Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00162

 

 “Т Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2018/00782 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар магадлалтай,

“Т Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Т Э од холбогдох,

66 180 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номинзулын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Амарцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Т Э той 2011 онд Ховд аймагт манай компанийн Хүлэг нэрийн мотоцикль борлуулах талаар харилцан тохиролцсон ба бидний зүгээс урьдчилгаа төлбөргүйгээр мотоцикль нийлүүлж, Т Э ын хувьд мотоцикль борлуулмагц үнийг нь бидэнд төлөх байсан. Түүнчлэн борлуулсан мотоциклийнхоо дүнг манай компани руу шилжүүлсэний дараа урамшуулал тооцон олгодог байсан. Хариуцагчтай 2014 оны 08 сард биечлэн уулзаж тооцоо нийлсэн бөгөөд үүнээс хойш удаа дараа амаар болон албан бичгээр төлбөрөө төлөхийг шаардсан. Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дахин тооцоо нийлэхэд түүнд бэлэн мотоцикль байхгүй ба нийт 38 100 000 төгрөг төлөгдөөгүй, үлдсэнийг харилцан тооцоо нийлж тогтоосон болно. Тус үнийн дүнг дэлгэрүүлбэл:

- Хаожин загварын тус бүр нь 1 200 000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг мотоцикль буюу 2 400 000 төгрөг,

- Юм-эм загварын тус бүр нь 1 350 000 төгрөгийн үнэтэй 14 ширхэг мотоцикль буюу 18 900 000 төгрөг,

- Хуучин буюу Гүовэй үйлдвэрийн тус бүр нь 800 000 төгрөгийн үнэтэй 21 ширхэг мотоцикль буюу 16 800 000 төгрөг тус тус болно.

Т Э  нь манай компанийн авах байсан төлбөрийг өөрийн өмчлөлд авч, бидэнд өртэй болсон бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн баримтаар төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцож, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.06 хувийн хүүг төлөхөөр болсон. Гэвч үүнээс хойш 2016 оны зун 236 200 төгрөг төлснөөс өөрөөр бидэнд ямар нэгэн төлбөр төлөөгүй буюу хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй хэвээр байна.

Иймд хариуцагч Т Э оос мотоциклийн үлдэгдэл төлбөр болох 38 100 000 төгрөг, мөн төлбөр хэтрүүлсэн хугацаанд төлөхөөр тохирсон хүү болох 16 342 200 төгрөг, төлөх хугацаа хэтрүүлсэн тул тооцогдсон алданги 11 054 700 төгрөг буюу 2016 онд төлсөн 236 200 төгрөгийг хасаад, нийт 65 260 700 төгрөгийг, энэхүү нэхэмжлэлийг гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номинзул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хариуцагч Т Э  нь энэ үүргээ биелүүлээгүйн улмаас “Т Х” ХХК-д 920 000 төгрөгийн хохирол учирсан. Учир нь энэхүү иргэний хэрэгтэй холбогдуулан өмгөөлөгч авсан тул өмгөөллийн хөлс, шүүх хуралдаанд ирсэнтэй холбогдуулан зочид буудалд байрласан зардал, Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн онгоцны зардал зэргийг нэмж, нийт 66 180 700 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т Э  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т Э  нь 2011 оноос эхлэн “Т Х” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр /тус компанийн гүйцэтгэх захирал Бямбасүрэнтэй тохиролцсон/ тус компаний борлуулагчаар ажилласан нь үнэн болно. Тус компанийн гэрээнд заасны дагуу мотоциклийн борлуулалтанд шаргуу анхаарч бэлэн мөнгөөр зарагдаж борлуулагдсан мотоцикль нэг бүрийг нь маш үнэнч шудрагаар тухай бүрд нь О.Амарцэнгэлийн дансруу шилжүүлж байсан. Мөн компани захиалагчийн дагуу лизингийн мотоциклийг бүх сумдын банкинд хүргэж өгч, хүлээлгэж өгсөн мотоцикль нэг бүрийн тоо ширхэг, мэдээллийг тэр даруй нягтлан болон захирлуудад утсаар мэдэгдэж тооцоо тайлан өгч байсан.

2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тус компанийн захирал О.Амарцэнгэл өөрийн биеэр ирж тооцоо хийсэн боловч, бид тооцоо нийлээгүй. Тооцоо нийлээгүйн учир нь надад нийлүүлсэн мотоциклийн тоо зөрүүтэй байсан. Мөн тухайн үед миний зүгээс тэдэнд тавьсан шаардлага нь надад өгч байсан шатахууныхаа баримт болон миний тэдэнд цаг тухай бүрт нь мэдэгдэж байсан тоо тайлангийн дагуу бүх сумуудаар явж тооцоо нийлэх болон миний хүлээж аваагүй 12 ширхэг Гүовэй загварын мотоциклиудын надад өгсөн баримтыг олгож өгөхийг хүсэж байна.

Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр О.Амарцэнгэл дахин тооцоо хийхээр ирсэн. Ирэхдээ зам дагуух сумууд болох Ховд аймгийн Манхан, Зэрэг,  Дарви, Ховд сумаар орж мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумуудаар явж тооцоо хийсэн. Бусад сумуудаар ороогүй болно.

Тооцоо хийх явцад миний хамт очсон Ховд сумаас гэхэд 3 ширхэг мотоциклийн тооцоо гарч ирж төлбөрийг компанийн дансруу шилжүүлсэн. Иргэн Х.Бөмбөр-1 ширхэг Юу-Эм 1 350 000 төгрөг, Хаан банкны Чандмань салбар-1 ширхэг Юу-Эм 1 350 000 төгрөг, Хаан банкны Алтай салбар-1 ширхэг Юу-Эм 1 350 000 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байгаа.

Эдгээр хүмүүсийг компанийн удирдлагуудтай уулзуулж акт үйлдүүлсэн. Энэ актын дагуу тус компани эдгээр хүмүүсээс өөрийн компанийн нэрийн өмнөөс нэхэмжлэхээр болсон. Тус компанид 3 жил тасралтгүй ажиллах хугацаандаа 22 080 000 төгрөгийн урамшуулал, цалингийн хөлс бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Тус компани байгууллагын урамшууллын цалин хөлсийг цаг тухайд нь олгож чадахгүй байсан тул компаний удирдлагуудтай зөвшилцсөний үүднээс урамшуулалын үнийн дүнгээс тохиролцож 7 ширхэг мотоцикль /5 ширхэг мотоцикль-1 350 000 төгрөг, 2 ширхэг мотоцикль-1 200 000 төгрөг/ авч хэрэглэсэн.

Тус компанийн хуучин загварын Гүовэй-ийн 370 ширхэг мотоцикль ирснээс 9 ширхэг мотоциклийн үлдэгдэл байгаа бөгөөд эдгээр мотоцикль Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Зэрэг, Манхан сумуудад үлдэгдэл байх магадлалтай учир миний явуулж байсан мэдээ тайлангийн дагуу компани хүргэлт нийлүүлэлтийн тайлангаа нийлүүлэн тооцоо нийлэх ёстой. Тус нийлүүлэлтийн компанийн илгээсэн нэхэмжлэлийг иргэн Т Э  миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэл дээр дурдагдсан үнийн дүн, хүү алданги зэргийг үгүйсгэж байна. Үүнээс үзэхэд сумуудаар явж тооцоо нийлэхэд үлдэгдэлтэй мотоциклиуд гарч ирэх шаардлагатай. Ийм учир тус компанийн захирал О.Амарцэнгэлээс үлдсэн сумуудаар явж тооцоогоо миний утсаар мэдээлж хүргэлт хийсэн мэдээнүүдтэй нэгтгэж нэгдсэн тооцоо хийхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл энэ тооцоо нийлээгүй байна.

Борлуулагч миний бие зарим үлдэгдэлтэй сумуудын банкны эрхлэгч нартай уулзахад захирлуудад чинь мэдэгдсэн байгаа гэдэг хариултыг өгдөг. Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ирж хийсэн тооцоо нийлээгүй бөгөөд бидний хувьд дахин тооцоо нийлэхээр болж салсан боловч өнөөдрийг хүртэл дахин тооцоо нийлээгүй. Хуучин загварын Гүовэй-ийн тооцоо зөрүүтэй байсан учир би компаниас холбогдох бичиг баримтыг шаардсан боловч ирүүлээгүй байна.

Миний бие 2011-2014 оны хооронд тус компаны 552 ширхэг мотоциклийг хүлээн авч борлуулалтанд нийлүүлсэн байдаг. Үүнд:

-  370 ширхэг Гүовэй загвар,

-  70 ширхэг Хаожин загвар,

-  110 ширхэг Юу-эм загвар,

Шинэ загварын Хаожин болон Юу-эм загварын нийлүүлэлтийн тоо, тооцоо миний өөрийн хүлээж авсан тооцоотой нийлж байгаа болно. Үлдэгдэл:

-  Хаожин загварын мотоцикль 2 ширхэг,

-  Юу-эм загварын мотоцикль 14 ширхэг байгаа бөгөөд үүнээс Н.Баатарцогт  1 ширхэг Юу-эм заварын мотоцикль 1 350 000 төгрөг, иргэн Г.Баттөмөр 1 ширхэг Юу-эм загварын мотоцикль 1 350 000 төгрөг.

Тус компанийн нийлүүлж байгаа мотоцикль нэг бүрийн жин нь 150 кг байдаг бөгөөд, ганц хүн ачиж буулгаж, тээвэрлэх боломжгүй байдаг. Иймд би ачих болон буулгах бүртээ 3-4 хүн байнга хөлсөлж авдаг байсан. Компаниас 2 удаа ачих буулгах хөлс өгсөн.

Мөн сумуудаар явах замын томилолт эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, утасны төлбөр зэрэг асуудлыг компани хөнгөлж байгаагүй учир эдгээрт гарсан зардлыг нөхөн шийдүүлнэ.

Сумуудаар нийлүүлсэн лизингийн мотоциклиудыг би хүргэж өгөн, угсарч бэлдэн бүрэн бүтэн байдал зэргийг хариуцаж байсан бөгөөд салбарын эрхлэгч болон компанийн данс хооронд хийгдэж байгаа шилжүүлэг, мөнгөн дүнг хянах шалгах эрх надад байхгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2018/00782 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 222 дугаар зүйлийн 222.5, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т Э оос 65 260 700 /жаран таван сая хоёр зуун жаран мянга долоон зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 920 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШЗ2018/02228 дугаартай “Хүсэлт хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад дурдагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-д заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т Х” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 510 890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т Э оос улсын тэмдэгтийн хураамжид 484 260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2018/00782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 377 754 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номинзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01  дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай магадлалыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гардан аваад бүхэлд нь эс зөвшөөрч, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн дараах үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

  1. Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй.

Магадлалын үндэслэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нь бидний хооронд бичгээр байгуулсан хамтран ажиллах гэрээ байгаа гэж, нэхэмжлэгч нь бичгийн гэрээг тамга  дарж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй боловч бидний хооронд бичгийн гэрээний төсөл байсан  гэж тайлбарлаж байгааг шүүх анхаараагүй байна” гэжээ.

Нэг талаас ИХШХШтХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй байдаг. Хэрвээ хариуцагч гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзвэл тухайн гэрээг өөрөө анхан шатны шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байсан бөгөөд иргэний хэрэг үүссэн 2018 оны 06 сараас анхан шатны шүүх хуралдаан болсон 2018 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээ бичгээр байгуулагдаагүй тул гаргаж өгөөгүй байна.

Нөгөө талаас, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар “талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” бол гэрээ байгуулсанд тооцно. Нэхэмжлэгч гэрээний төслийг хариуцагчид хүргүүлж байсан нь үнэн боловч тус гэрээг зохигчид гарын үсэг зурж, бичгээр байгуулаагүй болно. Нэгэнт талуудын хооронд бичмэл гэрээ байгуулагдаагүй тул анхан шатны шүүх үүнийг анхаарах шаардлагагүй буюу байгуулагдаагүй гэрээг үнэлээгүй нь зөв юм. Гэтэл давж заалдах шатны шүүх байгуулагдаагүй гэрээг үнэлэх ёстой байсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Түүнчлэн гэрээний төслийн нэрийг юу гэж нэрлэсэн байсан ч талуудын хоорондын харилцан хүлээсэн эрх, үүргийн мөн чанараар нь гэрээг тодорхойлно. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Учир нь хариуцагч Т Э ын хувьд хүлээсэн үүрэг нь манайхаас мотоциклуудыг аваад, цааш хэнд зарах нь түүний хүсэл зоригийн асуудал бөгөөд харин манайд хариу төлбөрийг нь төлөх үүрэг хүлээж байсан ба талуудын дунд ашиг, алдагдал, хувь, хураамж зэрэг Хамтран ажиллах гэрээний наад захын шинж, гол нөхцөлүүдийн талаарх тохиролцоо, хүлээсэн үүрэг байхгүй байгаа нь талуудын дунд Хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

2. Магадлалын үндэслэх хэсэгт “Даалгаврын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж дүгнэсэн нь буруу байна ” гэсэн тухайд:

Хэрвээ нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд даалгаврын гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн бол шийдвэрийн зөвхөн тухайн хэсэгт ИХШХШтХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсгийг баримтлан худалдах-худалдан авах гэрээний үүргийг хангуулахаар нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой байсан ба энэ нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Хэрэгт авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Мотоциклийн төлбөр тооцоо барагдуулах тухай тохиролцооны акт”-н 2.1-т заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид шинэ мотоциклийн төлөгдөөгүй байгаа дутуу төлбөр болох 21.300.000 төгрөгийг мөн актын 3.1.1-т заасан хугацааны дотор төлөх үүрэг хүлээсэн билээ. Үүнээс гадна тус актын 2.2-т дурдсан 21 ширхэг хуучин мотоциклийн төлбөр буюу 16.800.000 төгрөгийг төлөөгүй байгаа талаар тооцоо нийлсэн. Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчид шинэ мотоциклийн үнийг заасан хугацаанд төлөх, тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү, алданги төлөх, мөн хэрвээ гаргаж өгөх нэмэлт баримт байхгүй бол дутуу төлсөн байгаа хуучин мотоциклийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болно. Ямар ч гэрээ байгуулагдсан гэж шүүх үзсэн хариуцагч нэхэмжлэгчийн өмнө тодорхой  үүргүүдийг хүлээсэн боловч тэдгээрийг биелүүлээгүй гэсэн маргааны үйл баримтыг буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчлөхгүй юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт шүүх талуудад нотлох баримт гаргаж өгөх боломжийг бүрэн хангасан тул давж заалдах шатны шүүх цугларсан баримтын хүрээнд зөв гэж үзсэн гэрээний төрлийг шийдвэрт өөрчлөлт оруулах замаар нэрлэх боломжтой байхад хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй байна.

3. Давж заалдах шатны шүүх нь хуульд заасан мэтгэлцэх зарчмыг үгүйсгэсэн.

ИХШХШтХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 6.3 дахь хэсэгт “зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж тус тус заасан.

Магадлалын үндэслэх хэсэгт “хэрэгт авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актад хариуцагч Т Э  гарын үсэг зурсан талаар зохигчид маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн боловч “хэрэгт нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд ... байхгүй” учраас “хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргааны үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад шүүх маргааныг шийдвэрлэсэн ... байна” гэсэн хоорондоо зөрчилтэй, мэтгэлцэх зарчмыг бүрэн үгүйсгэсэн хууль бус дүгнэлт хийсэн байна.

Зохигчид өгч, авалцсан мотоциклийн тооцоог нэг бүрчлэн хийсний үндсэн дээр хэрэгг авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Мотоциклийн төлбөр тооцоо барагдуулах тухай тохиролцооны акт”-ыг үйлдсэн бөгөөд хариуцагч өөрөө тус актад дурдсан тоо, баримт зэргийг хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурсан болно. Анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр ч тус баримтын өөрт байсан нэг хувиас гаргаж өгсөн байдаг.  Хэрвээ хариуцагч Т Э  нь 564 ширхэг биш 552 ширхэг мотоцикл борлуулсан гэж маргаж байгаа бол дээр дурдсанчлан үүнийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байсан бөгөөд ийм боломж бүрэн байсан атал баримтгүй худал үгээр давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэлэлцүүлэхээр буцааж байгаад туйлын гомдолтой байна.

Иргэний шүүх хөндлөнгийн байр суурийг баримтлан талуудад мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг олгох ёстой буюу талуудаас ямар нэгэн баримтыг гаргаж өгөхийг шаардах эрхгүй бөгөөд зохигчдын бүрдүүлэн өгсөн нотлох баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлэн шийдвэр гаргах учиртай. Гэтэл давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх ёстой байсан” мэтээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

4. Шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт ИХШХШтХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлд огт хамаарахгүй болно.

Магадлалын тогтоох хэсэгт ИХШХШтХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гэж заажээ. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд ИХШХШтХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШЗ2018/02228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж хяналтыг журмаар гаргасан гомдлын хариу тайлбартаа: Т Э  миний бие 2011 оноос эхлэж Улаанбаатар хотын компани гэх “Т Х” ХХК-ийн Хятад мотоциклыг өөрийн сумдаар зардаг байсан. Тухайн компани нь над уруу Улаанбаатар хотоос мотоцикль явуулж Бямбасүрэн гүйцэтгэх захиралтай хамтран ажиллаж ирсэн.

Хятад мотоциклийг бэлэн мөнгөөр зарсан тохиолдолд Амарцэнгэл захирлын данс руу шилжүүлж, зээлээр авах иргэнтэй банкин дээр очиж “Т Х” ХХК нь лизингийн гэрээ хийж 2011-2014 оны хооронд нийт 552 ширхэг Хятад мотоцикль зарж борлуулж өгсөн байдаг.

“Т Х” ХХК нь олон удаа надтай тооцоо нийлэх акт үйлдэхэд өөр сумтай андуурч надад өгсөн болгох гэж сүүлдээ улаан цайм дайрдаг болсон. Энэ үйлдэл нь одоо бодоход хамтран ажиллах гэрээний 7.2.1.1 заасны дагуу 552 ширхэг Хятад мотоцикль зарсны нэг бүрээс 30 000 төгрөг урамшуулалд өгөхөөр тохирсон мөнгөө өгөхгүй гэж ийм үйлдэл хийгээд байгааг ойлгосон. Энэ хугацаанд би Хятад мотоцкль зарж борлуулах ажилд гарах бүх зардлыг өөрөөсөө байнга гаргаж ажиллаж байсан. 4 жилийн хугацаанд нутгийн иргэнд зээлээр өгсөн 16 ширхэг Хятад мотоцикль байгаа үүнийгээ хүлээн зөвшөөрсөөр байдаг. Үүнд: Н.Баатарцогт, Г.Гантөмөр, Х.Бөмбөр, Данзанравжаа, Энхбилэг, Алтай сумын хаан банкны эрхлэгч, Очирбат, Атар гэх мэт хүмүүсээс одоо хүртэл Хятад мотоциклийн үнийн авлагатай байгаа. Гэтэл хуучны буюу 800 000 төгрөгийн үнэтэй миний мэдэхгүй 21 ширхэг Хятад мотоцикль гаргаж ирээд надад өгсөн мэтээр дайрах болсон. Ийм олон тооны Хятад мотоциклуудыг ямар ч хүн хаашаач алга болгож чадахгүй. Энэ Хятад мотоцикль 1 ширхэг нь 150 кг жинтэй учир 2-3 хүн нийлж байж өргөдөг учир тийм амархан алга болгож чадахгүй. Би өөрөө хүмүүст зээлж өгсөн 16 ширхэг мотоцикль хэнд хаана өгснөө “Т Х” ХХК-д хэлсэн бидэнд хамаагүй чамаас авна гэдэг. Энэ хугацаанд тухайн Хятад мотоциклээс болж эрүүл мэнд амь насаараа хохирсон нутгийн хүмүүс байгаа болохоор би өр зээл нэхэж чадахгүй өдий хүрсэн.

2016.04.30 өдөр байгуулсан гэх мотоциклийн төлбөр тооцоо барагдуулах тухай тохиролцооны актыг захирал надад шүүхэд өгнө гэж хэлэхгүй чи олон юм яриад байлгүй наад актан дээрээ идэж, ууснаа хүлээ гээд хажуудаа олон залуучуудтай хамт ирж би аргагүйн эрхэнд гарын үсэг зурж өгсөн юм. Гэвч шүүх үнэн зөв байдлыг шүүж худал үнэн ялгах байх гэж бодож байтал намайг Хятад мотоцикль зарж борлуулж өгсний үр дүнд банкнаас зээл авсан иргэн мэтээр мөнгөтэй баян хумүүст аядуу зөөлнөөр, ядарсан иргэн надад төрийн хатуу нүүрээ үзүүлж, Хятад мотоциклийн үнэ гэж 38 100 000 төгрөг, түүний хүү 16 342 200 төгрөг, алданги 11 054 700 төгрөг гэж нийт 65 496 900 төгрөг надаас гаргуулж өгөхөөр шийдвэрлэсэн үнэхээр их гомдолтой байна. Би “Т Х” ХХК-иас нэг ч төгрөгийн зээл аваагүй зөвхөн над уруу явуулсан мотоцикль зарж борлуулж орлого олж өгсөний үр дүнд ийм шударга бус шийдвэр гаргасанд маш их гутарч байна. Иймд чин үнэн нөхцөл байдлыг шударгаар дүгнэж, нутгийн иргэдээс авч чадаагүй байгаа Хятад Хаожин маркийн 1 ширхэг нь 1 200 000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг мотоцикль, Хятад Юү-эм маркийн ширхэг нь 1 350 000 төгрөгийн үнэтэй 14 ширхэг мотоцикль, нийт Хятад 16 ширхэг мотоциклийн үнэ буюу 21 300 000 төгрөг би төлж барагдуулах болно.

Үндэслэлгүйгээр намайг хохироосон хүү, алданги, 21-ширхэг Хятад хуучин загварын мотоциклийн үнэ гэх нийт 43 960 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүх 2019.01.23-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй, мөн тус хуулийн 399 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номинзулын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

“Т Х” ХХК нь Т Э од холбогдуулан 66 180 700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 65 260 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, маргааны үйл баримт нотлогдоогүй...” гэх үндэслэл заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Т Х” ХХК нь 2011 оноос Ховд аймагт Хүлэг нэрийн мотоциклийг борлуулахаар хариуцагч Т Э од мотоцикль үнэ төлбөргүй нийлүүлж, Т Э  мотоциклийг хүлээн авч борлуулмагц үнийг нэхэмжлэгчид төлж, борлуулсан мотоциклийн үнийн дүнгээс урамшуулал авдаг байсан байна.

Талууд 2014 оны 08 дугаар сар, 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлж, Мотоциклийн төлбөр тооцоо барагдуулах тухай акт үйлдсэн байх бөгөөд нэхэмжлэгч дээрх тооцоо нийлсэн баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна.

Хариуцагч хүлээн авсан мотоциклийн тоо, тооцоо нийлсэн актын талаар маргаж байхад нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нэхэмжлэгчид үүснэ.

Түүнчлэн тус акттай холбогдуулан хүлээлгэн өгсөн мотоциклийн хүргэлт, нийлүүлэлтийн тайлангаа нэгтгэн тооцоо нийлэх, холбогдох баримтыг харьцуулан тулгаж үзэхийг хүссэн хариуцагчийн хариу тайлбарт бичсэн хүсэлтийг шүүх тодруулаагүй, улмаар энэ хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа хариуцагчийг хариу тайлбар, татгалзлаа нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хяягаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтаар маргааны үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул дээр дурдсан үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номинзулын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Т Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 484 260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД