Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 01658

 

     Д.М-гийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01898 дугаар шийдвэртэй, Д.М-гийн нэхэмжлэлтэй, Н-т холбогдох

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00629 дугаар шийдвэрээр Б.Э-аас 149 021 766 төгрөг гаргуулж “Пүре финанс” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Б.Э болон “Пүре финанс” ББСБ-ын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн байхад Б.М-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 51 дүгээр байр 84 тоот 40 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгааг мэдэж шүүхэд гомдол гаргасан.

Б.М ББСБ-аас зээл аваагүй, Б.Э зээл авсан, төлбөрийг Б.Э төлөх ёстой. Шүүхийн шийдвэрээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдсэн байхад Б.М-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа хийсэн нь ойлгомжгүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоот орон сууцанд хийж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 51 дүгээр байр 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон бусад хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00629 дүгээр шийдвэрээр Б.Э-аас 148 123 200 төгрөг гаргуулж, “Пүре финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Э-ын үүргийн гүйцэтгэлд Ц.С, Д.М нарын барьцаалсан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 51 дүгээр байр 84 тоот 40 м.кв 3 өрөө орон сууцыг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 171/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 171/03 тоот тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч Б.Э, өмчлөгч Ц.С, Д.М нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад төлбөр авагчтай харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг 88 000 000 төгрөгөөр тогтоосон байна. Эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Э, өмчлөгч Ц.С, Д.М нарт 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3/25469 тоот албан бичгээр хүргүүлж тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан. Эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан төлбөр төлөгч Б.Э Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Б.Э нь Н-аас явуулсан анхны албадан дуудлага худалдааны үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02976 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.Э, өмчлөгч Б.С, Д.М нар үндэслэлгүйгээр нэхэмжлэл, гомдол гарган шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд удаа дараа саад учруулж байна.

Н нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шүүхийн гүйцэтгэх баримт бичигт заагдсан хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явуулсан нь хуулийн дагуу байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хариуцагч Н-т холбогдох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 51 дүгээр байр 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах болон битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон бусад хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.М-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.М давж заалдах гомдолдоо: Миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шийдвэрээр Б.Э-аас 149 021 766 төгрөг гаргуулж “Пүре финанс” ББСБ-д олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа. Тус шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад Б.Э болон “Пүре финанс” ББСБ-ын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн байхад Б.М миний өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоот, 40 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгааг мэдэж шүүхэд гомдол гаргасан. Төлбөрийг   Б.Э   төлөх   ёстой.   Шүүхийн   шийдвэрээр   барьцааны   гэрээг  хүчин төгөлдөр бус гэж шийдсэн байхад Б.М миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа хийж байгаа нь ойгомжгүй.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө 84 тоот орон сууцанд хийж буй  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт "энэ хуулийн 44.3, 63.4-т заасан бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаараагүй" гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон бусад хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхийг шүүхээс дүгнээгүй, баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй нь буруу болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй  болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

    Нэхэмжлэгч Д.М хариуцагч Н-т холбогдуулан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00629 дүгээр шийдвэрээр хариуцагч Б.Э-аас 148 123 200 төгрөгийг гаргуулж, “Пүре финанс ББСБ” ХХК-д олгож, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 51 дүгээр байр 84 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэжээ. /хэргийн 6-8 дугаар тал/

Хариуцагч Н шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 171/01 дүгээр тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 171/02 дугаар тогтоолоор хураан авч, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаар тогтолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 36 дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 51 дүгээр байр 84 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгэээг шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-иас 88 000 000 төгрөгөөр тогтоосныг төлбөр төлөгч Б.Э эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 181/ШШ2016/01586 шийдвэрээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 403 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 564 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хэргийн 41-47 дугаар тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журам зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. /хэргийн 48-54 дүгээр тал/

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/00629 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар талуудын хооронд байгуулагдсан 014/013 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тооцсон, 3 дахь заалтаар 013/008 дугаар зээлийн болон барьцааны гэрээний дагуу Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 51 дүгээр байр 84 тоот 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            С.ЭНХТӨР

                                                                                                            Д.БАЙГАЛМАА