Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00533

 

 

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2020/00533

Жаргалант сум

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, нэхэмжлэгч Тайширын хүлэг ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Э холбогдох 65,260,700 /жаран таван сая хоёр зуун жаран мянга долоон зуу/ төгрөг гаргуулах тухай 153/2018/00496/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бигийн дарга Б.Гантуяа,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номинзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Халиунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Тайширын хүлэг ХХК нь хариуцагч Т.Э 66,180,700 /жаран зургаан сая нэг зуун наян мянга долоон зуу/ төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай буюу 2020 оны 9 сарын 20-ны өдөр 9,000,000 төгрөг, 2020 оны 10 сарын 20-ны өдөр 9,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номинзул нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 48,180,700 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Бид харилцан тохиролцож эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмар шийдвэрлэж өгнө үү. Мөн хариуцагч Т.Энхболд нь биднээс урамшуулалд 12,000,000 төгрөгийг авахгүй, энэ талаар маргахгүй гэдгийг шүүгчийн захирамжинд тусгуулах саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номинзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нар нь шүүх хуралдаан дээр эвлэрсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нь нэхэмжлэгч Тайширын хүлэг ХХК-ийн нэхэмжилсэн 66,180,700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 9,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 9,000,000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номинзул нь нэхэмжлэлийн шаардлага 66,180,700 төгрөгөө багасган 18,000,000 төгрөг болгожээ. Энэхүү 18,000,000 төгрөгийг хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 9,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 9,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Тайширын хүлэг ХХК-ийн захирал О.Амарцэнгэл нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр албан бичгээр иргэн А.Номинзулд  итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номинзулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 24 дугаар тал/

Хариуцагч Т.Энхболд нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ж.Жаргалбаярт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаярт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. / 2 дугаар хх-ийн 4 дүгээр тал/

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номинзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нар  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Тайширын хүлэг ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484,260 төгрөгөөс 123,950 төгрөгийг улсын орлогоос,  хариуцагч Т.Э 123,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Тайширын хүлэг ХХК-д  олгохоор тогтов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номинзул нь нэхэмжлэлийн шаардлагаа 48,180,700 төгрөгөөр багасгасан ба хариуцагч Т.Энхболд нь нэхэмжлэгч компаниас урамшууллын мөнгө болох 12,000,000 сая төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн учир энэхүү шаардлагыг багасгасан гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Т.Энхболд нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Тайширын хүлэг ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Энхболдод холбогдох 66,180,700 /жаран зургаан сая нэг зуун наян мянга долоон зуу/ төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт  хариуцагч Т.Энхболд 18,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 9,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 48,180,700 төгрөгөөс татгалзаж зохигч нь эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Тайширын хүлэг ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484,260 төгрөгөөс 123,950 төгрөгийг улсын орлогод буцаа гаргуулж,  хариуцагч Т.Э 123,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Тайширын хүлэг ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Энхболд нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ