Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 42

 

 

*******, аудитын

албаны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2020/00692 дугаар шийдвэртэй, *******, аудитын албаны нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Дуут сумын Босго багт оршин суух Хартолгойн Оюунгэрэлд холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 322,983 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “ ******* аудитын албанаас Дуут сумын сургуулийн 2016-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Цэнд-Аюуш 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 35/02/115 дугаар актаар 322983 төгрөгийн акт тавигдсаныг Х.Оюунгэрэлээр гаргуулан өгнө үү. Х.Оюунгэрэлд Аймгийн засаг дарга Цэвээравдангийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/337 дугаартай захирамжаар албан тушаалын үндсэн цалингийн 1 сарын урамшуулал олгох талаар заасан. Энэ хүний албан тушаалын цалин 743,015 төгрөг авах ёстой. Гэтэл 1 сарын цалин гэж хэлээд 1,040,000 төгрөг орчим авсан. Дахиад Сумын Засаг даргын гарсан захирамжаар амралтын үндсэн цалингийн 1.5 хувьтай тэнцэх хэмжээний цалин авсан. Дээрээс нь ур чадвар, урамшуулал орж ирсэн. Мөн дахиад Аймгийн Засаг даргын захирамжаар урамшуулал цалин гэж авсан. Энэ асуудал нь цалингийн хүснэгтээр харагдаж байгаа. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд Төсвийн шууд захирагчийн эрх, үүргийг зааж өгсөн. Гэтэл энэ эрх, үүргээ Аймгийн Засаг даргын захирамжийг зөрчиж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаад авсан гэсэн үндэслэлээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн гэж үзсэн. Х.Оюунгэрэл захирлын зүгээс буруутай албан тушаалтныг сургуулийн нягтлан бодогчийг гэж тайлбарлаж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн албан тушаалтанд акт тавихаар Засгийн газрын 483 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийн 7.5-д заасан байгаа. Мөн Төсвийн тухай хуульд зааснаар төрийн хяналт шалгалт хийгээд хохирол учруулсан буруутай албан тушаалтанд тавина гэсэн заалтаар акт тавьсан. Х.Оюунгэрэл захирлын хувьд төсвийн шууд захирагчийн хувиар нэгдүгээр гарын үсгийг зурдаг бөгөөд өөрөө дотоод аудитаа хэрэгжүүлэхтэй холбоотой эрх бүхий албан тушаалтан учраас актыг өөр дээр нь тавихаас өөр арга байгаагүй. Албан тушаалын цалин болон үндсэн цалинг Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлд ангиллаар нь цалингийн сүлжээг зааж өгсөн. Иймд хариуцагч Х.Оюунгэрэлийг төлөх үндэслэлтэй гэдэг байдлаар акт тавигдсан гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Миний зүгээс нэхэмжлэгч байгууллагаас гаргасан 322,983 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Бид нарын зүгээс нягтлан бодогчийн бодож гаргасан цалинг хэн дээр хэдэн төгрөгийн цалин бодогдсон байгаа гэдгийг удирдах ажилтны хувьд байнга хянах боломжгүй. Ямар ч гэсэн цалин бодсон нягтлан бодогч нь үүрэг хариуцлагаа ухамсарлаад, зохих шалгалтаа өгөөд ажиллаж байгаа учраас цалингийн талаар нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж ойлгож байна. Мөн нэхэмжлэгч байгууллагын зүгээс нэхэмжлэлд холбогдуулан гаргасан хариу тайлбараа хэлье. 1.Би өөр дээрээ цалин бодуулж аваагүй бөгөөд намайг томилсон албан тушаалтны шийдвэрийн дагуу цалин мөнгөө авч байсан учраас Хөдөлмөрийн гэрээний дагуу цалин мөнгөтэй холбоотой над дээр гарсан төлбөрийн актыг Монгол улсын иргэний хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хүлээн зөвшөөрөхгүй.Тухайн актын талаар эхлээд надад амаар хэлээд зөвшөөрөх талаар асуусан буюу хэлсэн. Тэр хугацаанаас хойш 2 сарын дараа намайг дуудахаар нь би өөрөө Улаанбаатар хотод эмчилгээтэй болон амьдарч байсан ч гэсэн төрөө хүндэтгээд очиж уулзсан. Тэр үед би эргээд 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан байх гэсэн бодол төрж байна. Гэхдээ би актыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гарын үсэг зураагүй. 3.Би 1985 онд Их сургуулийн түүхийн ангийг төгсөөд сургуульдаа ирж ажилласан. Би хүүхэд байхдаа Ховд аймгийн Дуут сумын сургуульд сурч байгаад Ховд аймгийн сургуулийн 9, 10 дугаар ангид суралцаад, Их сургуульд 4 жил суралцсан. Энэ бүхнээс харахад 8 наснаас эхлээд 65 нас хүртэл миний амьдрал тэр чигээрээ Ховд аймгийн Дуут сумын сургуультай холбоотой. Миний бие Ховд аймгийн Дуут сумын ард иргэдийн хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх ажилд хуулийн дагуу, зөв хүндэтгэлтэй ажилласны үр дүнд хэзээ ч алдаа дутагдал гаргаж шүүхийн өмнө сууж байгаагүй. Мөн олон удаагийн Санхүүгийн хяналт шалгалтаар орж байсан бөгөөд алдаа дутагдал гаргаж, төрийн байгууллагыг хохироож байгаагүй. Сүүлийн жилүүдэд захирлын албыг аваад 55 нас хүрээд тэтгэвэрт гарах болон гарсан хойноо цалин хөлстэй холбоотойгоор төлбөр гарсанд гомдолтой байгаа. Би биеэ эмчлүүлээд Улаанбаатар хотод хүүхдүүдийнхээ хамт байгаа учраас Монгол улсын иргэн хүнийхээ хувьд амар тайван байхыг хүсэж байна. Бид нарыг амар бай гэж тэтгэвэрт гаргасан учраас шүүх, цагдаагийн байгууллагаар явах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2020/00692 дугаар шийдвэрээр:” 1.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т зааснаар Хартолгойн Оюунгэрэлд холбогдох 322983 төгрөг гаргуулах тухай *******, аудитын албаны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Санхүүгийн хяналт, аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээр хэдэн төгрөгийг хэзээ, хэрхэн авсан, үүнээс хэдэн төгрөг илүү авсан гэдгийг нотлоогүй шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Х.Оюунгэрэл нь нэг сарын үндсэн цалин авах эрхтэй болохоос нэмэгдэл болох 90-р тогтоол, ур чадварын нэмэгдлийг авах эрх үүсээгүй байсныг дурдах нь зүйтэй гэж шүүх тогтоосон нь улсын ахлах байцаагчийн тогтоосон актын үндэслэлтэй нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч *******, аудитын алба нь актаар тогтоосон төлбөр 322,983 төгрөгийг хариуцагч Х.Оюунгэрэлээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “Х.Оюунгэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 322,983 төгрөгийг хэзээ, хэрхэн авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна” гэсэн дүгнэлт хийжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухайн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл”, 12.1.2 дахь хэсэгт зааснаар “бусдын эрх чөлөө ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээд” шүүхэд нэхэмжлэл гаргавал иргэний хэрэг үүсгэх үндэслэл болохоор хуульчилжээ.

            Гэтэл Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдоогүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэгт зааснаар улсын байцаагч, улсын ахлах байцаагч нь “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох” эрхтэй байх боловч уг актаар тогтоосон төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар олгоогүй байна.

 Тодруулбал, Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх  Санхүүгийн хяналт, аудитын алба нь тус албаны улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг төрд учирсан хохирол гэж үзэж төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл Ховд аймгийн Дуут сумын ерөнхий боловсролын сургуульд учирсан хохирол гэж үзэн сургуулийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар тусгайлан олгоогүй байна. Нөгөө талаар, Санхүүгийн хяналт, аудитын алба нь өөрийн улсын байцаагчийн акт үйлдсэн төлбөрийг гаргуулахаар /актыг нотлох баримт болгож үндэслэн/ шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчимтай нийцэхгүй.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх замаар нэхэмжлэл гаргах эрхийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтад нийцээгүй тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хангасан гэж үзэх үндэслэлгүй болно. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дахь хэсэгт Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй учраас тус байгууллагын хариуцагч Х.Оюунгэрэлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Өөдэйн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Харин Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэж, 20.4 дэх хэсэгт “Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно.” гэж заасны дагуу прокурор нь тус Санхүүгийн хяналт, аудитын албаны хүсэлтээр болон өөрийн санаачилгаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тэмдэглэж байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2020/00962 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т зааснаар” гэснийг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12-т зааснаар” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Н.ТУЯА

 

                                      ШҮҮГЧИД                                                   С.ӨМИРБЕК

 

                                                                                                          М.НЯМБАЯР