Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 01694

 

  Э.Э-гийн нэхэмжлэлтэй,

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/01930 дугаар шийдвэртэй, Э.Э-гийн нэхэмжлэлтэй, Б.Ч-т холбогдох

  Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 3 628 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Б.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Н.Н, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар хот дахь "Түмэн шувуут" ХХК-д борлуулалтын менежерээр ажилладаг бөгөөд өөрийн компанийн бүтээгдэхүүн болох тахианы өндөг борлуулдаг. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд өндөгний нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг гэх Б.Ч манай компаниас миний утасны дугаарыг авсан гээд 2015 оны 05 дугаар сард яриад борлуулж буй өндөгнөөс бөөний үнээр худалдаж авахаар тохиролцсоны дагуу 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 9 удаа нийт 10 231 200 төгрөгийн өндөг нийлүүлсэн. Бид 2 бие биенээ танихгүй, уулзаж байгаагүй, утсаар ярьж захиалга өгөхөөр нь түүний өг гэсэн Өмнөговь аймаг руу явах жолоочид өндгийг хүлээлгэн өгч, зарлагын баримтад гарын үсэг зуруулдаг. Ингэхдээ зарлагын падааны 1 хувийг жолоочид өгөөд, тэр жолоочоор гарын үсэг зуруулдаг, "Түмэн шувуут" ХХК-иас хэвлэсэн баримт гараагүй үед зарлагын баримтыг гараар, хэвлэмэл хуудас гарсан үед нь хэвлэмэл хуудсыг хавсаргаад явуулдаг байсан. Түүнээс биш Б.Ч өндөгний мөнгийг шилжүүлсний дараа өндгийг явуулж байгаагүй. Б.Ч нь "Түмэн шувуут" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т-ийн ХААН банкны 5029345914 тоот дансаар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 907 200 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 756 000 төгрөг, нийт 1 663 200 төгрөгийг, миний ХААН банкны 5588043028 тоот дансаар нийт 4 940 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Миний бие "Түмэн шувуут" ХХК-ийн дотоод журамд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиар алданги тооцож 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 03 дугаар cap хүртэл нийт 321 835 төгрөгийн алдангийг өөрийн цалингаас суутгуулж, үлдэгдэл өндөгний үнийг төлсөн тул Б.Чулуунцэцэгээс бараа, материал худалдсаны үнийн үлдэгдэл 4 428 000 төгрөг, хохирол 321 835 төгрөг, нийт 4 749 835 төгрөг нэхэмжилсэн. Б.Ч 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр компанийн борлуулалтын албаны даргатай уулзаад 4 428 000 төгрөгийн төлбөрийг cap бүр 300 000 төгрөгөөр төлөх талаар өөрөө бичиж өгснөөсөө хойш хүү Б.С, нөхөр П.Б нарын ХААН банкны данснаас 800 000 төгрөг шилжүүлснийг хасч тооцсон. Б.Ч өндөгний үнэд нийт 10 231 200 төгрөг төлөхөөс гүйцэтгэх захирал Б.Т-гийн дансаар 1 663 200 төгрөг, миний дансаар 4 940 000 төгрөг, нийт 6 603 200 төгрөг шилжүүлсэн тул үлдэх 3 628 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Миний бие Өмнөговь аймгийн Даланзадгад суманд өндөг, тахианы мах борлуулдаг дэлгүүр ажиллуулдаг байсан бөгөөд "Түмэн шувуут" ХХК-тай утсаар холбогдож өндөг борлуулах талаар асуухад өөрийн компанийн борлуулагчийн утасны дугаарыг өгөөд түүнтэй холбогдож яриад өндөг авч болно гэсний дагуу борлуулагч Э.Э-гээс өндөг авч эхэлсэн.

Э.Э-гээс надад гараар бичсэн 5 удаагийн зарлагын баримт ирсэн, 9 удаа аваагүй. Өндөг авах бүртээ өндөгний мөнгийг урьдчилан шилжүүлсний дараа авдаг байсан. Талуудын хооронд бичгээр хийсэн гэрээ хэлцэл байхгүй, аман хэлцлээр тохирсон. Өндөгний үнээс "Түмэн шувуут" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т-гийн ХААН банкны 5029345914 тоот дансаар нийт 1 663 200 төгрөг, Э.Э-гийн ХААН банкны 5588043028 тоот дансаар нийт 4 940 000 төгрөгийг нийт 6 602 800 төгрөг төлсөн. Одоо Э.Э-гийн өнцөгний үлдэгдэл 3 628 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, харин ч 1 400 000 төгрөг илүү төлсөн гэж үзэж байна. “Түмэн шувуут” ХХК дээр Э.Э-гийн эхнэр дагуулж очоод 4 428 00 төгрөг төлж барагдуулах тухай бичигт намайг сэтгэл санааны хямралтай байх үед хүчээр гарын үсэг зуруулсан, энэ бичгийг танилцуулаагүй. Хамгийн сүүлд 06 дугаар сарын 24-нд 2 376 000 төгрөгийн өндөг авч 6 дугаар сарын 24-нд 792 000 төгрөг, 06 дугаар сарын 26-нд 666 000 төгрөг шилжүүлж түүнээс хойш мөнгө өгч чадаагүй. Иймд Э.Э-гийн 3 628 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ч-гээс 2 836 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 792 000 төрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Ч-гээс улсын тэмдэгтийн хураамжид 60 326 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Ч давж заалдах гомдолдоо: Миний бие Э.Э-гээс зээлээр худалдан авсан өндөгний мөнгийг бүрэн төлж дуусгасан. Тухайн үед өндөг худалдаж авахдаа мөнгийг дансаар шижлүүлж байсан ба зарим үед өндгөө хүлээн авсны дараа мөнгийг шилжүүлж байсан. Ингэхдээ өндөг хүлээн авч ачиж ирсэн жолооч Э.Э-гийн өгсөн баримтад гарын үсэг зурж, нэг хувийг нь надад авчирч өгдөг байсан. Гэтэл шүүх миний хүлээж аваагүй өндөгний мөнгийг төл гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Н давж заалдах гомдолдоо: Зохигчид хоорондоо утсаар ярьж, харилцан тохиролцсоны дагуу Өмнөговь аймаг руу явах тээврийн хэрэгсэлд үнэ бүхий өндгийг баримтын хамт ачуулж, хүлээн авдаг байсан тухай тайлбар хийсэн ба уг баримтад жолоочийн гарын үсэг зуруулдаг байсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг, хариуцагч мөн гарын үсэгтэй баримтын дагуу өндгийг хүлээн авч байсан тухай талууд маргаагүй.

Хэрэгт авагдсан бичгэн нотлох баримт болох зарлагын баримтад жолоочийн нэр, гарын үсэг зурагдсан ба тээврийн хэрэгслийн улсын дугаар бичигдсэн, харин зарлагын падаан шүүхээс үнэлсэн нотлох баримт нь кассын баримт /талон/ байх ба үүнд жолоочийн нэр, гарын үсэг зурагдаагүй, тээврийн хэрэгслийн улсын дугаар бичигдээгүй /гаргацгүй/ байгаа энэ баримтаар хариуцагчийг өндөг хүлээн авсан гэж үзэх боломжгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн санал болгосон жолоочийн гарын үсэггүй, гаргацгүй нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасныг зөрчиж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э.Э хариуцагч Б.Ч-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 268 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Түмэн шувууд” ХХК-д борлуулагч ажилтай Э.Э нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 14-ний хооронд тус компанийн нэрийн бүтээгдэхүүн болох нийт 10 231 200 төгрөгийн үнэ бүхий өндгийг хариуцагч Б.Ч-т нийлүүлж, хариуцагч 6 602 800 төгрөг төлсөн, Э.Э нь Б.Ч-гийн төлбөрийн тооцооноос 3 728 000 төгрөгийг байгууллагадаа төлж барагдуулсан, үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Анхан шатны шүүх худалдах, худалдах авах гэрээнээс үүссэн харилцаа, гэрээний хэрэгжилт, талуудын хооронд хийгдсэн тооцооны баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 2 836 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч талаас 5 удаагийн зарлагын баримт, 4 удаагийн зарлагын падаанаар нийт 10 231 000 төгрөгийн өндөг нийлүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг, хариуцагч зарлагын падаан гэх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй гэж маргаж байгаа боловч хариуцагч талаас мөнгө төлж байсан баримтуудтай тулгаж үзэхэд эдгээр баримтад тусгасан хэмжээний үнийн дүн бүхий өндгийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 792 000 төгрөгийн төлбөрийг 1 584 000 төгрөгийн баримтад давхар бичигдсэнийг хасч тооцсон нь буруу биш байна.

Мөн хариуцагч Б.Ч нь 5 удаагийн нийлүүлэлт хийсэн 9 удаа нийлүүлэлт хийгээгүй гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/01930 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА