Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 720

 

 

 

 

 

                        

  2020             6               2                                         2020/ДШМ/720

 

 

С.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цэрэнжамц,                              

шүүгдэгч С.Тгийн өмгөөлөгч Г.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 587 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Тд холбогдох 1806047970144 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Сын Т, 2000 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “......................” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Баатархайрханы ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................................../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1495 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 26 дугаартай магадлалаар 1 жил 1 сар болгон өөрчилж, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1075Б тоотод оршин суух иргэн Х.Хасбаатарын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн орон сууцны вакум цонхоор нэвтэрч ЛСД зурагт, морин хуур, Нокиа загварын гар утас, Reebok брэндийн эмэгтэй пүүз зэрэг эд зүйлсийг хулгайлж 495.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Сын Тг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С.Тг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тгийн цагдан хоригдсон 6 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, С.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Тгээс 395.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Хасбаатарт олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “Хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Учир нь,

1. Би 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Х.Хасбаатарын гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт, хананд өлгөөтэй байсан морин хуур зэрэг эд зүйлсийг авсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, буруутай үйлдлээ ухамсарлаж байна.

2. Х.Хасбаатар гэх хүнд дүү Туваажав нь “гэрт чинь хулгай орсон юм шиг байна” гэж анх мэдэгдсэн байдаг. Х.Хасбаатар нь хадам дүү Э.Баасанбатыг үзчих гэж 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр явуулсан гэх.

3. Мөн Э.Баасанбатад 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэрэг гарсан газрын ойролцоо дэлгүүр ажиллуулдаг гэх “эмэгтэй танай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Харин гэрт Баасанбат гэх хүн нь хулгай орсон гэдгийг мэдсэн тухайн өдрөө биш 48 цагийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэртээ очиж шалгасан байдаг.

4. Баасанбатыг 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэрт нь ороход эд зүйлсээс нь зурагт, морин хуур алдагдсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогч Хасбаатар нь хэрэг гарснаас хойш 7 хоногийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ “эд зүйлсээс зурагт, морин хуур, гар утас, пүүз, алдагдсан” гэж мэдүүлэг өгсөн байдаг.

5. Хэргийн газар үзлэг хийлгэхэд надаас өөр хүний гарын хээ гарсан гэж байсан боловч нягталж үзээгүй.

6. Тухайн хэрэг болсон өдөр би бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь үнэн боловч өөрийгөө удирдах бүрэн чадвартай байсан. Хөдөлгөөнт эргүүлийн цагдаад хэргийн газраас гарч явж байхдаа баригдсан. Миний айлаас хулгайлсан эд зүйлс болох зурагт, морин хуур хоёрыг эргүүлийн цагдаа хурааж авсан.

7. Тухайн хэрэг гарснаас хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хохирогч Хасбаатарыг гэртээ очиж шалгах хүртэлх хугацаанд юу болсныг би мэдэхгүй.

8. Миний бие мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн /гар утас болон пүүзийг аваагүй, тухайн эд зүйлс яасныг мэдэхгүй байна/ гэсэн мэдүүлгийг Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтсийн цагдаагийн албан хаагч, мөрдөгч ахлах дэслэгч Саруултөгс тухайн өгүүлбэрийн үгийн утгыг гуйвуулж тухайн эд зүйлийг яасныгаа санахгүй байна гэж бичсэнээс болж миний буруутай үйлдэл эрүүгийн гэмт хэргийн үйлдэлд учруулсан хохирлыг нэмж, аваагүй, огт мэдэхгүй зүйлс нэмж, нэхэмжилсэнд гомдолтой байна.

9. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл дээр өөр бусад хүний хурууны хээ гарсан байхад шалгаагүй зөвхөн мэдүүлэгт түшиглэж яллаж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна.

Иймд хохирогчийн өгсөн анхны мэдүүлэг, шүүхийн шинжилгээгээр илэрсэн хурууны хээ зэрэг зүйлсийг дахин нягталж, шалгуулах хүсэлтэй байгаа тул энэхүү хүсэлтийг хүлээн авч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч С.Тгийн өмгөөлөгч Г.Нямсүрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч С.Т нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн “Нокиа загварын гар утас, пүүз аваагүй, 2018 ны 5 дугаар сарын 27-ны шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа нарт баригдаад тус цагдаагийн хэлтэс дээр саатуулагдсан” гэж удаа дараа мэдүүлсээр байхад тухайн асуудал болсон эсэх талаар шалгаагүй. Дээрх асуудлыг шалгаснаар хохирогчийн зурагт хагархай байсан эсэх, нокиа загварын гар утас, пүүз зэрэг байсан эсэхийг шалган тогтоох боломжтой байсан бөгөөд дээрхийг шалган тогтоох шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1, 24.1 дүгээр зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хүний биед үзлэг нэгжлэг хийж, эд зүйл, эд мөрийн баримт хураан авахдаа заавал прокурорын зөвшөөрлийн дагуу ажиллагаа явуулах ёстой байхад прокурорын зөвшөөрөл аваагүйгээр дээрх ажиллагааг хийж С.Тд үзлэг, нэгжлэг хийж эд зүйл, эд мөрийн баримт хураан авсан байдаг. Эд зүйл эд мөрийн баримт хураан авсан болох нь хохирогч Х.Хасбаатарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг буруу тодорхойлсон, учир нь гэрч Э.Баасанбатын “...хоёр хоногийн өмнө буюу 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр манай доод талын дэлгүүрийн эгч над руу залгаад танай цонх, тагт онгорхой байна гэхээр нь өнөөдөр ирж үзтэл манай сууцны хаалга болон цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй харин хоёр давхрын тагтны хаалга болон цонх онгойсон байхаар нь ортол...” гэх мэдүүлгээр гэмт хэрэг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө гарсан байх магадлалтай. Энэ талаар гэрч Э.Баасанбатын мэдүүлэгт дурдагдсан доод талын дэлгүүрийн эгч гэх хүнээс хэзээ харсан, ямар байдалтай байсан талаар тодруулах боломжтой юм. Гэмт хэрэг 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрийн хооронд гэмт хэрэг үйлдэгдсэн гэж тодорхойлсон боловч дээрх хугацаанд хэдэн удаа тухайн байшин руу орж эд хөрөнгө хулгайлсан эсэх, эсхүл шүүгдэгч тухайн байшинд 2018 оны 5 дугаар сарын 24-нд ороод 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гарч ирсэн үү гэдэг нь ойлгомжгүй байна. 2018 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа нарт баригдсан эсэх, баригдсан бол баригдахдаа ямар байдалтай байсан эсэхийг тухайн өдрийн бүртгэлийн хуудас, цагдаагийн илтгэх хуудас, рапорт, саатуулагдсан хүмүүсийн жагсаалт зэрэг баримтуудаас тодорхой болох юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад “Яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” нь дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Энэ хэрэгт шүүгдэгч С.Тгийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй бөгөөд дээрх хуулиар С.Тгийн мэдүүлэг нь нотлох баримтаар тооцогдох учиргүй юм. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...шинжээч нар нунтаг багс ашиглан хойд өрөөний баруун тийш харсан цонхны хүрээн дээрээс гарын мөр 2 ширхэг, морин хуур алдагдсан гэх өрөөний цонхны ирмэг дээрээс гарын мөр 1 ширхэг, гал тогооны өрөөний онгорхой цонхны ирмэг дээрээс гарын мөр 1 ширхэг тус тус илрүүлэн бэхжүүлэн авав. Хэргийн газрын ерөнхий болон нарийвчилсан байдлыг дижитал зургийн аппаратаар кадр зураг авч тэмдэглэлд хавсаргахаар тогтов.” Дээрх хурууны хээний эзнийг шалгаж тогтоох бүрэн боломжтой бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг үнэн зөвөөр олж тогтооход маш чухал ач холбогдолтой юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Прокурор Г.Цэрэнжамц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү гэх санал тавьсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж гэм буруугийн шүүх хуралдааныг зарласан. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тодорхой дурдсан байдаг. Шүүгдэгч С.Т хулгай хийчихээд, эд зүйлийг аваад явж байхдаа цагдаад баригдсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1075Б тоотод оршин суух иргэн Х.Хасбаатарын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн орон сууцны вакум цонхоор нэвтэрч ЛСД зурагт, морин хуур, Нокиа загварын гар утас, Reebok брэндийн эмэгтэй пүүз зэрэг эд зүйлсийг хулгайлж 495.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Х.Хасбаатарын “...2018 оны 5 дугаар сарын сүүлээр манай эхнэрийн дүү Туваанжав эхнэр лүү залгаад байшинд чинь хулгай орсон юм шиг байна бүх цонх, тагт онгойсон байна гэж хэлсэн. Ингээд хадам дүү Баасанбатыг үзээдэх гэж хэлээд явуулсан. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ирэхэд манай байшингаас 32 инчийн тошиба лсд зурагт, морин хуур, эхнэрийн пүүз зэрэг зүйлс алдагдсан байсан. ...” /хх 20-22/,

 

гэрч Э.Баасанбатын “...манай сууцны хаалга болон цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй харин хоёр давхрын тагтны хаалга болон цонх онгойсон байхаар нь ортол гэрийн эд зүйлс эмх цэгцгүй том өрөөний тавиур дээр байсан 32 инчийн хар өнгийн маркийг нь мэдэхгүй лсд зурагт, жижиг өрөөний хананд өлгөөстэй байсан морин хуур зэрэг зүйлс алдагдсан байдалтай байсан. ...” /хх 23/,

 

шүүгдэгч С.Тгийн яллагдагчаар өгсөн “...Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн, ертөнцийн зүгээр баруун талд байрлах хүрэн өнгийн тоосгон 2 давхар бүхий хүнсний дэлгүүртэй байшин руу орж марк, инчийг нь санахгүй зурагт, морин хуур зэргийг аваад улиастайн хуучин эцсийн автобусны буудал орох гээд явж байх замд цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчидтай таарч тухайн үед цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирж байсан. Тэгээд надаас зурагт, морин хуур зэргийг цагдаагийн алба хаагч хурааж авч байсан. Харин нокиа загварын гар утас болон пүүзийг би яаснаа санахгүй байна. ...” /хх 40-41/ гэх мэдүүлгүүд,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-16/, “Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 32/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 42-44/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч С.Тг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч С.Тгийн иргэн Х.Хасбаатарын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн орон сууцны вакум цонхоор нэвтэрч ЛСД зурагт, морин хуур, Нокиа загварын гар утас, Reebok брэндийн эмэгтэй пүүз зэрэг эд зүйлсийг хулгайлж 495.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх, шүүгдэгч С.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч С.Тгийн гаргасан “...хохирогчийн өгсөн анхны мэдүүлэг, шүүхийн шинжилгээгээр илэрсэн хурууны хээ зэрэг зүйлсийг дахин нягталж, шалгуулах хүсэлтэй байгаа тул энэхүү хүсэлтийг хүлээн авч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэжээ.

Хэрэг гарсан нөхцөл байдал, үйл баримттай холбоотой гомдлын тухайд, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Шүүгдэгч С.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан төрөл хэмжээний дотор 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч С.Т нь “нокиа загварын гар утас болон пүүзийг би яаснаа санахгүй байна” гэж мэдүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед тэрээр дээрх мэдүүлгээ үгүйсгэж “нокиа загварын гар утас, пүүз аваагүй, телевизор, хивс зэрэг эд зүйлийг авсан” гэж мэдүүлжээ. Шүүх, гар утас, пүүз хоёрыг аваагүй гэж үзэх боломжгүй, энэ талаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Тгийн хувийн байдалтай холбоотой Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн С.Тд холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1495 дугаартай шийтгэх тогтоолоор С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 1 сар болгон өөрчилсөн 26 дугаартай магадлалыг шинжлэн судалж хэргийг шийдвэрлэсэн болно. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг бүрэн гүйцэд шалгаж хэрэгт цуглуулж байхыг анхааруулж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 587 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ