Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/01225

 

                  С.Д-ийн нэхэмжлэлтэй иргэний

                   хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 139/ШШ2020/00484 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2374 дүгээр магадлалтай,

С.Д-ийн нэхэмжлэлтэй,

Ч.О, “У м” ХХК-д холбогдох,

Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, 500,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч С.Д-ийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д, хариуцагч Ч.О, хариуцагч “У м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цоож, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Ч.О, “У м” ХХК-д холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байрлах “У м” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй 2 давхар, 467,6 м.кв талбайтай дэлгүүрийн барилга, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашааны үнэ болох 500,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 139/ШШ2020/00484 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч С.Д-ийн хариуцагч “У м” ХХК, Ч.О нарт холбогдуулан гаргасан 1991 оны 11 сарын 15-ны өдрийн худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний “Тулга” ББХХ-той хамтран байгуулсан иргэд хоорондын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 багт “У м” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй 2 давхар 467.6 м.кв талбайтай дэлгүүрийн барилга, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 метр урттай тоосгон хашааны үнэ 500,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,728,150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2374 дүгээр магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 139/ШШ2020/00484 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1.” гэсний дараа “1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 2,728,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч С.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.29-ний өдрийн 139/ШШ2020/00484 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.16-ны өдрийн 2374 дүгээр магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч миний бие тус шүүхэд 1991.11.15-ны өдрийн иргэд хоорондын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Сайнцагаан сумын 7 дугаар багт байрлах, “У м” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй 2 давхар 467,6 м.кв талбайтай дэлгүүрийн барилга, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашааны үнэ болох 500,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.16-ны өдрийн 2374 дүгээр магадлалаар хэвээр үлдээсэн. С.Д миний бие 1991 онд анх “Дөл” хоршоог 1650 ширхэг өмч хувьчлалын ягаан тасалбараар худалдан авахад Н.Цоож 420 ширхэг, Ц.Дамиранжав 285 ширхэг өмч хувьчлалын ягаан тасалбар надад өгч, үнийг тухайн үед надаас авсан байдаг. Хэрвээ 4 хүн адил тэнцүү хувьцаа гаргасан гэвэл 1650 ширхэг хувьцааг дөрөвт хуваахад сондгой тоо гарах нь ойлгомжтой. Үүнийг тэнцүү хувьцаа гаргасан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч тал үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. “Зоог” гуанзыг 598 ширхэг өмч хувьчлалын ягаан тасалбараар худалдаж авахад гэрээнд заагдсан хүмүүс оролцоогүй бөгөөд би дангаараа худалдаж авсан. Дээрх хүмүүсийн худлаа хэлж байгааг няцаах зорилгоор “Зоог” гуанзыг төрөөс худалдаж авсан тухай иргэний хэрэг үүсгэгдэн ажиллагаа хийгдэж байна. С.Д-, Д.Л, Ч.О, Л.Дуламжав нар “Дөл” хоршоог “Тулга” ББХХ болгон өөрчлөх зорилгоор Д.Лг брокероор, Ч.Оыг нягтлан бодогчоор, Л.Дуламжавыг туслах ажилтнаар авч 4 хүний бүрэлдэхүүнд нэмж оруулан 1991.11.15-ны өдөр худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний “Тулга” ББХХ-г хамтран байгуулж, иргэд хоорондын гэрээ гэх зүйлийг байгуулсан байдаг.

4.2. “Дөл” хоршоог буюу одоогийн “У м” ХХК-ийг 1650 ширхэг ягаан тасалбараар 1991.10.04-ний өдрийн дуудлага худалдаагаар худалдан авсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь 1991.05.17-ны өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Иргэд эд хөрөнгөө нэгтгэн аж ахуй эрхэлж, түүнтэй холбогдон үүсэх үүргийг наад зах нь нэг гишүүн өөрийн бүх эд хөрөнгөөр (бүрэн), бусад гишүүн нь зөвхөн оруулсан хувь хөрөнгийнхөө хэмжээгээр (бүрэн бус) хариуцлага хүлээх аж ахуй нэгжийг бүрэн бус хариуцлагатай хоршоо гэнэ” гэж заасан бөгөөд “Тулга” ББХХ-г албанд бүртгүүлэхдээ бүрэн хариуцлагатай гишүүдийг нэг зааглаж, бүрэн бус хариуцлагатай гишүүдийг нэг зааглаж бүртгүүлж байж бүрэн бус хариуцлагатай хоршоо болох ёстой. Тухайн үеийн “Тулга” хоршоог байгуулсан иргэд хоорондын гэрээ нь дээрх хуулийг зөрчсөн. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Иргэд эд хөрөнгөө нэгтгэж, хөдөлмөрөө хорших замаар аж ахуй эрхэлж, түүнтэй холбогдон үүсэх үүргийг гишүүн нь хоршооны эд хөрөнгө болон өөрийн эд хөрөнгөөр хамтран хариуцах аж ахуй нэгжийг бүрэн хариуцлагатай хоршоо гэнэ. Бүрэн хариуцлагатай хоршооны оноосон нэрийн ард “БХХ” гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ” гэж заасан тул “Тулга” хоршоог “Тулга” БХХ гэж бүртгүүлэх байсныг ББХХ гэж буруу нөхцөлөөр бүртгүүлсэн. Мөн Л.Дуламжав, Ч.О, Д.Л нар нь хувьцаа огт нийлүүлээгүй байхад иргэд хоорондын гэрээнд оролцуулсан нь хүчин төгөлдөр бус үйлдэл болсон.

4.3. Хариуцагч Н.Ц 420 ширхэг, н.Дамиранжав 285 ширхэг хувьцаа олж өгч туслан, хувьцааныхаа үнийг надаас авсан. Иргэд хоорондын гэрээнд заагдсан нөхдүүд 1991.10.04-ний өдөр “Дөл” хоршоог худалдан авахад хэдэн хувьцаа оруулсан тухай нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн “Дөл” хоршоог худалдаж авахад С.Д-ийг дуудлага худалдаанд оруулахаар томилсон гэх шийдвэр, нотлох баримтыг хариуцагч талаас ирүүлээгүй. “У м” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхдээ эдгээр хүмүүс төрөөс болон хүнээс худалдаж аваагүй, бариагүй атлаа намайг оролцуулахгүйгээр үнэлгээ тогтоосон актаар улсын бүртгэлд бүртгүүлсэн хуйвалдааны шинжтэй хууль зөрчсөн асуудал байгааг шүүх анхаарч үзээгүй. Шүүгч дүгнэхдээ 1994.01.10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг шийдвэр гэж андуурч дүгнэсэн. Аливаа шийдвэр нь тогтоол, тушаалаар баталгааждаг гэдэг асуудал урьд өмнө ч, өнөөдөр ч хэвээр мөрдөгдөж байгаа. Гэтэл тогтоол, тушаалаар баталгаажаагүй зүйлийг шийдвэр гарсан мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Нэхэмжлэгч нь өмч хувьчлалын комиссоос зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож, дэлгүүрийн барилгыг авах, хувьцаа тушаах зэрэгт дангаараа оролцож “Дөл” хоршоог дуудлага худалдаагаар худалдаж авсан болох нь Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.03-ны өдрийн 180 дугаар шийдвэрээр тогтоогдсоор байхад дээрх өмчийг хувь тэнцүүхэн хөрөнгө оруулалт хийж хамтарч авсан гэж өрөөсгөл дүгнэлт хийжээ.

4.4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн. Гэтэл тухайн үед үйлчилж байсан 1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэл гаргах эрх нь эрх зөрчигдсөн өдрөөс буюу эрх зөрчигдсөнийг хожим мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн баталгаат буюу гомдлын шаардлага гаргах хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан өдрөөс эхлэн үүснэ” гэж заасан байх бөгөөд дундын өмчтэй холбоотой зохицуулалт хуульд өөрөөр заагдаагүй тул миний эрх зөрчигдсөнийг мэдсэн үе буюу Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.03-ны өдрийн 180 дугаар шийдвэр гарснаар хөөн хэлэлцэх хугацааг эхэлж тоолохоор байна. Мөн Иргэний хуулийн 490 дүгээр зүйлийн 490.5-д “Дундын өмчийн эрхийг хүчингүй болгох шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж зааснаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа тухайн маргаанд хамаарахгүй байхаар хуульчилж өгсөн. Л.Дуламжав, Ч.О, Д.Л нар нь хувьцаа огт нийлүүлээгүй байхад иргэд хоорондын гэрээнд оролцуулсан нь хүчин төгөлдөр бус үйлдэл болсон бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгө олж авах, эзэмших боломжийг олгосон байдал харагддаг. Иймд 1991.11.15-ны өдрийн иргэд хоорондын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч С.Д-ээс хариуцагч “У м” ХХК болон Ч.О-д холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, 500,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан.

7. Нэхэмжлэгчээс “... Миний бие 1991.10.04-ний өдөр “Дөл” хоршоог бага хувьчлалын ягаан тасалбараар хувьчилж авсан бөгөөд уг хоршоог 1992.12.26-ны өдөр “Тулга” ББХХ болгон өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлэн, 1994 он хүртэл иргэн Д.Л-тэй хамтран үйл ажиллагаа явуулсан. 1994 онд “Тулга” хоршооны үйл ажиллагаа явуулж байсан хөрөнгөө Д.Л-д үлдээгээд өөрөө “Баян-Уул” ХХК-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулсан. Тухайн үед “Тулга” хоршоог байгуулах гэхэд 4 дээш хүний бүрэлдэхүүнтэй байхыг хуулиараа шаардсан тул 1991.11.15-нд Д.Л, Ч.О, Л.Дуламжав нарыг оролцуулан гэрээ хийсэн. Бодит байдал дээр эдгээр хүмүүс ямар ч хөрөнгө, хувьцаа нийлүүлээгүй. Д.Л миний худалдаж авсан “Тулга” хоршооны байранд үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүрсэн бөгөөд уг байрыг өөрийн эзэмшлийн “У м” ХХК-ийн өмч болгон бүртгүүлсэн болохыг хожим мэдсэн. Иймд иргэд хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн үл хөдлөх хөрөнгийн үнийг 50 хувиар тооцож 500,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. ... Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэснийг,

хариуцагч “У м” ХХК-аас эс зөвшөөрч “... С.Д, Ч.О, Д.Л, Л.Дуламжав нар нь хувь тэнцүү хувьцаа нийлүүлэн “Дөл” хоршоо, “Зоог” гуанзыг худалдаж авахаар тохиролцож биднийг төлөөлөн С.Д дуудлага худалдаанд орсон. 1991.12.26-ны өдөр “Тулга” ББХХ-г улсын бүртгэлд бүртгүүлж 1994 он хүртэл хамтран үйл ажиллагаа явуулсан. С.Д нь 1994.01.10-нд “хоршооноос гарч, анхны нийлүүлсэн хувьцааныхаа хэмжээний хөрөнгийг хуваана” гэсний дагуу хоршооны гишүүд хуралдаж анх худалдаж авсан үндсэн хөрөнгийг 4 хувааж, түүнээс хойш бий болсон хөрөнгийн 43,8 хувийг хуваахаар тохирч хөрөнгийг өгсөн. Энэ хөрөнгөд “Зоог” гуанз, 250 м.кв агуулахын барилга зэрэг нийт 4,828,329 төгрөгийн үндсэн ба эргэлтийн хөрөнгө олгосон. “Тулга” ББХХ-ны үйл ажиллагаа явуулаад дуусгавар болоод 26 гаруй жил болсны дараа гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсэж байгаа нь үндэслэлгүй, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. “У м” ХХК нь 1994.01.25-ны өдрөөс хойш дэлгүүр уурын зуух, хашааны хууль ёсны өмчлөгчөөр 26 жил тасралтгүй илээр эзэмшин ашиглаж 2000 онд улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 20 жил өмчилсөн учир С.Д-эд мөнгө төлөх ямар ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Ч.О хариу тайлбартаа “... Д.Л, Н.Цоож, н.Дамиранжав, С.Д нар нь аман байдлаар дуудлага худалдаанд оролцох талаар ярьсан. “Тулга” хоршоог хуулийн дагуу байгуулсан... “Тулга” хоршооны эрх зүйн чадвар дууссан... тухайн үед хоршоо тарахад хөрөнгө хуваахад бид бүгд ярилцаад хуваасан. Түүнийг зөвшөөрөөд хоршооны бүх гишүүд гарын үсэг зурсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Бид нараас ийм хэмжээний хөрөнгө мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэсэн байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үйл баримтыг бүрэн дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

9. Тодруулбал, нэхэмжлэгч С.Д нь 1991.11.15-ны өдөр иргэн Д.Л, Ч.О, Л.Дуламжав нартай гэрээ байгуулан худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний “Тулга” ББХХ-г байгуулан хоршооны гишүүд адил хувь хэмжээгээр буюу тус бүр 562,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцож, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Гэтэл үүнээс хойш 29 жилийн дараа уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж буй нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1963 оны БНМАУ-ын Иргэний хуулийн 51 дүгээр зүйлд “Зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг 3 жилээр тогтооно...”, 1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэсэн хуулийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан, иймд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

10. Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 1991 онд “Дөл” хоршоо, “Зоог” гуанзыг дуудлага худалдаагаар худалдан авч, улмаар Ч.О, Д.Л, Л.Дуламжав нартай худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний “Тулга” ББХХ-г байгуулсан, тус хоршооны хөрөнгөд хувьчилж авсан “Дөл” хоршооны дэлгүүрийн барилга, “Зоог” гуанз, агуулах зэрэг үндсэн болон эргэлтийн хөрөнгө бүртгэгдсэн, мөн хоршооны үйл ажиллагааны үр дүнд 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашаа зэрэг шинэ хөрөнгө үүссэн. Нэхэмжлэгч нь 1994.01.10-ны өдөр хоршооны гишүүдэд “гомдолгүй, цаашид хамтран ажиллахгүйгээр тохиролцсон тул анх нийлүүлсэн хувьцааныхаа хэмжээний хөрөнгийг тасалж авна” гэсэн өргөдөл гаргасны дагуу гишүүд хуралдаж, үндсэн хөрөнгийг 4 хувааж, С.Д-эд өгөхөөс гадна бий болсон эргэлтийн хөрөнгийн 43.8 хувийг хуваарилахаар шийдэж, түүнд “Зоог” гуанз, 250 м.кв агуулахын барилгыг оролцуулан 4,828,329 төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг өгсөн ба тэрээр “Баян-Уул” ББХХ-г байгуулан үйл ажиллагаагаа явуулсан. Харин үлдсэн 3 гишүүн нь дэлгүүрийн барилгыг оролцуулан 8,951,771 төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг авч “Ундрам” ББХХ-г тус тус байгуулсан байна. Уг хоршоо нь “У м” ХХК болж өөрчлөгдсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн үнийг нь гаргуулахаар шаардаж буй 467.6 м.кв талбайтай дэлгүүрийн барилга, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашаа нь тус компанийн өмчлөлд бүртгэгдэж, улмаар 2000.05.10-ны өдөр 467.6 м.кв талбайтай дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр бүртгүүлж эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан үйл баримт тогтоогджээ. Ийнхүү нэхэмжлэгч 1994.01.14-ний өдөр “Тулга” ББХХ-оос гарснаас хойш 26 жилийн дараа дээрх хөрөнгийг “хоршооны дундын өмч” гэж марган өөрт ногдох хэсэг гэж үзэн, 500,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь тухайн үед үйлчилж байсан Иргэний хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул мөн шаардах эрхгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

11. Нэгэнт хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан тул “... миний бие 1991 онд анх “Дөл” хоршоог 1650 ширхэг өмч хувьчлалын ягаан тасалбараар худалдан авсан байдаг, хариуцагч нар тэнцүү хувьцаа гаргасан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд үүнийгээ нотлоогүй, “Зоог” гуанзыг 598 ширхэг өмч хувьчлалын ягаан тасалбараар худалдаж авахад гэрээнд заагдсан хүмүүс оролцоогүй, би дангаараа худалдаж авсан, “Тулга” хоршоог байгуулсан иргэд хоорондын гэрээ нь 1991.05.17-ны өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн тухай хуулийг зөрчиж, “Тулга” ББХХ гэж буруу нөхцөлөөр бүртгүүлсэн. Л.Дуламжав, Ч.О, Д.Л нар нь хувьцаа огт нийлүүлээгүй байхад гэрээнд оролцуулсан нь хүчин төгөлдөр бус үйлдэл болсон, “У м” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхдээ эдгээр хүмүүс намайг оролцуулахгүйгээр үнэлгээ тогтоосон актаар улсын бүртгэлд бүртгүүлсэн хуйвалдааны шинжтэй хууль зөрчсөн асуудал байгааг шүүх анхаарч үзээгүй ...” гэх зэрэг энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-4.3-т заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол ач холбогдолгүй буюу тухайн гомдлоор нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.

12. Мөн давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.03-ны өдрийн 180 дугаар шийдвэрээр С.Д-ийг 1991.10.14-ний өдөр “Дөл” хоршоог өмч хувьчлалын 1650 ширхэг ягаан тасалбараар худалдан авсан талаарх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосон нь хөөн хэлэлцэх хугацааг эхэлж тоолох үндэслэл болохгүй, учир нь уг шийдвэрээр нэхэмжлэгчийн маргаж буй хөрөнгө (дэлгүүрийн барилга, хашаа, уурын зуух гэх мэт) “Тулга” ББХХ-ны дундын өмч болохыг тогтоогоогүй, иймд уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.4-т заасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. 

13. Түүнчлэн, нэхэмжлэгчийн маргаж буй хөрөнгийн өмчлөх эрх нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хариуцагч “У м” ХХК-д шилжсэн, улсын бүртгэл үнэн зөв бөгөөд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл байхгүй тул мөн хуулийн 490 дүгээр зүйлийн 490.5, 492 дугаар зүйл нь уг маргаанд хамааралгүй тул энэ талаарх гомдлыг (Тодорхойлох хэсгийн 4.4) хангах боломжгүй.

14. Анхан шатны шүүх шийдвэртээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч Тогтоох хэсэгтээ холбогдох хуулийг заагаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь зөв байна.

15. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2374 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАЯРМАА

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              Б.МӨНХТУЯА