Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/02081

 

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/02081

Улаанбаатар хот

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Б-г суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: В ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 5,874,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

В ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулах тухай М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ВХХК-ийн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

М ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр MS-WEB19/082301 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд, тус гэрээгээр төхөөрөмжид ээлтэй, админ хялбар банкны холболттой онлайн захиалгатай жуулчлалын веб хийхээр харилцан тохиролцсон. Захиалагч талаас гэрээний 2.2.1 дэх заалтын дагуу 1,369,000 төгрөгийн үнэ бүхий LG маркийн 43 инч-ийн смарт телевизорыг бартераар, 2,831,000 төгрөгийг бэлнээр төлж, нийт 4,200,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. Гэтэл М ХХК нь гэрээний 3.1 дэх заалтын хүрээнд гэрээ хүчин төгөлдөр болж, вебсайтын дизайн батлагдсан өдрөөс хойш ажлын 28 хоногийн дотор дээрх вэбсайтыг хийхээр харилцан тохиролцсон боловч одоог хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Манай компани 4/19 тоот албан бичгээр гэрээг цуцалж буй талаар мэдэгдсэн. Мөн талууд гэрээг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан бөгөөд, гэрээний 10.2 дахь заалтын хүрээнд гэрээний үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тооцсон. Гэрээний хугацаа ажлын 28 хоног, 2019 оны 12 дугаар сарын 02-нд дууссан өдрөөс хойш нийт 93 хоног, нэг өдрийн алданги 18,000 төгрөг, нийт 1,674,000 төгрөгийн алданги тооцогдсон. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ М ХХК нь тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул гэрээний урьдчилгаа төлбөр 4,200,000 төгрөг, алданги 1,674,000 төгрөг, нийт 5,874,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гэрээ цуцлах албан бичгийг хариуцагчийн менежерт хүргүүлсэн болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байгаа. Мөн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэрээ цуцлах талаарх албан бичгийг хүлээн авч, захирал С.Б нь хариу хүргүүлсэн байдаг. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр топ болон дэд хуудасны дизайн батлагдсан. Уг хугацаанаас хойш гэрээний хугацаа тооцогдоно гэдэг нөхцөл байдлыг М ХХК-иас манайд хүргүүлсэн байдаг. Өнөөдрийг хүртэл тест сервер ажиллаж эхэлсэн талаар, мөн захиалагч талд шалгуулж, гүйцэтгэсэн ажлын үр дүнг актаар хүлээлцсэн зүйл байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ёстой. 2020 оны 2 дугаар сарын 20-нд имэйл ирсэн. Гэхдээ бид тэрийг нээж үзээгүй буюу хүлээж аваагүй. Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлж, ажлаа хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлан үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл гэрээний 2.2.2 дахь заалтад ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон. Энэ үүргээ хариуцагч тал биелүүлээгүй учраас сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна... гэв.

 

Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч С.Оийн хамт гаргасан тайлбартаа:

Ажил гүйцэтгэх хугацааг гэрээний 3.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч нь энэхүү гэрээний 1.1 дэх хэсэгт заасан гэрээт ажлыг гэрээ хүчин төгөлдөр болж, вэб сайтын дизайн батлагдсан өдрөөс хойш ажлын 28 хоног дотор бүрэн хийж гүйцэтгэнэ гэж оруулсан. Вэбсайт хийхэд ажлын онцлогоос шалтгаалан хийж гүйцэтгэх ажлын хугацааг вэбсайтын дизайн батлагдсан өдрөөс эхлэн тооцоолон оруулдаг. Вэбсайтын дизайн нь захиалагчийн шаардлага болон үзэмжээс шалтгаалан харилцан адилгүй байдаг тул гэрээнд хугацааг оруулах боломжгүй байдаг юм. Тус компанийн ажил гүйцэтгэх дараалал нь гэрээ байгуулсны дараа хуудас тус бүрээр дизайн гаргаж, түүнийгээ харилцагчаар батлуулан, дизайн бүрэн батлагдсаны дараа програмчлалын ажилдаа ордог. Тийм ч учраас ажил гүйцэтгэх хугацааг дизайн батлагдсан өдрөөс эхлэн тооцоолдог. Энэ нөхцлөө гэрээ байгуулахаас өмнө харилцагчдаа тайлбарлан, харилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулдаг. ВХХК-тай байгуулсан гэрээний хувьд манай компанийн зүгээс хийсэн дизайнаа батлуулахаар харилцагч талд хүргүүлсэн боловч эргэн хариу өгөхгүй байсаар 2019 оны 12 дугаар сарын 11-нд эхний хуудас буюу Нүүр хуудасны дизайн батлагдсанаар бусад хуудасны дизайн хийгдэх боломжтой болсон бөгөөд, 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр вэбсайтын дизайныг харилцагчийн имэйлээр явуулахад: ...вэбсайтын дизайны хувьд бол ямар нэгэн коммент алгаа, таалагдаж байгаа гэснээр дизайн эцэслэн батлагдсан. Энэ өдрөөс эхлэн гэрээнд заасан ажлын 28 хоногоор тооцоолбол 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэрээт ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байсан. Гэвч харилцагч 2020 оны 3 дугаар сарын эхээр гадаадад арга хэмжээнд оролцох шаардлагатай тул түргэн хийх хүсэлт тавьсны дагуу 2 дугаар сарын 20-нд хийж дууссан. Хийж гүйцэтгэсэн ажлаа тус компанийн тест сервер болох job1.modiwsoft.com-д байршуулсан. Энэ вэбсайт нь харилцагчийн хэлсэн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд, өөрийн өгөгдлийг оруулан үндсэн серверт ажиллуулахад бэлэн байгаа. Иймд гэрээний дагуу хийгдэх ажил нь гэрээт хугацаанаас хуанлийн 26 хоногийн өмнө дууссан ба, харилцагчийн хэлсэн гадаад арга хэмжээнээс өмнө дууссан. Энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсвэл хоцроосон үндэслэл болохгүй тул гэрээг цуцлах ямар ч үндэслэлгүй юм. Манай компани гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгэсэн тул гэрээний үлдэгдэл төлбөр 1,800,000 төгрөгийг төлөхийг нэхэмжлэгч талаас шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Манай компанийн зүгээс ажил дууссан талаар ВХХК-ийн захиралтай маш олон удаа утсаар болон имэйлээр харилцаж, ажлаа хүлээлцэхийг хүссэн боловч нэхэмжлэгч талаас нийгмийн сүлжээгээр манай компанийг доромжилсон постууд хийж байсан учраас ажил хүлээлцэх акт үйлдэх боломж бүрдээгүй. Бид гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч талтай 2 сарын турш холбогдох гэж оролдсон. Гэтэл тэд гэнэт 12 дугаар сард гарч ирсэн. Тэгэхдээ манай имэйл хаяг, холбогдох утасны дугаар нэг хэсэг ажиллахгүй байлаа гэдэг тайлбар өгсөн. Талууд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа бичгээр мэдэгдэх ёстой. 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр бидэнд шуудангаар хүргүүлснийг нь энэ өдөр хүлээж авсан. Талууд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэрээг байгуулдаг. Гэрээг цуцлахаар бол гэрээний цуцлах зохицуулалтыг баримтлах ёстой. Хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн учраас гэрээний үлдэгдэл төлбөрөө авах хүсэлтэй... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ВХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан, тус компанийг гэрээгээр тохирсон ажлыг заасан хугацаанд хийж гүйцэтгээгүйн улмаас гэрээнээс татгалзан, урьдчилгаа төлбөрт төлсөн 4,200,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 1,674,000 төгрөг, нийт 5,874,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...гэрээний дагуу ажлыг зохих ёсоор бүрэн гүйцэтгэсэн, гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлээгүй, захиалагч ажлын үр дүнг хүлээж аваагүй, хүлээлгэж өгөх нөхцлийг бүрдүүлээгүй, мөн гэрээ цуцлах журам зөрчсөн учир төлбөр төлөх үндэслэлгүй... гэж тайлбарлан маргаж, улмаар гэрээний үлдэгдэл төлбөр 1,800,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрч ...ажлын үр дүнг хүлээлцээгүй, гэрээгээр тохирсон хугацаанд ажил гүйцэтгээгүй...учир үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй... гэж тайлбарлан тус тус маргаж байна.

2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохигчид харилцан тохиролцож, М ХХК нь ВХХК-д вэб сайт хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөхөөр Ажил гүйцэтгэх гэрээ-г бичгээр байгуулан, ажлын нийт хөлс 6,000,000 төгрөг, ажил гүйцэтгэгч гэрээт ажлыг гэрээ хүчин төгөлдөр болж, вэб сайтын дизайн батлагдсан өдрөөс хойш ажлын 28 хоногийн дотор бүрэн хийж гүйцэтгэх, захиалагч тал гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувийн төлбөр 4,200,000 төгрөгийг гэрээ батлагдсаны дараа 3 хоногт багтаан төлөх, гэрээт ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгч, актад талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гэрээний үлдэгдэл 30 хувийн төлбөр 1,800,000 төгрөгийг төлөх зэргээр гэрээний гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон, тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. /хх 9-15/

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, ерөнхий нөхцөл болон үнийн талаар маргахгүй боловч, гэрээт ажлыг гүйцэтгэх хугацааны талаар харилцан өөр тайлбар гарган маргасан.

Тодруулбал: Захиалагч ВХХК-ийн хувьд ажил гүйцэтгэх хугацааг гэрээ байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тооцсон талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэлт тайлбараар хариуцагч М ХХК-ийн ажилтан н.Д-аас ирүүлсэн имэйлд: ...12 дугаар сарын 11-нд топ хуудасны дизайн батлагдсан. Топ хуудас батлагдсан өдрөөс гэрээний хоногоо тоолдог юмаа... гэж тайлбарласны дагуу гэрээний хугацааг тооцож, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр дууссан учраас гэрээг цуцлах талаар 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн хэмээн тайлбарласан бол,

Ажил гүйцэтгэгч М ХХК-ийн зүгээс ...ажил гүйцэтгэх гэрээний 4.2 дахь хэсэгт зааснаар топ болон бусад дэд хуудасны дизайныг тус бүрээр гаргаж, бүрэн батлагдсаны дараа програмчлалын ажил эхэлж, хугацаа тоологддог учраас 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр захиалагчтай харилцсан имэйлээр дизайн батлагдсан гэж үзсэн... хэмээн тайлбарлаж байна.

Гүйцэтгэх ажлын онцлогийг харгалзан талууд гэрээний 3.1 дэх хэсэгт: Ажил гүйцэтгэгч нь гэрээний 1.1-д заасан гэрээт ажлыг энэ гэрээ хүчин төгөлдөр болж, вэб сайтын дизайн батлагдсан өдрөөс хойш ажлын 28 хоног дотор бүрэн хийж гүйцэтгэнэ гэж заасан нь Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх тусгай хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэлтэй. /хх-10/

2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гэрээний талууд хоорондоо харилцсан цахим шууданд зохигчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн журмаар үзлэг хийх ажиллагаа явуулсан бөгөөд, уг цахим шууданд: ...вэб сайтны дизайны хувьд ямар нэгэн коммент алгаа, таалагдаж байна... гэх хариуг захиалагч ВХХК-ийн захирал илгээж, түүнд ...2 дугаар сарын 14 дууссаныхаа дараа өөрсдийн нэмэлт зураг...өөрсдөө нэмье... гэжээ.

Нэхэмжлэгч тал үүнийг ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа олгож, уг хугацааг хариуцагч тал хэтрүүлсэн гэсэн бол, хариуцагч тал тухайн цахим захидлаар вэб сайтны дизайн захиалагчаас батлагдаж, ажил гүйцэтгэх хугацааг энэ өдрөөс тоолж эхэлсэн ба, захиалагч гэрээнд заасан хугацааг 3 дугаар сард ажил гүйцэтгэж дуусах хугацаанаас өмнө хийхийг хүссэн хэмээн ойлгосон хэмээн тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Ингэхдээ Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуцална.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Гэрээний дагуу вэб сайтны дизайн батлах, ингэснээр ажлыг гүйцэтгэж эхлэх ажил явагдах ба, вэб сайтны дизайныг гэрээний талууд батлахдаа захиалагчийн гаргасан шаардлагын дагуу топ болон, бусад дэд хуудасны дизайны дагуу гэрээгээр тохирсон хугацаанд багтаан хийж гүйцэтгэхээр тусгайлан гэрээгээр тохиролцсон /Гэрээний 4.1 дэх заалт/ байх тул захиалагч талаас хариу өгсөн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр вэб сайтны дизайн батлагдсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн, захиалагч тал гэрээг цуцалж байгаа талаар ажил гүйцэтгэгч талд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гэрээний нөгөө талд мэдэгдээгүй байх тул гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул урьдчилгаа төлбөрт төлсөн 4,200,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлын үр дүнг гүйцэтгэгч талаас хүлээж аваагүй гэж тайлбарлах боловч, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэгчээс явуулсан имэйлийг хүлээн авсан болохоо шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн учир хариуцагч М ХХК-ийг гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд, нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын үр дүнг захиалагч тал хүлээн авах үүрэг хүлээсэн бөгөөд, Ажил гүйцэтгэх гэрээний 2.2.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчид тест сервер дээр ажиллуулж, захиалагчид шалгуулан, актаар хүлээлгэн өгөх ба, ийнхүү акт үйлдэж, гарын үсэг зурсны дараа үлдэгдэл 30 хувийг авахаар тохирчээ. /хх-9/

Хариуцагч тест серверийн линкийг нэхэмжлэгчид хүргүүлсэн ч захиалагчаас шалтгаалан акт үйлдэн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөх боломжгүй болсон гэж тайлбарлах ба, үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй.

Иймд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч ВХХК-ийг ажлын гүйцэтгэлийг хүлээн авах үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлс 1,800,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагч М ХХК-д олгон, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-иас 5,874,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ВХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ВХХК-иас 1,800,000 төгрөг гаргуулан хариуцагч М ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,934 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 43,750 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА