Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 8

 

Г.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/00938/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  10 дугаар сарын 23-ны өдрийн 1075 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.З-д холбогдох

“Гэм хор учруулсны хохиролд 6.769.700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ы давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Т-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Г.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний ээж Б.Л- 2019 оны 10 дугаар сарын 04-ний өглөө сүү авахаар гараад иргэн Н.З-ын приус 73-66 дугаартай машинд мөргүүлж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсны улмаас ахин хорвоод гишгэхгүй болсон. Үүнээс болж хэвтэрт орж бүтэн 9 сар хэвтэрт эм тариа, дуудлага дуудуулсаар зовсоор 2020 оны 06 дугаар сарын 10-нд насан өөд болсон. Энэ хүн мөргөж эмнэлэгт хэвтэхэд 2 удаа очсоныг эс тооцвол өөд болтол нь нэг ч удаа ирж эх шигээ хүнд сэтгэл гаргасангүй.
Иймд би 2020 оны 01 дүгээр сараас өнгөрөх өдрийг нь хүртэл эм тариа, эд материал гаргасан бүх зардлыг нотлох баримттай нь хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Үүнд эм тариа 639.400 төгрөг, сувилуулж асруулсан хөлс 1.500.000 төгрөг, буяны болон бусад зардал 4.700.000 төгрөг, баримтаар нотлогдож байгаа 530.000 төгрөг, нийт 6.769.700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Талийгаач Б.Л- нь Зам тээврийн осолд орсноос хойш 9 сарын хугацаанд хэвтэрт байж байгаад нас барсан. Гэмтлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт 5 хоног хэвтсэн бөгөөд эмчийн хяналтад гаргасан. Иймд энэхүү гэмтлээс болж нас барсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505, 508 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.З- шүүхэд гаргасан тайлбартаа:

Хохирогч Л- гуайн биед хүндэвтэр хохирол учруулсан эрүүгийн хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-нд нэхэмжилсэн 572.000 төгрөгийг нөхөн төлсөн. Өмнө нь 150.000 төгрөг бэлнээр өгч байсан. Эм тарианы мөнгийг баримтын дагуу төлөхөд татгалзах зүйлгүй. Асаргааны төлбөр, оршуулгын зардлыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Н.З- нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа иргэн Б.Л-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан ба уг хэрэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдэж Н.З- 450.000 төгрөгөөр торгуулж, уг ялаа эдэлсэн. Тус зам тээврийн осол гарахад хохирогчийн Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан явган зорчигчийн үүргээ биелүүлээгүй буруутай үйлдэл нь нөлөөлсөн байдаг. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Мөн хохирогч нь тухайн үедээ эмчилгээний зардалд 570.000 төгрөг нэхэмжилж байсан. Тус мөнгийг болон нэмж 150.000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Өөрт холбогдолтой гэм хорын хохирлыг төлөх нь зүйтэй. Б.Л-гийн эмчилгээний зардлыг тооцоход нэхэмжлэгчийн гарган өгсөн баримтаас 343.474 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Хариуцагч Н.З-ын үйлдлийн улмаас талийгаачийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба уг гэмтэл нь нас барахад хүргээгүй. Н.З-ын үйлдлийн улмаас Б.Л- нас барсан бол түүнийг нотолсон баримт байх ёстой байтал ийм баримт байхгүй учир оршуулгын зардлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Асаргаатай холбоотой гэрээ хэрэгт авагдсан. Гэтэл тус гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, сүүлд хийгдсэн гэрээ гэж үзэж байгаа. Асрамжийн мөнгийг хөдөлмөр нийгмийн халамжаас гаргуулах хуулийн зохицуулалт байдаг тул уг асрамжийн мөнгийг авсан байх гэж үзэж байна.

Иймд нийт нэхэмжлэлийн шаардлагаас 343.474 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1075 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н.З-аас 5.543.444 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1.226.256 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Г.А- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 103.645 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эх Б.Л-гийн нас барсан шалтгаан хариуцагч Б.З-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэмтлийг шалтгаант холбоотой гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна. Ингэж дүгнэхдээ өрхийн эмч гэрч А.Д-гийн нэг талыг барьсан мэдүүлгийг нотлох баримтаар авсан байна. Гэрч А.Д- нь шүүхэд тодорхойлолт бичиж өгөхдөө өдөр бүр очиж эмнэлгийн тусламж үзүүлдэг байсан гэж бичсэн нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэрийн эргэлтээр очдог байсан гэж мэдүүлснээр үгүйсгэгдэж байна.

Б.Л-гийн түнх хугарсан гэж мэдүүлэг өгсөн нь тодруулж асуухад худлаа болох нь тогтоогдсон. Нас барсан шалтгааныг түргэн тусламжийн эмч тодорхойлсон гэх боловч хавтаст хэрэгт нас барсан шалтгааныг тогтоосон эмнэлгийн баримт хавсаргагдаагүй. Өрхийн эмч нас барсан шалтгааныг тогтоодоггүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоох байсан. Б.Л-гийн үхэлд Н.З- буруутай эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад ийнхүү дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч Г.А- нь эх Б.Л-г Б.Д-гээр асруулсан тухай гэрээг Б.Л-г 2020 оны 06 дугаар сарын 10-нд нас барснаас хойш 3 сарын дараа 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нотариатаар батлуулсан гэрээ нь хуурамч гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс нэхэмжлэгч А.А- эх Б.Л-г асран хамгаалсны мөнгө авч байсан эсэх талаар лавлагаа авах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй нотлох баримтыг дутуу бүрдүүлэн шийдвэрлэлээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.А- нь төрсөн эх Б.Л-г хариуцагч Н.З-ын гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэмтлээс үүдэн нас барсан гэж гэм хорын хохиролд 6.239.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 530.000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 6.769.000 төгрөгийг нэхэмжилжээ. 

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлээ эм тарианы зардалд 639.000 төгрөг, оршуулгын зардалд 4.730.000 төгрөг, эхийгээ хүнээр асруулсны төлбөрт 1.400.000 төгрөгийг зарцуулсан хэмээн тодруулан тайлбарласан байна.

Хариуцагчаас шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд эмчилгээний зардалд 343.474 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн ээж Б.Л- нас барсан шалтгаан нь Н.З-ын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх “...талийгаач нь хариуцагчийн учруулсан гэмтлийн улмаас хэвтэрт орж эмчлэгдэж байсан, хоол унд идэхгүй, биеийнх нь дархлаа унаж, эсэргүүцэл суларсны улмаас тамирдан, амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан нь гэрч А.Д-гийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-т тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 5.543.444 төгрөгийг хангаж, үлдэх хэсэг болох 1.226.256 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасан бөгөөд гэм хорын хохирлыг арилгахад гэм буруугийн зарчим үйлчилдэг.

Хэрэгт авагдан анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар судлагдсан нотлох баримтуудаас судлан үзвэл хариуцагч Н.З- нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Найрамдал гудамжинд 73-66 ДАР улсын дугаар бүхий Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Л-г мөргөж биед нь “...зүүн дунд чөмгөний хүзүү хэсгийн битүү хугарал, дух чамархай, шанаа, баруун, зүүн бугалга, шуу тавхайд цус хуралт...” буюу шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулжээ.

Уг үйлдэлдээ хариуцагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шийтгэх тогтоол, магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоол зэргээр нотлогдож байна.

Уг гэмт хэрэг гарснаас хойш хохирогч Б.Л- нь байнгын хэвтэрт байж байгаад 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барсан хэргийн үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргадаггүй.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ы гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хүлээн авч нэхэмжлэлийн үндэслэл тус бүрд дүгнэлт өгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрт дор дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

1. Оршуулгын зардлын тухайд:

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т “...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй...” хэмээн заасан.

Хавтас хэргийн 4 дүгээр талд авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар Г.А- нь хохирогч /талийгаач/ Б.Л-гийн төрсөн охин болох нь тогтоогдож байгаа ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар түүнийг хууль ёсны өвлөгч тул гэм хорын хохирлыг шаардах эрхтэй гэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин хуульд заасан “...хохирогч нас барсан...” гэх нөхцөл нь гэм буруутай этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ нь хохирогчийн үхэлд шууд нөлөөлсөн шалтгаант холбоотой байх ба энэ байдлыг шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоосон байхыг шаарддаг.

Дээр дурдсан нөхцөл байдлыг тогтоосон буюу өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан зүүн дунд чөмгөний хүзүү хэсгийн битүү хугарал нь үхэлд хэрхэн нөлөөлсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн “ГОС” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмч А.Д-гийн “...Б.Л- нь гэмтлийн улмаас зүрх судасны дутагдалд орж гэртээ нас барсан...” хэмээх тодорхойлолт, гэрчийн мэдүүлгийг нь үндэслэн Н.З-ын гэм буруутай үйлдэл хохирогчийн нас барсантай шалтгаант холбоотой гэж дүгнэн түүнийг оршуулахтай холбогдуулан гаргасан зардалд нэхэмжилсэн 4.730.000 төгрөгөөс 3.799.970 төгрөгийг ханган шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. 

2. Асаргааны болон эм тарианы зардлуудын тухайд:

Нэхэмжлэгч нь эхийгээ амьд ахуй цагт нь бусадтай гэрээ байгуулан нэг сарын 300.000 төгрөгөөр асруулж байсан хэмээн нийт 1.400.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” хэмээн заасан.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.А-ийн иргэн Б.Д-тэй “Эхийгээ асруулахаар тохиролцон гэрээ”-г нотариатаар батлуулсан үйлдэл, мөн Г.А-ээс 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 5055723666 дугаарын дансанд “Асаргааны гэрээ хийсэн мөнгө Г.А-ээс” гэх гүйлгээний утга бүхий 500.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтууд нь хохирогчийг нас барснаас хойш 3 сарын дараа нөхөн хийгдсэн, мөнгө шилжүүлсэн данс хэний эзэмшлийн аль банкных болох талаар нэхэмжлэгч талаас баримтаар нотолж чадаагүй байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт “...2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар Г.А-ээс Б.Д-гийн 5055723666 дугаар дансанд хүн асарсны 3 сарын хөлс гэсэн утгаас 900.000 төгрөг шилжүүлсэн..” гэж дурдсан байх хэдий ч уг баримт нь хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийн тухайн хэсгийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Харин хохирогчийг нас барахаас өмнө хэрэглэсэн гэх эм тариа, эмнэлгийн хэрэгсэлд нэхэмжилсэн 639.000 төгрөгөөс 456.892 төгрөгийг хариуцагч Н.З-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож үлдэх 182.108 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн дээрх баримтуудаас хэрэгсэхгүй болгосон 182.108 төгрөгийн баримт нь хэзээ, хаанаас ямар төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан нь тодорхой бус, огноогүй, зарим баримтын огноо нь хохирогчийг нас барснаас хойш эм эмнэлгийн хэрэгсэл авсан, жирэмслэлт шалгах болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүнүүд худалдан авсан баримтуудыг хасаж тооцсон болно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ы “...хохирогчийн үхэлд Н.З- буруутай эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй, асруулсан гэх гэрээ нь нөхөн хийгдсэн гэх хэсгийг нь хүлээн авч хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин давж заалдсан гомдлын 3 дахь үндэслэл болох “...шүүх нотлох баримт гаргуулахаар гаргасан хүсэлтийг хангалгүй орхигдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрсөн тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх хэсгийг нь хангахгүй орхиж шийдвэрлэв.

Учир нь: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дархан-Уул аймгийн “Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс”-ээс нотлох баримт гаргуулах хүсэлтээ 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан, шүүх уг хүсэлтийг нь тухайн хэрэгт хамааралтай болон хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэхийг нь хянан үзэж эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасны дагуу шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах хууль зүйн боломжгүй болно.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 456.892 төгрөгийг хариуцагч Н.З-аас гаргуулан нэхэмжлэгч Г.А-т олгож, үлдэх 5.782.808 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбогдуулан анхан шатны шүүхээс хуваарилсан улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт орсон болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1075 дугаар шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н.З-аас 5.543.444 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1.226.256 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг  

            “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н.З-аас 456.892 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 5.782.808 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

            2 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Г.А- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 103.645 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай...” гэснийг

“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Г.А- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 14.357 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ы гаргасан давж заалдсан гомдлын 1, 2 дахь хэсгийг нь хүлээн авч хангаж, үлдэх хэсгийг нь хангахгүй орхисугай.

            2. Хариуцагч Н.З- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                          

 

                                                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                                                        ШҮҮГЧИД                                 Л.АМАРСАНАА

                                                                         М.МӨНХДАВАА