Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2020/00151

 

 

 

 

 

 

 

         2020 оны өдөр

01 сар      10  р                                              184/ШШ2020/00151

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “М” ХХК /РД: /РД:/. Хаяг: Баянгол дүүрэг, дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө- ажилчны  дүгээр гудамж  төв тоот  

Хариуцагч: “А” ХХК /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол, Угсармал дугаар байр, тоот

358,748,326 /гурван зуун тавин найман сая долоон зуун дөчин найман мянга гурван зуун хорин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.                                                                                                                                                                                                                  

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М”ХХК, “А”ХХК-ууд 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр “Цемент ачих, буулгах, хадгалах гэрээ” байгуулсан бөгөөд энэ гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйл “Ажил гүйцэтгэх гэрээ”, 476 дугаар зүйл “Хамтран ажиллах гэрээ”, 422 дугаар зүйл “Хадгалалтын гэрээ”-ний шинжийг агуулсан Иргэний хуульд заасан холимог гэрээ байгуулсан. Талууд гэрээний 1.1-д захиалагч “А” ХХК нь гүйцэтгэгч “М” ХХК-ийн Багануур дүүрэг дэх Цемент ачиж буулгах үйлдвэрт “задгай цементийг вагоноос буулгаж, силост хадгалж цемент ачих, пүүлэх” үйлчилгээ үзүүлсний төлөө ажлын хөлс төлөх 1.2-т захиалагч нь бизнесийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүхий л хэрэгцээний цементийг зөвхөн гүйцэтгэгч талаар ачиж буулгуулах ба гүйцэтгэгч тал шинээр шаардагдах ачиж буулгах үйлдвэрийг байгуулна. 1.4-т үйлдвэрийн үйл ажиллагааг жигд байлгах зорилгоор 3 жилийн цементийн эргэлтийг тодорхойлох ба тогтоосон хэмжээнд цементийн эргэлтийг байлгана гэсэн ерөнхий нөхцөлүүдийг тохиролцсон бөгөөд “А” ХХК нь гэрээний 1.4-т заасан цементийн эргэлтийн тоо, хэмжээг гэрээний 2 дугаар хавсралтаар 2017 онд 2,500 тн, 2018 онд 35,000 тн, 2019 онд 15,000 тонноос доошгүй байлгах үүргийг хүлээсэн. “М” ХХК-ийн зүгээс гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 8 дугаар зүйлийн 8.3-т заасан ерөнхий болон тусгай нөхцөлүүдийг бүрэн биелүүлж, цемент ачиж буулгах үйлдвэрийг 259,455,353 төгрөгийн зардлаар 2017 оны 12 дугаар сард шинээр барьсан. Гэтэл “М” ХХК-иас үл хамааран “А” ХХК нь ямар ч шалтгаангүйгээр гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэг, гэрээний 2 дугаар хавсралтыг тус тус ноцтой зөрчиж цементийн эргэлтийг огт хийгээгүйн улмаас “М” ХХК-ийн Багануур дүүрэг дэх цемент ачиж буулгах үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, үйлдвэр барихад банкнаас авсан зээл, зээлийн хүү санхүүгийн эрсдэл зэрэг их хэмжээний хохирол хүлээсэн болно. “М” ХХК нь гэрээгээр тохиролцсон ерөнхий, тусгай нөхцөл болон гэрээний харилцан итгэлцлийн үндсэнд Багануур дүүрэг дэх цемент ачиж буулгах үйлдвэрийг Капитрон банкнаас авсан зээлийн 259,455,353 төгрөгийг зарцуулан барьсан бөгөөд үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгөөр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөж байсан. Гэвч “А” ХХК-ийн цементийн эргэлийг хийгээгүйн улмаас зээлийн хүүд мөн 99 292 973 төгрөгийн эрсдэл хохирлыг хүлээсэн. Энэ талаар “М” ХХК-иас “А” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 30, 2019 оны 2 дугаар сарын 19, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдийн гэрээний дагуу цаашид үйл ажиллагаа явуулах эсэх, үүргээ биелүүлж ажиллах, үйлдвэр барьсан зардлыг төлүүлэх, агуулгатай мэдэгдлүүдийг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй өдийг хүрч байна.

Иймд “М” ХХК, “А” ХХК-иуд 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан №aus /17-05 тоот гэрээг цуцалснаар “М” ХХК-д К ХХК-аас авсан зээлээр цемент ачиж буулгах үйлдвэрийг барьсан зардалд 259,455,353 төгрөг, зээлийн хүүд 99,292,973 төгрөг буюу нийт учирсан бодит хохиролд 358,748,326 төгрөгийг “А” ХХК-иас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК, “А” ХХК-ийн хооронд 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр аис/17-05 дугаартай “Цемент ачих, буулгах, хадгалах гэрээ” байгуулагдсан. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д “Давагдашгүй хүчин зүйл гэж талуудын хяналтаас гадуур, урьдчилж тооцох ба даван туулах боломжгүй нөхцөл үүссэнээс болж гэрээгээр хүлээсэн үүргээ хэсэгчилэн болон бүрэн биелүүлэх боломжгүй эсвэл саатуулсан /гал түймэр, үер ус, иргэний бослого, үймээн, хувьсгал, төр засгийн шийдвэр тогтоол, газар хөдлөлт, ажил хаялт, цахилгааны хязгаарлалт, тасралт, байгалийн гамшиг г.м/ нөхцөлийг хэлнэ. Тухайн улс болон орон нутгийн эрх бүхий байгууллагаас давагдашгүй хүчин зүйл гэж тодорхойлсон нөхцөлийн улмаас аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ хэсэгчилэн болон бүрэн биелүүлэх боломжгүй болбол гэрээний биелэлтийг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хугацаагаар хойшлуулна” гэж тодорхой заасан. Тухайн гэрээний дагуу хийгдэх ажил нь Монгол улсын Засгийн газар, Эрчим хүчний яамны шинэ удирдлагын улмаас 2016 оноос хойш зогсонги байдалд орсон. Энэ нь гэрээний 2 талын буруутай үйп ажиппагаанаас болоогүй бөгөөд Монгол улсын Засгийн газар, тухайлбал Эрчим хүчний яамны шинэ удирдлага уг төслийн ТЭЗҮ болон хүчин чадлыг өөрчлөн багасгах шаардлагатай гэсэн шаардлагыг шинээр тавьсан учир өмнө ТЭЗҮ-гээр 700 МВТ гэсэн батлагдсан зүйлийг өөрчилсөн явдал нь уг төсөл зогсонги байдалд орж, гэрээ цааш үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Үүнээс шалтгаалан өнөөг хүртэл гэрээ хэрэгжихгүй байгаа болно. Хэдийгээр гэрээ цааш үргэлжлэх боломжгүй болсон ч гэсэн “М” ХХК нь Багануурын ДЦС-ийн төсөлд бетон зуурмаг нийлүүлэхэд шаардлагатай цементийг буулгах тоног төхөөрөмжийг хийснээрээ энэ чиглэлээр бизнес явуулах шинэ зах зээл, шинэ боломж гарч ирсэн гэж үзэж байна. Аливаа компани тодорхой хэмжээгээр эрсдлээ тооцож байж бизнест ордог ба гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний 2 тал хоёулаа эрсдэл хүлээсэн. Манай компани ч гэсэн энэ гэрээ хэрэгжээгүйгээс бизнесийн эрсдэлд орсон. Төр засгийн гэнэтийн энэ шийдвэрээс улбаалан эрсдэл үүссэн бөгөөд энэ нь гэрээнд зааснаар талуудын хүлээх ёстой компанийн эрсдэл гэж үзэж байна. Гэхдээ энэхүү гэрээний дагуу ажилд оруулсан хөрөнгө нь эргээд “М” ХХК-д үлдэж байгаа хөрөнгө бөгөөд тухайн хөрөнгөөрөө Багануур, Улаанбаатар гэх мэтчилэн өөр газар ажиллах боломж гарч ирсэн байх. Дээрх гэрээ хэрэгжихгүй байгаа гол нөхцөл шалтгаан нь төр засгийн шийдвэр буюу давагдашгүй хүчин зүйлээс болсон ба манай компаниас шалтгаалаагүй болно.  Иймд “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад

                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь “А” ХХК холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 358,748,326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ талуудын хооронд  2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан auc/ 17-05 дугаартай, “Цемент ачих, буулгах, хадгалах гэрээ”-ний үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс баригдсан үйлдвэр ашиглалтгүй болсон, үйлдвэр барихад гарсан зардал 259,455,353 төгрөг, зээлийн хүү 99,292,973 төгрөг, нийт 358,748,326 төгрөгийн  хохирол учирсан гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр буюу төр засгийн шийдвэрийн улмаас гэрээ биелэгдэх боломжгүй болсон, өөртөө хөрөнгө оруулж үйлдвэр барьсан тул хохирсон гэж үзэх үндэслэлгүй гэж тус тус тайлбарлана. 

            Талууд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, үйлдвэр барихад гарсан зардлын хэмжээ, гэрээгээр тохиролцсон зүйлийн талаар маргахгүй байна.

Энэхүү гэрээгээр захиалагч “А” ХХК нь гүйцэтгэгч “М” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагааг жигд байлгах зорилгоор 3 жилийн хугацаанд  тодорхой /52,500 тонноос багагүй/ хэмжээний цемент хадгалуулах, ачих, буулгах, пүүлэх үйлчилгээг үйлдвэрээр дамжуулан авах, гүйцэтгэгч нь төмөр замаар ирж буй цементийг гэрээнд заасны дагуу буулгах, хадгалах, ачих ажлыг гүйцэтгэхээр тохиролцжээ. /хх-ийн 6/

Нэхэмжлэгч “М” ХХК нь Зам тээврийн хөгжлийн яам болон “Улаанбаатар төмөр зам” ХНН зэрэг байгууллагуудаас зохих зөвшөөрлийг авсны үндсэн дээр 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 23 дугаартай “Салбар зам ашиглалтын гэрээ”, 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 24 дугаартай “Салбар зам арчлалтын гэрээ”-г тус тус байгуулсан, мөн үйлдвэрт хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг худалдан авч,  суурилуулсан,  гэрээний үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 24-32/

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсгүүдэд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх, гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх, хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэх, нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарахаар тус заажээ.

            Талуудын хооронд хамтран ажиллах, хадгалалтын болон ажил гүйцэтгэх гэрээний шинжүүдийг агуулсан гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний агуулгыг тохирч, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Хариуцагч “А” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаа төр, засгийн шийдвэрээс шалтгаалсан, Багануур дүүрэгт байгуулах

Дулааны цахилгаан станцын концессын гэрээг зогсоосноос манай компани тухайн төслийн туслан гүйцэтгэгч “С” ХХК-тай байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээ биелэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа ч нэхэмжлэгч компанийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай удаа дараагийн мэдэгдэл, албан бичигт ямар нэгэн хэлбэрээр хариу өгөөгүй, саналаа илэрхийлээгүй байна. /хх-ийн 60, 62, 64, 201/

Эрчим хүчний яамнаас тус шүүхэд ирүүлсэн 2019 оны 12 дугаар  сарын 18-ны өдрийн в/4587 дугаартай албан бичигт Засгийн газрын 2015 оны 88 дугаар тогтоолоор олгосон эрхийн дагуу Хөрөнгө оруулалтын газар “Б” ХХК-тэй байгуулсан Багануурын цахилгаан станцын концессын гэрээг зогсоосон, шинээр Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэх ажил үргэлжилж байгаа талаар дурджээ. /хх-ийн 232/

Хариуцагч компани гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй болсон, гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүссэн, гэрээний биелэлийг хойшлуулах эсэх талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж байгаагүй, мөн гэрээнд зөвхөн энэхүү төсөл хэрэгжүүлэх ажилд оролцох тухай заагаагүй тул давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал 2017 оны 8 дугаар сарын 29-ны өдөр К банктай 3096-2017/57 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 500,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн, энэхүү зээлээс үйлдвэрийг барихад гарсан зардал, зарцуулсан мөнгөний хэмжээнд ногдох  хүүгийн хэмжээгээр  учирсан хохирлоо тодорхойлж, хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

            Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн  225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсгүүдэд талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, учирсан хохирлыг арилгуулахаар шаардах, хохиролд юуг тооцох талаар зохицуулсан байна. 

Нэхэмжлэгчийн тодорхойлсон учирсан гэх хохирлын тухайд үйлдвэрийг барихад гарсан зардлыг хохирол гэж үзэх үндэслэлгүй, учир нь талуудын байгуулсан гэрээнд үйлдвэр барих талаар заагаагүй, зөвхөн ажлаар хангах талаар заасан байхаас гадна хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд ашиг олох, үйлдвэрийг барихад зарцуулсан зээлээ төлөх боломжтой байсан талаар тайлбарладаг.

Хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг уг үйлдвэрийг барих, тоног төхөөрөмж худалдан авах, болон түүнтэй холбоотой гарсан зардалд ногдох банкны зээлийн хүүгийн хэмжээгээр буюу 99,292,973 төгрөгийн хэмжээгээр тогтоох үндэслэлтэй гэж үзлээ. /хх-ийн 106/

Учир нь хариуцагч тал үйлдвэрийг барихад гарсан зардлын хэмжээний тухайд маргаагүй, нэхэмжлэгч тал Капитрон банкнаас авсан зээлийн мөнгөөр  үйлдвэр барих, тоног төхөөрөмж худалдан авах, хэвийн ажиллах боломжийг хангахад зарцуулсан нь баримтаар тогтоогдсон болно.

Иймд хариуцагч “А” ХХК-иас 99,292,973 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 259,455,353 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 99,292,973 /ерэн есөн сая хоёр зуун ерэн хоёр мянга есөн зуун далан гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 259,455,353 /хоёр зуун тавин есөн сая дөрвөн зуун тавин таван мянга гурван зуун тавин гурав/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,951,700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 654,414 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.БАТСҮХ