Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/02029

 

 

Х.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02109 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Бийн хариуцагч ХХХт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх нөхөн олговор, удаан жилийн нэмэгдэл цалин, сар бүрийн үр дүнгийн шагнал, сахилгын шийтгэл үндэслэлгүй оногдуулснаар хасагдсан цалин, 2018, 2019 оны үр дүнгийн шагнал, хоол, унааны мөнгө нийт 40 290 846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Мандал,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Болороо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/03798 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны 497 тоот магадлалаар тус тус ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор, мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШЗ2020/00003 дугаартай хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцох тухай захирамж гарсан. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ХХХийн даргын Б-Е-293 дугаартай ажилд эгүүлэн томилох тухай тушаал гарч, Х.Бийг Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангийн хүний нөөцийн менежерээр ажилд эгүүлэн томилсон. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилсон 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны нийт ажлын 362 хоногийн шүүхийн шийдвэрт тогтоосон нэг өдрийн цалин ХХХийн даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А380 үндсэн цалин нэмэх тушаалд заасныг үндэслэж, нэг өдрийн цалин 74 231 төгрөгөөр тооцож 362 хоногийн цалин 26 871 881 төгрөг, ажилгүй байсан хугацааны удаан жилийн нэмэгдэл цалин ХХХийн даргын 2019 оны А380 тушаалын 1 дүгээр хавсралтаар тасралтгүй ажилласны нэмэгдлийн хэмжээнд заасан аргачлалын дагуу 1 278 318 төгрөг, сарын үр дүнгээр олгох шагналын үлгэрчилсэн дүрмийг шинэчлэн батлах тухай замын даргын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 000 тоот тушаал, мөн тушаалын 1 дүгээр хавсралт, Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангийн сарын ажлын үр дүнгийн шагнал олгох тухай 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А10 тоот тушаал, 1 дүгээр хавсралтад заасны дагуу ажилгүй байсан хугацааны сар бүрийн үр дүнгийн шагнал 35 хувь буюу нийт 3 936 368 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/07 тушаалаар сахилгын шийтгэл оногдуулж, 3 дугаар сарын үндсэн цалинг 20 хувь бууруулж олгосон. Уг тушаалыг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Тухайн сарын хасагдсан цалин 186 000 төгрөгийг, мөн 2018 оны жилийн үр дүнгийн шагнал 200 хувиар олгох шийдвэрийн дагуу Х.Б ажиллаж байсан тохиолдолд авах боломжтой байсан 1 931 000 төгрөг, мөн 2019 оны жилийн үр дүнгийн шагнал 2 127 460 төгрөг, ХХХ, Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 2.13-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хоолны мөнгө өдрийн 3 500 төгрөгөөр тооцож, 362 хоногийн хоолны мөнгө 1 141 000 төгрөг, мөн гэрээний 2.4.3-д зааснаар унааны мөнгө сарын 15 000 төгрөгөөр тооцож, 16 сарын унааны мөнгө 240 000 төгрөг, нийт 37 712 027 төгрөгийг ХХХээс гаргуулж Х.Бд олгуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны удаан жилийн нэмэгдлийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 16 сар, сар бүрийн үр дүнгийн шагналыг 35 хувь болох нэмэгдлийг 16 сараар бодож нийт 2 575 819 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 40 290 846 төгрөгийг хариуцагч ХХХээс шаардаж байгаа. Нэг өдрийн дундаж цалинг шүүхээс тогтоосон гэж байна. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр энэ хүнийг орон тоо байхгүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэсэн мэдэгдэл очсон байдаг. Зөвхөн энэ хүнийг ажлаас нь халахын тулд Барилга угсралтын 2 дугаар ангийг татан буулгаад бусад бүх ажилчдыг буцаан ажилд томилсон тушаалыг ХХХт гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрт заагдсан 1 өдрийн дундаж цалин хөлс 48 610 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх ажлын 268 өдрөөр тооцон, нийт 13 027 480 төгрөг төлөхийг, мөн хэмжээгээр ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Бийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/03798 дугаартай шийдвэрт түүний урьд авч байсан нэг өдрийн дундаж цалин хөлсийг 48 610 төгрөг гэж тогтоосон байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 497 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг анхан шатны шүүхээс 5 347 100 төгрөгөөр тодорхойлсон нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасантай нийцжээ гэж дүгнэсэн бөгөөд, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон. Иймэс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн. Х.Бийг шүүхийн шийдвэрийн дагуу замын даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-1-07 дугаартай тушаалаар Улаанбаатар төмөр замын Барилга угсралтын ангийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн томилж, түүнд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш ажилд томилсон талаар удаа дараа мэдэгдэж, дуудсан боловч ажилдаа ирээгүй. Х.Бийн урьд ажиллаж байсан Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангид ХХХийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А-439 дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлт хийгдэж, тухайн байгууллага хоёр хуваагдан нэг нь Барилга угсралтын анги, нөгөө нь Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар анги болж өөрчлөн зохион байгуулагдсан тул Барилга угсралтын ангийн хүний нөөцийн менежерийн ажилд Х.Бийг томилсон. Цалин хөлс, ажлын байр, ажлын нөхцөл бүгд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай ижил болно. Сахилгын шийтгэлийн улмаас хасагдсан цалин 186 000 төгрөгийг олгох үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүйд тооцож, үндсэн цалингаас суутгасан цалингийн зөрүү 563 520 төгрөгийг Х.Бд олгохоор нэгэнт шийдвэрлэгдсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт тул дахин шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Мөн ажилгүй байсан хугацааны удаан жилийн нэмэгдэл 1 278 318 төгрөг, сарын үр дүнгийн шагнал 35 хувь нийт 3 936 368 төгрөг, хоолны мөнгө 1 141 000 төгрөг, унааны мөнгө 240 000 төгрөгийг олгуулахаар шаардах үндэслэлгүй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журм-ын 4-т: Ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд, нөхөх олговор, хөнгөлөлтийн орлогыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан. Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор хуульчилсан, цалин хөлс нь нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй үйл баримт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгох заалт, Төмөр замын ажилтнуудад жилийн ажлын үр дүнгээр шагнал олгох журам-д заасан бүтэн жил ажилласан ажилтанд ажлын үр дүнг нь үнэлсний үндсэн дээр шагналт цалин олгох зорилгод нийцэхгүй, үндэслэлгүй. Ямар тохиолдолд үр дүнг олгох тухай шагналын журам дээр заасан байгаа. Жилийн үр дүнгийн шагналыг тухайн жилд бүтэн, үр дүнтэй ажилласан, ямар нэгэн зөрчил гаргаагүй хүнд хурлаар хэлэлцэж олгодог. Х.Бд жилийн үр дүнгийн шагналыг олгох үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн тодорхойлсон 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тооцвол ажлын 341 хоног байна. Хаанаас гаргаж 362 хоног гаргаж ирсэн нь тодорхойгүй байна. Тооцоолол нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын 2, 3, 5, 6-т тооцсон үнийн дүнг хэрхэн тооцож гаргасан нь мөн тодорхойгүй. Нэхэмжлэгчийн 1 дүгээр шаардлагыг цалин хөлсөнд 26 871 881 төгрөгийг нэхэмжилж байна гэж ойлголоо. Энэ үнийн дүнг 362 хоногт хуваахаар нэг өдрийн цалин хөлс 74 231 төгрөг болж байна. Үндсэн цалин нь 2019 оны 9 дүгээр сард нэмэгдсэн. Гэтэл үүнийг бүхэл бүтэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш нэмэгдүүлсэн цалингаар тооцоолсон байна. Хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас бидний хүлээн зөвшөөрсөн 13 027 480 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ХХХээс 16 576 010 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгож, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны Х.Бийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг ХХХт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 23 714 836 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 402 709 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 240 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэг хоногийн дундаж цалин хөлсийн 48 610 төгрөгөөр тооцсон байдаг. Гэвч нэхэмжлэгч Х.Бийн ажиллаж байсан Барилга угсралт үйлчилгээний 2 дугаар ангийн хүний нөөцийн менежерийн албан тушаалын үндсэн болон нэмэгдэл цалин 2 удаа буюу 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тус бүр 10 хувь нэмэгдсэн байдаг. Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн анхан шатны шүүхийн дундаж цалин хөлс тогтоосон 48 610 төгрөгийг 2018 оны цалин хөлс 10 хувиар нэмэх тушаалын дагуу 2019 оны 8 дугаар сар хүртэл дундаж цалин хөлс 53 471 төгрөг нийт 9 сарын цалин хөлс 9 197 012 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 01-ээс цалин хөлс 10 хувиар нэмэх тушаалын дагуу нэг өдрийн дундаж цалин хөлс 58 818.1 төгрөгөөр бодож 7 сарын цалин хөлс 10 116 713.2 төгрөг нийт 19 313 725.2 төгрөг гаргуулах боломжтой байсан. Шүүх нэхэмжлэгч Х.Бийн 2018 оны 7 дугаар сард ажлаасаа үндэслэлгүйгээр халагдаж, тухайн сард 7 хоног ажилласан шүүхэд хандсан нотлох баримтын дагуу дундаж цалин хөлсийг 48 610 гэж тогтоосон баримтыг үндэслэж, нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримт хэмээн 16 576 010 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг дутуу олгох шийдвэр гаргасан байна. Мөн ХХХ-ийн даргын 2018, 2019 оны жилийн үр дүнгийн шагнал 200 хувиар олгох шийдвэрийн дагуу ажиллаж байсан тохиолдолд авах боломжтой байсан 2018 оны үр дүнгийн шагнал 1 931 000 төгрөг, 2019 оны жилийн үр дүнгийн шагнал 2 217 640 төгрөгийг олгох тушаал, цахилгаанд шүүхийн шийдвэртэй ажилтанд олгохгүй гэж заагаагүй, нэхэмжлэгч нь ажиллаж байсан тохиолдолд уг урамшууллыг авах бүрэн боломжтой байсан. Шүүхийн шийдвэрээр дундаж цалин хөлс тогтоосон сүүлийн гурван сар нь тус урамшуулалыг аваагүй сарууд байсан. Тус урамшууллыг оны эхэнд болон улсын баяр наадмаар олгох талаар ХХХийн даргын цахилгаанд дурдсан байдаг. Иймд нэхэмжлэгч Х.Бийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 19 313 725.2 төгрөг, 2018 оны жилийн үр дүнгийн шагнал 1 931 000 төгрөг, 2019 оны жилийн үр дүнгийн шагнал 2 217 640 төгрөг, нийт 23 462 365.2 төгрөгийг хариуцагч ХХХээс гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч ХХХт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, удаан жилийн нэмэгдэл, сар бүрийн үр дүнгийн шагнал, сахилгын шийтгэл үндэслэлгүй ногдуулснаар хасагдсан цалин, 2018, 2019 оны үр дүнгийн шагнал, хоол, унааны мөнгө нийт 40 290 846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 50-51/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангийн хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад тус байгууллагын даргын 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Б/07 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, уг тушаалыг шүүх үндэслэлгүй гэж үзэж, түүнийг ххх-ийн Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас үндсэн цалингаас суутгасан цалингийн зөрүү 563 520 төгрөг гаргуулж Х.Бд олгохоор шийдвэрлэсэн үйл баримт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/03798 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 497 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШЗ2020/00003 дугаар хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцох тухай захирамжаар тогтоогдсон. /хх-5-11, 12-16, 17/

 

Дээрх шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 192 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, ХХХ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-1-07 дугаар тушаалаар Х.Бийг Барилга угсралтын ангийн хүний нөөцийн менежерийн ажил албан тушаалд нь эгүүлэн томилж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон үйл баримт хэргийн баримтаар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх48, 85, 86/

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/03798 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 497 дугаар магадлал, Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШЗ2020/00003 дугаар хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцох тухай захирамжаар тус тус ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх нөхөн олговрыг нэг өдрийн цалин 48 610 төгрөгөөр тооцон шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэж дахин нотлох шаардлагагүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа, ажилтны дундаж цалин хөлсийг зөв тодорхойлж 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 341 хоногийг, нэг өдрийн дундаж цалин 48 610 төгрөгөөр тооцон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16 576 010 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын дундаж цалин хөлс тодорхойлох журамтай нийцжээ.

 

Шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр олгоно. Ажил олгогчийн буруугаас ажилтан цалин хөлсөөр хохирсон тул тэрээр шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацааны олговрыг шаардах эрхтэй.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/03798 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагчаас үндсэн цалингаас суугасан цалингийн зөрүү 563 520 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байх тул түүнд 3 сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулан хассан цалинг гаргуулах шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч Х.Б нь 2018, 2019 онуудад үндсэн болон нэмэгдэл цалин нэмэгдсэн гэх боловч энэ талаар баримтыг шүүхэд гаргаагүй тул хэрэгт цугларсан баримтын хүрээнд анхан шатны шүүх шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны сар бүрийн үр дүнгийн шагнал 35 хувиар тооцож 6 042 680 төгрөг нэхэмжилсэн боловч дээрх хугацаанд нь нэхэмжлэгч ажиллаагүй тул урамшуулал олгох боломжгүй. Учир нь үр дүнгийн шагналыг бодитоор гүйцэтгэсэн ажлын чанар, үр дүнд тохируулан олгох эсэхийг ажил олгогч шийдэх юм.

 

Мөн 2018 оны жилийн үр дүнгийн шагнал 200 хувиар олгох шийдвэрийн дагуу ажиллаж байсан тохиолдолд авах боломжтой байсан 1 931 000 төгрөг, 2019 оны жилийн үр дүнгийн шагнал 200 хувиар олгох шийдвэрийн дагуу ажиллаж байсан тохиолдолд авах боломжтой байсан 2 217 460 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь бүтэн сар буюу бүтэн жил ажиллаагүй тохиолдолд уг урамшууллыг тооцож гаргуулах боломжгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь удаан жилийн нэмэгдэл цалин 1 750 816 төгрөг бөгөөд ажилласан жилийн нэмэгдэл 9 хувь гэж тайлбарласан боловч нэмэгдэл 9 хувь байсантай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахад ажилгүй байсан хугацааны цалинг тооцоход уг нэмэгдэл орж тооцогдсон тул удаан жилийн нэмэгдэл 1 750 816 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...2018 оны жилийн үр дүнгийн шагнал 1 931 000 төгрөг, 2019 оны жилийн үр дүнгийн шагнал 2 217 640 төгрөгийн урамшууллыг хангаж шийдвэрлээгүй гэх давж заалдах гомдол гаргасан байх боловч үр дүнгийн урамшуулал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан дундаж цалин хөлс гэсэн ойлголтод хамаарахгүй юм. Урамшуулал нь ажлаа бодитойгоор биечлэн хийж гүйцэтгэсэн ажилтнуудад олгодог нэмэгдэл цалин юм. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02109 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 131 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ