Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр,   шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2020/00750 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багт оршин суух, Алаг адууныхан овогт Доржийн Энхцэцэг /ПГ70091703/-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутай хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2020/00750 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Алаг адууныхан овогт Доржийн Энхцэцэг /ПГ70091703/-ийг 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, ******* нь 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нотлох баримтыг дутуу үнэлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэлгүйгээр шийдвэрлэжээ. Ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоологох тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг тул ажилласан жилтэйгээ дүйцүүлэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэх ач холбогдолтой юм. ******* хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтыг гаргаж өгсөн байхад нотлох баримтыг ирүүлээгүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангалгүй шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байна.

Хүсэлт гаргагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “*******ийн 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх *******ийн шаардлагаас 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “******* нь хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн бөгөөд эцэг, эхийнхээ хамт мал малладаг байсан тул миний цалин хөлс аав П.Дорж, ээж З.Сүх-Орос нарын нэр дээр бичигдэж байсан” гэж шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ тайлбарласан байна. Хүсэлт гаргагч нь  энэхүү тайлбараа нотлохоор Х.Цэрэндорж, Б.Оюунчимэг нарыг гэрчээр асуулгаж, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас Ховд аймгийн Дарви сумын Мөрөн бригадын 70 дугаар данснаас 1986-1989 оны хөдөлмөрийн хөлсний хуулбар, Ховд аймгийн Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолт, Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Жаргалант сумын Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Гэтэл шүүх дээр дурдсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдахгүйгээр “*******ийн 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг” нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Тухайлбал, хэргийн 6-7 дугаар талд авагдсан 1986, 1987 оны Ховд аймгийн Дарви сумын Мөрөн бригадын 70 дугаар дансны хөдөлмөрийн хөлсний баримтыг шүүх хэрхэн үнэлсэн, гэрч Х.Цэрэндорж, Б.Оюунчимэг нар нь “*******ийг 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчин болж нэгдэл тарах хүртэл ажилласан” гэж гэрчилсэн байхад тэдгээрийн мэдүүлгийг шүүх хэрхэн үнэлсэн, эсхүл няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэх хуулийн зохицуулалттай нийцээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.  Тодруулбал, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэсэн  3 шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой атал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг шийдвэрлэхгүй орхисон нь дээрхи хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт  заасан журмаар үнэлж, дүгнээгүй байхад давж заалдах шатны шүүх уг нотлох баримтыг үнэлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул “шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхилоо.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хүчингүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргаж, түүнд буцаан олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2020/00750 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                                      ШҮҮГЧИД                                             Л.АЛТАН

 

                                                                                                    М.НЯМБАЯР