Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01229

 

                                        “М....” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/03169 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128 дугаар магадлалтай,

“М....” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

“А-А к” ХХК-д холбогдох

Гэрээ цуцалснаас учирсан хохиролд 568,748,326 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч В.Батжаргал, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М....” ХХК нь хариуцагч “А-А к” ХХК-аас гэрээ цуцалснаас учирсан хохиролд 568,748,326 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/03169 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “А-А к” ХХК-аас 99,292,973 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М....” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 469,455,353 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,159,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А-А к” ХХК-аас 654,414 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М....” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/03169 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “А-А к” ХХК-аас 49,646,486 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М....” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 519,101,840 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...654,414 төгрөг” гэснийг “...406,182 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,296,460 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 654,500 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.11-ний өдрийн 128 дугаар магадлалыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд дор дурдсан үндэслэлээр буюу “нэхэмжлэлийн шаардлагаас 519,101,840 төгрөгийг хэрэгсэхгүй” болгосны 257,346,736 төгрөгийн хэмжээнд эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд хариуцагч “А-А к” ХХК-д холбогдуулан 2017.08.01-ний өдрийн auс/17-05 дугаар гэрээг цуцалж, гэрээ цуцалсны үр дагаварт 568,748,326 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг /49,646,486 төгрөг/-ийг хангаж, үлдэх хэсэг /519,101,840 төгрөг/-ийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүй, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэхгүй, хуулийн зохицуулалт, гэрээний заалтыг зөв тайлбарлан хэрэглэлгүйгээр тухайн маргааныг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй.

4.1. Давж заалдах шатны шүүх хуулийг явцууруулан тайлбарлаж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 232 дугаар зүйлийн 232.5 дахь заалтыг тус тус хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 210,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргасан тухайд: Давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгч үйлдвэрээ барьсан боловч гэрээ хэрэгжээгүй байна” гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч “М....” ХХК-ийн “А-А к” ХХК-тай байгуулсан auс/17-05 дугаар гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдсан, хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох тухайд талууд маргадаггүй. Мөн тус гэрээний дагуу хүлээсэн үүргээ “М....” ХХК нь биелүүлсэн. Тодруулбал, гэрээний 1.2-т “ ... гүйцэтгэгч тал шинээр шаардагдах ачиж буулгах үйлдвэрийг байгуулна” гэж нэхэмжлэгч талын хүлээх үүргийг гэрээний ерөнхий, тусгай нөхцөлүүдээр тодорхой зохицуулсан байдаг. Энэхүү үүргээ биелүүлж, нэхэмжлэгч нь Багануур дүүрэгт байрлах цемент ачиж буулгах үйлдвэрийг барьж 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан. Үүнээс үзэхэд аuс/17-05 дугаар гэрээ нь хэрэгжээгүй биш, гүйцэтгэгч тал болох “М....” ХХК нь гэрээний үүргээ биелүүлсэн байтал  захиалагч тал гэрээний үүргээ зөрчсөн, нэхэмжлэгч талаас нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан нь гэрээ хэрэгжсэн болохыг харж болно. Мөн давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч нь орох ёстой байсан орлого, торгууль гэх агуулгаар 210,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна. Гэрээ цуцлагдсан нөхцөлд анз, торгууль гаргуулах үндэслэлгүй” гэж үзсэн нь хуульд нийцэхгүй. Учир нь талуудын хооронд 2017.08.01-ний өдөр гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч талаас хариуцагч талд 2018.10.30, 2019.02.19, 2019.04.22-ны өдрүүдэд тус тус албан бичгээр хариуцагч талыг гэрээний дагуу цаашид үйл ажиллагаа явуулах эсэх, үүргээ биелүүлж ажиллах агуулга бүхий мэдэгдлүүдийг хүргүүлсэн боловч огт хариу ирүүлээгүй нь нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар 2019.08.23-ны өдрийн VIII/2747 дугаар албан бичгээр гэрээг цуцлах тухай мэдэгдэл хариуцагчид хүргүүлж, 2019.09.06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл ногдох анз, торгууль шаардах эрхтэй атал шүүх хуульд заасан энэхүү эрхийн зохицуулалтыг хангалгүй, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иймд, auc/17-05 дугаар гэрээний 9.3 дахь хэсэгт “Захиалагч тал гүйцэтгэгч талаас шалтгаалахгүйгээр гэрээний 1.4-т заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд орох байсан орлогоос 20 хувийг хохиролд тооцон гүйцэтгэгч талд төлнө” гэж заасны дагуу гэрээний хавсралт №1, №2-т заасан тоо хэмжээг үндэслэн 2017 онд 2500 тн, 2018 онд 35,000 тн, 2019 онд 10,000 тн, хавсралт №2-т 2019 онд 15000 тн-оос багагүй гэж заасан боловч, гэрээ дуусгавар болохоос 4 сарын өмнө гэрээг цуцалсан тул үлдэх 8 сарын хугацаанд ногдох тоо хэмжээ буюу байж болох хамгийн бага тоо хэмжээгээр тооцож, гэрээний хавсралт №1-д заасны дагуу хамгийн доод үнийн дүн буюу 1 тн тутамд хөлс 20,000 төгрөгөөр тооцож үзвэл 190,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч талаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

4.2. Хариуцагч гал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч талаас гарсан зардал 17,700,250 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд гэрээний чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр байгуулсан гэрээний заалтыг шүүх дүгнэлт хийхгүй шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй тухайд: Нэхэмжлэгч банкнаас зээлийн зардлаар цемент ачиж буулгах, хадгалах үйлдвэр барих болсон үндэслэл нь аuс/17-05 дугаар гэрээний хэрэгжилтийг биелүүлэхээр гүйцэтгэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар зэрэг бусад нотлох баримтаар энэ нь нотлогддог. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... хариуцагч тал гэрээний үүргээ хэрэгжүүлж чадаагүй шалтгаанаа хангалттай баримтаар нотолж чадаагүй...” гэж дүгнэсэн атлаа энэ дүгнэлтийн эсрэг шийдвэр гаргасан. Хэрэв аuс/17-05 дугаар гэрээ байгуулагдаж, талууд үйлдвэр барих талаар харилцан тохиролцоогүй бол нэхэмжлэгч “М....” ХХК нь сайн дураараа тухайн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахгүй, банкнаас авсан зээлийн мөнгөн хөрөнгийг тухайн гэрээнд зарцуулахгүй, илүү үр ашигтай зүйлд зарцуулах байсан. Хэрэв аuс/17-05 дугаар гэрээний дагуу хариуцагч тал үүргээ биелүүлсэн бол бид үйл ажиллагаанаас олсон орлогоос зардал болох манаачийн цалин хөлс, УБТЗ ХНН-д төлөх зам арчлалт, ашиглалтын төлбөр зэргийг төлөх боломжтой байсан. Хариуцагч тал аuс/17-05 дугаар гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл үүссэн талаар гэрээний нэг талдаа эрт мэдэгдсэн бол нэхэмжлэгч тал тухайн зардлыг багасгах талаар арга хэмжээ авна. Гэтэл хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үйлдвэрийг бид ашиглалтад оруулсан ч гэрээ цуцлах хүртэл 17,700,250 төгрөгийн үргүй зардал гаргаж хохирол хүлээсэн, одоо шүүхийн маргаантай байгаа 2 жил гаруйн хугацаанд тус зардлыг төлж хохирсоор байгаа. Гэтэл шүүх гэрээний харилцаанаас үүдэн гарсан зардлыг царцаагдсан хөрөнгийн өмчлөгч өөрөө нийтийн ашиг сонирхлоос хамгаалах, хадгалах үүрэгтэй гэж үзэж зөвхөн нэхэмжлэгчид бүхий л хариуцлагыг ногдуулсан нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т заасан “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэснийг ноцтой зөрчсөн.  

4.3. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэн өөрөөс шалтгаалах бүх нөхцөл боломжийг авч хэрэгжүүлсээр атал шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж үзэхгүй хэт хийсвэр дүгнэлт хийж үндэслэлгүйгээр нэхэмжлэгч талын зээлийн хүүд төлсөн хохирол 49,646,486 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ “... талууд гэрээ хэрэгжих явцад тохиолдсон нөхцөл байдлын талаар харилцан бие биедээ мэдээлэл өгөөгүй, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг явуулаагүй байна. Талууд гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэх арга хэмжээг авах нь хэн хэнийх нь үүрэг юм” гэж илт нотлох баримт дээр тулгуурлаагүй, үндэслэлгүй тайлбарыг хийж нэхэмжлэгчийн хохирлын 50 хувийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Гэтэл “М....” ХХК-ийн зүгээс үйлдвэр ашиглалтад орсон буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар, мөн цаашид үйл ажиллагаа явуулах эсэх талаарх 2018.10.30-ны өдрийн Х/2239, 2019.02.19-ний өдрийн 11/2388, 2019.04.22-ны өдрийн IV/2509 дугаартай албан тоотуудыг тус тус хариуцагч талд хүргүүлсэн, хариуцагч талтай уулзалт хийхээр удаа дараа утсаар холбогдож байсан. Гэтэл хариуцагч нэг удаа дээрх албан бичгийн хариуг өгч байгаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ тухай баримтаар нотолж чадаагүй. Бид өөрсдийн зүгээс яагаад гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа бодит нөхцөл байдлын талаар тодруулах үүднээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байсан баримтыг шүүх үнэлж үзсэнгүй. Талуудын хооронд байгуулсан аuс/17-05 дугаар гэрээнд Эрчим хүчний яамнаас гаргасан тендер, өөр бусад хуулийн этгээдтэй байгуулсан концессын гэрээний зорилгыг хэрэгжүүлэхээр байгуулагдсан гэх гэрээний зохицуулалт, тохиролцоо огт байхгүй, гэрээнд дурдагдаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь хариуцагч талын цемент ачиж, буулгах, хадгалах үйлдвэр нь Багануур нүүрсний орд газрыг түшиглэн 700 МВт-ын дулааны цахилгаан станц барих төслийн хүрээнд хийгдсэн гэх мэдээллийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн тайлбараас анх мэдсэн, нэхэмжлэгч талаас хариуцагчийн энэхүү тайлбар нь аuс/17-05 дугаар гэрээтэй огт хамааралгүй, анх гэрээ байгуулахдаа энэ талаар дурдаагүй, мэдэгдээгүй гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх явцад удаа дараа тайлбар хийсэн байхад хариуцагчийг өөрөөс үл шалтгаалах хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй гэдгийг гэрээний нэг талдаа мэдэгдээгүй, нотлох баримтын хүрээнд нотлоогүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн атлаа гэрээ болон хуулийн зохицуулалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй талаарх хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байдлын талаар бидэнд мэдэгдээгүйн улмаас нэхэмжлэгч тал банкнаас авсан зээлд 259,455,353 төгрөгийг зарцуулан, зээлийн хүүд 99,292,972 төгрөгийн зардал гаргаж хохирол учирсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, аuс/17-05 дугаар гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг тус тус үндэслэн шаардлага гаргасан. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь заалтыг нотлох баримтын хүрээнд үнэн зөв эргэлзээгүй байдлаар үнэлж үзэхгүй шууд нэхэмжлэгчийг эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг явуулаагүй байна гэж үзэн хуулийн заалтыг буруугаар хэрэглэн үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс нөгөө талдаа мэдэгдэл хүргүүлэхээс өөрөөр ямар арга хэмжээ авах боломжтой байсан нь тодорхойгүй. Бидний зүгээс 3 удаагийн мэдэгдлийг бичгээр хүргүүлэх, харилцаа холбоог ашиглан хариуцагч талтай холбогдох арга хэмжээ авахаас өөрөөр ямар арга хэмжээг авах байсан, өөр ямар байдлаар мэдээлэх байсан нь ойлгомжгүй бөгөөд шүүх нотлох баримтыг гуйвуулан тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалын 519,101,840 төгрөгийг хэрэгсэхгүй болгосноос 257,346,736 төгрөгийн хүрээнд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэлийн шаардлагын 257,346,736 төгрөгийг ханган шийдвэрлэж, хариуцагч талаас нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “М....” ХХК-ийн нэхэмжлэлтэй “А-А к” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.19-ний өдрийн 184/ШШ2020/03169 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.11-ний өдрийн 128 дугаар магадлалын хохиролд гаргуулсан хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүд төлсөн төлбөрийг хохиролд тооцон гаргасан, тухайн хүүг хохиролд тооцон гаргахдаа хариуцагчийг “...Үйлдвэрийг 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсныг няцааж чадаагүй.., үйлдвэрийг барихад 259,455,353 төгрөг зарцуулсан гэх бөгөөд уг үйл баримтыг ч мөн хариуцагч тооцоолол төсвийн хувьд няцаагаагүй ..., “М....” ХХК нь “Капитрон банк” ХХК-аас 500,000,000 төгрөгийн зээл авсан, түүнийг төлж дууссан талаар няцааж чадаагүй ..., зээлийн хүүгийн тооцооллын талаар хариуцагч талыг маргаагүй ...” гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь үйлдвэрийг барихад зарцуулсан гэх 259,455,353 төгрөг, түүний хүүгийн төлбөр гэх 99,292,973 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарлаж дээрх зардлыг хариуцагч тал төлөх хууль зүйн үндэслэлгүй талаар маргаж, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжид хэдэн төгрөгийн зардал гаргуулсныг тогтоолгохоор хариуцагч талын хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж байсан байхад энэ талаар маргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч тал хариуцагч талд аливаа хэлбэрээр мэдэгдэхгүйгээр 259,455,353 төгрөгийг үйлдвэрийн барилгад зарцуулсан гэж өөрийн ажилтнуудаар /нягтлан бодогч/ тооцоолол гаргуулсан байхад тухайн тооцооллыг хөдөлбөргүй үнэн гэж үзэж байгаа нь учир дутагдалтай.

5.2. Дээрх үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хянахдаа нэхэмжлэгч үйлдвэрийг барьсан боловч тоног төхөөрөмж, үйлдвэр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй үйл баримт тогтоогдсон гэж зөв дүгнэсэн хэрнээ тухайн хөрөнгийг бий болгосон зардлыг 259,455,353 төгрөгт тооцон түүнд ногдох хүүг хохиролд гаргуулсан нь үндэслэлгүй. Нөгөө талаар нэхэмжлэгчийн үйлдвэр гээд буй тоног төхөөрөмж нь газарт суурилагдсан түүнийг салгаж хаана ч ашиглаж болох талаар зохигчид маргаагүй, үйлдвэр гээд буй тоног төхөөрөмж нь Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017.09.05-ны өдрийн 288 дугаар тушаалаар баталсан  ажлын хэсгийн 2017.09.12-ны өдрийн 17/288/20 дугаар дүгнэлтээр тоног төхөөрөмж болох нь тогтоогдсон байдаг. Талуудын хооронд байгуулсан 2017.08.01-ний өдрийн аuс/17-05 дугаар гэрээ нь хэлбэрийн хувьд байгуулагдсан боловч бодит байдлаар хэрэгжээгүй нэгэнт хариуцагч тал ажил захиалаагүй, ажлын үр дүн хүлээж аваагүй байхад гэрээнээс учирсан хохирлыг гаргуулах боломжгүй. Талууд 2017.08.01-ний өдрийн цемент ачих, буулгах, хадгалах гэрээ байгуулах болсон үндэслэл нь Монгол Улсын Засгийн газар “Багануур Пауэр” ХХК-ийн хооронд байгуулагдсан концессын гэрээтэй салшгүй холбоотой бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй гэж давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн хэрнээ түүнийг хангалттай баримтаар нотлоогүй гэж үзсэн нь учир дутагдалтай. Учир нь концессын гэрээний талуудаас үл шалтгаалах нөхцөл байдлаар үргэлжлэх боломжгүй болсныг Монгол Улсын Эрчим хүчний яамны 2019.12.18-ны өдрийн В/4587 дугаартай албан бичиг болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хангалттай нотлогддог.

5.3. Түүнчлэн шүүхээс гэрээ цуцалснаас учирсан хохиролд 49,646,486 төгрөгийг хариуцагчаас гаргуулахдаа тухайн гэрээний хүчин төгөлдөр эсэхийг тогтоохгүй нэхэмжлэгч талаас 2019.08.23-ны өдрийн УП1/2747 дугаар албан бичгээр цуцалсан байхад хүчин төгөлдөр бус гэрээний үүрэгт хохирол тооцсон нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн үйлдвэр гээд буй тоног төхөөрөмж нь талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх боломжтой эсэх талаар аливаа хэлбэрээр нотлогдоогүй, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр ажиллах зөвшөөрөл гаргуулаагүй байхад тухайн тоног төхөөрөмжийг ашиглах боломжтой гэж үзсэн нь буруу. Нэхэмжлэгчийн хариуцагч талд явуулж байсан албан бичгээс үзэхэд 1 эсхүл 2 үйлдвэр барьсан нь тодорхойгүй байхад үйлдвэрийг 2017 оны 12 дугаар сард барьсан гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдвэрийг барьсан бол компанийн хөрөнгөнд бүртгэгдсэн эсэх талаарх баримтыг гаргуулахад 259,455,353 төгрөгийн хөрөнгө нь нэхэмжлэгчийн хөрөнгөнд бүртгэгдээгүй болох нь баримтаар нотлогдсон.

5.4. Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, барилга угсралтын ажил байх бөгөөд дээрх үйл ажиллагаануудын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны хүрээнд “Капитрон банк” ХХК-аас эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх зориулалтаар 500,000,000 төгрөгийн зээл авсан байхад тухайн хөрөнгөний 259,455,353 төгрөгийг тоног төхөөрөмжийн зардалд зарцуулсан гэж үзэж, нэхэмжлэгчийг “Капитрон банк” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж зээлийн зориулалтыг зориулалт бусаар ашигласан гэж дүгнэсэн нь хууль бус болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “М....” ХХК-аас хариуцагч “А-А к” ХХК-д холбогдуулан гэрээ цуцалснаас учирсан хохиролд 568,748,326 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 99,292,973 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас гаргуулах хохирлын хэмжээг 49,646,486 төгрөг болгож бууруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан.

8. Нэхэмжлэгчээс “... “А-А к” ХХК-тай 2017.08.01-ний өдөр цемент ачих, буулгах, хадгалах гэрээ байгуулсан. Гэрээгээр захиалагч “А-А к” ХХК нь Багануур дүүрэг дэх цемент ачиж, буулгах үйлдвэрт задгай цементийг вагоноос буулгаж, силост хадгалж, цемент возд ачих, пүүлэх үйлчилгээ авснаар гүйцэтгэгч “M....” ХХК-д хөлсийг төлөх, мөн захиалагч нь гүйцэтгэгчийн бизнесийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүхий л хэрэгцээний цементийг зөвхөн гүйцэтгэгч “M...” ХХК-аар ачиж буулгуулах, гүйцэтгэгч тал нь шинээр шаардагдах ачиж буулгуулах үйлдвэрийг байгуулна гэж тохиролцсон. “M....” ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлж цемент ачиж буулгах үйлдвэрийг барьсан. Гэрээнд зааснаар хариуцагч нь 2017 онд 2500 тонн, 2018 онд 35,000 тонн, 2019 онд 15,000 тонноос доошгүй цемент байлгах үүргийг хүлээсэн. Гэтэл “А-А к” ХХК нь шалтгаангүйгээр уг үүргээ биелүүлээгүйгээс үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан буюу цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж, өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Үйлдвэрийг банкны зээлээр 259,455,353 төгрөгөөр барьж, зээлийн хүүд 99,292,973 төгрөг төлж хохирол хүлээсэн. Хариуцагчид мэдэгдлийг удаа дараа албан бичгээр мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй. Иймд, үйлдвэр барихад гарсан зардал 259,455,353 төгрөг, зээлийн хүү 99,292,973 төгрөг, гэрээний 9.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээний хавсралт 1 болон 2 дугаар хэсэгт заасан үнийн дүнг тооцоолон 210,000,000 төгрөгийн торгууль тооцон бодож нийт 568,748,326 төгрөг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Гэрээ байгуулагдсан боловч бодитоор хэрэгжээгүй учир талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй.  Гэрээний 2.1, 5.3, 8.3 дахь хэсгүүдэд зааснаар “M...” ХХК нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ өөрийн тоног төхөөрөмж дээр явуулна гэсэн хүсэл зоригоо илэрхийлсэн тул тоног төхөөрөмжийн үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Орох ёстой байсан орлого 210,000,000 төгрөгийг торгууль болгон нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Үйлдвэр нь яг хэзээ ашиглалтад орсон нь баримтаар тогтоогдохгүй, 2018 оноос өмнө ашиглалтад орсон гэх нь эргэлзээтэй. Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын норм, дүрэм стандартын дагуу баригдсан гэдгийг нотлох баримтгүй, бүртгэгдээгүй. Захиалагч талаас гүйцэтгэгчид нэг ч ширхэг цемент нийлүүлээгүй байхад хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Талуудын хооронд хамтран ажиллах, хадгалалтын болон ажил гүйцэтгэх гэрээний шинжүүдийг агуулсан гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бөгөөд гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүссэн, гэрээний биелэлтийг хойшлуулах эсэх талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж байгаагүй, татгалзлаа хангалттай нотлоогүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсанд хариуцагч буруутай гэж үзнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар гэрээнээс татгалзах, хариуцагчаас учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч үйлдвэр барихад гарсан зардал 259,455,353 төгрөгийг хохиролд тооцож шаардаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээнд үйлдвэр барих ажлыг гүйцэтгэгч тал буюу нэхэмжлэгч “М....” ХХК хариуцахаар заасан, тухайн үйлдвэр болон тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч тал өмчилж байгаа, одоогоор ашиглаагүй байгаа нь нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэхгүй. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт №1, №2-т заасан тоо хэмжээнд олох ёстой байсан орлого буюу гэрээний 9.3-т заасан торгуулийн хэмжээтэй уялдуулан 210,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй, учир нь дээрх тооцоолол нь 3 жилийн хугацаанд хариуцагч талаас нийлүүлэх байсан цементийн тоо хэмжээ, үнэ болохоос олох ёстой байсан ашиг, орлогын тооцоолол гэж үзэхгүй, 1,050,000,000 төгрөгөөс хэд нь ашиг орлого болон үлдэх тооцоололгүй, энэ хэмжээний ашиг орлого олдог болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Харин хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохиролд уг үйлдвэрийг барих, тоног төхөөрөмж худалдан авахтай холбогдон гарсан зардалд ногдох банкны зээлийн хүүгийн хэмжээгээр 99,292,973 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй...” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... талууд гэрээ хэрэгжих явцад тохиолдсон нөхцөл байдлын талаар харилцан бие биедээ мэдээлэл өгөөгүй, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг явуулаагүй,  хэн хэнийх нь үүргийг харгалзан үзээд нэхэмжлэгчийн 259,455,353 төгрөгийн зээлийн хүүд төлж хохирсон 99,292,973 төгрөгийн эд хөрөнгийн алдагдлын 50 хувийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэн, хариуцагчаас гаргуулах хохирлын хэмжээг бууруулсан, мөн зохигчийн хооронд байгуулагдсан холимог гэрээг илүү төсөөтэй шинжээр нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зүйлчилжээ.

11. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

11.1. Зохигчийн хооронд “Цемент ачих, буулгах, хадгалах” нэртэй хэд хэдэн гэрээний шинжийг агуулсан холимог гэрээ байгуулагдсан байх боловч илүү төсөөтэй шинжээр нь ажил гүйцэтгэх гэрээ гэж зүйлчилсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Уг гэрээгээр захиалагч буюу хариуцагч “А-А к” ХХК нь Багануур дүүрэг дэх цемент ачиж, буулгах үйлдвэрт задгай цементийг вагоноос буулгаж, хадгалж, ачих үйлчилгээ авснаар гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “М....” ХХК-д хөлсийг төлөх, захиалагч нь гүйцэтгэгчийн бизнесийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүхий л хэрэгцээний цементийг зөвхөн гүйцэтгэгчээр ачиж, буулгуулах ба гүйцэтгэгч нь шинээр шаардагдах ачиж буулгуулах үйлдвэрийг байгуулна гэжээ. Мөн гэрээний 1.4-т үйлдвэрийн үйл ажиллагааг жигд байлгах зорилгоор 3 жилийн цементийн эргэлтийг тодорхойлж, уг гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 2-оор 2017, 2018, 2019 оны цементийн тоо хэмжээ, үнийн саналыг тогтоосон ба гэрээний 9.3-т “Захиалагч тал гүйцэтгэгч талаас шалтгаалахгүйгээр гэрээний 1.4-т заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд орох байсан орлогоос 20 хувийг хохиролд тооцон гүйцэтгэгч талд төлнө” гэж харилцан тохиролцсон байна.

11.2. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч үүргээ биелүүлээгүй, гэрээний 6-д заасан гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал бий болсон гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзах, өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

11.3. Харин хохирлын хэмжээг хоёр шатны шүүх зөрүүтэй тогтоосон нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь, зохигчийн байгуулсан гэрээний 9.3-т талуудын хүлээх хариуцлагыг хатуу тогтоосон байх тул энэ үндэслэлийн дагуу нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй. Уг зүйлд “Захиалагч...орох байсан орлогоос 20 хувийг хохиролд тооцон гүйцэтгэгч талд төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 2-т заасан тоо хэмжээг үндэслэн (2017 онд 2500 тн, 2018 онд 35,000 тн, 2019 онд 15,000 тн) нийт 52,500 тн нүүрсийг хавсралт №1-д заасан хамгийн доод үнийн дүн болох 1 тн тутмын ажлын хөлсийг 20,000 төгрөгөөр тооцож, нийт 1,050,000,000 төгрөгийн орлогыг олох байсан, үүний 20 хувь нь 220,500,000 төгрөг болох хэдий ч гэрээний хугацаа дуусгавар болохоос 4 сарын өмнө цуцалсан байдлаа харгалзан 210,000,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д нийцнэ.

11.4. Гэтэл анхан шатны шүүх “... дээрх тооцоолол нь 3 жилийн хугацаанд хариуцагч талаас нийлүүлэх байсан цементийн тоо хэмжээ, үнэ болохоос олох ёстой байсан ашиг, орлогын тооцоолол гэж үзэх үндэслэлгүй, 1,050,000,000 төгрөгөөс хэд нь ашиг орлого болон үлдэх тооцоололгүй, түүнчлэн нэхэмжлэгч зайлшгүй энэ хэмжээний ашиг орлого олдог болох нь хэрэгт авагдсан компанийн санхүүгийн тайлан болон бусад нотлох баримтаар тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Дээр дурдсанчлан гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд хариуцагчийн хүлээх үүрэг буюу нэхэмжлэгчээр ачиж, буулгуулах цементийн тоо хэмжээ, ажлын хөлсийг тодорхой тохиролцсон, үүний дагуу нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогыг тооцоолох бүрэн боломжтой, хариуцагч уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг “орох байсан орлогын 20 хувь”-аар тооцож (торгууль) төлөхөөр гэрээнд тодорхой заасан байхад шүүх “энэ нь олох ёстой байсан ашиг орлогын тооцоолол биш, уг хэмжээгээр ашиг орлого олдог гэдэг нь нотлогдоогүй” гэх зэрэг үндэслэл заан үгүйсгэж байгаа нь буруу, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй байна. Иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

11.5. Гэрээнд нэхэмжлэгч тал үйлдвэртэй холбоотой зардлыг бүрэн хариуцах үүрэг хүлээсэн тул үйлдвэр барихад гарсан болон ашиглалтын (харуул хамгаалалт, арчлалт, үйлчилгээ гэх мэт) зардлыг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэхгүй тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, иймээс “...гэрээ цуцлах хүртэл 17,700,250 төгрөгийн үргүй зардал гаргасан, одоо хүртэл уг зардлыг төлж хохирсоор байхад шүүх үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон..” гэсэн агуулгатай (Тодорхойлох хэсгийн 4.2-т) нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

11.6. Харин үйлдвэрийг барих, тоног төхөөрөмж худалдан авахтай холбогдон гарсан зардалд ногдох банкны зээлийн хүүд төлсөн 99,292,973 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцсон нь үндэслэлтэй. Учир нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч уг зардлыг олох байсан орлогоосоо төлөх боломжтой (тооцоолсон) байтал орлого олж чадаагүйгээс зээлийн хүү төлж хохирсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагч өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар няцаагаагүй тул “маргасаар байтал шүүх маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, гэрээ хэлбэрийн хувьд байгуулагдсан боловч бодит байдлаар хэрэгжээгүй, хариуцагч тал ажил захиалаагүй, ажлын үр дүн хүлээж аваагүй байхад гэрээнээс учирсан хохирлыг гаргуулах боломжгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.1-5.2-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.   

 11.7. Мөн “... нэхэмжлэгч талаас гэрээ цуцалсан байхад хүчин төгөлдөр бус гэрээний үүрэгт хохирол тооцсон нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн үйлдвэр гээд буй тоног төхөөрөмж нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэх боломжтой эсэх нь нотлогдоогүй, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр ажиллах зөвшөөрөл гаргуулаагүй, үйлдвэр нь компанийн хөрөнгөнд бүртгэгдээгүй, нэхэмжлэгчийн үйл ажиллагааны нэг чиглэл болох барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хүрээнд банкнаас зээл авсан байхад тухайн зээлийн талыг тоног төхөөрөмжийн зардалд зарцуулсан гэж дүгнэсэн нь хууль бус...” гэх (Тодорхойлох хэсгийн 5.3-5.4) хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол нь хууль зүйн үндэслэлгүй, ач холбогдолгүй, нотлогдоогүй байх тул хангах боломжгүй.

11.8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг “бодит нөхцөл байдлын талаар харилцан бие биедээ мэдээлэл өгөөгүй, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг явуулах үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр буруутгаж, анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргасан хохирлын хэмжээг хоёр дахин бууруулсан нь үндэслэл бүхий болж чадаагүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол (Тодорхойлох хэсгийн 4.3) үндэслэлтэй байна. Гэвч хэргийн бодит нөхцөл байдлыг үзвэл, нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй ч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйд түүнийг мөн бүрэн буруутгахааргүй, эрх бүхий төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанаас хамаарсан нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар “гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан” хариуцагчаас гаргуулах хохирлын хэмжээг багасгах үндэслэлтэй байна.

11.9. Иймд гэрээний дагуу хүлээх хариуцлага буюу торгууль 210,000,000 төгрөг, нэхэмжлэгчийн банкны хүүд төлсөн 99,292,973 төгрөг, нийт 309,292,273 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцож, үүний 50 хувь болох 154,646,487 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.

12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/03169 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “А-А к” ХХК-аас 154,646,487 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М....” ХХК-д олгож, үлдэх 414,101,848 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 заалтын “... 654,414 ...” гэснийг “...931,182 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бүжин/-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 1,444,690 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 406,183 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ 

                          ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Д.ЦОЛМОН