Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/02109

 

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/02109

 

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У-г суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Х.Б-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: У-т холбогдох,

            Ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх нөхөн олговор, удаан жилийн нэмэгдэл цалин, сар бүрийн үр дүнгийн шагнал, сахилгын шийтгэл үндэслэлгүй оногдуулснаар хасагдсан цалин, 2018, 2019 оны үр дүнгийн шагнал, хоол, унааны мөнгө нийт 40,290,846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд Х.Бийг төлөөлж гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Х.Б нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулж, үндсэн цалингаас суутгасан 563,520 төгрөг гаргуулах, ээлжийн амралтаас цалингүйгээр ажиллуулсан өдрийг хуульд нийцүүлэн олгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/03798 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны 497 тоот магадлалаар тус тус ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор, мөн Улсын дээд шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШЗ2020/00003 дугаартай хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцох тухай захирамж гарсан. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр У-ийн даргын Б-Е-293 дугаартай ажилд эгүүлэн томилох тухай тушаал гарч, Х.Бийг Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангийн хүний нөөцийн менежерээр ажилд эгүүлэн томилсон.

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилсон 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны нийт ажлын 362 хоногийн шүүхийн шийдвэрт тогтоосон нэг өдрийн цалин У-ийн даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А380 Үндсэн цалин нэмэх тушаалд заасныг үндэслэж нэг өдрийн цалин 74,231 төгрөгөөр тооцож 362 хоногийн цалин 26,871,881 төгрөг, ажилгүй байсан хугацааны удаан жилийн нэмэгдэл цалин У-ийн даргын 2019 оны А380 тушаалын 1 дүгээр хавсралтаар тасралтгүй ажилласны нэмэгдлийн хэмжээнд заасан аргачлалын дагуу 1,278,318 төгрөг, Сарын үр дүнгээр олгох шагналын үлгэрчилсэн дүрмийг шинэчлэн батлах тухай замын даргын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А0 тоот тушаал, мөн тушаалын 1 дүгээр хавсралт, Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангийн сарын ажлын үр дүнгийн шагнал олгох тухай 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А0 тоот тушаал, 1 дүгээр хавсралтад заасны дагуу ажилгүй байсан хугацааны сар бүрийн үр дүнгийн шагнал 35 хувь буюу нийт 3,936,368 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Б/0 тушаалаар сахилгын шийтгэл оногдуулж 3 дугаар сарын үндсэн цалинг 20 хувь бууруулж олгосон. Уг тушаалыг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Тухайн сарын хасагдсан цалин 186,000 төгрөгийг, мөн 2018 оны жилийн үр дүнгийн шагнал 200 хувиар олгох шийдвэрийн дагуу Х.Б ажиллаж байсан тохиолдолд авах боломжтой байсан 1,931,000 төгрөг, мөн 2019 оны жилийн үр дүнгийн шагнал 2,127,460 төгрөг, У, Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 2.13-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хоолны мөнгө өдрийн 3,500 төгрөгөөр тооцож, 362 хоногийн хоолны мөнгө 1,141,000 төгрөг, мөн гэрээний 2.4.3-д зааснаар унааны мөнгө сарын 15,000 төгрөгөөр тооцож, 16 сарын унааны мөнгө 240,000 төгрөг, нийт 37,712,027 төгрөгийг У-ээс гаргуулж Х.Бд олгуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас 16 сар ажилгүй байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэл гаргах явцдаа алдаатай тооцоолол хийж ажилгүй байсан хугацааны удаан жилийн нэмэгдлийг 12 сараар, ажилгүй байсан хугацааны үр дүнгийн шагнал 35 хувь болох нэмэгдлийг 12 сараар тус тус бодсон байна. Ажилгүй байсан хугацааны удаан жилийн нэмэгдлийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 16 сар, сар бүрийн үр дүнгийн шагналыг 35 хувь болох нэмэгдлийг 16 сараар бодож нийт 2,575,819 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 40,290,846 төгрөгийг хариуцагч У-ээс шаардаж байгаа. Нэг өдрийн дундаж цалинг шүүхээс тогтоосон гэж байна. Тэр хүний утасны төлбөр, утасны лизинг, цахилгааны төлбөрийг цалингаасаа суутгуулдаг юм билээ. Энэ болгоныг шүүх хасаж тооцож байгаад тогтоосон байдаг. Тухайн үеийн нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын дүн ондоо гарсан байдаг. 2020 оны 01 сарын 10-ны өдөр тушаал гарсан байхад үндэслэлгүйгээр татгалзсан гэж ярьж байна. Үүнийг тайлбарлахад 2020 оны 01 сарын 14-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын дээд шүүхэд гаргасан хяналтын гомдлоосоо татгалзсан байдаг. 2020 оны 01 сарын 21-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Улсын дээд шүүхээс 2020 оны 01 сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид захирамж гарсныг мэдэгдсэн. 2020 оны 01 сарын 24-ний өдөр Х.Бийг дуудаж уулзаад ...таныг Барилга угсралтын ангид томиллоо. Таныг ажилд авах тушаал гарсан байхад яагаад ирэхгүй байгаа юм бэ? гэсэн байдаг. Ингэж уулзахдаа Х.Б ...би өөрийнхөө хуучин ажилд томилогдоно. Шүүхийн шийдвэр гарсан байна гэж маргаан үүсээд гараад явсан байдаг. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 04-ний шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хуучин ажиллаж байсан албан тушаалдаа эгүүлэн томилогдсон байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 5 сарын 13-ны өдөр хаагдсан баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Х.Б нь 1994 оноос хойш У-д 26 жил ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2018 онд ажлаасаа халагдсанаас болж 16 сар ажилгүй хохирсон. Мөн 8 сарын 12-ны өдөр энэ хүнийг орон тоо байхгүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэсэн мэдэгдэл очсон байдаг. Зөвхөн энэ хүнийг ажлаас нь халахын тулд Барилга угсралтын 2 дугаар ангийг татан буулгаад бусад бүх ажилчдыг буцаан ажилд томилсон тушаалыг У гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

Хариуцагч У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрт заагдсан 1 өдрийн дундаж цалин хөлс 48,610 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх ажлын 268 өдрөөр тооцон, нийт 13,027,480 төгрөг төлөхийг, мөн хэмжээгээр ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговрыг нөхөн төлөх үүргийг хуульчилсан. Нэхэмжлэгч Х.Бийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/03798 дугаартай шийдвэрт түүний урьд авч байсан нэг өдрийн дундаж цалин хөлсийг 48,610 төгрөг гэж тогтоосон байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 497 дугаар магадлалаар: ...нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг анхан шатны шүүхээс 5,347,100 төгрөгөөр тодорхойлсон нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасантай нийцжээ гэж дүгнэсэн бөгөөд, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нэг өдрийн дундаж цалин хөлс 48,610 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох нь хууль зүйн үндэслэлтэй юм. Х.Бийг шүүхийн шийдвэрийн дагуу замын даргын 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б-1-07 дугаартай тушаалаар У-ын Барилга угсралтын ангийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн томилж, түүнд 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш ажилд томилсон талаар удаа дараа мэдэгдэж, дуудсан боловч ажилдаа ирээгүй.

Х.Бийн урьд ажиллаж байсан Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангид У-ийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А-439 дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлт хийгдэж, тухайн байгууллага хоёр хуваагдан нэг нь Барилга угсралтын анги, нөгөө нь Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар анги болж өөрчлөн зохион байгуулагдсан тул Барилга угсралтын ангийн хүний нөөцийн менежерийн ажилд Х.Бийг томилсон. Цалин хөлс, ажлын байр, ажлын нөхцөл бүгд урьд эрхэлж бйасан ажил, албан тушаалтай ижил болно. Иймд У нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, Х.Бийг ажилд томилсон тул шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажлын 268 өдрөөр тооцон олговор олгохыг зөвшөөрч байна. Сахилгын шийтгэлийн улмаас хасагдсан цалин 186,000 төгрөгийг олгох үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүйд тооцож, үндсэн цалингаас суутгасан цалингийн зөрүү 563,520 төгрөгийг Х.Бд олгохоор нэгэнт шийдвэрлэгдсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт тул дахин шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Мөн ажилгүй байсан хугацааны удаан жилийн нэмэгдэл 1,278,318 төгрөг, сарын үр дүнгийн шагнал 35% нийт 3,936,368 төгрөг, хоолны мөнгө 1,141,000 төгрөг, унааны мөнгө 240,000 төгрөгийг олгуулахаар шаардах үндэслэлгүй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 4-т: Ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд, нөхөх олговор, хөнгөлөлтийн орлогыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан. Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор хуульчилсан, цалин хөлс нь нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй үйл баримт юм. Нэхэмжлэлийн шаардлагын 2018 оны үр дүнгийн шагнал 1,931,000 төгрөг, 2019 оны жилийн ажлын үр дүнгийн шагнал 2,127,460 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгох заалт, Төмөр замын ажилтнуудад жилийн ажлын үр дүнгээр шагнал олгох журам-д заасан бүтэн жил ажилласан ажилтанд ажлын үр дүнг нь үнэлсний үндсэн дээр шагналт цалин олгох зорилгод нийцэхгүй, үндэслэлгүй. Үр дүнгийн шагналыг олгохдоо тухайн сардаа, тухайн жилдээ бүтэн ажилласан хүнд ажлын үр дүнг нь дүгнээд шагнал олгох комиссоор хэлэлцээд олгох эсэхийг шийддэг. Ямар тохиолдолд үр дүнг олгох тухай шагналын журам дээр заасан байгаа. Жилийн үр дүнгийн шагналыг тухайн жилд бүтэн, үр дүнтэй ажилласан, ямар нэгэн зөрчил гаргаагүй хүнд хурлаар хэлэлцэж олгодог. Х.Бд жилийн үр дүнгийн шагналыг олгох үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ажлын өдрөө буруу тооцоолж гаргасан байна. Өөрөөр хэлбэл нийт ажлын 362 хоног гэж тооцоолсон байна. Нэхэмжлэгчийн тодорхойлсон 2020 оны 4 сарын 27-ны өдрийг хүртэл тооцвол ажлын 341 хоног байна. Хаанаас гаргаж 362 хоног гаргаж ирсэн нь тодорхойгүй байна. Тооцоолол нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын 2, 3, 5, 6-т тооцсон үнийн дүнг хэрхэн тооцож гаргасан нь мөн тодорхойгүй. Нэхэмжлэгчийн 1 дүгээр шаардлагыг цалин хөлсөнд 26,871,881 төгрөгийг нэхэмжилж байна гэж ойлголоо. Энэ үнийн дүнг 362 хоногт хуваахаар нэг өдрийн цалин хөлс 74,231 төгрөг болж байна. Үндсэн цалин нь 2019 оны 9 сард нэмэгдсэн. Гэтэл үүнийг бүхэл бүтэн 2018 оны 12 сарын 17-ны өдрөөс хойш нэмэгдүүлсэн цалингаар тооцоолсон байна. Хавтаст хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн хяналтын тогтоол гарахад 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр ажилд томилсон шийдвэр гарсан. Үүнийг үндэслээд хяналтын гомдлоосоо татгалзсаныг Улсын дээд шүүхийн тогтоолоор баталгаажсан байдаг. Улсын дээд шүүхэд хяналтын гомдлоосоо татгалзсан өргөдөл гаргахаас өмнө нэхэмжлэгч тайлбар, хүсэлтээ өгсөн байдаг. Нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн. Зурвас явуулсан. Шуудан явуулсан байдаг. Энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангийн хүний нөөцийн менежер гэдэг албан тушаалд н.Байгалмаа гэдэг хүн шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн томилогдсон байсан. Тийм учраас бид тэр хүнийг сольж чадахгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас удаа дараа шүүхийн шийдвэрт заагдсан албан тушаалд ав гэхээр нөгөө хүнтэйгээ тохиролцоо хийж байж нөгөө хүн нь шилжсэн байдаг. Хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас бидний хүлээн зөвшөөрсөн 13,027,480 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү....гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Бийг төлөөлөн түүнээс олгогдсон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нь хариуцагч У-т холбогдуулан, Х.Бийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 16 сарын хугацааны дундаж цалинтай тэнцэх нөхөн олговорт 26,156,046 төгрөг, ажилгүй байсан хугацааны сар бүрийн үр дүнгийн шагнал 35 хувиар тооцож 6,042,680 төгрөг, мөн хугацааны удаан жилийн нэмэгдэл цалин 1,750,816 төгрөг, анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон тушаалын дагуу хасагдсан цалин 186,000 төгрөг, 2018 оны жилийн үр дүнгийн шагнал 200 хувиар олгох шийдвэрийн дагуу ажиллаж байсан тохиолдолд авах боломжтой байсан 1,931,000 төгрөг, 2019 оны жилийн үр дүнгийн шагнал 200 хувиар олгох шийдвэрийн дагуу ажиллаж байсан тохиолдолд авах боломжтой байсан 2,217,460 төгрөг, нийт 362 хоногийн хоолны төлбөр 1,141,000 төгрөг, 16 сар ажилгүй байсан хугацааны унааны төлбөр 240,000 төгрөг, нийт 40,290,846 төгрөгийг У-ээс гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх нөхөн олговорт 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх ажлын 268 хоногийн цалинг, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр буюу нэг хоногийн дундаж цалин хөлсийг 48,610 төгрөгөөр тооцон нийт 13,027,480 төгрөг төлөх, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй хэмээн тайлбарлаж маргасан.

Х.Б нь У-ийн Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангид Хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад, ажил олгогчийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Б/07 тоот тушаалаар түүнд 3 сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулан, тухайн тушаалд гомдол гаргасан хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б-II-177 дугаар ажил олгогчийн шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөж, тэдгээр тушаалуудыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд гомдлын шаардлага гаргасан байна.

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/03798 дугаар шийдвэрээр Х.Бийг У-ийн Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангийн Хүний нөөцийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, У-ийн замын даргын Х.Бд сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Б-II-07 тоот тушаалыг хүчингүйд тооцож, хариуцагчаас үндсэн цалингаас суутгасан цалингийн зөрүү 563,520 төгрөг гаргуулан гомдол гаргагч Х.Бд олгож, ээлжийн амралтаас эдлээгүй үлдсэн амралтын хоногийг нөхөн эдлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 5-11/

Дээрх шүүхийн шийдвэр нь хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянагдаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 497 тоот магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас мөн хяналтын журмаар гомдол гаргасан боловч тухайн гомдлоосоо татгалзсаны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШЗ2020/00003 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бг хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцсон байна. /хх-12-17/

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Х.Бийг 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б-1-07 дугаартай тушаалаар Барилга орон сууцны ангийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн томилсон учраас хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан бөгөөд, тэрээр ажил олгогчийн шийдвэрээр томилсон ажилд орохоос үндэслэлгүйгээр татгалзсан тул энэ өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг тооцох үндэслэлтэй гэж тайлбарласан.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг тайлбарыг эс зөвшөөрч, ажил олгогч нь Х.Бийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заагдсан Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн хүний нөөцийн менежерийн ажилд бус, өөр ажилд томилсны улмаас шүүхийн шийдвэрээр тогтоолгосон ажилдаа томилуулахыг хүссэн ч уг ажилд нь томилоогүй учир шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсны дагуу энэ өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааг тооцох талаар үндэслэл заан маргаж байна.

У нь Х.Бийг Шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авах тухай 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б-1-07 дугаар тушаал гарган ажилд томилохоор шийдвэрлэсэн хэдий ч, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрт заасан Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн хүний нөөцийн менежерийн ажилд бус, харин Барилга угсралтын ангийн хүний нөөцийн менежерийн ажилд авчээ. /хх-40/

Нэхэмжлэгч Х.Бийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилсон гэх дээрх хугацаанд шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон түүний ажлын байр байхгүй буюу, Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар анги нь тусдаа хоёр анги болон хуваагдсан гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан боловч, түүний тайлбар хэрэгт цугларсан бичмэл баримтаар нотлогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч Х.Бийн гаргасан хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар Гүйцэтгэх хуудас бичигдэн, улмаар 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 20250211 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, тус байгууллагаас ажил олгогч У-ийн захиргаанд 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 4/4994 тоот, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 4/7446 тоот мэдэгдлийг тус тус хүргүүлж, улмаар 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 5/302 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасан төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /хх-77/

Ажил олгогч У нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Б-I-293 тоот Х.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажилд авах тухай тушаал гарган, тодорхой бус үндэслэлээр Х.Бийн өмнө нь байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/03798 дугаар шийдвэрт заагдсан Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангийн хүний нөөцийн менежер-ийн ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байх тул энэ өдөр Х.Б шүүхийн шийдвэрийн дагуу тогтоогдсон ажилдаа эгүүлэн томилогдсон гэж дүгнэн, түүний ажилгүй байсан хугацаа 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажлын 341 хоног байгааг тооцож, энэ хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардахдаа мөн хугацааны удаан жилийн нэмэгдэл, сар бүрийн үр дүнгийн шагнал, ажиллаж байсан тохиолдолд олгогдох боломжтой байсан шагнал, хоолны болон унааны мөнгө зэргийг оруулан тооцож, цалинтай тэнцэх олговорт бүгд 40,104,846 төгрөг, мөн ажил олгогчийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Б/07 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар тухайн сараас хасагдсан гэх цалин 186,000 төгрөг, нийт 40,290,846 төгрөгийг хариуцагчаас шаардсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох үүргийг ажил олгогч хүлээнэ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/003798 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 48,610 төгрөгөөр тооцсон, уг тооцооллыг давж заалдах шатны шүүхээс хянаад, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасантай нийцсэн хэмээн дүгнэсэн, дээрх шүүхийн шийдвэр болон магадлал хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар нэхэмжлэгчийн нэг өдрийн цалингийн хэмжээг дахин нотлох шаардлагагүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн 341 хоногийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,576,010 төгрөг /341 хоног*48,610 төгрөг/-ийг хариуцагч У-ээс гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгож, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалган, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нэхэмжлэгчийн илүү шаардсан 23,528,836 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн, Х.Б нь У-ийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар тухайн сарын цалингаас суутгасан гэх 186,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан хэдий ч, энэ асуудлаар буюу дээрх ажил олгогчийн шийдвэрийн дагуу цалингаас суутгагдсан 563,520 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг шүүх хянаж, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байх бөгөөд, уг суутгалд тооцогдоогүй зөрүү гэх 186,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэхүү шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч У-ээс 16,576,010 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгож, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны Х.Бийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг У-т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 23,714,836 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 402,709 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 240,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           А.САРАНТУЯА