “Зөрчлийн тухай хууль”-иар шийтгэл оногдуулдаг. Анхан шатны шүүх нь шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судалсан нотлох баримтанд үндэслэн шүүгдэгч М.М-г гэм буруугүйд тооцож үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн. Улсын яллагчийн зүгээс М.М-гийн гэм бурууг хангалттай нотолж чадаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрээ гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болсон. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид асан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн заалтыг анхан шатны шүүх харгалзан үзсэн. Шүүгдэгч М.М-гийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж болох ”өвс гэдгийн мэдсээр байж, хүсэж хадгалсан” үйлдэл байдаггүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү” гэв.

Ахлах прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.М-гийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан гомдлыг үндэслэн Б.Э-, М.М- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлдэг болно.

Шүүгдэгч М.М-гийн холбогдсон хэргийн хувьд үйлдэл, оролцоо, гэм буруугийн хэр хэмжээ болон хэргийн үйл баримтыг нарийвчлан тогтоогоогүй, нотлох баримтыг зөв үнэлээгүй, түүний цүнхнээс хурааж авсан 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисын нэр төрөл, тун хэмжээ, эдгээр нь хэнд хэрхэн хамааралтай талаар бодитой дүгнэлт хийлгүй хэрэг гарсан байдал, оролцогч бүрийн гэм бурууд холбогдох нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлалгүйгээр хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна гэж хяналтын шатны шүүх үзэв.

Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч М.М-г сэтгэцэд нөлөөт бодис гэдгийг мэдэж өөрийн цүнхэндээ хадгалсан санаа зорилго тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь тодорхой нотлох баримтад үндэслээгүй байх бөгөөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох эд зүйл хураан авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийж биологийн дээж авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн, үгүйсгэсэн, няцаасан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй М.М-гийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М-гийн өмгөөлөгч Н.Намжилцогтын “Шүүгдэгч М.М-гийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж болох “өвс гэдгийг мэдсээр байж, хүсэж хадгалсан” үйлдэл байдаггүй, ...иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 225 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М-гийн өмгөөлөгч Н.Намжилцогтын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН