Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 01691

 

          “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,      

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/1864 дүгээр шийдвэртэй, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Г-т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 171 720 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагч Д.Г-тэй 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээ байгуулж, түүнд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхон, 423 дугаар байрны 74 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 194 480 000 төгрөгийг төлсөн тохиолдолд шилжүүлэхээр тохирсон юм. Талуудын хооронд байгуулсан гэрээг орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн боловч энэхүү байр тухайн үед бүрэн ашиглалтанд орсон байсан тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан. Гэвч хариуцагч тал гэрээ байгуулсан өдөр 80 000 000 төгрөгийг төлж, 114 480 000 төгрөгийг төлөөгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5-д төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх бөгөөд гэрээний 2.3, 2.5-д зааснаар эхний 2 сарын хугацаанд төлбөрийг төлөөгүй бол алдангийг өдрийн 0.01 хувиар, үүнээс хойш хугацаанд 0.1 хувиар тооцохоор тохирсон.

 Иймд үндсэн төлбөр 114 480 000 төгрөг, алданги 57 240 000 төгрөг, нийт 171 720 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн 36 633 600 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэрээний үндсэн төлбөр 114 480 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алданги 57 240 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би өнгөрсөн хугацаанд төлбөрийг төлөх талаар удаа дараа нэхэмжлэгчтэй уулзаж байсан, миний эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого муудсан, энэ талаар нэхэмжлэгчийн удирдлагад тайлбарлахад алдангийг чөлөөлж, 114 480 000 төгрөгийг 4 сарын хугацаанд төлөхийг дэмжиж байсан.  Гэтэл шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр зүйл ярьж байгааг ойлгохгүй байна. Намайг, анх энэ орон сууцанд нүүж ороход ямар нэгэн нэмэлт хийх зүйлгүй, бүрэн ашиглалтанд орсон байсан, би 2015 оны 06 дугаар сараас хойш амьдарч байгаа бөгөөд цаашид орон сууцыг өмчлөх хүсэлт хэвээр байгаа болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Д.Г-гээс 114 480 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57 240 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 200 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагчаас 730 350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3, 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар худалдан авагч болох хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам алданги тооцохоор тохиролцсон нь хуулийн шаардлага хангасан бөгөөд хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн атлаа гэрээнд заасан алдангийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн байна. Шүүх гэрээний 2.5 дахь хэсэгт “төлбөрийг 2 сараас хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцно” гэж заасныг ойлгомжгүй бөгөөд хүсэл зориг нэгдээгүй гэдгээр хангахаас татгалзсан нь үндэслэлгүй тул гэрээнд заасан алданги 57 240 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч Д.Г-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 114 480 000 төгрөг, алданги 57 240 000 төгрөг нийт 171 720 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч алданги төлөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ”Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 423 дугаар байрны 150 айлын орон сууцны 74 тоот хаягт байрлах 97,24 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 194 480 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсоны дагуу хариуцагч Д.Г орон сууцны төлбөрт 80 000 000 төгрөг төлж, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй. /хэргийн 4-6 дугаар тал/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй үүргээ зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Харин анхан шатны шүүх талуудын алдангийн талаархи гэрээнд заасан тохиролцоог хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй байна.

Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.3-т “Гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.01 хувиар алданги тооцно” гэж мөн 2.5-д “төлбөрийг 2 сараар хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцно” гэж тус тус заасан бөгөөд  талууд гэрээнд заасан төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш төлөөгүй тохиолдолд алдангийг гэрээнд заасан 0.01 хувь, 0.1 хувийн алинаар нь тооцох эсэх талаар маргажээ.

Дээрх 2 тохиролцоог Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэж, гэрээний 2.3-т заасны дагуу алдангийн хэмжээг 0,01 хувиар тооцох боломжтой байна. Хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс нийт 810 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул хоногт 11 448 төгрөг /114 480 000х0.01хувь/-ийн алданги төлнө гэж тооцвол нийт 9 272 880 төгрөгийг хариуцагч Д.Г төлөх үүрэг үүссэн байна.

Тиймээс хариуцагч Д.Г-гээс гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 114 480 000 төгрөг, алданги 9 272 880 төгрөг нийт 123 752 880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгох үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/1864 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад

“114 480 000” гэснийг “123 752 880” гэж, “57 240 000” гэснийг “47 967 120” гэж, 2 дахь заалтад “730 350” гэснийг “776 714” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ 

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА