Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1898

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/01898

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх  хуралдаанаар

Нэхэмжлэгч: дүүрэг  дүгээр хороо  дүгээр хороолол  дүгээр байр  тоотод оршин суух,  онд төрсөн  настай, овогт Д.М

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

            Баянгол дүүргийн  дүгээр хороо  дүгээр байр  тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах болон битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон бусад хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, өмгөөлөгч Ш.Б, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00629 дугаар шийдвэрээр Б.Энхзулаас 149.021.766 төгрөг гаргуулж Пүре финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа. Тус шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Б.Энхзул болон Пүре финанс ББСБ-ын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн байхад Б.Мөнхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 51 дүгээр байр 84 тоот 40 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгааг мэдэж шүүхэд гомдол гаргасан. Б.Мнь ББСБ-аас зээл аваагүй. Б.Энхзул гэж хүн зээл авсан. Төлбөрийг Б.Энхзул төлөх ёстой. Шүүхийн шийдвэрээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдсэн байхад Б.Мөнхтуяагийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа хийгээд байгаа нь ойлгомжгүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 51 дүгээр байр 84 тоот орон сууцанд хийж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т ”энэ хуулийн 44.3, 63.4-т заасан бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 51 дүгээр байр 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон бусад хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00629 дугаар шийдвэрээр Б.Энхзулаас 148.123.200 төгрөг гаргуулж Пүре финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Энхзулын үүргийн гүйцэтгэлд Ц.Сүлдгэрэл, Д.Мөнхтуяа нарын барьцаалсан Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 51 дүгээр байр 84 тоот 40 мкв 3 өрөө орон сууцыг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 171/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 171/03 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Б.Энхзул, өмчлөгч Ц.Сүлдгэрэл, Д.Мөнхтуяа нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад төлбөр авагчтай харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг 88.000.000 төгрөгөөр тогтоосон байна. Эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Энхзул, өмчлөгч Ц.Сүлдгэрэл, Д.Мөнхтуяа нарт 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3/25469 тоот албан бичгээр хүргүүлж тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан. Эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан төлбөр төлөгч Б.Энхзул нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн магадлал, тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Энхзул нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан анхны албадан дуудлага худалдааны үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02976 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Давж заалдах шатны магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шийдвэрийг мөн хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.Энхзул, өмчлөгч Б.Сүлдгэрэл, Д.Мөнхтуяа нар нь үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гомдол гарган шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд удаа дараа саад учруулж байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шүүхийн гүйцэтгэх баримт бичигт заагдсан хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явуулсан нь хуулийн дагуу байх тул Д.Мөнхтуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхтуяа нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 51 дүгээр байр 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах болон битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон бусад хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 102/ШШ2016/00629  шийдвэрээр хариуцагч Б.Энхзулаас 148.123.200 төгрөг гаргуулж Пүре финанс ББСБ ХХК-д олгож, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 51 дүгээр байр 84 тоотод байрлах 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1592 дугаартай гүйцэтгэх хуудас 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр олгогдож, хариуцагч байгууллага 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан байна.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 171/01 эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Мөнхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 51 дүгээр байр 84 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 171/02 дугаартай тогтоолоор хураасан нь хэрэгт байгаа тогтоолуудаар нотлогдож байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, шинжээч томилсон явдал нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36  дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг зөрчөөгүй байна.

Орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-иар орон сууцыг үнэлүүлсэн ба үнэлгээг төлбөр төлөгч Б.Энхзул эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 181/ШШ2016/01586 шийдвэрээр үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны магадлал, Хяналтын шатны тогтоол тус тус хуулийн хүчинтэй байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан явуулсан хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол нь хууль зөрчөөгүй, эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан төлбөр төлөгч шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар  Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 51 дүгээр байр 84 тоотод байрлах 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчсөн болох нь тогтоогдоогүй болно.

Иймд хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 51 дүгээр байр 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах болон битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон бусад хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:

 

       1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 51 дүгээр байр 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах болон битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон бусад хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.КУЛЬДАНА