Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00750

 

 

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00750

Жаргалант сум

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Дарви сумын .......оршин суух, А овогт Д-ийн Э / /-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 153/2020/00833/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.Э нь Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд 1970 онд төрсөн. 1986 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа Ховд аймгийн Дарви суманд төгсөөд эцэг эхийн хамт Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1992 онд нөхөр Д.Түмбаттай гэр бүл болсон. Д.Э нь одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн бөгөөд аав ээжийнхээ хамт мал малладаг байсан тул цалин нь ээж аавынх нь нэр дээр бодогдож гардаг байсан юм билээ. 70 дугаар данс дээр зарим он дээр Энхээ гэж гарч ирдэг Эийг Энхээ гэж дууддаг байсан болохоор Энхээ гэж нэрээр гарч ирсэн. Иймд Д.Эийг 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү..гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Эийг 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 579 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын Мөрөн бригадын 1986-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 5-9 дүгээр тал/

2.Гэрч Х.Цэрэндоржийн ... 1975-1992 он хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн малын эмчээр ажиллаж байсан. Д.Э нь Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн сургуулийг төгсөөд Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн баригадад малчин болж нэгдэл тарах хүртэл ажилласан. Д.Эийг манай нутгийнхан Энхээ гэж дууддаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/

3.Гэрч Б.Оюунчимэгийн ... 1984-1990 он хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн мал эмнэлэгт эмийн санчаар ажиллаж байсан.Д.Э нь Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн сургуулийг төгсөөд Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн баригадад малчин болж нэгдэл тарах хүртэл ажилласан. Д.Э нь ямар нэгэн тмс, болон техникум, их дээд сургуульд сураагүй. Д.Эийг Энхээ гэж дууддаг байсан. Д.Эийн аавыг Пүрэвийн Дорж, ээжийг нь Сүх-Орос гэдэг байсан хүртэл ажилласан. Д.Эийг манай нутгийнхан Энхээ гэж дууддаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтооолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Харин Д.Э нь 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг нээлттэй үлдээлээ. Учир нь энэ хэсэгт холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Эээс  улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А овогт Д-ийн Э //-ийг 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Д.Э нь 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Д.Э-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ