Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00239

 

 

 

 

 

 

 

 

 

С П Ү Т Х Э Х ТББ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/03730 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С П Ү Т Х Э Х ТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С П Б Э Ц Т ТББ-д холбогдох, 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-г цуцлах, гэрээгээр шилжүүлэн өгсөн эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулах, 37 800 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Б.О-ад нөхөн олгуулах тухай шаардлагатай, 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярбаясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: З.Мөнгөнхуяг нь Сандэй плаза төвийн өмчлөгч гишүүдийн үйл ажиллагааг дэмжих, өмчлөлийн болон дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн үйл ажиллагаатай байлгах, засвар үйлчилгээ, ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллахад шаардагдах ашиглалтын төлбөрийг тооцон авч төсвийн дагуу зарцуулах, ашиглалт, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээний найдвартай байдлыг ханган ажиллахыг зохион байгуулах зорилгоор 2012 оны 03 сарын 23-ны өдөр С П Ү Т Х Э Х гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагыг 5 гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан. Тус төрийн бус байгууллага нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/04570 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Сандэй плаза худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын захиргааны үйл ажиллагааг 2016 оны 07 сарын 06-ны өдрөөс эхлэн хариуцан ажиллах болсон.

Дүрэмд заасан үндсэн зорилгоо биелүүлэх, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд байрлах байр шаардлагатай байсны улмаас 2018 оны 06 сарын 26-ны өдөр Б.О-тай зээлийн гэрээ байгуулж, 180 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар, эхний 1 жилд сарын 1 хувийн хүүтэй, үлдсэн 2 жилийн хугацаанд хүүг талууд харилцан тохиролцож тогтоох болсон. 2018 оны 11 cap хүртэл 5 сарын хугацаанд зээлийн гэрээний дагуу хүү төлөх үүргээ биелүүлсэн. Б.О-аас зээлсэн хөрөнгөөр Сандэй Плаза төвийн 8 давхарт ашиглалтын захиргааны байрыг барьж 2018 оны 09 сараас ашиглалтад оруулан байрлаж байсан. Гэтэл нэр бүхий этгээдүүдийн албан шахалтын улмаас 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ээр Сандэй плаза худалдаа үйлчилгээний төвийн ашиглалтын захиргаа, 8 давхарт ашиглалтын захиргааны түүнтэй холбогдон үүсэх бусад эрх, үүрэг хариуцагчид шилжүүлэн өгсөн. Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3-т заасны дагуу Сандэй плаза төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 м.кв байрыг ашигласны төлбөрт тооцон зээлийн хүү 1 800 000 төгрөгийг cap бүр Б.О-ад төлөхөөр талууд тохиролцсон болно.

Гэтэл хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй өдийг хүрч хохирол учруулж байна. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан болон дүрэмд нь заасан бусад үндэслэлээр татан буулгаж болно. Ийнхүү татан буулгах тухай шийдвэрийг төрийн бус байгууллагын эрх барих байгууллага гаргана, 7.2 дах хэсэгт татан буугдах төрийн бус байгууллагын зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл, манай төрийн бус байгууллага нь дүрэмд заасан зорилгыг хэрэгжүүлж дуусаагүй, татан буулгах талаарх эрх бүхий этгээдүүдийн шийдвэр гараагүй атал бидний үйл ажиллагааг өөр нэгэн төрийн бус байгууллага хэрэгжүүлэх нь хууль зөрчиж буй үйлдэл юм.

Хариуцагч нь гэрээний 3.3-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйл 225.2, 225.3 дахь хэсгийг үндэслэн гэрээг цуцалж байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих этгээдэд, зохих ёсоор биелүүлэхийг шаардсан ч хариу тайлбараараа үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа тул гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор тухайн гэрээний харилцааг дуусгавар болгох хүсэлтэй байна. Хариуцагч нь өмнө нь ч гэрээний үүрэг, гэрээний 3.2-т заасан үүргээ зөрчиж, үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй маргаан өнөөдрийг хүртэл шүүхээр хянан шийдвэрлэгдэж байна.

Иймд 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээг цуцалж, тус гэрээгээр шилжүүлэн өгсөн ашиглалтын үйл ажиллагааны эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулах гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах буюу тус гэрээний 3.3-т заасан үүргээ зохих этгээдэд, зохих ёсоор биелүүлэхийг шаардах гэж зааснаар байгуулсан өдрөөс 2020 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл 21 сарын 1 800 000 төгрөг, нийт 37 800 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Б.О-ад нөхөн олгуулахаар шаардлага гаргасныг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Талууд 2018 оны 12 сарын 10-ны өдөр дээрх гэрээг байгуулж, С П Ү Т Х Э Х ТББ-аас ашиглалтын захиргааны үйл ажиллагааг бүрэн шилжүүлэн авсан. Ийнхүү уг гэрээгээр захиргааны үйл ажиллагааг шилжүүлэн авахаас өмнө нэхэмжлэгч буюу тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга З.Мөнгөнхуяг нь Сандэй плаза худалдаа үйлчилгээний төвд талбай өмчлөгч, эзэмшигчдийн гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулах хугацаандаа өөрийн гишүүдэд үйлчлэх, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэж хуульд заасан үндсэн зорилгоо хангалтгүй биелүүлж, гишүүдээс хураан авдаг хураамж, төлбөрийг зориулалтын бусаар зарцуулж байсан болно.

Хожим дээрх хууль бус үйл ажиллагаа нь ил болсон тул тус үйлчилгээний төвд талбай өмчлөгч, эзэмшигч гишүүд хуралдан шинээр С П Б Э Ц Т ТББ-ыг байгуулж, дээрх гэрээний дагуу захиргааны үйл ажиллагааг шилжүүлэн авсан. Уг асуудлаар нэхэмжлэгч ТББ-ын санхүү, татварын тайланд аудитын дүгнэлт гаргуулж, холбогдох зөрчил, дутагдлыг илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга З.Мөнгөнхуягт холбогдуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт хяналт шалгалт хийгдэж байгаа болно.

Дээрх гэрээг байгуулах үед гэрээний 3.3-т Сандэй плаза төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 м.кв байрыг хөрөнгө оруулагч Б.О-ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1 800 000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна. Санхүүжилт бололцоотой нөхцөлд хөрөнгө оруулагч Б.О-тай зөвшилцөнө гэх байдлаар тусгасан. Тухайн гэрээг байгуулан эрх шилжүүлэн авах үедээ манай байгууллагын хувьд дээрх гэрээний 3.3 дахь заалт хэрэгжих боломжгүй, хууль бус талаар мэдээгүй болно. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээний 3.3-т заасан үүргийг биелүүлэх нөхцөл байдал бүрдээгүй бөгөөд нийт 37 800 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Б.О-ад төлөх үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд иргэн З.Мөнгөнхуяг нь 2018 оны 06 сарын 26-ны өдөр Б.О-тай Зээлийн гэрээ байгуулан 180 000 000 төгрөгийг 2021 оны 06 сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд сарын 1 хувийн хүүтэй зээлж, З.Мөнгөнхуягийн Хаан банк ХХК дахь хувийн данс руу шилжүүлэхээр харилцан тохиролцсон байсан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Б.О-аас хөрөнгө оруулалт аван Сандэй Плаза төвийн 8 давхарт өргөтгөл барьж, 2018 оны 09 сард ашиглалтад оруулсан гэжээ. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлд төрийн бус байгууллагын орлогын эх үүсвэр бүрдэх хөрөнгүүдийг нэрлэн заасан. Буцаан төлөлт хийх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулалт татахыг хуулиар зөвшөөрөөгүй нэхэмжлэгч ТББ-ын дүрмийн санхүүжилт хэсэгт мөн тусгагдсан. Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан нэхэмжлэгч ТББ-д дээрх үнийн дүнгээр орлого орж ирсэн зүйлгүй, энэ талаар холбогдох санхүүгийн тайланд тусгагдаагүй, Б.О-ын оруулсан хөрөнгөөр бус харин ч үйлчилгээний төвд талбай өмчлөгч, эзэмшигчдийн cap бүр төлдөг хураамжийн хөрөнгөөр, тус байгууллагын ажилчдыг өөрсдийг нь ажиллуулан 8 давхрын өргөтгөлийг бариулсан байдаг.

Ийнхүү дээр дурдсанчлан С П Ү Т Х Э Х ТББ-ын удирдах зөвлөлийн дарга З.Мөнгөнхуягийг уг асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас шалгаж байгаа болно. Түүнчлэн уг 8 давхрын өргөтгөлийг ашиглалтад оруулаагүй, улсын комисс хүлээн барилгын хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний ачааллын тооцоо, материалын шинжилгээний дүгнэлтгүй, зураг төсөлгүй барьсан гэх зөрчлүүд нь Мэргэжлийн хяналтын төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үр дүнд илэрсэн бөгөөд энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 02-03/1475 дугаар албан бичигт тодорхой дурдсан. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтны 2019 оны даалгавраар дээрх зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахыг З.Мөнгөнхуягт даалгасан боловч уг зөрчлөө арилгаагүй бөгөөд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт зааснаар дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж зохицуулсан. Дээрх гэрээний 3.3-т зааснаар тус барилгын 8 давхарт байрлах өргөтгөлийг түрээслэн үйл ажиллагаа явуулах нөхцөл нь бүрдээгүй буюу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтны даалгавар, Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02-03/1475 дугаар албан бичгийн дагуу хуульд зааснаар түрээслэх, ашиглах нөхцөл бүрдээгүй.

Улмаар Б.О- нь тус С П Ү Т Х Э Х ТББ-ын гишүүнд хамааралгүй, хандив, хөрөнгө, орлого оруулсан болохыг нотлох зүйлгүй байхад З.Мөнгөнхуяг, Б.О- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг, хамааралгүй этгээд болох С П Б Э Ц Т ТББ-д гэрээний 3.3-т заасан хэлбэрээр дамжуулан шилжүүлж, З.Мөнгөнхуягийн зээлсэн зээлийн төлбөрийг төлөхийг хариуцагчаас шаардаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-т заасны дагуу Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ-ний 3.3 дахь заалт нь дээр дурдсан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх гэрээний зохицуулалт байх тул хариуцагч С П Б Э Ц Т ТББ уг гэрээний заалтыг хэрэгжүүлэх боломжгүй, улмаар нэхэмжлэгч уг үндэслэлийг дурдаж гэрээг цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: Дээр дурдсанчлан С П Ү Т Х Э Х ТББ-ын удирдах зөвлөлийн дарга З.Мөнгөнхуягийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор санхүү, татварын тайланд хийгдсэн аудитын дүгнэлт, холбогдох мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт, тайлангаас Б.О- нь хөрөнгө оруулалт хийгээгүй болохыг мэдсэн. Гэрээний 3.3-т ...7 сард 1 800 000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна гэх байдлаар тусгасан байдаг. Гэтэл Иргэний хуулийн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээслүүлэгчийн үүрэг хүлээх эрх бүхий этгээд нь Б.О- биш байна. Учир нь тэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Сандэй плаза төвийн 8 давхрын өргөтгөлийн барилгыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах цаашлаад өмчлөх эрхгүй болох нь тодорхой байна.

Түүнчлэн уг 8 давхрын өргөтгөлийн барилга нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6дахь хэсэгт заасан ашиглахыг хориглосон барилга, байгууламж болох нь эрх бүхий байгууллагуудын дээр дурдсан албан бичгүүдээр тогтоогдсон. Гэтэл ийнхүү Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3-т хуулиар ашиглахыг хориглосон барилга байгууламжийг ...Б.О-ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1 800 000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна гэх байдлаар тусгаж, гэрээгээр зохицуулсан заалт нь хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй байна.

Иймд 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3-т Сандэй плаза төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 м.кв байрыг хөрөнгө оруулагч Б.О-ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1 800 000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна. Санхүүгийн бололцоотой нөхцөлд хөрөнгө оруулагч Б.О-тай зөвшилцөнө гэж тусгасан заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл /гэрээний хэсэг/ болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Б.О-тай байгуулсан 2018 оны 06 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний мөнгөн хөрөнгөөр Сандэй плаза төвийн 8 давхарт ашиглалтын захиргааны байрыг барьж 2018 оны 09 сараас ашиглалтад оруулсан. Гэтэл Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ-ээр тус 8 давхрын байрыг хариуцагчид шилжүүлэн өгөх болсон тул зээлдүүлэгчийн эрх ашгийг хөндөхгүйн үүднээс гэрээний 3.3-т Б.О-ад cap бүр 1 800 000 төгрөгийг өгөхөөр талууд харилцан тохиролцсон. Б.О- бол зээлдүүлэгч буюу хөрөнгө оруулагч юм.

Дээрх 8 давхрын өргөтгөлийн барилга нь дуусаад ашиглалтад орчихсон объект тул Иргэний хуулийн 318 дугаар зүйл, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн зохицуулалтууд хамааралгүй. Хариуцагч одоо тус объектыг бодитоор ашиглаж байхад дуусаагүй буюу дууссан ч ашиглаж болохгүй барилга, байгууламжид хамааруулж байгаа нь ойлгомжгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгодог. Гэтэл гэрээний 3.3 дахь заалт нь ямар ч хуулийн хориглох хэм хэмжээг зөрчөөгүй, талуудын чөлөөт хүсэлт зоригт үндэслэсэн байхад үйл баримтад үл хамаарахгүй эрх зүйн зохицуулалтыг хамаатуулж, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж буй нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Б.О- нь нэхэмжлэгч ТББ-д 180 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцож, 2018 оны 06 сарын 26-ны өдөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь зээлсэн мөнгөн хөрөнгөөр Сандэй плаза худалдааны төвийн 8 давхрын ашиглалтын захиргааны байрыг барьж, ашиглалтад оруулсан байдаг. Зээлийн гэрээний үүргээ 2018 оны 11 cap хүртэл зохих ёсоор гүйцэтгэж байсан ч тус 8 давхрын ашиглалтын захиргааны байр, түүнтэй холбогдон үүсэх эрх, үүрэг нь 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс хариуцагч ТББ-д шилжсэний улмаас зээлийн гэрээний үүрэг доголдож улмаар гуравдагч этгээдэд хохирол учирч эхэлсэн.

2018 оны 12 сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3-т Сандэй плаза төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 кв байрыг хөрөнгө оруулагч Б.О-ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1 800 000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна. Санхүүгийн бололцоотой нөхцөлд хөрөнгө оруулагч Б.О-тай зөвшилцөнө гэж тусгайлан заасан. Гэтэл хариуцагч нь гэрээгээр ашиглалтын эрх, үүргийг шилжүүлэн авсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж төлбөр хуримтлагдаж, маргаан бүхий харилцаа үүссэн.

Нэхэмжлэгчийн 37 800 000 төгрөг гаргуулж Б.О-ад нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ агуулга болон хэлбэрийн хувьд хуульд харшлаагүй байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдаад буй түрээсийн гэрээний тухай хуулийн зохицуулалт болон Барилгын тухай хуулийн заалт нь хэрэгт огт хамааралгүй байгаагаас гадна ашиглахыг хориглосон гээд байгаа 8 давхартаа өөрсдөө одоо үйл ажиллагаа явуулаад, ашиглаж байгаа болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 203 дугаар зүйлийн 203.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С П Б Э Ц Т ТББ-аас 37 800 000 төгрөгийг гаргуулж, Б.О-ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-г цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С П Б Э Ц Т ТББ-ын 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 180 350 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С П Б Э Ц Т ТББ-аас 623 700 төгрөгийг гаргуулж, үүнээс 346 950 төгрөгийг нэхэмжлэгч С П Ү Т Х Э Х ТББ-д, үлдэх 276 750 төгрөгийг улсын төсвийн орлогод олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Шүүх хариуцагчийн маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийсэн. Гэрээ цуцлах нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх. Хариуцагч нэхэмжлэгчийн гэрээ цуцлах шийдвэр нь хууль бус, гэрээ болон хуульд заасан журам зөрчсөн гэх асуудлаар хариу тайлбар өгч маргаагүй. Харин гэрээний 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хариуцагчийн дурдаагүй маргаагүй үндэслэлийг өөрөө гарган ирж нэхэмжлэлийн шаардлагын тус хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд харшилжээ.

Түүнчлэн, хариуцагч үүргийн ноцтой зөрчил гаргасанд дүгнэлт хийгээгүй. Талуудын хооронд байгуулагдсан ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээгээр хариуцагч ажилчдыг үргэлжлүүлэн ажиллуулах, 147 м.кв байрны хөрөнгө оруулагч Б.О-ад 1 сард 1 800 000 төгрөг олгох үүрэг тус тус хүлээсэн атлаа биелүүлээгүй.

Хариуцагч гэрээний 3.2-т заасан үүргээ зөрчсөн болохыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01759, 01853 дугаартай шийдвэрүүд, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1552, 1447 тоот магадлалууд, Монгол Улсын Дээд шүүхийн 00406, 00436 тоот тогтоолуудаар тус тус тогтоогдсон.

Мөн хариуцагч хөрөнгө оруулагч Б.О-ын эрх ашгийг хөндөхгүйгээр cap бүр түрээсийн төлбөрт 1 800 000 төгрөгийг түүнд төлөх үүргээ гэрээ байгуулсан өдрөөсөө зөрчиж эхэлсэн.Улмаар хөрөнгө оруулагч Б.О-ад төлбөрийн хуримтлал үүсгэж, хохирол учруулж эхэлсэн тул гэрээний үүргээ 13 удаа зөрчсөний дараа гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг хариуцагчаас шаардсан ч үр дүнд хүрээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Улмаар хариуцагч шүүхэд гаргасан тайлбараараа мөн л гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж буйгаа илэрхийлсэн. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хариуцагч нь гэрээний 3.3-ыг зөрчсөн зөрчил 21 удаа, гэрээний 3.2-д заасан зөрчил 2 удаа, нийт 23 удаа үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалж, тус гэрээгээр шилжүүлэн өгсөн эд хөрөнгө, эрхийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нөхцөлд урьдчилан сануулаад ямар ч үр дүн гарахгүй нь ойлгомжтой байна.

Нэмэлт хугацааны хувьд үүргийн зөрчил эхэлсэн хугацаа буюу 2018 оны 12 сараас шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх хугацаа хүртэл талуудын хооронд гэрээний харилцаа хэвээр үргэлжилж байсан тул хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хангалттай хугацаа байсан.Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхтэй.Гэтэл анхан шатны шүүх хуулийн тус зохицуулалтыг үл харгалзан гэрээний үүрэг гүйцэтгэх талаар хариуцагчид нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй гэх үндэслэлээр гэрээ цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь гэрээний зөрчлийн. шинж, давтамж хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: С П Б Э Ц Т ТББ-ын удирдах зөвлөлийн дарга З.Мөнгөнхуяг нь байгууллагад учруулсан хохирол, төлбөр болон өөрийн хувьдаа авч хэрэглэсэн зээлээ төлүүлэхээр С П Б Э Ц Т ТББ-тай дээрх шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулж, хэрэгжих боломжгүй гэрээний 3.3 дахь заалтаар Сандэй плаза төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 м.кв байрыг хөрөнгө оруулагч Б.О-ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1 800 000 төгрөгөөр түрээсийн үйл ажиллагаа явуулна гэж оруулан төлбөр шаардаж байна.

Гэтэл Б.О-ын хөрөнгө оруулсан гэх 1 800 000 төгрөгийн тухайд 2018 оны 0сарын 26-ны өдөр зээлдүүлэгч Б.О-, зээлдэгч З.Мөнгөнхуяг нар нь 3 жилийн хугацаатай эхний 1 жилд сарын 1 хувийн хүүтэй, үлдсэн 2 жилийн хугацаанд хүүг талууд харилцан тохиролцож тогтоохоор байгуулсан зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө юм. Уг зээлийн гэрээний үүргээ З.Мөнгөнхуяг зөрчсөн тул Б.О- шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00033 дугаар шүүгчийн захирамжаар үндсэн төлбөр 1 800 000 төгрөг, хүү 2 340 000 төгрөг, алданги 11 700 000 төгрөг, нийт 21 510 000 төгрөгийг З.Мөнгөнхуягаас гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу З.Мөнгөнхуяг нь иргэнийхээ хувиар өөрийн хувьдаа зээлж авсан зээлийн төлбөрөө талуудын хооронд байгуулагдсан Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3-т оруулж С П Б Э Ц Т ТББ-аар төлүүлэхээр оролдож байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт болох дээрх шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүхээс үнэлэхгүйгээр өөрсдөө харилцан тохиролцсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар шийдвэрлээгүй тул зээлийн гэрээ гэж үзэхгүй гэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үнэлэхгүй хэт нэг талыг барьж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэхээр байна

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2018 оны 12 сарын 10-ны өдөр Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээг гуравдагч этгээдэд ашигтай гэрээ гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.Өөрөөр хэлбэл иргэд хоорондын байгуулсан зээлийн гэрээний үүргийг ТББ хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан орлогын эх үүсвэрийн хөрөнгийн талаарх зохицуулалтыг С П Б Э Ц Т ТББ нь дүрмийн санхүүжилт хэсэгт тусгасан болно.Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан С П Б Э Ц Т ТББ-д дээрх үнийн дүнгээр иргэн Б.О-аас хөрөнгө оруулалт хийсэн зүйл огт байхгүй бөгөөд санхүүгийн тайланд тусгагдаагүй, харин ч тус үйлчилгээний төвд талбай өмчлөгч, эзэмшигчдийн cap бүр төлдөг хураамжийн хөрөнгөөр тус байгууллагын ажилчдын өөрсдийг нь ажиллуулан 8 давхрын өргөтгөлийг барьсан байдаг. Үүнтэй холбоотойгоор 180 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт орсон эсэх, удирдах зөвлөлийн дарга З.Мөнгөнхуяг нь байгууллагад хэчнээн төгрөгийн хохирол учруулсан эсэх талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан С П Б Э Ц Т ТББ-ын гомдлын дагуу аудитын дүгнэлт хийгдэхээр хүлээгдэж байгаа болно. Уг цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа талаарх нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс хангаагүй байдаг.

Мөн уг 8 давхрын өргөтгөл Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан барилга, байгууламжид хамаарна. Үүнээс үзэхэд гэрээнд зааснаар өргөтгөлийг түрээслэн үйл ажиллагаа явуулах нөхцөл нь бүрдээгүй буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтны 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 07-Б1904050177/0599 дугаар даалгавар, Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 02-03/1475 дугаар албан бичгийн дагуу хуульд зааснаар түрээслэх, ашиглах нөхцөл бүрдээгүй.Өөрөөр хэлбэл Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3-т зааснаар иргэн Б.О- нь хөрөнгө оруулсан болохыг нотолсон баримт байхгүй, түүнчлэн Б.О-ын хөрөнгөөр бий болж С П Б Э Ц Т ТББ түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа бол талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, Б.О-ын өмч мөн эсэх талаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байх ёстой.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч тал болон гуравдагч этгээд нарын тайлбараар З.Мөнгөнхуягт зээлийн гэрээний дагуу зээлсэн 180 000 000 төгрөгийг талуудын хооронд байгуулсан Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.3-т оруулсан гэж тайлбарласан бөгөөд шүүхийн шийдвэр гарсан ч З.Мөнгөнхуяг зээлсэн мөнгөө төлөөгүй учир уг мөнгөө авахаар ирлээ гэсэн мэдүүлгийг шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Б.О- нь 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00033 дугаар шүүгчийн захирамжаар 21 510 000 төгрөгийг З.Мөнгөнхуягаас, энэхүү шүүхийн шийдвэрээр уг зээлийн гэрээний дагуу дахин 37 800 000 төгрөг болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т заасан нөхцлийн дагуу хэчнээн төгрөгийг С П Б Э Ц Т ТББ нь Б.О-ад төлөх эргэлзээтэй үлдэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад заасан зарим хэсэг болох С П Б Э Ц Т ТББ-аас 37 800 000 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны зүйлийг тодруулаагүйн улмаас хууль буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох улмаар хэргийн үйл баримт болон зохигчдын гаргасан давж заалдах гомдол тус бүрд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

Нэхэмжлэгч С П Ү Т Х Э Х ТББ нь хариуцагч С П Б Э Ц Т ТББ-д холбогдуулан, 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-г цуцалж, уг гэрээгээр шилжүүлсэн эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулах, мөн түрээсийн төлбөр болох 37 800 000 төгрөгийг Б.О-ад нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба уг шаардлагын үндэслэлээ хариуцагч нь гэрээний 3.2, 3.3-т заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн тул гэрээг цуцалж байна гэх агуулгаар тайлбарлажээ. /хх 1-2, 51-52, 74-75, 119/

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, өөрийн татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ-ний 3.3 дахь заалт хүчин төгөлдөр бус хэлцэл учир уг заалтаар үүрэг хүлээхгүй гэх агуулгаар маргажээ. /хх 29-32, 56-58, 116-117, 129-131/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Б.О-ад нөхөн олгуулах 37 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1759, 1853 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1552, 1447 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 406, 436 дугаар тогтоол зэргийг үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан зохицуулалт болон Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасныг тус тус тайлбарлан дүгнэлт хийснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан дээрх гэрээний 3.3-т заасан Сандэй плаза төвийн 8 давхарт баригдсан гэх 147 м.кв талбай бүхий байрыг түрээслүүлэгчийн зүгээс түрээслэгчид шилжүүлсэн эсэх, улмаар түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хариуцагчид бий болсон эсэхийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод буй дээрх шийдвэр, магадлал, тогтоолоор шийдвэрлээгүй байна. /хх 132-157/ Харин тухайн шийдвэр, магадлал, тогтоолоор хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх үүргийг хүлээх эсэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Гэтэл шүүх талуудын хооронд үүссэн маргааны зүйлд үл хамаарах үйл баримтыг хэрэгт хамааруулан, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт мэтээр дүгнэж, үндсэн болон сөрөг шаардлагын үндэслэл болсон 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ, уг гэрээний 3.3 дахь заалт тус бүрийн хүчин төгөлдөр байдлын талаар тодруулж, талуудын тайлбарыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэжээ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагчийг дээрх гэрээний дагуу Б.О-ад сар бүр 1 800 000 төгрөг төлөх үүрэгтэй, энэхүү үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрх хууль ёсны мөн эсэх талаар дүгнэлт хийхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг тодруулаагүй орхигдуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл, түрээсийн зүйлийн шинж чанар хуульд нийцсэн эсэх, эрхийн зөрчилтэй эсэх, түүний өмчлөгч болон түрээслэгч нь хэн болох талаар тодруулах шаардлагатай буюу Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үүргийн харилцааны оролцогч талууд тодорхой болсноор зохигчдын хооронд үүсэх эрх зүйн харилцааг зөв тодорхойлох боломжтой болох юм. Мөн түрээсийн зүйл нь улсын бүртгэлд бүртгэгдэх бие даасан үл хөдлөх хөрөнгө мөн эсэх, эсхүл үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсэгт хамаарах эсэхийг зайлшгүй тодруулах ёстой. Үүнийг тодруулснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрхтэй этгээд тодорхой болох учиртай.

 

Зохигчид тухайн 8 давхрын өргөтгөлийг хэн бий болгосон эсэхэд маргаантай байгаа буюу хариуцагчийн зүгээс ...Сандэй плаза худалдаа, үйлчилгээний төвд худалдаа эрхлэгч нарын хураамжаар бий болсон... гэж тайлбарладаг бол, нэхэмжлэгч нь ...Б.О- гэх хүнээс З.Мөнгөнсүхийн зээлсэн мөнгөн хөрөнгөөр нэхэмжлэгч ТББ-ын зүгээс барьсан... гэх байдлаар харилцан адилгүй тайлбар гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий 147 м.кв байрны өмчлөгч хэн болох нь тодорхой бус байна. Үүнийг тодруулахын тулд түрээсийн зүйл гэх уг байр нь ямар хөрөнгөөр баригдсан болон суурь барилга, байшингийн өмчлөлөөс тусдаа үл хөдлөх эд хөрөнгө мөн эсэх гэсэн нөхцөл байдлуудыг тодруулах нь зүйтэй.

 

Дээрх үйл баримтыг тодруулснаар Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ-ний холбогдох заалт хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй эсэх, эсхүл түрээсийн төлбөрийг төлөхгүй байгаатай холбоотойгоор ашиглалтыг зогсоож, эд хөрөнгөө өөртөө буцаан шилжүүлэн авах эрхтэй эсэх зэрэгт дүгнэлт өгөх боломжтой болох юм.

 

Гэтэл анхан шатны шүүх өмнө шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж дүгнэн маргааны зүйл, түүнд хамааралтай нөхцөл байдлуудыг тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс энэ ажиллагааг нөхөн гүйцээх боломж хуулиар олгогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/03730 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 346 950 төгрөг, хариуцагч талаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР