Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0619

 

“Т У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг, Шар хоолой нэртэй “Т У” ХХК-ийн эзэмшдэг 1645.02 гектор талбай бүхий ашигт малтмал хайгуулын XV-017915 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2823 дугаар албан бичгээр татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 367 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, өмгөөлөгч Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0533/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т У” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Шар хоолой нэртэй 1645.02 гектор талбай бүхий ашигт малтмал хайгуулын XV-017915 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2823 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах“-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4, 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т У” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2823 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “Т У” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд 2021 оны 04 сарын 12, 17, 18, 06 дугаар сарын 07-ны өдөр ковид-19 вирусын халдварыг илрүүлэх шинжилгээ өгч, сөрөг буюу халдваргүй гарсан байх тул энэ хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргах, баримтаа бүрдүүлэх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, дээрх үйлдлийг гүйцэтгүүлэх боломжтой байсан” гэж буруу дүгнэлт гаргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 91, 104 дүгээр тогтоолуудаар 2021 оны 04 дүгээр сарын 10-наас 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 115, 154 дүгээр тогтоолоор 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл өдөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 10-наас 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын хавсралт “Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт”-аар баталсан 11 чиглэлийн үйл ажиллагаа явуулах байгууллага, аж ахуй нэгжээс бусад төрийн байгууллага болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, уг тогтоолын хэрэгжилтэд бүх аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб болон цагдаагийн байгууллагын албан хаагчид хатуу хяналт тавьж ажилласан тул уг хугацаанд компанийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсан.

3.2. Мөн Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах журам”-ын 9.1, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/135 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Коронавируст халдварын хариу арга хэмжээний түр заавар”-ын 1.2.2.2-т заасны дагуу ойрын хавьтал болсон тохиолдолд 14 хоногийн хугацаанд “гэрийн тусгаарлалт”-д байж, өөрийгөө тусгаарлах үүрэг Монгол Улсын бүх иргэдэд оноогдсон болно. Тус компанийн захирал Ч.О миний бие 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хөлөө гэмтээн “Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаа хийлгэн, хагалгааны дараах эмчийн зөвлөмжийн дагуу 30 хоногийн хэвтрийн дэглэм баримталсан бөгөөд хэвтрийн дэглэмд байх хугацаандаа буюу 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр коронавирусын ойрын хавьтал болж, тус өдөр шинжилгээ өгч, хариу “сөрөг” гарсан хэдий ч гэрийн тусгаарлалтад 14 хоног өөрийгөө тусгаарлаж, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн компанийн үйл ажиллагааг эхлүүлснээр 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн болно.

3.3. Гэтэл шүүхийн шийдвэрт “2021 оны 04 дүгээр сарын 12, 17, 18 болон 06 дугаар сарын 07-ны өдөр ковид-19 вирусын халдварыг илрүүлэх шинжилгээ өгч, сөрөг буюу халдваргүй байсан тул хүсэлт өгөх боломжтой байсан, ... “мэс засал хийлгэсэн байх ч 05 дугаар сарын 07-ны өдөр системд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон нь бүртгэгдэхээс өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах боломжтой байжээ...” гэж дүгнэсэн нь “бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа түр зогсоосон манай компанийн болон миний хувийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан хүндэтгэн үзэх шалтгааныг үгүйсгэж, Улсын хэмжээнд дагаж мөрдөж буй бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байх үеийн хөл хорио болон хагалгаа хийлгэсний дараах хэвтрийн дэглэм, мөн коронавирусын ойрын хавьтлын “өөрийгөө тусгаарлах” журам зөрчсөн дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч “Т У” ХХК нь хүсэлтдээ хайгуулын ажлын зардлын доод хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хавсаргаагүй байна” гэж үзсэн. “Тусгай зөвшөөрлийн талбайн 2021 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч хянаж баталсан, 2021 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал, Газрын тосны газар 02 дугаар сарын 14-ний өдөр цахимаар хүлээн авч, Геологи хайгуулын хэлтэс 07 дугаар сарын 07-ны өдөр хянаж баталсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газар 08 дугаар сарын 13-ны өдөр хянасан, 2020 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, түүнд доторх хайгуулын ажлын зардлын хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал хайгуулын хэлтэс хянаж, хүлээн авсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газар 10 дугаар сарын 13-нд хянасан байна...гээд, хуулиар тогтоосон хугацаа сунгуулах хүсэлт гаргах хугацаанд болон 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүсэлт гаргах үед Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.2-т заасан хайгуулын ажлын зардлыг хянасан, баталсан баримт, 22.1.3-д заасан 2021 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө, 22.1.4-д заасан 2020 оны хайгуулын үе шатны ажлын тайлан бүрдээгүй байжээ... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ХV-017915 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хуулиар тогтоосон хугацаанд, холбогдох баримтыг бүрдүүлэн гаргаагүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна” гэж үзсэн нь хууль бус дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

3.5. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 91, 104 дүгээр тогтоолоор 2021 оны 04 дүгээр сарын 10-наас 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бөгөөд, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 10-наас 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын хавсралт “Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт”-аар баталсан 11 чиглэлийн үйл ажиллагаа явуулах байгууллага, аж ахуйн нэгжээс бусад төрийн байгууллага. болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон.

Уг тогтоолоор баталсан 11 чиглэл бүхий аж ахуйн нэгжийн жагсаалтад манай компанийн төв оффисын үйл ажиллагаа хамаарахгүй тул уг хугацаанд компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, оффисын бүх ажилчдыг хөл хорионы дэглэм сахиулан, амраасан болно.

3.6. Компанийн үйл ажиллагааг эхлүүлсэн даруйд буюу ажлын 7 хоногийн эхний өдөрт Ашигт малтмалын тухай хуулийн 22.1, 22.1.1-22.1.4-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах хүсэлт гаргасан бөгөөд, хүсэлтдээ тусгай зөвшөөрлийн хувь, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримтыг хавсаргасан болно. Харин 2020 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цахимаар Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байсан боловч тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргах үед буюу 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдаагүй байсан болно.

3.7. Манай компанийн зүгээс хуулийн хугацаанд илгээсэн боловч, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Төрийн байгууллагын албан тушаалтнуудын хуулийн хугацаанд хянаагүй, батлаагүй нь манай байгууллагын буруутай мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Иймд үндэслэлгүй дүгнэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Т У” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг, Шар хоолой нэртэй “Т У” ХХК-ийн эзэмшдэг 1645.02 гектор талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-017915 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2823 дугаар албан бичгээр татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2823 дугаар албан бичгээр “Т У” ХХК-ийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Шар хоолой нэртэй 1645.02 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XВ-017915 дугаартай тусгай зөвшөөрөл Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон тул нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариуг өгчээ.

2.3. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч “Т У” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусахаас 1 сарын өмнө буюу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг холбогдох баримтын хамт төрийн захиргааны төв байгууллагад гаргахаар байна.

2.4. Ийнхүү хугацаа сунгуулах өргөдөл гаргахдаа мөн хуулийн 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-д “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж тус тус заасан баримтуудыг хавсаргахаар хуульчилжээ.

2.5. Гэтэл нэхэмжлэгч компаниас хуульд заасан хугацааны дотор хайгуулын тусгай зөвшөөрөл хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг хариуцагчаас системд бүртгэсний дараа 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл гаргаснаас гадна дээрх хуульд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт зэргийг хавсаргасан өгөөгүй буюу хавсаргавал зохих баримтуудыг бүрэн хавсаргаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2.6. Тодруулбал, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноос хойш буюу 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын 2021 оны төлөвлөгөөг батлуулсан, 2020 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан болон хайгуулын ажлын зардлын хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтэст хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан баримтуудыг нэхэмжлэгч компаниас хуульд заасан хугацааны дотор буюу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө батлуулж, хугацаа сунгуулах өргөдлийн хамт хариуцагчид хүргүүлэхээр байжээ.

2.7. Хэдийгээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онцгой комиссын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 137 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ч.О “2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Улаанбаатар хот руу орох хүсэлт нь үл зөвшөөрөгдсөн учир тус суманд саатсан” болох нь тогтоогдож байх боловч үүнээс хойш 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө гаргаагүй гэж үзэхээр байна.

2.8. Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар хуульд заасан хугацаанд холбогдох баримтуудыг бүрдүүлж өргөдлөө гаргаагүй энэ тохиолдолд нэхэмжлэгч компаниас 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан татгалзлыг хууль бус гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                  Г.БИЛГҮҮН