Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01240

 

 *******-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/03730 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 239 дүгээр магадлалтай,

 *******-ын нэхэмжлэлтэй

Сандэй плазад бизнес эрхлэгчид цэлмэг төв ТББ-д холбогдох,

 2018.12.10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-г цуцлах, гэрээгээр шилжүүлэн өгсөн эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулах, 37,800,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Б.Отгонбатад нөхөн олгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2018.12.10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч *******-аас хариуцагч*******-д холбогдуулан 2018.12.10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-г цуцлах, гэрээгээр шилжүүлэн өгсөн эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулах, 37,800,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Б.Отгонбатад нөхөн олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2018.12.10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/03730 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 203 дугаар зүйлийн 203.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******-аас 37,800,000 төгрөгийг гаргуулж, Б.Отгонбатад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-г цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******-ын 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,180,350 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-аас 623,700 төгрөгийг гаргуулж, үүнээс 346,950 төгрөгийг нэхэмжлэгч Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ-д, үлдэх 276,750 төгрөгийг улсын төсвийн орлогод олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 239 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/03730 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Нэхэмжлэгч хариуцагчийг 2018.12.10-ны Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ-ний 3.2 дахь заалт, 3.3 дахь заалтыг тус тус зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж, тус гэрээний дагуу өгсөн эд хөрөнгө, эрхийг буцаан гаргуулахаар шаардаж байна.

Анхан шатны шүүх хариуцагч гэрээний 3.2-д Байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй тул А талын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, албан хаагчдын гэрээг шинэчлэн, үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж заасныг хариуцагч зөрчсөн болох нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.23-ны 1552, 2019.08.02-ны 1447 тоот магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2020.07.21-ны 406, 2020.07.28-ны 436 тоот тогтоолуудаар тус тус тогтоогдсон байна гэж үзсэн.

Иймээс ИХШШХШТХ-ын 40.4-д заасныг хэрэглэж дахин нотлохгүй гэж дүгнэсэн.

Харин гэрээний 3.3-д Сандэй плаза төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээ албаны 147 м.кв байрыг хөрөнгө оруулагч Б.Отгонбатын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,800,000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна. Санхүүгийн бололцоотой нөхцөлд хөрөнгө оруулагч Б.Отгонбаттай зөвшилцөнө гэж заасныг зөрчсөн эсэх асуудлыг талуудын тайлбар, нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн. Уг үүргээ 2018.12.10-наас хойш биелүүлээгүй болох нь зохигч болон гуравдагч этгээдийн тайлбаруудаар нотлогдож байна хэмээн үнэлсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх уг үүргийн зөрчлийн талаар нотлох баримтыг үнэлж дүгнэлт хийлгүйгээр ИХШХТШХ-ын 40.4-д зааснаар үнэлсэн мэтээр ноцтой төөрөгдсөн дүгнэлт хийсэн.

Мөн талуудын хооронд байгуулсан Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ-ний 3.3 дахь заалтыг давж заалдах шатны шүүхээс Түрээсийн гэрээ гэж дүгнэж улмаар түрээсийн гэрээнд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн нь тус гэрээнд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь нэг байгууллагаас нөгөө байгууллагад эрх, үүрэг, эд хөрөнгөө шилжүүлэн өгч байгаа гэрээний нэг заалт дангаараа түрээсийн гэрээ болохгүй. Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ олон төрлийн харилцааг зохицуулсан гэрээ бөгөөд иргэний хуулийн 189.1-д заасан чөлөөт байдлын үндсэн дээр байгуулсан ИХ-ын 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ юм.

Тус гэрээний 3.3 дахь заалтын агуулга түрээсийн гэрээний бус харин Иргэний хуулийн 124.1-д заасан өр шилжих харилцааг зохицуулсан агуулгатай байна. Үүнийг анхан шатны шүүхээс ИХ-ын 198.1-198.4-д зааснаар тайлбарлан хөрөнгө оруулалтын төлбөрийг төлөх харилцаа байна хэмээн дүгнэсэн нь зөв болсон.

4.2. Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ын 6-р зүйл, 40.1, 38.1-д заасныг ноцтой зөрчсөн, мөн анхан шатны шүүхийн тус зөрчлийг арилгаагүй.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрх хууль ёсны мөн эсэх талаар дүгнэлт хийхэд зайлгүй шаардлагатай нөхцөл байдлыг тодруулаагүй орхигдуулсан байна гэжээ. Үүндээ Иргэний хуулийн 318.1-ын шаардах эрхийн үндэслэлийг шалгах ёстой гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ-ний 3.3-д заасан үүргээ биелүүлээгүй тул тус үүргийг гүйцэтгүүлэхээр ИХ-ын 9.4.3-д хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэж заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг ИХ-ын 203.1-д заасан шаардах эрхийн үндэс дээр шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан зүйл байхгүй. Анхан шатны шүүхээс Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээний 3.3-д заасан нь хууль ёсны байна хэмээн дүгнэж шаардах эрхийн үндэслэлийг шалган хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Давж заалдах шатны шүүхээс 147 м.кв байрны өмчлөгч хэн болох гэх асуудлаар нотлох баримт бүрдүүлэх даалгаврыг анхан шатны шүүхэд даалгасан агуулга бүхий дүгнэлт өгч хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь ИХШХШТХ-ын 6-р зүйл, 40.1, 38.1-д тус тус заасан талууд мэтгэлцэх, өөрийн шаардлагыг нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх, талуудын бүрдүүлсэн баримтыг шүүх үнэлэх гэсэн зарчмын шинжтэй зохицуулалтуудыг зөрчиж байна.

Үүгээрээ шүүх талуудын нэг талын өмнөөс даалгавар гаргаж нотлох баримтыг өөрийн санаачлагаар бүрдүүлэх мөрдөн шалгах чиг үүрэг гүйцэтгэхэд хүргэх шинж чанартай зарчмын гажуудалд хүргэх дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч тал тус байрыг Б.Отгонбатын өмчлөлийн хөрөнгө хэмээн маргадаггүй. Харин Б.Отгонбатын хөрөнгө оруулалтаар барьсан ТББ-ын хөрөнгө хэмээн үздэг. Үүний ч талууд 2018.12.10-ны Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээний 3.3-аараа харилцан хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байдаг.

Мөн хариуцагч тал нь гэрээний 3.3-д заасан хөрөнгө оруулагч Б.Отгонбатад төлөх төлбөрийн үүргээ гэрээ байгуулсан цагаас эхлэн 13 удаа зөрчсөний дараа /2018.12-2020.02 сар хүртэл/ гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг хариуцагчаас шаардсан ч үр дүнд хүрээгүй байхад ИХ-226.1.1-Д заасныг үндэслэн гэрээг цуцалсныг үнэлэх ёстой байсан энэхүү алдааг засаагүй.

Хариуцагч тал нэхэмжлэгч талын гэрээ цуцалсан шийдвэртэй холбогдуулж маргаагүй байхад гэрээ цуцалсан нь процессын зөрчилтэй эсэх талаар дүгнэсэн нь зөв буруу эсэх талаар дүгнэлт өгч зөвтгөх ёстой атал энэхүү үндэслэлээр гаргасан давж заалдах гомдолд хариулт өгөөгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 6. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ нь 2018.12.10-ны өдрийн Ашиглалт үйл ажиллагааг шилжүүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гуравдагч этгээд Б.Отгонбатад төлөх түрээсийн төлбөрийг төлөхгүй байснаас дээрх төлбөр хуримтлагдаж, маргаан үүсээд байгаа тул дээрх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан гаргуулж, түрээсийн төлбөрт 37,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Б.Отгонбатад нөхөн гаргуулж өгнө үү..., сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж тайлбарласан,

 Хариуцагч: ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргаж буй худалдааны төвийн 8 давхрын өргөтгөл нь тус төвд худалдаа эрхлэгчдийн сар бүрийн хураамжийн хөрөнгөөр, тус байгууллагын ажилчдаар бариулж бий болгосон. Түүнчлэн 8 давхрын өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулаагүй, Улсын комисс хүлээж аваагүй, Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар барилгын хийц, бүтээц, инженерийн шугам сүлжээний ачааллын тооцоо, материалын шинжилгээний дүгнэлтгүй, зураг төсөлгүй барьсан зэрэг зөрчлүүд илэрсэн. Барилгын тухай хуульд зааснаар ашиглалтад оруулаагүй, дуусаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглосон бөгөөд тус барилгын 8 давхрын өргөтгөлийг түрээслэн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргаж, ...гэрээний 3.3-т заасан ...Сандэй плаза төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ, үйлчилгээний албаны 147 м.кв байрыг хөрөнгө оруулагч Б.Отгонбатын эрх ашгийг хөндөхгүйгээр сард 1,800,000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна, Санхүүгийн бололцоотой нөхцөлд хөрөнгө оруулагч Б.Отгонбаттай зөвшилцөнө гэсэн заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 5.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

 7. Анхан шатны шүүх хариуцагчаас 37,800,000 төгрөгийг гаргуулан Б.Отгонбатад олгож, нэхэмжлэгчийн 2018.12.10-ны өдрийг гэрээг цуцлах шаардлагыг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 8. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: ... зохигчийн хооронд үүссэн маргааны зүйлийг тодруулаагүйн улмаас хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг тодруулалгүй орхигдуулсан, ...дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс тодруулж, нөхөн гүйцэтгэх боломжгүй... гэсэн үндэслэл заажээ.

 9. Давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 Тухайлбал, маргааны зүйл болсон Сандэй плаза төвийн 8 давхарт баригдсан гэх өргөтгөлийн147 м.кв талбай нь тусдаа бие даасан үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгэгдсэн эсэх, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох, хэний ямар хөрөнгөөр баригдсан талаар ач холбогдол бүхий баримт хэрэгт авагдаагүй, тус хөрөнгө бий болсон эх үүсвэрийн талаар зохигч маргаантай байхад эдгээр нөхцөл байдлыг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 10. Түүнчлэн нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ тус барилгын хөрөнгө оруулагч Б.Отгонбатад түрээсийн төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээ цуцлах үндэслэл гэж тодорхойлсон ба хэрэгт Б.Отгонбат З.Мөнгөнхуяг нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхад анхан шатны шүүх Б.Отгонбатыг хөрөнгө оруулагч гэж үзсэн үндэслэлээ шийдвэрт дурдаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэхгүй, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

11. Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 239 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* 2021.02.26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347,301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Б.МӨНХТУЯА

                ШҮҮГЧИД         Н.БАЯРМАА

                                         П.ЗОЛЗАЯА

                                         Д.ЦОЛМОН

                                                 Х.ЭРДЭНЭСУВД