Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/01223

 

Г.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1075 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар магадлалтай,

Г.А-ийн нэхэмжлэлтэй,

Н.З-д холбогдох,

Гэм хор учруулсны хохиролд 6,769,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Г.А, түүний өмгөөлөгч Ж.Туяа нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, түүний өмгөөлөгч Ж.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.А нь анх хариуцагч Н.З-д холбогдуулан гэм хорын хохиролд 6,239,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 530,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 6,769,700 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1075 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.З-аас 5,543,444 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,226,256 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Г.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 103,645 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1075 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.З-аас 5,543,444 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,226,256 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.З-аас 456,892 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 5,782,808 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтад “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Г.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 103,645 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Г.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 14,357 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булганы гаргасан давж заалдсан гомдлын 1, 2 дахь хэсгийг нь хүлээн авч хангаж, үлдэх хэсгийг нь хангахгүй орхиж, хариуцагч Н.З нь шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Г.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Хариуцагч Н.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Н.З-ын буруугаас нас барах шалтгаан болоогүй” гэжээ. Ээж минь зүгээр явж байгаад 8 сар хэвтэрт орж өдөр болгон эм, тариагаар аргалж, бүр болохгүй бол  өрхийн болон түргэний эмчийг дуудаж шаналж зовж байсныг хаяаны айл, эмч, сувилагч бүгд нотлох баримтаар нотолсон. Гэмтэлд анх хэвтэхэд түнхний үе солиулахгүй бол босохгүй гэдгийг ч нотолсон бөгөөд акт нь байгаа. Ээж минь  ямар ч хууч өвчингүй, эмнэлэгт нэг ч удаа ордоггүй, бие сайтай хүн байсан. Н.З-ын 100 хувийн буруугаас 8 сар зовж нас барсныг эмч, эмнэлгийн дүгнэлт гэрчилнэ. Өрхийн эмч А.Д гэрийн эргэлтээр болон ээжийн бие нь муудах үед сувилагчийн хамт байнга ирдэг. Мөн эмчийн зөвшөөрлөөр хийдэг амин тариаг түргэний эмч болон А.Д  эмч 2 ээлжлэн хийдэг байсан. Тангараг өргөсөн эмч нарыг үгүйсгэж байгаа нь буруу. Эмчээс гэрчийн мэдүүлэг авсан.

4.2. Би 60 настай ээжийгээ бүх талаар асрах нь дутмаг байсан тул хамаатны эгч болох эмнэлгийн анхан шатны мэдлэгтэй Б.Д-тэй амаар гэрээ хийж асруулсан. Гэрээ хийх хэрэгтэй талаар хожуу мэдэж нотариатаар батлуулсан ч анхан шатны шүүх үүнтэй холбоотой зардлыг хасаж шийдвэрлэсэн. Эрүүл саруул ээжийг минь биднээс үүрд хагацааж, өөрийнхөө эх шиг хүнийг 8 сар болоход ганц удаа ирж сэтгэл гаргаагүй энэ хүмүүст насан туршдаа гомдож байна. Хуулийн дагуу нотлох баримттай мөнгийг нэхэмжилсэн. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.23-ны өдрийн 1075 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Туяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.22-ны өдрийн 08 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Нотлох баримтаар хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.30-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Н.З-ыг 2019.10.04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч Б.Л-г мөргөж, түүний биед зүүн дунд чөмгөний хүзүү хэсгийн битүү хугарал, дух, чамархай шанаа, баруун зүүн бугалга, шуу тавхайд нь цус хуралт үүсгэж хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож торгох ял оногдуулсан нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж дууссан. Нэхэмжлэгч Г.А-ийн эх Б.Л нь хүндэвтэр гэмтэл авсны улмаас 9 сар гэртээ хэвтэж, өрхийн эмчийн хяналтад эмчлэгдэж, бусдаар асарч, сувилуулж байгаад 2020.06.10-ны өдөр нас барсан. Нэхэмжлэгч Г.А нь гэм хор учруулсны төлбөр 6,769,700 төгрөг Н.З-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн дүгнэлт эргэлзээтэй, өрхийн эмч, гэрч А.Д-гийн мэдүүлгийг нэг талыг барьсан, мэдүүлгийг нотлох баримтаар авсан, өрхийн эмч нас барсан шалтгааныг тогтоогоогүй, Б.Л-гийн үхэлд Н.З- буруутай эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй, хуурамч гэрээ гэж маргажээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 4 дүгээр талд анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтээс иш татаж бичихдээ “... шалтгаант холбоотой...” гэж зөв дүгнэсэн байхад үгийг өөрчилж “... нас барсан нь  А.Д-гийн мэдүүлгээр тогтоогдож байна ...” гэж шинээр үг оруулж дүгнэлт гаргасанд гомдолтой.

5.2. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчжээ. Өрхийн эмч, гэрч А.Д нь Б.Л-г гэрийн эргэлтээр тогтмол очиж үзэн өвчин намдаах эм, тариа хэрэглэдэг байсан ч бүх бие нь янгинан өвдөж намддаггүй байсан, авто ослын улмаас эмчлэгдэж байгаад нас барсан гэдгийг нотолж мэдүүлэг өгсөн, түүний өгсөн мэдүүлэг хэрэгт нотлох баримтаар авагдсан өрхийн эмнэлгийн үзлэгийн мэдээний хуулбараар давхар нотлогдож байгаа. Гэрч А.Д нь Б.Л-гийн нас барсан шалтгааныг тогтоосон баримт шүүхэд гаргаж өгөөгүй байгаа учир түүнийг Б.Л-гийн нас барсан шалтгааныг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Г.А нь төрсөн эх Б.Л-гийн түнх хугарсан талаар маргаж гэм хорын хохирол нэхэмжлээгүй. Эрүүгийн хэрэгт хохирогч Б.Л-г замын хөдөлгөөний заалт зөрчсөн буруутайд тооцож зөрчлийн хуулиар хариуцлага тооцоогүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дугаар талд “Г.А-ээс Б.Д-гийн 5055723666 дугаар дансанд хүн асаргааны 3 сарын хөлс гэсэн утгаас 900,000 төгрөг шилжүүлсэн” гэж дурдсан байхад баримт авагдаагүй гэж андуурч дүгнэжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг баримтлан магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

7. Нэхэмжлэгч Г.А-ээс хариуцагч Н.З-д холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 6,769,700 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 5,543,444 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас гаргуулах хохирлын хэмжээг 456,892 төгрөг болгож бууруулсан байна.

8. Нэхэмжлэгчээс “... Миний ээж Б.Л 2019.10.04-ний өглөө сүү авахаар гараад иргэн Н.З-ын машинд мөргүүлж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсны улмаас дахин гишгэж чадахгүй болж, хэвтэрт орж бүтэн 9 сар эм, тариа хийлгэж, зовсоор 2020.06.10-нд насан өөд болсон. Н.З ээжийг эмнэлэгт хэвтэхэд 2 удаа очсоныг эс тооцвол өөд болтол нь нэг ч удаа ирж эх шигээ хүнд сэтгэл гаргасангүй. Иймд би 2020 оны 01 дүгээр сараас өнгөрөх өдрийг нь хүртэл хэрэглэсэн эм, тариа, эд материал гаргасан бүх зардлыг нотлох баримттай нь гаргаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Үүнд эм, тариа 639,400 төгрөг, асаргааны хөлс 1,500,000 төгрөг, буяны ажлын болон бусад зардал 4,700,000 төгрөг, баримтаар нотлогдож байгаа 530,000 төгрөг, нийт 6,769,700 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Хохирогч Б.Л гуайн биед хүндэвтэр хохирол учруулсан эрүүгийн хэрэгт 2020.01.30-нд нэхэмжилсэн 572,000 төгрөгийг нөхөн төлсөн. Өмнө нь 150,000 төгрөг бэлнээр өгч байсан. Эм тарианы зардалд 343,474 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Асаргааны төлбөр, оршуулгын зардлыг төлөх үндэслэлгүй...” гэжээ.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн эх Б.Л-гийн нас барсан шалтгаан нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой, нэхэмжлэгч Г.А нь нас барагч Б.Л-гийн хууль ёсны өвлөгч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу гэм хорын хохирол шаардах эрхтэй. Нэхэмжлэгчээс эм, эмчилгээний зардалд 639,700 төгрөг гаргуулахаар шаардаж, НӨАТ-ын баримтуудыг шүүхэд гаргасан боловч тухайн эмийг Б.Л хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй, эмчийн заавар, бичилт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн зөвшөөрсөн 343,474 төгрөгийн хэмжээнд хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хэрэгт авагдсан 2020.02.22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар Г.А-ээс Б.Д-гийн 5055723666 дугаар дансанд хүн асарсны 3 сарын хөлс гэсэн утгаас 900,000 төгрөг шилжүүлсэн, мөн Г.А-ийн дансны хуулгаар 5055723666 дугаар дансанд асаргааны гэрээ хийсэн мөнгө гэсэн утгаар 500,000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон. Оршуулгын болон буяны ажлын зардалд шаардсан 4,730,000 төгрөгөөс хэрэгт авагдсан баримтаар нийт 3,799,970 төгрөг зарцуулсан байна, харин үлдэх хэсэг нь зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй. Иймд хариуцагч гэм хорын хохиролд нийт 5,543,444 төгрөгийг төлөх үүрэгтэй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

10. Давж заалдах шатны шүүхээс “... хохирогчийн биед учирсан зүүн дунд чөмгөний хүзүү хэсгийн битүү хугарал нь үхэлд хэрхэн нөлөөлсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх өрхийн эмч А.Д-гийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлгийг  үндэслэн Н.З-ын гэм буруутай үйлдэл хохирогчийн нас барсантай шалтгаант холбоотой гэж дүгнэн түүнийг оршуулахтай холбогдуулан гаргасан зардалд 3,799,970 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.А-ийн иргэн Б.Д-тэй эхийгээ асруулахаар тохиролцон гэрээг нотариатаар батлуулсан үйлдэл, Г.А-ээс 2020.09.22-ны өдөр 5055723666 дугаарын дансанд асаргааны гэрээ хийсэн мөнгө Г.А-ээс гэх гүйлгээний утга бүхий 500,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтууд нь хохирогчийг нас барснаас хойш 3 сарын дараа нөхөн хийгдсэн, мөнгө шилжүүлсэн данс хэний эзэмшлийн аль банкных болох талаар нэхэмжлэгч талаас баримтаар нотолж чадаагүй, шүүхийн шийдвэрт “... 900,000 төгрөг шилжүүлсэн...” гэж дурдсан байх хэдий ч уг баримт нь хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийн тухайн хэсгийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, харин хохирогчийг нас барахаас өмнө хэрэглэсэн гэх эм, тариа, эмнэлгийн хэрэгсэлд нэхэмжилсэн 639,000 төгрөгөөс 456,892 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

11. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

11.1. “Хохирогч нас барсан” гэх нөхцөл нь гэм буруутай этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэл/ нь хохирогчийн үхэлд шууд нөлөөлсөн шалтгаант холбоотой байх ба энэ байдлыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байхыг шаарддаг байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан өрхийн эмчийн тодорхойлолт, мэдүүлгийг үндэслэн хариуцагчийн гэм буруутай үйлдэл нь хохирогчийн нас барсантай шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагын оршуулгын болон буяны ажлын зардал 4,730,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

11.2. Харин давж заалдах шатны шүүх асаргааны хөлсийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болсон байна. Учир нь, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч хэвтэрт орж, бусдын асаргаанд байсан гэсэн үйл баримтыг үгүйсгэх үндэслэлгүй, энэ тохиолдолд хариуцагч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар асаргааны зардлыг төлөх үүрэгтэй. Хэдийгээр хавтаст хэрэгт 900,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга авагдаагүй ч нэхэмжлэгч нь иргэн Б.Д-тэй “ээжийгээ асруулахаар тохиролцсон гэрээ” байгуулж, хэн аль нь гарын үсэг зурсан, уг гэрээнд “900,000 төгрөгийг төлсөн” гэж бичсэн /хх-147/ , мөн нэхэмжлэгчийн данснаас 5055723666 дугаарын дансанд (Б.Д-гийн данс гэдгийг үгүйсгээгүй) 500,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-161/ авагдсан байна. Уг гэрээг нэхэмжлэгч нь Б.Д-нд хөлс төлснөө батлах зорилгоор хожим нөхөн хийж, нотариатаар батлуулсан нь, мөн 500,000 төгрөгийг хохирогчийг нас барснаас хойш шилжүүлсэн нь тухайн зардлыг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Иймд асаргааны хөлс 1,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

11.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс эм, эмчилгээний зардалд шаардсан 639,700 төгрөгийн шаардлага нь нотлогдохгүй, гэвч хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр 343,474 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрийн эрхийн хүрээнд хэрэгт авагдсан баримтыг дахин үнэлж, хариуцагчаас нотлогдсон хэмжээнд буюу 456,892 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, үүнд хариуцагч гомдол гаргаагүй.

11.4. Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд асаргааны зардал 1,400,000 төгрөг, эм, эмчилгээний зардал 456,892 төгрөг, нийт 1,856,892 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,912,808 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

12. Дээрх үндэслэлээр “давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-5-д заасан нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж байна. Харин “...Өрхийн эмч, гэрч А.Д  нь Б.Л-г авто ослын улмаас эмчлэгдэж байгаад нас барсан гэдгийг нотолж мэдүүлэг өгсөн, түүний өгсөн мэдүүлэг өрхийн эмнэлгийн үзлэгийн мэдээний хуулбараар давхар нотлогдож байгаа юм...” гэх гомдол үндэслэлгүй болно.

13. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1075 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...5,543,444...” гэснийг “...1,856,892...” гэж, “...1,226,256...” гэснийг “...4,912,808...” гэж, 2 дахь заалтын “...103,645...” гэснийг “...44,660...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                  Б.МӨНХТУЯА