Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар    128/ШШ2022/0367

 

   2022           05            12                                  128/ШШ2022/0367    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэл гаргагч: Т********* ХХК /РД:******/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг, Шар хоолой нэртэй Т********* ХХК -ийн эзэмшдэг 1645.02 гектор талбай бүхий ашигт малтмал хайгуулын XV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8/2*** тоот албан бичгээр татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А************., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:  "Т********* ХХК ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 238 дугаар шийдвэрээр Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын нутаг, Шар хоолой нэртэй газарт 1645,02 гектор талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 118 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг Т********* ХХК ХХК шилжүүлэн авч эзэмшиж байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэн авснаас хойш тус зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлж, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулсаар ирсэн. Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 326 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр буюу 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан.

Коронавирусын халдварт цар тахал манай улсад бүртгэгдэж, хүн амын тархсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 178 дугаар тогтоол гаргаж бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бөгөөд, уг бэлэн байдлын зэргийг Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолоор бууруулсан. Засгийн газраас тогтоосон бүх нийтийн бэлэн байдал болон бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед ихэнх аж ахуйн нэгжүүд хязгаарлагдмал байдлаар үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд манай компани уг хугацаанд үйл ажиллагаа огт явуулаагүй. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаас хойш Ч.Э********** миний бие Өвөрхангай аймагт хөл хорионд орж, гэмтэл аван ажиллах боломжгүй байсаар 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хэвийн үйл ажиллагаандаа орсон.

Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тустай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргах ёстой байсан боловч, цаг үеийн нөхцөл байдлаас болж, үйл ажиллагаагаа явуулаагүй тул уг хугацаандаа хүсэлт өгөх боломжгүй байсан бөгөөд, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А-21/0280 тоот албан бичгээр хугацаа сунгуулах хүсэлт өгсөн. Гэвч хүндэтгэн үзэх шалтгааныг огт харгалзахгүйгээр Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2823 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2823 тоот нь албан бичиг хэдий ч тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан буюу эрх зүйн сөрөг үр дагавар үүсгэсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан манай компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг зөрчсөн шийдвэр юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу "Т********* ХХК-ийн эзэмшдэг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг, Шар хоолой нэртэй 1645.02 гектор талбай бүхий Ашигт малтмал хайгуулын XB-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2823 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газарт 2021 оны 2 дугаар сард 2020 оны хайгуулын ажлын тайлан, 2021 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг цахимаар хүргүүлж хянагдаж байсан. Хайгуулын ажлын тайлан төлөвлөгөөг цахимаар 2 сард өгөөд цахим систем дээр хянагдаж батлагдсаны дараа цаасан хэлбэрээр аваачиж өгч батлуулдаг. 2021 оны 7 дугаар сарын 07-нд хайгуулын ажлын төлөвлөгөөг цаасан хэлбэрээр өгснийг хянаж баталсан гарын үсэг зурсан. Тэгэхээр 2 дугаар сард эхлээд цахимаар өгсөн байсан. Ашигт малтмал, газрын тосны газрын цахим систем рүү тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээр нэвтрэхээр хэзээ өгсөн нь харагдана. Манайх хугацаандаа хайгуулын ажлын тайлангаа цахимаар өгсөн, тайлан хянагдаж байгаа талаарх тодорхойлолтыг Геологи хайгуулын хэлтсээс авах боломжтой.

Ашигт малтмал газрын тосны газрын цахим системд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэвтрэх эрхээр нэвтэрч, зардлын доод хэмжээ гэсэн хэсэг рүү ороход 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хайгуулын ажлын тайлан хүсэлт илгээсэн нь бүртгэгдсэн байгаа. Энэ цахимаар тайлангаа илгээхээр тайлан ирүүлсэн байдлаар тодорхойлолт гаргаж өгдөг.

2021 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газарт цахимаар өгөөд баталгаажуулсны дараа үйл ажиллагаа явуулах нь тодорхой болохоор байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг өгдөг. 2021 оны 6 дугаар сарын 23-нд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргаар  батлуулахаар өгсөн.” гэв.   

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 326 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр буюу 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан. Коронавирусын халдварт цар тахал манай улсад бүртгэгдэж, хүн амын дунд тархсантай холбоотойгоор, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 178 дугаар тогтоолоор бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулсан.

Засгийн газраас тогтоосон бүх нийтийн бэлэн байдал болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед ихэнх аж ахуйн нэгжүүд хязгаарлагдмал байдлаар үйл ажиллагаа явуулж ирсэн, манай компани уг хугацаанд үйл ажиллагаа огт явуулаагүй. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаас хойш Т********* ХХК-ийн захирал Ч.Ж************ нь 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явсан бөгөөд 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл  хатуу хөл хорионд орсон. Улаанбаатар хотод ирээд ковидын ойрын хавьтал балсон гэх шалтгаанаар 14 хоног гэртээ тусгаарлалтад байсан. Энэ хугацаандаа 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хөлөндөө гэмтэл аван 4 дүгээр сарын 19-нд Гэмтэл согог судлалын эмнэлэгт үзүүлж мэс ажилбарт орсон тул ажиллах боломжгүй байсаар 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хэвийн үйл ажиллагаандаа орсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргах ёстой байсан боловч, цаг үеийн нөхцөл байдлаас болж, үйл ажиллагаагаа явуулаагүй тул уг хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт өгөх боломжгүй байсан учраас  хугацаа хэтрүүлж 6 дугаар сарын 28-ны өдөр хүсэлтээ гаргасан. 

Гэтэл  Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс нь хүндэтгэн үзэх шалтгааныг огт харгалзахгүйгээр 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 8/2823 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газар гомдол гаргахад мөн л татгалзсан. “Энэ асуудалд хариу өгөх боломжгүй өмнө хариу өгсөн” гэсэн хариуг өгсөн.. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2823 хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан шийдвэр нь эрхзүйн сөрөг үр дагавар үүсгэсэн акт байх тул  Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг  зөрчсөн шийдвэр юм.

Хуулийн хугацаандаа цахимаар тайлан төлөвлөгөөгөө явуулсан. Манай маргаж буй зүйл бол тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр сунгахаас татгалзсан тул хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж маргаж байгаа. Тодорхойлолтоо аваагүй, гэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсээс Геологи уул уурхай кадастрын хэлтэс өөрөө аваад шалгачих, нэг байгууллагын хоёр хэлтэс хооронд гаргах тодорхойлолтыг аваагүй гэдгээр татгалзах үндэслэл болгож буй нь үндэслэлгүй.

2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хайгуулын ажлын тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг төлсөн. Хайгуулын ажлын тусгай зөвшөөрөл сунгуулахтай холбоотой баримтууд болох төлбөр төлсөн баримт,  хайгуулын ажлын тусгай зөвшөөрөл сунгуулах үйлчилгээний төлбөрийн баримтуудыг хавсаргаж өгсөн. Хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө тайланг хуульд заасан хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр дутуу баримт бичгийг бүрэн бүрдүүлж өгсөн боловч хариуцагч байгууллагаас “хуульд заасан хайгуулын ажлын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ ирүүлээгүй байна” гэдэг үндэслэлээр хайгуулын ажлын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан. “Т “ ХХК нь ямар шалтгаанаас хайгуулын ажлын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хугацаанд нь гаргаж чадаагүй талаарх баримтаа гаргаж, тайлбарласан боловч боловч хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаж үзэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлж, хайгуулын ажлын тайлангаа цахимаар өгч, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулж, 200,000 төгрөгийг байгаль хамгаалах санд байршуулан, тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө гаргасан байтал хариуцагч байгууллага тайлан, зардлын хэмжээ хянуулсан тодорхойлолт ирүүлээгүй гэдэг тайлбарыг гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу Т********* ХХК-ийн эзэмшдэг Баянхонгор аймгийн нутаг, Шар хоолой нэртэй 1645.02 гектор талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-017915 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2823 тоот шийдвэрийг хууль  бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т********* ХХК-ийн гаргасан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг "Шар хоолой" нэртэй 1645.02 гектар талбай бухий ашигт малтмалын хайгуулын ******** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох" гэсэн утга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна.

1/ Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг орших "Шар хоолой" нэртэй 1645.02 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-***** дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр анх М********* ХХК ХХК-д олгожээ. Дээр дурдсан тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын / тухайн үеийн нэрээр / 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 118 дугаар шийдвэрээр М********* ХХК-иас Т********* ХХК ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

2/ Т********* ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ********* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж хуульчилсны дагуу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т "тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан" бол уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоор хуульчилсныг үндэслэн дээр дурдсан тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болгон Геологи, уул уурхайн кадастрын системд бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэлд “...Т********* ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ж******* нь орон нутагт байсан тул тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаж чадаагүй" гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар байна. Учир нь Татварын ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль, эдгээр хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарт заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байх гэдэгт дээрх тохиолдол нь хамаарахгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т зааснаар 3 сарын дотор хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх зохицуулалттай бөгөөд энэ талаар танай компаниас гомдол гаргаж, шийдвэрлүүлээгүй байна. Иймд дээрх тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгон бүртгэсэнтэй холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа бүхэлд нь дэмжиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана:” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө шаардлагатай баримт бичгийн бүрдлийг бүрдүүлж холбогдох төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаж, хүсэлтийн дагуу төрийн захиргааны байгууллага хүлээн авч хуульд нийцэж байвал тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жил хүртэлх хугацаагаар сунгана гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Т********* ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан шаардлагын дагуу ирүүлээгүй. Яагаад хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй болон хуульд заасан хугацаандаа хүсэлтээ гаргаагүй талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой дурдсан. Т********* ХХК хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ 3 сарын дараа ирүүлсэн байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно.” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгосон, Ч.Ж********* гэх иргэнд олгогдоогүй. Тэр хүн хаана байх нь хамаагүй, компани бол тусгай зөвшөөрлийг хуулийн хугацаанд сунгуулах эрх нь нээлттэй байсан. Тиймээс Ч.Ж********** хөл хорионд байсан, өвчтэй байсан нь хүндэтгэх үзэх шалтгаан биш байна. Улаанбаатар хотод ирээд сар гаруй хугацаа өнгөрсөн байтал хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ өгөөгүй, эмнэлэгт үзүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа юм. Мөн Т********* ХХК нь олон тусгай зөвшөөрөл эзэмшдэг, тавь тавин хувийн хоёр хувьцаа эзэмшигчтэй компани юм. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь цахимаар өгсөн гэж жил бүрийн 2 дугаар сарын 15-нд Геологи хайгуулын хэлдтэст өгдөг тайлан мэдээг яриад байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тухайн сумын Засаг даргаар батлуулж аваад хугацаа сунгуулах хүсэлтдээ хавсаргаж өгөх ёстой, бас зардлын доод хэмжээг баталгаажуулсан тодорхойлолтыг хугацаа сунгуулах хүсэлтдээ хавсаргаж өгөх ёстой. 2 дугаар сард цахимаар өгсөн байх ёстой хайгуулын ажлын тайлан төлөвлөгөөг цахимаар өгсөн эсэх нь хугацаа сунгуулах хүсэлт гаргахтай хамааралгүй. Хайгуулын ажлын тайланг батлуулсан талаарх тодорхойлолтоо тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахдаа өгөх ёстой. хайгуулын ажлын төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулахгүй өгч байгаа, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулж өгч байгаа.

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1:4-т заасан хайгуулын ажлын тайлан батлуулсан эсэх, зардлын доод хэмжээг батлуулсан эсэх тодорхойлолтоо хугацаа сунгуулах хүсэлтдээ хавсаргаж өгөөгүй, хайгуулын ажлын тайлан батлуулсан эсэх, зардлын доод хэмжээг батлуулсан эсэх энэ тодорхойлолтоо төрийн захиргааны байгууллагаас одоог хүртэл аваагүй байгаа.

Хайгуулын ажлын тайланг цахимаар маягтуудаа бөглөөд өгсөн. Геологи хайгуулын хэлтэс хүлээж аваад үйл ажиллагаа нь зардлын доод хэмжээндээ хүрсэн эсэхийг шалгаж үзээд санхүүгийн ажилтан хянаад Сангийн яамнаас тайлан мэдээг нь авч баталгаажуулаад, дараа нь тусгай зөвшөөрөл эзэмшигч тэр тодорхойлолтоо авдаг, тэр тодорхойлолтоо хугацаа сунгуулах хүсэлтдээ хавсаргаж өгдөг, нэхэмжлэгч тэр тодорхойлолтоо одоог хүртэл аваагүй байгаа.

Хайгуулын ажлын зардлын доод хэмжээний ажил гүйцэтгэсэн тайлан, хайгуулын ажлын төлөвлөгөөг өгсөн гэдэгтэй маргаагүй. Нэхэмжлэгч тал тайлбартаа бид хуулийн дагуу хугацаандаа Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө тайлангаа өгсөн гэж тайлбарлаж байна. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын тайлан төлөвлөгөөнөөс өөр хугацаанд батлуулдаг. Нэхэмжлэгч тал нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй бөгөөд өгсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хайгуулын үйл ажиллагаагаа явуулаагүй, хайгуулын тусгай зөвшөөрөл сэргээгүй тохиолдолд дансанд байршуулсан 200,000 төгрөгөө харьяа сумаасаа хүсэлт гаргаж буцаан авах эрхтэй байдаг. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч талд ямар нэгэн хохирол учрахгүй. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүй бөгөөд анх 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан. Хайгуулын ажлын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг заавал биечилж ирж өгөх шаардлагагүй, шуудангийн байгууллагаар дамжуулан хүргүүлэх боломжтой байдаг. Т********* ХХК нь өөр тусгай зөвшөөрлүүд эзэмшдэг, өөр хувьцаа эзэмшигчтэй, тус компани нь 200 гаруй ажилтантай. Үүнээс үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргах бүрэн боломжтой байсан.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэл бүрдэхгүй байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ТТ********* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг, Шар хоолой нэртэй 1645.02 гектор талбай бүхий ашигт малтмал хайгуулын ********** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8/2823 тоот албан бичгээр гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар судлагдсан нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын нутаг, Шар хоолой нэртэй газарт орших маргаанд хамаарах 1645,02 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ********* дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 238 дугаар шийдвэрээр  М****** ХХК-д олгож, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 118 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Т********* ХХК шилжүүлэн авч, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 326 дугаар шийдвэрээр 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 3 жилээр сунгуулсан байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1-22.1.4-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн баримт, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хавсарган гаргах учиртай бөгөөд 22.2-т зааснаар төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг хуулиар тогтоосон хугацаагаар сунгахаар байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дууссан бөгөөд хугацаа дуусгавар болсон нь 5 дугаар сарын 07-нд системд бүртгэгдсэн, нэхэмжлэгч Т********* ХХК нь 2021 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэл хүчинтэй байсан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг дээрх баримтуудыг хавсарган 3 дугаар сарын 15-ны дотор гаргах байсан ч энэ хугацаанд гаргаагүй, 6 дугаар сарын 28-нд А-21/0280 тоот албан бичгээр хүсэлтээ гаргасан, хүсэлтдээ тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн баримтыг хавсаргасан, харин хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хавсаргаагүй байна.

Нэхэмжлэгч нь  тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг  3 дугаар сарын 15-ны дотор гаргаагүй хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа “компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох захирал Ч нь 2021 оны 2 дугаар сарын 08-наас 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин суманд хөл хорионд орсон, ковид-19 халдварын шинжилгээ өгч, тусгаарлалтад байсан, 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хөлөндөө гэмтэл аван ажиллах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” хэмээн, уг хүндэтгэн үзэх шалтгааны баримтыг захиргааны байгууллага харгалзалгүй хугацаа сунгуулах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн нь  хууль бус гэж маргажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын онцгой комисс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 137 дугаар албан бичгээр тодорхойлсноор Т********* ХХК-ийн захирал Ч .Ж**********нь 2021 оны 2 дугаар сарын 08-наас 04 дүгээр сарын 09-ний хооронд Улаанбаатар хот руу зорчих хүсэлт нь үл зөвшөөрөгдсөн учир Хархорин суманд хөл хорионд саатсан байх бөгөөд энэ хугацааг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах боломжгүйд хүрсэн хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохоор байна.

Харин 2021 оны 4 дүгээр сарын 09-нөөс 6 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд хугацаа сунгуулахаар төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ хүргүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээргүй байна.

Тодруулбал 1/ Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 91, 104 дүгээр тогтоолоор  4 дүгээр сарын 10-наас 5 дугаар сарын 08-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт, 115, 154 дүгээр тогтоолоор 5 дугаар сарын 08-наас 6 дугаар сарын 30-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/54 дүгээр тушаалаар ажилтнуудыг байгууллага дээр болон цахимаар ажиллуулах хуваарийг баталж ажиллуулсан байх тул хүсэлтийг хүлээн авахад төрийн захиргааны байгууллагаас шалтгаалах зүйлгүй байжээ. 2/ Т********* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох захирал Ч нь 2021 оны 4 дүгээр сарын 12, 17, 18, 6 дугаар сарын 7-ны өдөр ковид-19 вирусын халдварыг илрүүлэх шинжилгээ өгч сөрөг буюу халдваргүй гарсан байх тул энэ хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргах, баримтаа бүрдүүлэх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж дээрх үйлдлийг гүйцэтгүүлэх боломжгүй байсан хэмээн үзэхээргүй байна. 3/ Мөн тэрээр 2021 оны 4 дүгээр сарын 18-нд дугуйнаас унаж баруун хөлийн шагайгаа гэмтээж, 4 дүгээр сарын 19-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хугарлыг ил аргаар ялтас шургаар бэхлэх мэс засал хийлгэсэн байх ч 5 дугаар сарын 07-нд системд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон нь бүртгэгдэхээс өмнө хүндэтгэн үзэх шалтгааны баримтаа хавсарган хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах боломжтой байжээ.  

Гэтэл тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон нь системд бүртгэгдсэнээс даруй 51 хоногийн дараа 2021 оны 6 дугаар сарын 28-нд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацааг хэтрүүлснээс гадна хавсаргах баримт бичгийн бүрдлийг хангуулаагүй буюу хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтгүйгээр хугацаа сунгуулахаар хандсан, улмаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс 6 дугаар сарын 30-нд “хугацаа сунгах боломжгүй” гэсэн хариуг 8/2823 тоот албан бичгээр өгсний дараа 7 дугаар сарын 07-нд А-21/0291 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж хүсэлт гаргахдаа мөн л дээрх баримтуудыг ирүүлээгүй, К-11 маягтаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт /1 хуудас/, тусгай зөвшөөрлийн хуулбар /4 хуудас/, үйлчилгээний хөлс төлсөн баримт /1 хуудас/, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн баримт /1 хуудас/-ыг хавсаргасан болох нь хариуцагч захиргааны байгууллагын ирсэн бичгийн бүртгэлд /7 хуудсаар/  бүртгэгдсэнээр тогтоогдож байна.

Тусгай зөвшөөрлийн талбайн 2021 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын  төлөвлөгөөг 6 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч хянаж, баталсан, 2021 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газар 2 дугаар сарын 14-нд цахимаар хүлээн авч, Геологи хайгуулын хэлтэс 7 дугаар сарын 7-ны өдөр хянаж, баталсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газар 8 дугаар сарын 13-нд хянасан, 2020 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, түүн доторх хайгуулын ажлын зардлын хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 08-нд Ашигт малтмал, газрын тосны газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтэс хянаж хүлээн авсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газар 10 дугаар сарын 13-нд хянасан байна.

Өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон хугацаа сунгуулах хүсэлт гаргах хугацаанд болон хүндэтгэн үзэх шалтгаан арилснаас хойших хугацаанд, мөн анх 6 дугаар сарын 28-нд хүсэлтээ гаргах үед Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан хайгуулын ажлын зардлыг хянасан, баталсан баримт, 22.1.3-т заасан 2021 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын  төлөвлөгөө, 22.1.4-т заасан 2020 оны хайгуулын үе шатны ажлын тайлан бүрдээгүй байжээ.   

Дээрхээс үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын *********** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хуулиар тогтоосон хугацаанд холбогдох баримтыг бүрдүүлэн гаргаагүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй, нөгөөтэйгүүр хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8/2823 тоот албан бичгээр өгсөн хариу хууль зөрчөөгүй байх тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах үндэслэлгүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4, 22.2 дахь хэсэгт заасныг баримтлан “ашигт малтмал хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8/2823 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай Т********* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ