Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 141/ШШ2020/00174

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 141/ШШ2020/00174

Тосонцэнгэл сум

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багт оршин суух Сартуул овогт Р.О нэхэмжлэлтэй  Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багт оршин суух Сартуул овогт Ж.Б холбогдох “өвөлжөөний газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Сартуул овогт Р.О нь Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багт амьдардаг. Тус багийн “Мухар” нэртэй өвөлжөөг Засаг даргын 2007 оны 01 сарын 18-ны өдрийн 01 тоот шийдвэрийг үндэслэн Ж.Б өөрийн хүү Б.Н-д эзэмшүүлэхээр шийдвэрлүүлсэн юм. Миний нөхөр болох Б.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барсан. Үүний дараагаар Б.Н-ийн нагац ах Ж.Б нь тус өвөлжөөнд амьдарч байгаад 2019 оны 8 дугаар сард тус сумын Зайгал багийн иргэн Д-ын Ө-т өвөлжөөний газрыг зарсан байна. Зарахдаа уг өвөлжөөний жинхэнэ эзэмшигч болох Б.Н-тэй хамтран эзэмших эрхтэй Р.О миний биед мэдэгдээгүй учраас бидний дунд маргаан үүссэн юм. 2019 оны 10 дугаар сарын 21-нд сумын засаг дарга С.Д-д маргаанаа шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргахад 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 01/144 дугаартай албан бичгээр хариу ирүүлснийг Ж.Б-т хүргүүлсэн боловч маргаантай байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд нэгдүгээрт: Б.Н, Р.О нарын жинхэнэ өвөлжөө мөн болохыг, Хоёрдугаарт: Хачиг багийн Мухар нэртэй өвөлжөө Ж.Б-т хамааралгүй болохыг, Гуравдугаарт: Одоо худалдан авсан нэртэй Д.Ө-ыг уг өвөлжөөнөөс чөлөөлж өгөхийг хүсч байгаа тул хүсэлтийг шийдвэрлүүлж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Ж.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Сартуул овогт Ж.Б би 1979 онд 8 дугаар анги төгсөөд 2 жил мал маллаж байгаад 1981 онд цэрэгт яваад 1984 онд ирээд энэ өвөлжөө, намаржаандаа 2020 оны өдийг хүртэл өвөлжиж, намаржиж байна. 1993 онд хувьчилж аваад гэрчилгээ авсан. Миний энэ өвөлжөө, намаржаа хоёр нь нэг гэрчилгээтэй байсан. Тэр үед сумын засаг дарга байсан З гэдэг хүн гэрчилгээ солигдох гэж байгаа гэхээр нь гэрчилгээгээ солиулахаар мөнгийг нь өгсөн. Яг хэдийг авсныг санахгүй байна. Тэрнээс хойш миний өвөлжөө гэрчилгээгүй хичнээн жил болж байгааг би мэдэхгүй байна. Жил болгон зохих газар нь хэлдэг боловч олдохгүй байна. Тэгсэн чинь миний өвөлжөөг манай бэр болох хүн булаах гээд байна. 2012 оны нэг гэрчилгээ гарч ирээд банкны өр нэхэгдээд, энэ гэрчилгээгээр надад зээл олгохгүй байна гээд байхаар нь би 1,500,000 төгрөг өгөөд энэ гэрчилгээгээр зээл өгөх байх гэсэн. Би энэ намаржаа өвөлжөөнд 40-өөд жил өвөлжсөн. Би хар багаасаа өнчин өрөөсөн өссөн,  одоо би 4 хүүхэдтэй. Ам бүл 15 болж байгаа, хэдэн өнчин дүүгээ тусад нь гаргасан. Энэ хүн уг  өвөлжөөг бараг хаана байдагыг ч мэдэхгүй. Тиймээс би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

Нэхэмжлэгч Р.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагын Нэгдүгээрт: Б.Н, Р.О нарын жинхэнэ өвөлжөө мөн болохыг, Хоёрдугаарт: Хачиг багийн Мухар нэртэй өвөлжөө Ж.Б-т хамааралгүй болохыг тогтоолгохыг хүссэн хэсгээс татгалзаж байна. Мухар нэртэй өвөлжөө хадам ээжээс ирсэн. Манай нөхөр нас барсаны дараа хадам ах надад мэдэгдэхгүй миний зөвшөөрөлгүйгээр өвөлжөөг зарсан байсан. Тэгээд шүүхэд хандсан. Манай хадам ээж 2004 он хүртэл цуг өвөлжиж байсан Одоо өвөлжөөнд цуг өвөлжье гэхээр хадам ах Б загинаж зандардаг. Б.Б-д эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийг хууль бус гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Нилээн олон хүний нэр захирамж гарсан байгаа. Олгосон болоод би захирамжийг авсан. Багийн хурал 2007 онд хийж байгаагүй, хүсэлтээр засаг даргын захирамж гаргадаг байсан. 1984-2003 оноос хойш өвөлжиж байгаад нөхөр бие муутай байсан учраас сумын төв рүү нүүсэн. Иймээс өөрийн эзэмшилийн өвөлжөөгөө чөлөөлүүлж авхыг хүсэж байна. ..” гэв.

Хариуцагч Ж.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мухар нэртэй өвөлжөө нь 1984 оноос хойш миний нэрээр байгаа өвөлжөө болон намаржаа юм. Намаржааны газрыг гэрчилгээ олгохгүй гээд надад олгоогүй. Тэгээд байж байтал О гэрчилгээ олж аваад энэ маргаан үүссэн. 1968-1984 оныг хүртэл манай хадам ах өвөлжөөнд байсан. Би 1984 оноос өдийг хүртэл байсан. О гэдэг хүн нэг удаа ч өвөлжөөнд өвөлжөөгүй. О-ийн хадам ээж миний төрсөн эгч, оюуны хомсдолтой хүн байдаг.  Миний эзэмшлийн газар гэж бодож байтал энэ хүнд гэрчилгээг олгосон байсан. Багийн засаг даргын тодорхойлолт, захирамжийг хууль бус гэж ойлгож байгаа. Надад гэрчилгээ олгохгүй байж энэ хүнд гэрчилгээ олгосныг гайхаад байна. Манай эгчид гэрчилгээ байхгүй байсан. Гэрчилгээ олгодог байсан бол надад олгох байсан. Надаас өөр өвөлжөөнд өвөлжсөн хүн байхгүй. 2004 онд өвөлжөө хувьчлагдсан санагдаж байна. Багийн засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэж байна. Надад гэрчилгээ байхгүй. Тэр үед ягаан тасалбараар өвөлжөөг хувьчилж байсан. Ягаан тасалбараар өвөлжөөг өгч байсан  боловч гэрчилгээ олгож байгаагүй. Гэрчилгээгүй ч энэ өвөлжөө минийх. Гэрчилгээг олгохдоо багийн нийтийн хурлаар хэлэлцдэг. Багийн нийтийн хурлыг хийгээгүй санагдаж байна. Манай хадам ах 1984 оноос Мухартын өвөлжөөнд өвөлжиж байсан. Өвөлжөөг авах үед Зайгал бригад гэж байсан. 1986 оноос хойш Хачиг багийн харъяанд орсон. Гэрчилгээний бичиг баримт авах гэж газрын албаны даргад хүсэлтээ өгч байсан. Яагаад гэрчилгээ олгохгүй байгааг асуухад өвөлжөөний кадастрын зураг авч байж гэрчилгээ ирнэ гэж хэлсэн. Одоо миний 3 хүүхэд мал маллаад миний өвөлжөөн дээр өвөлжөөд байж байгаа. Уг өвөлжөөг Өнөрбаярт би зарсан байсан боловч одоо Р.О маргаан үүсгээд байгаа учраас зарахаа больсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Миний үйлчлүүлэгч Р.О засаг даргын захирамжаар эзэмшсэн газраа эзэмшиж ашиглах гэхээр түүний хадам ах Ж.Б өвөлжөөний газрыг бусдад зарсан байгаа. Үүнтэй холбоотойгоор  Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан. Мөн газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ. Маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн байдаг. Эрх зүйн зохицуулалтын хувьд ийм байгаа. Маргааны хувьд хадам ах Ж.Б нь Р.О-ийн малыг байлгахгүй, сумын засаг даргын тавьсан шаардлагыг зөвшөөрдөггүй, хэл амаар доромжилдог, элдэв үгээр хэлсэн байдаг. Баянтэс сумын Хачиг багийн Мухарын өвөлжөө нэхэмжлэгч Р.О-ийн эзэмшлийн хууль ёсны өвөлжөө юм. Иймээс уг өвөлжөөг чөлөөлж өгөх нь зүйтэй юм. Мөн Б гэдэг хүн Баянтэс суманд амьд сэрүүн амьдарч байгаа. Уг өвөлжөөг хүүдээ өвлүүлж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Газрын тухай хуульд заасан шийдвэрийг сумын засаг дарга гаргасан. Энэ газрыг өвөлжөөний журмаар олгосон учраас Ж.Б-т шаардлага хүргүүлэхэд эсэргүүцсэн. Р.О гэдэг хүн өвөлжөөний газрыг авахаар төрийн байгууллагад хандсан. Тухайн үеийн засаг дарга шийдвэрээ гаргасан. Иймд Б-ын эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх хүсэлтэй байна, газрыг чөлөөлж өгнө үү...” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт Б гэдэг хүнээс өвлөж авсан гэдэг асуудал яригдаж байгаа. Өвлөх эрхийг Иргэний хуулийн 515 дугаар зүйлээс эхлээд заасан байдаг. Ямар тохиолдолд өвлөх эрх үүсэх вэ гэхээр тухайн эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж өмчилж байсан хүн нас барсан тохиолдолд өвлөх эрхийн асуудал үүснэ. Тэгэхээр Б гэдэг хүн өнөөдөр амьд сэрүүн байгаа. Н гэдэг хүнд өвлөх эрхийн асуудал үүсээгүй байна. Харин өөрийн ашиглалтанд байгаа газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх ажиллагаа явагдана. Б гэдэг хүн гэрчилгээтэй. Энэ гэрчилгээг Н-д шилжүүлнэ гэдэг ойлголт юм. Тэгэхээр Б гэдэг хүнд ямар нэгэн хавтаст хэрэгт авагдсан баримтаар газар эзэмшиж байсан гэрчилгээ байхгүй, засаг даргын захирамж байхгүй байна.

Хоёрдугаарт Р.О гэдэг хүн Н гэдэг хүнтэй хамтран эзэмшигч биш Р.О гэдэг хүн хуульд заасан нэхэмжлэгч биш. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т зааснаар Бэлчээртэй холбоотой газрыг иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслээд засаг дарга захирамж гаргаж шийдвэрлэнэ. 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл хот айлаараа эзэмшинэ. Түүнээс биш Р.О, Н гэдэг хүмүүс дундаа эзэмших ойлголт биш. Мөн засаг даргын захирамж гараагүй байхад хамтран эзэмшигч гэдэг зүйл байхгүй гэдгийг гэрч мэдүүлсэн. Газрын даамал нь Газрын тухай хуулийн 23.4 дэх хэсэгт зааснаар Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үүрэгтэй. Газрын даамал хамтран эзэмшигчийг тогтоохгүй, Р.О хамтран эзэмшигч юм гэдгийг засаг дарга захирамж гаргаж шийдвэрлэх ёстой. Үүний дараа гэрчилгээн дээр бичигдэх ёстой. Р.О гэдэг хүн энэ нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд бөгөөд уг газрын эзэмшигч гэдэг нь тогтоогдохгүй байна. Гуравдугаарт Ж.Б гэдэг хүн газрын эзэмших талаар хүсэлтээ өгсөн боловч энэ газар намаржааны газар учраас эзэмшүүлээгүй байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Р.О гэдэг хүн Баянтэс сумын Хачиг багийн Мухар гэдэг өвөлжөөний  газрыг хамтран эзэмшигч гэдгээ нотолж чадахгүй байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна ...” гэв.

 

Хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаанд асуугдсан гэрч Р.С “... Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт газрын даамалаар 11 дэх жилдээ ажиллаж байна.  Өвөлжөө, хаваржаа, намаржааны хуваарийг засаг дарга тогтоож, иргэд биелүүлэх үүрэгтэй. Захирамж хамтран гарсан байвал хамтран эзэмшигч гэж үзнэ. Хот айл дундаа хамтран гэж байгаа. Нэг өвөлжөөг 2-3 айл дундаа эзэмшдэг. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасны дагуу эс тохиролцсон тохиолдолд засаг даргын шийдвэрээр шийдвэрлэнэ. Сумын иргэдийн нийтийн хурлын тогтоолоор төлөвлөгөө батлагдсан байх ёстой. Тэр батлагдсан төлөвлөгөөний дагуу засаг дарга шийдвэрлэх боломжтой. Төлөвлөгөөнд тусгагдаагүй газар бол эзэмших эрх үүсэхгүй. Засаг даргын захирамж гарсан тохиолдолд тухайн хүний эзэмшлийнх болно. Засаг даргын шийдвэр хүчингүй болоогүй, мөн нөхөр нь нас барсан бол газар эзэмших гэрчилгээ, газар эзэмших эрх захирамжаар олгогдоод өвлөх эрх гэр бүлийн хүнд байна. Тэр өвлөх эрхийг авахдаа нас барсны гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээг авчирч өвлөх эрх шилжигдэж байгаа. 2007 оноос хойш газар эзэмших ашиглахтай холбогдолтой асуудал багийн иргэдийн нийтийн хурал санал болгодог. Иргэд хоорондын маргааныг сумын засаг дарга шийдвэрлэнэ..” гэж мэдүүлжээ. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.О нь хариуцагч Ж.Б-т холбогдуулан “өвөлжөөний газар чөлөөлүүлэх” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, мөн багасгах эрхтэй болно.

Нэхэмжлэлийн шаардлага нь  иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд нэхэмжлэгч Р.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нэгдүгээрт: Б.Н, Р.О нарын жинхэнэ өвөлжөө мөн болохыг, Хоёрдугаарт: Хачиг багийн Мухар нэртэй өвөлжөө Ж.Б-т хамааралгүй болохыг, Гуравдугаарт: Одоо худалдан авсан нэртэй Д.Ө-ыг уг өвөлжөөг чөлөөлж өгөхийг хүсч байгаа тул хүсэлтийг шийдвэрлүүлж өгнө үү...” гэсэн байх боловч

нэг, хоёрдугаарт бичигдсэн Б.Н, Р.О нарын жинхэнэ өвөлжөө мөн болох, Хачиг багийн Мухар нэртэй өвөлжөө Ж.Б-т хамааралгүй болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлт нь  нэхэмжлэлийн шаардлага бус өөрийн эзэмшлийн гэж маргаж байгаа өвөлжөөний газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангуулахын тулд тодруулахыг хүсэж байгаа нэхэмжлэгчийн хүсэл зоргийн илэрхийлэл, нэхэмжлэлийн үндэслэл гэж шүүх үзлээ.

 Мөн гуравдугаарт “одоо худалдан авсан гэх Д.Ө-ыг уг өвөлжөөг чөлөөлж өгөхийг хүсэж байгаа талаараа нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан  байгаа ч “хариуцагч” гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан, нэхэмжлэгчийн заан нэрлэж байгаа этгээдийг хэлнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О нь Дагвын Ө-ыг тухайн өвөлжөөнд оршин сууж байгаа хүн гэж нэхэмжлэлд дурдсан бөгөөд өвөлжөөний газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлээ хариуцагч Ж.Б-т холбогдуулан гаргасан байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлд зааснаар Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн “Мухар” нэртэй өвөлжөөний газрыг чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий маргаан гэж дүгнэж, хариуцагч Ж.Б-т холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх явуулсан байна.

Мөн түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгч тал нь “Б.Н, Р.О нарын жинхэнэ өвөлжөө мөн болохыг, Хачиг багийн .Мухар нэртэй өвөлжөө Ж.Б-т хамааралгүй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “... эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно....” гэж,  мөн хуулийн 16 дугаар зүйлд “...  үл хөдлөх эд хөрөнгөтэй..., холбоотой нэхэмжлэлийг эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана...” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ тус шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан, уг маргааныг ерөнхий харъяаллын шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт “... газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ...”, “... 60.1.2 ...-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ....” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч Р.О нь өвөлжөөний газрыг эзэмших, ашиглах талаар үүссэн маргаанаа  шийвэрлүүлэхээр хүсэлтээ сумын засаг даргад гаргаж, Завхан аймгийн Баянтэс сумын засаг даргаас 2020.01.16-ны өдрийн 1/18 дугаартай “... Ж:Б-т засаг даргын, уг өвөлжөөг өвөлжөөний эзэн болох Р.О-д чөлөөлж өгөх албан шаардлага хүргүүлсэн боловч эсэргүүцэж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн албан бичиг ирүүлсэний дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчөөгүй байна  гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.О, түүний өмгөөлөгч нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...  Мухар нэртэй өвөлжөө нь Б-өөс Н-д шилжиж ирсэн өвөлжөө бөгөөд энэ нь Б-ийн Н-д гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээ, Р.О-г хамтран эзэмшигчээр бүртгэсэн хамтран эзэмшигчийн бүртгэл, Б.Н-д Мухар нэртэй өвөлжөөний газрыг эзэмшүүлсэн Баянтэс сумын Засаг даргын “газар эзэмшүүлэх тухай захирамж”, Сумын газрын даамал Д.Б-той Б.Н-ийн байгуулсан иргэн, хуулийн этгээдэд өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх гэрээ зэргээр нотлогдож байгаа. Б.Н, Р.О нар нь гэрлэлтээ батлуулсан гэр бүл бөгөөд Б.Н нь 2018 онд нас барсан учраас Р.О нь хуульд зааснаар өвөлжөөг эзэмших, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй...”  гэж маргажээ.

Харин хариуцагч Ж.Б, түүний өмгөөлөгч нар нь “... Р.О нь нэхэмжлэх эрхгүй этгээд бөгөөд Иргэний хуульд зааснаар өв нээгдээгүй байхад Р.О нь нэхэмжлэх эрхгүй.  Мөн Газрын тухай хуулийн 21.4 дүгээр зүйлд зааснаар бэлчээрийн газартай холбоотой асуудлыг эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслээд засаг дарга захирамжаа гаргаж шийдвэрлэдэг учир хуульд заасан журмын дагуу уг өвөлжөөг эзэмшүүлээгүй байна. Мөн хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй хууль зөрчсөн байна. Р.О гэдэг хүн Баянтэс сумын Хачиг багийн Мухартын өвөлжөөний эзэмшигч гэдгээ нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийг хариуцахгүй…” гэж мэтгэлцэжээ.

 

 Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт “... Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө..”, 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт “... өвлүүлэгч нас барсан өдрөөс..., өв нээгдэнэ...”, 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх  хэсэгт “... нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй...” гэж тус тус хуульчилжээ.

Бэсүд овогт Б.Н-ийн эхнэр нь Сартуул овогт Р.О мөн болох нь 0002969 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар,  Бэсүд овогт Б.Н нь 2018 оны  9 дүгээр сарын 6-ны өдөр нас барсан болох нь 000 0187372 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.

Иргэний хуульд зааснаар Өвлүүлэгчийн эрх нь өвлүүлэгч нас барсан өдрөөс эхлэн өв нээгдэж, өвлөгдөх бөгөөд нас барагчийн нөхөр, эхнэр нь байгаа бол өвлөх эрхтэй байна. Иймд нас барагч Д.Н-ийн газар эзэмшиж байсан эрхийг өвлөх эхний ээлжийн хүн нь түүний эхнэр буюу Р.О мөн бөгөөд тэрээр нэхэмжлэл гаргах эрхтэй, мөн газар эзэмших ашиглах эрхийг ч өвлөх эрхтэй гэж шүүх үзлээ.

Харин дээрх маргааны зүйл болох Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн “Мухар” нэртэй,  2.000 /0,2/ м2/га/ талбай бүхий өвөлжөөний газрыг Бэсүд овогт Баянмөнхийн Нямхүү нь гэр бүлийн хамтын хэрэгцээндээ 60 жилийн хугацаатайгаар,  өвөлжөөний зориулалтаар Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот шийдвэрээр эзэмших эрхтэй болох нь:

нэгж талбарын 120300443 дугаар бүхий 0281604 дугаартай Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ,

Завхан аймгийн Баянтэс сумын засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай  Газар эзэмшүүлэх тухай захирамж, уг захирамжийн 01 дүгээр хавсралт,

2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн № 08110-2020/000014 дугаартай, Завхан аймгийн Баянтэс сумын газрын даамал Д.Б, газар эзэмшигч  Б.Н-тэй байгуулсан Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ,

Завхан аймгийн Баянтэс сумын засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/20 дугаартай “...Баянтэс сумын 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 дугаар захирамжаар 0281604 тоот гэрчилгээг Б.Н авч байсан бөгөөд түүний эхнэр болох Баянтэс сумын Хачиг багийн иргэн Р овогтой О  хамтран эзэмшигч нь үнэн болно...” гэсэн албан бичиг,

Завхан аймгийн Баянтэс сумын газрын даамал Д.Б-ийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн  “...Б овогтой Н, хамтран эзэмшигч түүний эхнэр Р овогтой О  нарын Хачиг багт байдаг Мухар нэртэй өвөлжөө нь хилийн зурвас газарт хамрагддаг тул өвөлжөөний төлбөрөөс чөлөөлөгддөг нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт,

Завхан аймгийн Баянтэс сумын засаг даргын тамгын газрын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3/103 дугаартай “... Завхан аймаг Баянтэс сумын Хачиг багийн нутагт байх Мухар нэртэй өвөлжөөний газрыг Б.Н, Р.О нарт 2007.01.18-ны өдөр Б.Н-ийн ээж болох Ж.Б-өөс шилжүүлэн өгсөн, тухайн үед багийн ИНХ-аар шийдвэрлэхгүй, сумын Засаг даргын захирамжаар шийдвэрлэдэг нь үнэн болно....” гэсэн тодорхойлолт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, нотариатаар гэрчлүүлсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.2 дахь хэсэгт “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байх боловч түүнийгээ үнэн зөв болохыг нотлосон баримтыг хэрэгт ирүүлээгүй, татгалзалаа нотлож чадаагүй, хариуцагчийн татгалзлын үндэслэл нь хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “ эд хөрөнгийн өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй” байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.  

Иймд нэхэмжлэгч Р.О-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Б-т холбогдуулан  гаргасан “ Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутагт байх Мухар нэртэй өвөлжөөний газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  хангаж, дээрх өвөлжөөний газрыг хариуцагч Ж.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж  шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216.600 төгрөгнөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 145.800 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, мөн хариуцагч Ж.Б-аас 70200 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Р.О-д олгох зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Р.О-ийн нэхэмжлэлтэй Сартуул овогт Ж.Б-т холбогдох “өвөлжөөний газар чөлөөлүүлэхийг хүссэн” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутагт байх “Мухар” өвөлжөөний газрыг хариуцагч Ж.Б-ын хууль бус эзэмшилээс чөлөөлсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх  хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216.000 /хоёр зуун арван зургаа мянга/ төгрөгнөөс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 145.800 /зуун дөчин таван мянга найм зуу/ төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, мөн хариуцагч Ж.Б-аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Р.О-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийг 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.ОТГОХИШИГ