Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1864

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Г -т холбогдох,

 

208,353,600.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У, хариуцагч Г, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.                                      

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Манай компани хариуцагч Гтэй 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, түүнд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, олимп хотхон, 423 дугаар байр, 74 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 194,480,000.00 төгрөгийг төлсөн тохиолдолд шилжүүлэхээр тохирсон юм.

 

            Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээг орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн боловч энэхүү байр тухайн үед бүрэн ашиглалтанд орсон байсан тул бидний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан.

 

            Гэвч хариуцагч тал гэрээ байгуулсан өдөр 80,000,000.00 төгрөгийг төлсөн хэдий ч үлдэх 114,480,000.00 төгрөгийг төлөхгүй 3 жилийн хугацаанд манай компанийг хохироож байна.

 

Бид, хариуцагчид маш их хугацаа өгч, түүнээс төлбөрийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч тэрээр эс биелүүлсэн тул үндсэн төлбөр 114,480,000.00 төгрөгийг  алданги 57,240,000.00 төгрөгийн хамт нэхэмжилж байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаасаа 36,633,600.00 төгрөгөөс татгалзаж байна.

 

Учир нь, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож байх тул нийт 171,720,000.00 төгрөгийг 4 сарын хугацаанд төлөх нөхцөлөөр эвлэрэх боломжтой.

 

Надад, нэхэмжлэгч Т ХХК-иас алдангийг чөлөөлөх бүрэн эрх олгоогүй ба нөгөө талаар бараг 3 жилийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5.-д заасны дагуу төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх бөгөөд 2 дугаар зүйлийн 2.3, 2.5.-д тус тус зааснаар эхний 2 сарын хугацаанд төлбөрийг төлөөгүй бол алдангийг өдрийн 0.01 хувиар, үүнээс хойш хугацаанд 0.1 хувиар тооцохоор тохирсон.

 

Иймд, хариуцагч Гээс үндсэн төлбөр 114,480,000.00 төгрөг, алданги 57,240,000.00 төгрөг, нийт 171,720,000.00 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр болох 114,480,000.00 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алданги 57,240,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Учир нь, би өнгөрсөн хугацаанд төлбөрийг төлөх талаар удаа дараа нэхэмжлэгчтэй уулзаж байсан, миний эрхлэж байсан бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого муудсан, энэ талаар нэхэмжлэгчийн удирдлагад тайлбарлахад алдангийг чөлөөлж, 114,480,000.00 төгрөгийг 4 сарын хугацаанд төлөхийг дэмжиж байсан.

 

Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  өөр зүйл ярьж байгааг ойлгохгүй байна. Намайг, анх энэхүү орон сууцанд нүүж ороход ямар нэгэн нэмэлт хийх зүйлгүй, бүрэн ашиглалтанд орсон байсан, би 2015 оны 06 дугаар сараас хойш хугацаанд амьдарч байгаа бөгөөд цаашид орон сууцыг өмчлөх хүсэлт хэвээр байгаа болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК-иас хариуцагч Гт холбогдуулан 208,353,600.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа 36,633,600.00 төгрөгөөс татгалзаж, 171,720,000.00 төгрөгийг 4 сарын хугацаанд төлөх нөхцөлөөр эвлэрэх санал гаргасныг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, үндсэн төлбөрөөс бусад төлбөрийг төлөхгүй хэмээн маргасан.

 

Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Гтэй орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, түүнд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 423 дугаар байрны 150 айлын орон сууцны 74 тоот хаягт орших 97.24 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохирсон байна /х.х-ийн 4, 5-р хуудас/.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Г гэрээний зүйл болох уг орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан ба тухайн үед энэхүү орон сууц бүрэн ашиглалтанд орсон байсан ажээ.

 

Тодруулбал, талуудыг орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж байх үед гэрээнд заасан 97.24 м,кв талбайтай 4 өрөө орон сууц бодитоор бий болж, нэхэмжлэгч тал ашиглахад бэлэн болсон орон сууцыг захиалагч буюу хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлсэн байх тул тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, худалдагч буюу нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч болох хариуцагч тал үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч тал 194,480,000.00 төгрөгөөс 80,000,000.00 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлсөн ба тэрээр гэрээний зүйл болох тус орон сууцанд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нүүж орсон байх тул түүнийг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заасны дагуу тус орон сууцыг хүлээн авсан гэж үзнэ.

 

            Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заажээ. Тодруулбал, нэхэмжлэгч Т ХХК-ийн зүгээс дээр дурьдсан 97.24 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Д.Гийн нэр дээр шилжүүлэх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5.-д зааснаар гэрээний зүйлийн үнэ 194,480,000.00 төгрөг бүрэн төлөгдсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

            Өөрөөр хэлбэл, зохигчид Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар 194,480,000.00 төгрөг бүрэн төлөгдсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч буюу худалдан авагчид шилжүүлэх тухай маргаагүй.   

 

            Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 227 дугаар зүйлийн 227.1.-д тус тус зааснаар худалдан авагчийг гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр энэхүү гэрээнээс татгалзаагүй ба харин тус хуулий 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д заасны дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгэхийг хариуцагчаас шаардаж байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх үүрэг хүлээх бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас худалдагчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн орон сууц захиалгаар бариулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2.-т тус тус зааснаар худалдан авагч тал 194,480,000.00 төгрөгөөс 80,000,000.00 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн бол үлдэх 114,480,000.00 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Гэтэл худалдан авагч Г хэдийгээр 80,000,000.00 төгрөгийг ийнхүү хугацаандаа төлсөн боловч тэрээр үлдэх 114,480,000.00 төгрөгийг тогтоосон хугацаанд зохих ёсоор төлөх  үүргээ зөрчиж, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байх тул түүнийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д зааснаар үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлоогүй.

 

Иймд, худалдагч буюу нэхэмжлэгч Т ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний дагуу хариуцагч Гээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд худалдан авагч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 114,480,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.

 

Зохигчид, тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.5.-д тус тус зааснаар худалдан авагч болох хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам алданги тооцохоор тохирсон боловч талуудын энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

 

Учир нь, талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.-д “гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.01 хувиар алданги тооцно” гэж заасан бол 2.5.-д “төлбөрийг 2 сараар хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцно” гэж заасан. Тодруулбал, талууд үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлагыг ногдуулахаар гэрээнд тусгасан байх хэдий ч гэрээний төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш төлөөгүй тохиолдолд 0.01 хувиар, эсхүл 0.1 хувиар алдангийг тооцох талаар тэдгээрийн хүсэл зориг бүрэн нэгдээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийг эхний 2 сарын хугацаанд төлбөрийг төлөөгүй бол 0.01 хувиар, үүнээс цааших хугацаанд 0.1 хувиар алдангийг тооцно гэж тайлбарлаж байгаа ч Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээний алдангийн талаарх тохиролцооны агуулгыг тодруулахад хариуцагч тал 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш төлбөрийг төлөөгүй тохиолдолд 0.01 хувиар алданги төлөх, аль эсхүл эхний 2 сарын хугацаанд алдангийг тооцохгүй буюу 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 0.1 хувиар тооцон гэж байгаа ч гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.-д заасан 0.01 хувиар тооцох алданги нь чөлөөлөгдөх ёстой эхний 2 сарын хугацааг хамаарч байх тул зохигчид ямар хувь хэмжээгээр алдангийг тохирсон болох нь тодорхойгүй байна.

 

Иймд, шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээний алдангийн талаарх тохиролцоо хуульд заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 57,240,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 114,480,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Гээс 114,480,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57,240,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,200,000.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 730,350.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНДАЛБАЯР