Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/01800

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“В-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02081 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “В-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М-” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 5 874 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Г.Б, Н.Т

Хариуцагчийн төлөөлөгч: С.Б

Хариуцагчийн өмгөөлөгч: С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М-” ХХК-тай 2019 оны 10 сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд, тус гэрээгээр төхөөрөмжид ээлтэй, админ хялбар банкны холболттой онлайн захиалгатай, жуулчлалын веб хийхээр харилцан тохиролцсон. Захиалагч талаас гэрээний 2.2.1 дэх заалтын дагуу 1 369 000 төгрөгийн үнэ бүхий “эл жи” маркийн 43 инчийн смарт телевизорыг бартераар, 2 831 000 төгрөгийг бэлнээр төлж, нийт 4 200 000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. Гэтэл “М-” ХХК нь гэрээний 3.1 дэх заалтын хүрээнд гэрээ хүчин төгөлдөр болж, вебсайтын дизайн батлагдсан өдрөөс хойш ажлын 28 хоногийн дотор дээрх вэбсайтыг хийхээр харилцан тохиролцсон боловч одоог хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Манай компани 4/19 тоот албан бичгээр гэрээг цуцалж буй талаар мэдэгдсэн. Мөн талууд гэрээг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан бөгөөд, гэрээний 10.2 дахь заалтын хүрээнд гэрээний үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тооцсон. Гэрээний хугацаа ажлын 28 хоног, 2019 оны 12 сарын 02-нд дууссан өдрөөс хойш нийт 93 хоног, нэг өдрийн алданги 18 000 төгрөг, нийт 1 674 000 төгрөгийн алданги тооцогдсон. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ “М-” ХХК нь тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул гэрээний урьдчилгаа төлбөр 4 200 000 төгрөг, алданги 1 674 000 төгрөг, нийт 5 874 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх хугацааг гэрээний 3.1-т ажил гүйцэтгэгч нь энэхүү гэрээний 1.1-т заасан гэрээт ажлыг гэрээ хүчин төгөлдөр болж, вэбсайтын дизайн батлагдсан өдрөөс хойш ажлын 28 хоног дотор бүрэн хийж гүйцэтгэнэ гэж оруулсан. Вэбсайт хийхэд ажлын онцлогоос шалтгаалан хийж гүйцэтгэх ажлын хугацааг вэбсайтын дизайн батлагдсан өдрөөс эхлэн тооцоолон оруулдаг. Вэбсайтын дизайн нь захиалагчийн шаардлага болон үзэмжээс шалтгаалан харилцан адилгүй байдаг тул гэрээнд хугацааг оруулах боломжгүй байдаг юм. Тус компанийн ажил гүйцэтгэх дараалал нь гэрээ байгуулсны дараа хуудас тус бүрээр дизайн гаргаж, түүнийгээ харилцагчаар батлуулан, дизайн бүрэн батлагдсаны дараа програмчлалын ажилдаа ордог. Тийм ч учраас ажил гүйцэтгэх хугацааг дизайн батлагдсан өдрөөс эхлэн тооцоолдог. Энэ нөхцөлөө гэрээ байгуулахаас өмнө харилцагчдаа тайлбарлан, харилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулдаг. “В-” ХХК-тай байгуулсан гэрээний хувьд манай компанийн зүгээс хийсэн дизайнаа батлуулахаар харилцагч талд хүргүүлсэн боловч эргэн хариу өгөхгүй байсаар 2019 оны 12 сарын 11-нд эхний хуудас буюу нүүр хуудасны дизайн батлагдсанаар бусад хуудасны дизайн хийгдэх боломжтой болсон бөгөөд, 2020 оны 2 сарын 03-ны өдөр вэбсайтын дизайныг харилцагчийн и-мэйлээр явуулахад: вэбсайтын дизайны хувьд бол ямар нэгэн коммент алгаа, таалагдаж байгаа гэснээр дизайн эцэслэн батлагдсан. Энэ өдрөөс эхлэн гэрээнд заасан ажлын 28 хоногоор тооцоолбол 2020 оны 3 сарын 16-ны өдөр гэрээт ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байсан. Гэвч харилцагч 2020 оны 3 сарын эхээр гадаадад арга хэмжээнд оролцох шаардлагатай тул түргэн хийх хүсэлт тавьсны дагуу 2 сарын 20-нд хийж дууссан. Хийж гүйцэтгэсэн ажлаа тус компанийн тест сервер болох job1.modiwsoft.com-д байршуулсан. Энэ вэбсайт нь харилцагчийн хэлсэн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд, өөрийн өгөгдлийг оруулан үндсэн серверт ажиллуулахад бэлэн байгаа. Иймд гэрээний дагуу хийгдэх ажил нь гэрээт хугацаанаас хуанлийн 26 хоногийн өмнө дууссан ба, харилцагчийн хэлсэн гадаад арга хэмжээнээс өмнө дууссан. Энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсвэл хоцроосон үндэслэл болохгүй тул гэрээг цуцлах ямар ч үндэслэлгүй юм гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгэсэн тул гэрээний үлдэгдэл төлбөр 1 800 000 төгрөгийг төлөхийг нэхэмжлэгч талаас шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Манай компанийн зүгээс ажил дууссан талаар “В-” ХХК-ийн захиралтай маш олон удаа утсаар болон и-мэйлээр харилцаж, ажлаа хүлээлцэхийг хүссэн боловч нэхэмжлэгч талаас нийгмийн сүлжээгээр манай компанийг доромжилсон постууд хийж байсан учраас ажил хүлээлцэх акт үйлдэх боломж бүрдээгүй. Бид гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч талтай 2 сарын турш холбогдох гэж оролдсон. Гэтэл тэд гэнэт 12 дугаар сард гарч ирсэн. Тэгэхдээ манай имэйл хаяг, холбогдох утасны дугаар нэг хэсэг ажиллахгүй байлаа гэдэг тайлбар өгсөн. Талууд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа бичгээр мэдэгдэх ёстой. 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр бидэнд шуудангаар хүргүүлснийг нь энэ өдөр хүлээж авсан. Талууд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэрээг байгуулдаг. Гэрээг цуцлахаар бол гэрээний цуцлах зохицуулалтыг баримтлах ёстой. Хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн учраас гэрээний үлдэгдэл төлбөрөө авах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гэрээ цуцлах албан бичгийг хариуцагчийн менежерт хүргүүлсэн болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байгаа. Мөн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэрээ цуцлах талаарх албан бичгийг хүлээн авч, захирал С.Баярбаатар нь хариу хүргүүлсэн байдаг. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр топ болон дэд хуудасны дизайн батлагдсан. Уг хугацаанаас хойш гэрээний хугацаа тооцогдоно гэдэг нөхцөл байдлыг “М-” ХХК-иас манайд хүргүүлсэн байдаг. Өнөөдрийг хүртэл тест сервер ажиллаж эхэлсэн талаар, мөн захиалагч талд шалгуулж, гүйцэтгэсэн ажлын үр дүнг актаар хүлээлцсэн зүйл байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ёстой. 2020 оны 2 дугаар сарын 20-нд имэйл ирсэн. Гэхдээ бид тэрийг нээж үзээгүй буюу хүлээж аваагүй. Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлж, ажлаа хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлан үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл гэрээний 2.2.2 дахь заалтад ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон. Энэ үүргээ хариуцагч тал биелүүлээгүй учраас сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М-” ХХК-иас 5 874 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “В-” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “В-” ХХК-иас 1 800 000 төгрөг гаргуулан хариуцагч “М-” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 934 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 43 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 43 750 төгрөг гаргуулан хариуцагчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “В-” ХХК нь анхан шатны шүүхэд “М-” ХХК-тай холбогдох гэрээний үүрэгт 5 874 000 төгрөг гаргуулах тухай маргаантай, иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон. 2020 оны 7 сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2081 дугаартай шийдвэрийг хүлээн авсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Манай компани “М-” ХХК-тай хийсэн ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд харилцсан харилцаа болох и-мэйл, цахим шуудангаа шүүхэд нотлох баримтаар өгсөн. Баянгол дүүргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж буй нотлох баримтыг харгалзан үзэлгүй, хариуцагч талын нотлох баримтууд дээр үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд нотлох баримтыг хариуцагч талд ашигтайгаар үнэлсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дах хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Манай компани “М-” ХХК-тай гэрээ байгуулсан 2019 оны 10 сарын 22 ны өдрөөс хойш 136 хоногийн дараа 2020 оны 3 сарын 5 өдөр буюу гэрээнд заасан хугацаанд ямар нэгэн ажил хүлээж аваагүй мөн “М-” ХХК-иас ажлаа хугацаандаа дуусгаж өгөхийг шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Мөн хариуцагч тал Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т зааснаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ эс биелүүлсэн учир гэрээний үлдэгдэл төлбөр болох 1 800 000 төгрөгийг төлөх нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

           

            Нэхэмжлэгч “В-” ХХК нь хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 4 200 000 төгрөг, алданги 1 674 000 төгрөг, нийт 5 874 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 800 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. 

 

            Зохигчид 2019 оны 10 сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “М-” ХХК нь төхөөрөмжид ээлтэй, админ хялбар банкны холболттой, онлайн захиалгатай вебсайтыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч “В-” ХХК нь ажлын хөлс болох 6 000 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 1 369 000 төгрөгийн зурагт болон 2 831 000 төгрөгийг бэлнээр нийт 4 200 000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ, “Голомт банк” ХХК-ийн мемориалын баримт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 9-15-р тал/

           

            Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Талуудын байгуулсан гэрээний 4.2-т “Ажил гүйцэтгэгч нь гэрээт ажлыг захиалагчийн гаргасан шаардлагын дагуу топ болон бусад дэд хуудасны дизайны дагуу гэрээний 3.1-т заасан хугацаанд багтаан хийж гүйцэтгэнэ” гэж,

3.1-т “Ажил гүйцэтгэгч нь энэхүү гэрээний 1.1-т заасан гэрээт ажлыг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж вебсайтын дизайн батлагдсан өдрөөс хойш ажлын 28 хоногийн дотор бүрэн хийж гүйцэтгэнэ” гэж тус тус заасан байгаагаас дүгнэвэл ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох вебсайт нь топ болон бусад дэд хуудаснаас бүрджээ. 

Тодруулбал, топ болон бусад дэд хуудасны дизайн бүрэн батлагдсан өдрөөс хойш ажлын 28 хоногийн дотор ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээний хугацааг талууд тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч “В-” ХХК нь 2020 оны 2 сарын 03-ны өдөр хариуцагч “М-” ХХК-руу “вебсайтын дизайны хувьд бол ямар нэг коммент алга, таалагдаж байна” гэж бичсэн нь и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд дээрх хугацааг вебсайтын дизайн батлагдсан өдөр гэж тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль болон гэрээнд заасантай нийцжээ. /хх-ийн 68-77-р тал/

                             

Нэхэмжлэгч нь хэдийгээр ажлын үр дүнгийн талаар маргасан боловч хариуцагч “М-” ХХК нь 2020 оны 2 сарын 20-ны өдөр гэрээт ажлыг хийж гүйцэтгэн, тест сервер болох job1.modiwsoft.com-д байршуулсан болох нь и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, 2020 оны 2 сарын 20-ны өдөр и-мэйл ирсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Иймд ажил гүйцэтгэгч ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. /хх-ийн 29-30, 98-99, 146-р тал/

 

Нэхэмжлэгч “В-” ХХК нь хариуцагч “М-” ХХК-ийг гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, 5 874 000 төгрөг гаргуулахаар шаардсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэхэд гэрээний нөгөө тал болох хариуцагч “М-” ХХК-ийг гэрээнд заасан үүргийг зөрчсөн болохыг нотлох үүрэгтэй. Ажил гүйцэтгэгч нь үүргийн зөрчил гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч “В-” ХХК гэрээнээс татгалзах эрхийг  хэрэгжүүлэх боломжгүй байна.

 

Мөн хариуцагч “М-” ХХК-ийг нэхэмжлэгч талд ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан татгалзлын үр дагаврыг шаардах эрхийг эдлэхгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

 

Харин хариуцагч “М-” ХХК нь ажлын үр дүнг 2020 оны 2 сарын 20-ны өдөр тест серверт байршуулж, нэхэмжлэгч “В-” ХХК-д хүлээлгэн өгөх үйлдлийг хийсэн байх тул гэрээгээр хүлээсэн үүрэг болох үр дүнг хүлээлгэн өгсөнд тооцох бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсийг шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгч “В-” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 800 000 төгрөг гаргуулж, хариуцагч “М-” ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлах байтал шаардах эрхийг тодорхойлоогүй Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

            1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02081 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

            1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “М-” ХХК-иас 5 874 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “В-” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “В-” ХХК-иас 1 800 000 төгрөг гаргуулан, хариуцагч “М-” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 934 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                    

                                                      ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

                                                                                               

                                                                                                                Г.ДАВААДОРЖ