Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2020/00693

 

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2020/00692

               Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны нэхэмжлэлтэй,Ховд аймгийн Дуут сумын Босго багт оршин суух Хартолгойн Од холбогдох, 322,983 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэнд-Аюуш,хариуцагч Х.О /онлайн/, прокурор З.Алтансолонго, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас Дуут сумын сургуулийн 2016-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Цэнд-Аюуш 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 35/02/115 дугаар актаар 322983 төгрөгийн акт тавигдсаныг Х.Оээр гаргуулан өгнө үү. Х.Од Аймгийн засаг дарга Цэвээравдангийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/337 дугаартай захирамжаар албан тушаалын үндсэн цалингийн 1 сарын урамшуулал олгох талаар заасан. Энэ хүний албан тушаалын цалин 743,015 төгрөг авах ёстой. Гэтэл 1 сарын цалин гэж хэлээд 1,040,000 төгрөг орчим авсан. Дахиад Сумын Засаг даргын гарсан захирамжаар амралтын үндсэн цалингийн 1.5 хувьтай тэнцэх хэмжээний цалин авсан. Дээрээс нь ур чадвар, урамшуулал орж ирсэн. Мөн дахиад Аймгийн Засаг даргын захирамжаар урамшуулал цалин гэж авсан. Энэ асуудал нь цалингийн хүснэгтээр харагдаж байгаа. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд Төсөвийн шууд захирагчийн эрх, үүргийг зааж өгсөн. Гэтэл энэ эрх, үүргээ Аймгийн Засаг даргын захирамжийг зөрчиж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаад авсан гэсэн үндэслэлээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн гэж үзсэн. Х.О захирлын зүгээс буруутай албан тушаалтанг сургуулийн нягтлан бодогчийг гэж тайлбарлаж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн албан тушаалтанд акт тавихаар Засгийн газрын 483 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийн 7.5-д заасан байгаа. Мөн Төсөвийн тухай хуульд зааснаар төрийн хяналт шалгалт хийгээд хохирол учруулсан буруутай албан тушаалтанд тавина гэсэн заалтаар акт тавьсан. Х.О захирлын хувьд төсвийн шууд захирагчийн хувиар нэгдүгээр гарын үсгийг зурдаг бөгөөд өөрөө дотоод аудитаа хэрэгжүүлэхтэй холбоотой эрх бүхий албан тушаалтан учраас актыг өөр дээр нь тавихаас өөр арга байгаагүй. Албан тушаалын цалин болон үндсэн цалинг Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлд ангилалаар нь цалингийн сүлжээг зааж өгсөн. Иймд хариуцагч Х.Оийг төлөх үндэслэлтэй гэдэг байдлаар акт тавигдсан гэв.

Хариуцагч Х.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Миний зүгээс нэхэмжлэгч байгууллагаас гаргасан 322,983 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Бид нарын зүгээс нягтлан бодогчийн бодож гаргасан цалинг хэн дээр хэдэн төгрөгийн цалин бодогдсон байгаа гэдгийг удирдах ажилтны хувьд байнга хянах боломжгүй. Ямар ч гэсэн цалин бодсон нягтлан бодогч нь үүрэг хариуцлагаа ухамсарлаад, зохих шалгалтаа өгөөд ажиллаж байгаа учраас цалингийн талаар нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж ойлгож байна. Мөн нэхэмжлэгч байгууллагын зүгээс нэхэмжлэлд холбогдуулан гаргасан хариу тайлбараа хэлье. 1.Би өөр дээрээ цалин бодуулж аваагүй бөгөөд намайг томилсон албан тушаалтны шийдвэрийн дагуу цалин мөнгөө авч байсан учраас Хөдөлмөрийн гэрээний дагуу цалин мөнгөтэй холбоотой над дээр гарсан төлбөрийн актыг Монгол улсын иргэний хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хүлээн зөвшөөрөхгүй.

2.Тухайн актын талаар эхлээд надад амаар хэлээд зөвшөөрөх талаар асуусан буюу хэлсэн. Тэр хугацаанаас хойш 2 сарын дараа намайг дуудахаар нь би өөрөө Улаанбаатар хотод эмчилгээтэй болон амьдарч байсан ч гэсэн төрөө хүндэтгээд очиж уулзсан. Тэр үед би эргээд 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан байх гэсэн бодол төрж байна. Гэхдээ би актыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гарын үсэг зураагүй. 3.Би 1985 онд Их сургуулийн түүхийн ангийг төгсөөд сургуульдаа ирж ажилласан. Би хүүхэд байхдаа Ховд аймгийн Дуут сумын сургуульд сурч байгаад Ховд аймгийн сургуулийн 9, 10 дугаар ангид суралцаад, Их сургуульд 4 жил суралцсан. Энэ бүхнээс харахад 8 наснаас эхлээд 65 нас хүртэл миний амьдрал тэр чигээрээ Ховд аймгийн Дуут сумын сургуультай холбоотой. Миний бие Ховд аймгийн Дуут сумын ард иргэдийн хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх ажилд хуулийн дагуу, зөв хүндэтгэлтэй ажилласны үр дүнд хэзээ ч алдаа дутагдал гаргаж шүүхийн өмнө сууж байгаагүй. Мөн олон удаагийн Санхүүгийн хяналт шалгалтаар орж байсан бөгөөд алдаа дутагдал гаргаж, төрийн байгууллагыг хохироож байгаагүй. Сүүлийн жилүүдэд захирлын албыг аваад 55 нас хүрээд тэтгэвэрт гарах болон гарсан хойноо цалин хөлстэй холбоотойгоор төлбөр гарсанд гомдолтой байгаа. Би биеэ эмчлүүлээд Улаанбаатар хотод хүүхдүүдийнхээ хамт байгаа учраас Монгол улсын иргэн хүнийхээ хувьд амар тайван байхыг хүсэж байна. Бид нарыг амар бай гэж тэтгэвэрт гаргасан учраас шүүх, цагдаагийн байгууллагаар явах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь хариуцагч Х.Оээс актаар тавигдсан 322983 төгрөгийг гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүхээс зохигчдын тайлбар, цугларсан бичгийн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь нэхэмжлэгч нь хариуцагч Х.Оээс 322983 төгрөгийг нэхэмжлэхдээ илүү олгосон цалинг буцаан төлөх ёстой гэх ба Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 05-ны өдрийн А/337 тоот захирамжаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.Од нэг сарын үндсэн цалингаар урамшуулал олгох байтал 90-р тогтоолын нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл 322983 төгрөгийг илүү тооцон олгосон тул илүү олгосон 322983 төгрөгийг нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 35/02/115 дугаартай актыг хавсаргаж ирүүлсэн. /хх-ийн 4-р хуудас/ Уг актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Захирамжаар илүү тооцон олгосон нэмэгдэл 322983 төгрөгийг Х.Оээр төлүүлж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар тогтож, актын төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны дотор Санхүүгийн хяналт, аудитын албаны төрийн сангийн 100160051411 тоот дансанд шилжүүлэхийг Дуут сумын 12 жилийн сургуулийн захирал, нягтлан бодогч нарт хариуцуулж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Х.Оээс 322983 төгрөгийг төлүүлэхээр шаардлага гаргаж байгаа хэдий ч хариуцагч Х.О нь нэхэмжлэлийн шаардлага болох илүү авсан гэх 322983 төгрөгийг хэзээ, хэрхэн авсан талаархи баримт авагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийг Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 05-ны өдрийн А/337 тоот захирамжаар хариуцагчийг үндсэн цалингийн урамшуулал авах байтал, 90-р тогтоолын нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл 322983 төгрөгийг илүү авсан учраас төлүүлэхийг шаардахдаа хариуцагчийг нийт хэдэн төгрөгийг хэзээ, хэрхэн авсан, үүнээс хэдэн төгрөг нь үндсэн цалин, хэдэн төгрөг нь илүү авсан гэдгийг нотлоогүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Х.О нь энэхүү нэг сарын урамшуулалт цалинг аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 05-ны өдрийн А/337 дугаарт захирамжийн дагуу авсан, би өөрөө дур мэдэн хууль зөрчиж 90-р тогтоол, ур чадварын нэмэгдлийг аваагүй бөгөөд эрх бүхий нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд зохих хууль журам, зааврыг үндэслэн олгосон гэж маргадаг.

Хариуцагч нь хариу тайлбартаа хавсаргаж ирүүлсэн Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 05-ны өдрийн А/337 дугаартай захирамжийг нотариатаар гэрчлүүлсэн ирүүлсэн байх ба энэхүү захирамжийн захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтаар ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт нэг сарын үндсэн цалингаар тооцож мөнгөн урамшуулал олгосугай гэж захирамжилсан байна. Үүнээс үзэхэд хариуцагч Х.О нь нэг сарын үндсэн цалин авах эрхтэй болохоос нэмэгдэл болох 90-р тогтоол, ур чадварын нэмэгдлийг авах эрх үүсээгүй байсныг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т зааснаар Хартолгойн Од холбогдох 322983 төгрөг гаргуулах тухай Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Санхүүгийн хяналт, аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                             

                           ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Х.ОТГОНЖАРГАЛ