Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 143

 

 

 

 

                                

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч   Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,                   

нарийн бичгийн дарга  Н. Номинчимэг,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

шүүгдэгч Э.Дорждамба түүний өмгөөлөгч Н.Намжилцогт ҮД:16-97,

шүүгдэгч Б.Ганбаяр түүний  өмгөөлөгч А.Туул  ҮД:02-36,

шүүгдэгч А.Эрдэнэтөгс түүний  өмгөөлөгч А.Содхүү ҮД 11-55,

           шүүгдэгч Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс,

иргэдийн төлөөлөгч  Г.Буянбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй  явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  Прокурорын газраас:

               1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  Дундговь  аймгийн  Цагаандэлгэр  суманд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр  төрсөн, 26 настай,  эрэгтэй ,халх, бүрэн  дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй,  хэрэг үйлдэх  үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-2, эхнэр Дашцэрэнгийн   хамт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 1-р баг Хараатын 2-р гудамжны  11 тоотод оршин суух  хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн  747 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан  харгалзах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Бөндөг овогт Эрдэнэхүүгийн Дорждамба /РД:ЗН91110116 /

2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  Говьсүмбэр аймагт 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр  төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  хэрэг  үйлдэх  үедээ  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл- 8, эцэг эх, ах, эгч, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1-р баг Лүнгийн 4-р гудамжны  1 тоотод оршин суух хаягтай , улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж  байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Тамчиг овогт Бат-Эрдэнийн Ганбаяр /РД:ЗН96012535 /

3.Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  Дундговь аймгийн  Цагаандэлгэр суманд 1995 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр  төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, эксковаторын операторч засварчин мэргэжилтэй,  хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан , ам бүл -3, эгч, дүү нарын хамт Говь-Сүмбэр  аймгийн 2-р баг, Лүнгийн 1-р гудамжны  01 тоотод оршин суух  хаягтай , улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Элгэн бээлий овогт Алтанцэцэгийн Эрдэнэтөгс  /РД:ЗН95092418/нарт

 Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 2015 2501 2960 дугаартай 105/2016/0418/Э индекстэй  хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 -Э.Дорждамба нь Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нартай шунахай сэдэлтээр,  бүлэглэн давтан үйлдлээр зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн Ц.Батмөнхийн “Самсунг-Галакси-S” загварын хөх өнгийн гар 13.000 төгрөгийг, С.Ганбатын  “LG F-200” загварын гар утас, “Тимберленд” фирмийн хагас түрүүтэй гутлыг, Ц.Ганзоригийн “Самсунг-Нөт-2” загварын гар утас, урт загвартай куртка, арьсан хэтэвч, 40.000 төгрөгийг, Б.Болдцолмонгийн“Самсунг-Галакси-S3” загварын гар утас, “Нокиа” брендийн гар утсыг,  А.Тулгаагийн  “LJ5900” загварын гар утас, мөнгөн бөгжийг, насанд хүрээгүй Б.Баяржавхлангийн “Скай 810” загварын гар утсыг, Л.Бямбасүрэнгийн “Самсунг-Галакси-Гранд-2” загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт,

- Б.Ганбаяр нь Э.Дорждамба А.Эрдэнэтөгс нартай шунахай сэдэлтээр, бүлэглэн давтан үйлдлээр зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн Ц.Батмөнхийн “Самсунг-Галакси-S” загварын хөх өнгийн гар 13.000 төгрөгийг, С.Ганбатын  “LG F-200” загварын гар утас, “Тимберленд” фирмийн хагас түрийтэй гутлыг, Ц.Ганзоригийн “Самсунг-Нөт-2” загварын гар утас, урт загвартай куртка, арьсан хэтэвч, 40.000 төгрөгийг, Б.Болдцолмонгийн“Самсунг-Галакси-S3” загварын гар утас, “Нокиа” брендийн гар утсыг, А.Тулгаагийн  “LJ5900” загварын гар утас, мөнгөн бөгжийг, насанд хүрээгүй Б.Баяржавхлангийн “Скай 810” загварын гар утсыг, Л.Бямбасүрэнгийн “Самсунг-Галакси-Гранд-2” загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт,

-  А.Эрдэнэтөгс нь Б.Ганбаяр, Э.Дорждамба нартай шунахай сэдэлтээр, бүлэглэн давтан үйлдлээр зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн Б.Болдцолмонгийн“Самсунг-Галакси-S3” загварын гар утас, “Нокиа” брендийн гар утсыг,  А.Тулгаагийн  “LJ5900” загварын гар утас, мөнгөн бөгжийг, насанд хүрээгүй Б.Баяржавхлангийн “Скай 810” загварын гар утсыг, Л.Бямбасүрэнгийн “Самсунг-Галакси-Гранд-2” загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Дорждамба  мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 01-ээс 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл дээрмийн 13 үйлдэл хийсэн. Эдгээр үйлдэлүүдийг Ганбаяр, Ганхуяг, Эрдэнэтөгс нартай хамт үйлдсэн гэв. 

 2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганбаяр мэдүүлэхдээ:  Хэргийн талаар  ярихгүй гэв.

3.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эрдэнэтөгс мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар  ярихгүй гэв.

 Талуудын  хүсэлтээр хавтаст хэргээс:

1.Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч С.Ганбатын: …2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр пүрэв гаригт 18:00 цагийн үед эгч Саранчимэгийн гэрт юм хүргэж өгчихөөд 19:00 цагийн үед гэртээ харих гээд буцаад явсан. Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ФМ 104.5 барилгын хойд талд алхаж явсан. Под станцын урд талд байдаг хүнсний дэлгүүрийн урд 2 залуу зогсож байсан. Би хажуугаар нь алхаж явахад жижигхэн залуу нь ирээд “утсаа өгч бай, ганц яръя” гэж гуйсан маягаар хэлсэн. Би юм бодоогүй өөрийн утсаа гаргаад өгсөн. Тэр залуу утас аваад дугаар луу залгаад ярилгүй ийшээ тийшээ алхаад байхаар нь хэрэг бишдээд байгааг ойлгоод “утсаа авчихъя” гэсэн. Тэр залуу “байж бай, яриадахъя, эсвэл чиний явах газар руу чинь дөхөөд яръя” гэсэн. Би нарийн гудамжаар ороод явна гэж хэлсэн. Тэгээд нарийн гудамжаар ороод явахад цаана зогсож байсан том залуу нь араас дагаад явсан ба  71-р дэлгүүр хаана байдаг юм бэ, 2-р хороо руу замчлаад өг гэсэн. Би нарийн гудамж өнгөрөөд байгаа гэж хэлсэн. Жижиг залуу нь урд утас бариад явсан. Нарийн гудамж өнгөрөхөд би “чи ярьж болсон юм бол утсаа авъя” гэхэд жижиг залуу нь “байж бай” гээд түлхсэн. Том залуу нь гартаа барьсан олон үйлдэлтэй хутгаар нуруунд тулгаад “чи орилж морилохгүй, аятайхан дуугүй дагаад яв” гэж хэлсэн. Тэгээд 2 талд гараад жижиг нь тулгасан хутгыг далдалсан байдалтай доошоо эргээд 2-р хорооны баруун урд байдаг хүн явдаггүй гудамжинд очсон. Тэнд очоод жижиг нь миний халаасыг нэгжсэн. Би гар руу нь түлхээд “чи яах гээд байгаа юм бэ, гар утсаа авъя” гэж хэлэхэд жижиг залуу нь “хуцаад бай, утсыг нь өгөхгүй, чи надад гутлаа тайлаад өг” гэж хэлсэн. Би “үгүй” гэж хэлсэн. Тэгэхэд том залуу нь “чи яасан том гар вэ, чи зүгээр эвээр ярьж байгаа дээр байгаа юмнуудаа өгчих гэж хэлээд хөл руу өшиглөөд, цээж рүү цохисон. Би “утсаа авъя” гээд гуйж хэлсэн. Том биетэй залуу нь хутгаа далайж айлгахад нь гарыг нь түлхсэн. Тэгэхэд хажуунаас жижиг биетэй залуу нь толгойн дээр хатуу юмаар цохиход газар унасан. Унасны дараа том биетэй залуу нь миний гутлыг тайлж авсан. Жижиг залуу нь үүрч явсан цүнхнээсээ хар өнгийн ботинк гаргаж шидэж өгсөн. Миний гутлыг цүнхэндээ хийсэн. Би өгсөн гутлыг өмссөний дараа том залуу нь “чиний утсыг өгье, чи гэрээсээ 20.000-30.000 төгрөг аваад ир” гэж хэлсэн. Би та  хоёр  миний гар утас, гутал авсан, наадах чинь дэндэж байна” гэхэд том залуу нь “тэгвэл 10.000 төгрөг аваад ир, гар утсыг чинь өгье” гэсэн. Би гэр рүүгээ гүйж очоод аав, ээждээ “гутлаа алдсан, надад 10.000 төгрөг өгчих, тэгвэл би гар утсаа аваад ирье” гэж хэлээд ээжээс 10.000 төгрөг аваад буцаад нөгөө газраа ирэхэд байхгүй байсан. Аав араас ирсэн. Тэр хавиар жоохон хайгаад олдохгүй байхаар нь гэртээ ирээд цагдаад дуудлага өгсөн...Жижиг биетэй залуу нь толгой руу хатуу зүйлээр цохиход толгойн орой дээр язарсан байсан.  Том биетэй залуу нь өшиглөж, цохих үед гэмтэл учраагүй. Толгойн шарх одоо эдгэсэн болохоор Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Том биетэй залуу нь хутга гаргах үед би айгаад тэр 2 залууг дагаад явсан. Надад тулгасан хутга нь сая харуулсан хутга мөн байна. LG F200 загварын хар өнгийн дэлгэцэндээ мэдрэгчтэй гар утас байсан. 2015.08.26-ны өдөр 140.000 төгрөгөөр худалдаж авсан. Эвдэрч гэмтсэн зүйлгүй, шинээрээ байсан болохоор одоо авсан үнээрээ үнэлнэ. “Тимберланд” фирмийн шар өнгийн өвлийн хагас түрийтэй гутал байсан. Сая надад үзүүлсэн гутал мөн байна. 2014 оны 11 сарын үед 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо ийм гутал 150.000 байгаа. Гэрийнхээ ойролцоо хутга тулгуулаад зодуулж эд зүйлсээ дээрэмдүүлсэндээ гомдолтой байна. Сэтгэл санаагаар хохирсон. Эд зүйлийн хохирлоо нэхэмжилж байна. Дээрхи 2 хүнд хуулийн дагуу хариуцлагыг нь хүлээлгэнэ үү. гэх мэдүүлэг /1-р хх-ийн  31-32-р тал/

2.Мөрдөн байцаалтад хохирогч А.Тулгаагийн: … 2015 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр ажлаа тараад 22:00 цагийн үед Сансарын колонкийн автобусны  буудал дээр буугаад гэртээ харих гээд  Их -Дарь-Эхийн гудамжаар алхсан. Би тухайн үед 100 айлд ажилладаг байсан юм. Подстанцын зүүн талаар алхаж явахад ээж утсаар залгахаар нь би “одоо очиж байна” гэж хэлээд гар утсаа энгэрийн халаасандаа хийсэн. Яриад дууссаны дараа 1 залуу араас дагаж алхсан. Би тухайн үед зүгээр хүн алхаж байна гэж бодсон. Булан тойроод явахад нөгөө залуу гүйцэж ирсэнээ “утсаараа яриулчих” гэсэн. Би “утас байхгүй” гэхэд тэр залуу “чи сая яриад байсан шүү дээ” гэж хэлсэн. Жижигхэн залуу байхаар нь айгаагүй гар утсаа өгсөн. Тэр залуу утас авснаа нэг дугаар руу залгаад “холбогдохгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “утсаа авъя” гэхэд тэр залуу “байж бай, тоглоомын талбай хаана байдаг юм бэ” гэсэн зүйл ярьсан. Ингэж байхад 2 том биетэй залуу гэнэт хүрч ирээд хажууд зогссон. Тэгэхэд нөгөө жижиг залуу “энэ утас одоо миний утас болно” гэж хэлсэн. Би “яагаад байгаа юм бэ” гэхэд өндөр залуу нь “ийшээ болъё, хүний замаас холдъё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үгүй, эндээ яръя” гэхэд өндөр залуу нь “хутгаар шаалгах уу, цахилгаан бороохойгоор шаалгах уу” гэж хэлээд харанхуй газар руу чирээд явсан. Нөгөө 2 залуу нь ч гэсэн дагаад ирсэн. Тэнд очсоны дараа би “утсаа авъя, миний утсыг аваад намайг зүгээр явуулчих” гэсэн. Тэгэхэд махлаг малгайтай залуу нь цахилгаан бороохой гаргаж ирсэнээ “эдний нэгэнтэй нь барилдаад давах юм бол утсаа аваад яв” гэж хэлсэн. Би дуугүй зогсож байхад өндөр залуу нь хүрч ирсэнээ гэдэс рүү гараагаа цохисон. Малгайтай залуу нь “доошоо суу, юм яръя” гэж хэлээд миний хажууд суусан. Намайг харж байснаа “наад бөгжөө тайлаад өг” гэж хэлсэн. Би “хуруунаас авагдахгүй байна” гэхэд “хурууг чинь тайраад авчихна шүү” гэж хэлсэн. Би бөгжөө тайлаад малгайтай залууд өгөхөд “наад гутлаа тайлаад гүй” гэж хэлсэн. Би гутлаа тайлж бариад хэсэг газар хөл нүцгэн алхаж байгаад гутлаа өмсөөд гэртээ харьсан. Эхлээд жижиг залуу нь /Ганбаяр/ “утсаар яръя” гээд гар утас авсан. Тэгээд байж байхад араас нь нөгөө 2 залуу ирсэн. Өндөр залуу нь /Эрдэнэтөгс/ “ийшээ явъя, хутгаар шаалгах уу, бороохойгоор шаалгах уу” гэж сүрдүүлээд харанхуй газар руу дагуулаад явсан. Харанхуй газар очсоны дараа малгайтай залуу нь “бид 2 ярина” гээд болиулсан. Өөр цохиж зодоогүй. Гар утсыг жижиг залуу нь аваад буцаж өгөөгүй. Бөгжийг би айгаад өөрөө тайлаад өгсөн. Тэр хүмүүс гурвуулаа байсан, гартаа цахилгаан бороохой барьсан байсан ба хутгална гээд айлгаж сүрдүүлээд байхаар нь айгаад эсэргүүцэл үзүүлж чадаагүй. LG брэндийн 5900 загварын дэлгэцтэй, мэдрэгчтэй хар өнгийн гар утас байсан. 2015 оны 10 дугаар сард 125.000 төгрөгөөр худалдаж авсан. Хэрэглээд удаагүй шинэ байсан болохоор одоо авсан үнээрээ үнэлнэ. Арслангийн толгойн хээтэй мөнгөн бөгж байсан. Уг бөгжийг би өөрөө материалыг нь өгөөд 10.000 төгрөгөөр 2015 оны 03 дугаар сард хийлгэсэн. Нилээн том хэмжээтэй байсан ба одоо 40.000 төгрөгөөр үнэлнэ. Алдагдсан эд зүйлийн хохирлоо барагдуулбал өөр гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36-р тал/

3.Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Ганзоригийн:...Би Барилгын политехникийн коллежийг 2015 оны 12 дугаар  сард төгссөн. Улаанбаатар хотод сурч байхдаа Баянзүрх дүүргийн 2-р хороо ,Их Дарь-Эхийн гудамжинд байдаг нийтийн байранд өрөө түрээслэн амьдарч байсан. Би 2015.11.18-ны өдөр сургуулиа төгсөх гээд зэргийн хамгаалалтаа өгсөн. 21:40 цагийн үед автобуснаас буугаад гэртээ харих гээд Подстанцын баруун талаар алхаж байхад араас 2 залуу гэнэт гарч ирсэн. Өндөр хар масктай залуу нь хойно үлдээд хүн хараад байсан ба намхан жижиг залуу нь “энэ хавьд айл хайж байгаа юмаа, олдоггүй, ярих гэсэн утасны цэнэг дуусчихлаа, гар утсаар чинь яричихъя” гэж гуйсан маягтай хэлсэн. Би нэгж байхгүй гэхэд “симээ хийгээд яръя” гэсэн. Харахад жижиг залуу дээрэм хийчих царайгүй болохоор нь гайгүй байх гээд өөрийн утаснаасаа симээ аваад тэр залууд өгсөн. Тэр залуу аваад юнителийн сим хийгээд нэг дугаар руу залгаснаа “утсаа авахгүй байна” гэсэн. Тэгснээ тэр залуу “энэ хавьд нийтийн байрнууд хаана байдаг вэ, заагаад өгөөч” гэхээр нь би байрнууд зааж өгөх гээд цуг байсан. Өндөр залуу нь бол чимээгүй дагаад явсан. Намхан залуу нь миний утсаар хүн рүү залгаж байгаа болоод урд гараад түрүүлээд явсан. Би араас нь өндөр залуутай нь цуг явсан. Подстанцын хойд талын харанхуй гудамжинд очсоны дараа тэр 2 залуу миний 2 талд гарч зогссон. Өндөр залуу нь “чи энэ хавьд байдаг юм уу, энэ хавийн хүмүүсийг таних уу” гэхээр нь би “энэ хавийг сайн мэдэхгүй, энэ жил ирсэн” гэж хэлсэн. Өндөр залуу нь “оюутан юм уу, танай байр чинь хаана байдаг юм бэ” гэж асуухаар нь “оюутан, 4 замд сурдаг, энэ хойд талын байр” гэж заасан. Тэгэхэд өндөр залуу “чи бид  хоёроос айж байна уу” гэж асуухаар нь би “үгүй” гэсэн. Өндөр залуу “чамайг би ганц цохичих уу” гэсэн. Би “яах юм бэ, та  хоёр туслаж байхад яасан гэж тэгж байгаа юм бэ” гэж хэлээд бага зэрэг инээсэн. Үүний дараа өндөр залуу “тоглож байна гэж бодоод байна уу” гэж хэлээд халааснаасаа жижиг төмөр тонгорог гаргаж ирээд хоолойд тулгасан. Би гарыг нь цохиж доош нь болгоод “яах гэсэн юм бэ, та хоёр чинь яасан сонин зантай хүмүүс вэ, миний утсыг өг” гэсэн. Тэгэхэд жижиг залуу нь “одоо энэ миний утас” гээд өгөөгүй. Өндөр залуу нь намайг цээжинд хутга тулгаж чирээд цаана байдаг мухар гудамж руу оруулсан. Намхан залуу нь хүн хараад хойноос дагаж ирсэн. Би “боль л доо” гэхэд өндөр залуу нь “битгий чанга дуугараад хүний анхаарал татах гээд бай, алчихна шүү, би чам шиг юмнуудыг дүрчихээд явахад орох газар байгаа” гэж айлгаж сүрдүүлсэн. Энэ үед цаад хашаанд дотор хүн жорлон орж байгаа чимээ гарсан. Энийг сонсоод өндөр залуу нь энгийн хоолойгоор “чи айж байна уу, хоёулаа эр хүн шиг зүгээр үзчих үү” гэсэн. Би яах юм бэ” гэхэд өндөр залуу “алив наад хувцасаа тайл” гэж хэлсэн. Би гадаа хүйтэн байна” гэхэд “би ч гэсэн даарч байна шүү дээ” гэсэн. Би “би гэртээ ганцаараа байдаг, манайд ороод дулаацчих” гэхэд өндөр залуу “танай байрны ах  нар бид хоёрыг зодвол яах юм бэ, чи чинь харин овоо яриа хөөрөөтэй юм байна, зодъё гэхээр зодож болохгүй юм, хувцсаа тайл, эвтэйхэн ярьж байхад тайлахгүй бол энд чинь алчихаад явна шүү” гэж хэлээд хутгаа тулгаад байсан. Би айгаад курткээ тайлаад өгсөн. Өндөр залуу куртка авчихаад миний тимберланд гутлыг харснаа “чи гутлаа хэдээр авсан бэ, гутлаа тайл” гэхээр нь би “50.000 төгрөгөөр авсан, гадаа хүйтэн байхад гутлаа өгөх хэцүү байна” гэсэн. Өндөр залуу гутлыг гаднаас нь үзсэнээ “энэ чинь доторгүй, хавар намрынх юм байна, хөл хөлдөөх юм байна” гэж хэлээд больсон. Би чичрээд зогсож байхад өндөр залуу “чамайг яаж шалдан орхих вэ” гээд өөрийн өмсөж байсан хар өнгийн курткийг тайлж өгсөн. Тэгснээ миний халааснуудыг нэгжээд өмдний баруун урд талын халаасанд байсан түрийвчийг авсан. Би “дотор нь байгаа бичиг баримтаа авчих уу” гэхэд өндөр залуу түрийвч дотроос иргэний үнэмлэх, виза карт зэргийг буцааж өгөөд түрийвчтэй 30.000 төгрөг авсан. Тэгээд “өөр юу байгаа вэ” гэхээр нь би “өөр юм байхгүй” гэсэн. Өндөр залуу “нэгжээд юм гарвал ална шүү, би худлаа ярьдаг хүнд дургүй” гэж хэлээд намхан залуугаараа нэгжүүлсэн. Намхан нэгжээд өмдний зүүн урд талын халаасанд байсан хүрэн өнгийн урт загвартай түрийвчийг гаргаж ирэхээр нь би “энийг манай өвөө надад өгсөн, наадахыг чинь би өгч чадахгүй, 10.000 төгрөг байна” гээд 10.000 төгрөг өгсөн. Өндөр залуу нь мөнгө авснаа “би уг нь худлаа ярьдаг хүнийг зүгээр үлдээдэггүй юм даа” гээд хутгаа далайгаад дайрсан. Би “та нарт байсан юмнуудаа өгсөн, энэ миний өвөөгийн түрийвч болохоор өгөхгүй” гэсэн. Өндөр залуу нь “тийм бол чи гутлаа тайлаад хөл нүцгэн гүй” гэхээр нь би “эргэж харахгүй явъя” гэсэн. Өндөр залуу нь “эргэж харах юм бол ална шүү” гэж хэлээд явуулсан. Би эргэж хараагүй гүйгээд гэртээ харьсан. Ороод хэлэхэд хажуу талд амьдардаг Батмөнх гээд залуу бас “би 2 хоногийн өмнө 2 залууд зодуулаад гар утсаа дээрэмдүүлсэн, наад хоёр  залуу чинь яг мөн байна” гэж хэлсэн. Би цагдаад өргөдөл гаргаагүй байсан ба Батмөнх 2015 оны 12 дугаар сарын сүүлээр надад “нөгөө хүмүүсийг чинь олсон гэнэ, чи Чинзориг мөрдөн байцаагч дээр очиж уулз” гээд утасны дугаар өгсөн...Намхан залуу ирээд гар утсыг ярина гээд авсан. Тэгээд урд гараад ярьж байгаа юм шиг болоод явсан. Араас нь дагаад харанхуй гудамжинд орсоны дараа өндөр залуу нь хутга тулгаад айлгаж сүрдүүлсэн. Намайг цохиж зодоогүй. Өндөр нь цохих гээд дайрахаар нь би юм яриад саатуулж байсан. Хутга тулгасан учир би айгаад эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Би “Самсунг- Нөт -2” загварын цагаан өнгийн гар утсаа 2015 оны 4 дүгээр сард 170.000 төгрөгөөр худалдаж авсан. Шинээрээ шахуу эвдэрсэн зүйлгүй, гаднах шилэн наалт нь хагарсан байсан. Одоо авсан үнээрээ үнэлнэ. Куртка хар хөх өнгийн урт загвартай байсан ба 2014 оны 10 сард 80.000 төгрөгөөр худалдаж авсан. Эдэлж хэрэглэсэн болохоор 50.000 төгрөгөөр үнэлнэ. Хар өнгийн түрүүвчийг 2015 оны 06 дугаар  сард хүн бэлэглэж байсан. Би одоо 20.000 төгрөгөөр үнэлнэ. Эд зүйлээс гадна бэлнээр 40.000 төгрөг авсан. Би тайлангаа хамгаалах гээд мөнгөтэй явж байсан...Алдагдсан эд зүйлийн хохирлоо барагдуулж авна. Би гар утас, түрийвч байвал биетээр нь авч болно. Үгүй бол мөнгөө авна. Курткээ бол буцааж авахгүй. Мөнгийг нь авна. Зодуулж биедээ гэмтэл аваагүй болохоор эд зүйлийн хохирол барагдуулбал өөр гомдол байхгүй. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42-р тал/

4.Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Бодолцолмонгийн:..2015.11.05-ны өдөр хичээлээ тараад Сансарын колонкийн автобусны буудал дээр буугаад 20:00 цагийн Их Дарь-Эхийн гудамжаар гэр рүүгээ хойшоо алхсан. Подстанцын баруун талаар нь алхаж явахад нэг залуу мөрөн дээгүүрээ гараа тавьсан. Би гайхаад харахад тэр залуу “ийшээ явъя” гээд чирсэн. Гартаа цахилгаан бороохой барьсан байсан. Би айгаад зугтаах гэхэд 2 залуу ирээд намайг дагуулаад хүний замаас холдуулсан. Ингэж явахдаа эхлээд барьсан залуу чимээгүй яваарай, орилж хашгирах юм бол ална шүү, хутгаа гаргаад ир” гэж хэлсэн ба цахилгаан бороохойгоо миний толгойд хүргээд байсан. Тэгээд хүний замаас холдоод харанхуй газар очсоны дараа арай махлаг залуу нь “миний халаасуудыг нэгжээд куртканы энгэрийн халаасанд байсан Самсунг Галакси Эс3 маркийн хар хөх өнгийн гар утсыг, зүүн халаасанд Нокио брэндийн энгийн загвартай гар утсыг авсан. Тэгснээ анх барьж авсан залуу нь “одоо эндээс яв” гэж хэлэхээр нь би гэртээ очсон...Алхаж явахад өндөр залуу нь /Эрдэнэтөгс/ мөрөн дээр цахилгаан бороохойтой гараа тавиад “ийшээ явъя” гэсэн. Би зугтаах гэхэд 2 залуу хажуунаас нь ирээд намайг харанхуй газар руу дагуулж явсан. Дагуулж явж байхад өндөр залуу нь “орилж хүн амьтанд мэдэгдэх юм бол ална шүү” гэсэн. Тэгээд нөгөө хоёртоо хандаад “хутгаа гаргаад ир, хутга шаана шүү” гэсэн зүйл хэлсэн. Нөгөө 2 залуу явж байхад юм яриагүй. Харанхуй газар очсоны дараа махлаг залуу /Дорждамба/ халаас ухаад 2 ширхэг гар утас авсан. Цуг явсан жижиг залуу нь /Ганбаяр/ юу ч яриагүй, ямар ч үйлдэл хийгээгүй. Намайг тэр хүмүүс огт цохиж зодоогүй. Тэр хүмүүс 3-лаа байсан, мөн гартаа цахилгаан бороохой барьсан байсан, хутга гаргаж ирнэ гэж ярьж байсан болохоор айгаад эсэргүүцэл үзүүлж чадаагүй юм....Миний “Самсунг- Галакси -33” загварын хар хөх өнгийн гар утсаа 2015 оны 10-р сард 170.000 төгрөгөөр Монтел төвөөс худалдаж авсан. Хэрэглээд удаагүй шинэ байсан болохоор одоо авсан үнээрээ үнэлнэ. “Нокиа” фирмийн хар саарал өнгийн энгийн гар утас байсан. 2015 оны 10 сард хүнээс 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Хуучин хэрэглэж байсан утас байсан болохоор одоо 15.000 төгрөгөөр үнэлнэ. Алдагдсан эд зүйлийн хохирлоо барагдуулж авбал өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70-р тал/

5.Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Батмөнхийн :... 2015.11.16-ны өдөр 19:00 цагийн үед хичээлээ тараад гэртээ харьсан. Гэрээсээ гараад хүнд юм өгөх гээд Сансарын колонкийн автобусны буудал орсон. Тэгээд 21:00 цагийн үед буцаад гэр рүүгээ явсан. Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Подстанцын хажуугаар алхаж явахад гудамжинд  хоёр  залуу зам дээр зогсож байсан. Хажуугаар нь зөрөх гэхэд жижигхэн залуу нь урдуур орсноо бид хоёр  хүн хүлээж байгаа юмаа, утсаараа яриулчих” гэж хэлсэн. Би өмдний халаасанд байсан гар утсаа гаргаж өгсөн. Жижиг залуу нь утас аваад дугаар руу залгаад байсан. Хажууд нь байсан арай өндөр залуу нь “тамхи татах уу хөгшөөн” гэхээр нь “би татдаггүй” гэж хэлсэн. Тэгэхэд тэр өндөр залуу “чи ямар хэгжүүн банди вэ, хоёулаа ийшэлчихье, зоочихно шүү” гэж хэлээд жижиг хутга гаргаж ирсэн. Тэгээд тэр 2 залуу намайг дагуулаад Под станцын хойд талын харанхуй гудамжинд очсон. Харанхуй гудамжинд очсоны дараа өндөр залуу нь дахиж хутгаа гаргаж ирээд миний бие, цээж, гуя руу аяархан тулгаад “гөлөг минь, гичий минь” гээд хэл амаар доромжилж дайрсан. Би дуугүй байж байгаад “утсаа авчихъя” гэсэн чинь өндөр залуу “утсыг чинь өгөхгүй” гэж хэлэхээр нь би “за за” гээд хараад зогссон. Өндөр залуу нь “энэ бандид сургамж өгөх хэрэгтэй юм байна” гэж хэлээд толгой руу түлхсэн. Би дуугүй л зогссон. Тэгэхэд “чи хаанахынх вэ” гэхээр нь би “Дорнодынх” гэж хэлсэн. “Дорнодынхон хэзээ ийм том болсон юм бэ” гэж хэлээд бас хутгаа тулгаад байсан. Тэгснээ тамхи гаргаад “суу, тат” гэсэн. Би тамхийг нь аваад сууж нэг сорсноо хаясан. Тэгэхэд өндөр залуу намайг босгоод цээж рүү 2 удаа өвдөглөж өшиглөсөн. Би халаасанд байсан 13.000 төгрөг гаргаж ирснээ “май, энийг ав, оронд нь утсаа авъя” гэхэд өндөр залуу нь мөнгө авсанаа “утсыг чинь өгөхгүй” гэхээр нь би тэр залуутай барьцалдсан. “Энэ яг өөдөөс зодолдох нь” гэхэд жижиг залуу нь хажуунаас нь “наадахыг чинь сургаад өгье, энд нь алаад хаячихъя” гэж хэлээд дайрсан. Тэгээд хоёулаа нийлээд намайг газар унагаад дээрээс өшиглөж зодсон. Би толгойгоо дараад тонгойж хэвтсэн ба тэр 2 дээрээс нилээн хэдэн удаа өшиглөж байгаад зугтаасан. Би араас нь хөөгөөгүй ба босоод ирэхэд миний толгойн зүүн хэсгээс цус гарсан, хамарнаас цус гарсан байхаар нь би гэртээ харьсан. Гэртээ орж цусаа угаачихаад байж байгаад найз Мөнхдоржтой уулзаад цагдаад өргөдөл гаргасан...Тухайн үед толгойн зүүн хэсэг язарч цус гарсан, мөн энд тэндээ хавдсан байсан. Мөн өндөр залуутай барьцалдаж байх үед баруун, зүүн гараа хутганд нь зүссэн байсан. Өөр учирсан гэмтэл байгаагүй. Одоо бие зүгээр болохоор Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. ...Миний “Самсунг- Галакси Эс-3” загварын хөх өнгийн гар утсаа алдсан. Гадуураа гэргүй байсан. 2015 оны 5 дугаар сард 260.000 төгрөгөөр Монтел төвөөс худалдаж авсан. Одоо 230.000 төгрөгөөр үнэлнэ.  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84-р тал/

6.Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч Б.Баяржавхлангийн: ... Би 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хичээлээ тараад гэртээ харих гээд 19:00 цагийн үед Консулын 20 дугаар гудамжинд явж байхад хойноос нэг ах гүйж ирээд ахын дүү гээд дуудсан. Эргээд харахад хар маск зүүсэн намхан ах ирээд утас байна уу, яаралтай ярих хэрэгтэй байна гэж хэлсэн. Би “Скай- 800” маркийн гар утсаа гаргаж өгсөн. Тэр ах аваад ярих гэхэд миний утасны цэнэг дуусаад унтарсан. Тэр ах ах нь сим картаа утсанд чинь хийгээд ярьчихъя гэж хэлээд өөрийн симээ хийснээ утсыг халаасандаа хийчихсэн. Тэгснээ миний сим картыг өгсөн. Би байдал биш болсныг мэдээд утсаа авъя гэж хэлэхэд тэр ах дээшээ Халдварт гарах гэсэн юм, зам заагаад өг, тэгээд утсаа ав гэж хэлсэн. Би чигээрээ яваад гарна гэж хэлсэн. Энэ үед хойноос нь өндөр болон дунд нуруутай хоёр ах хүрч ирээд хажууд зогссон. Тэр хоёр  ах хоёулаа хар маск зүүсэн байсан. Тэгэхэд л нөгөө намхан залуу одоо энэ утас миний утас болсон гэж хэлсэн. Би утсаа авъя гэхэд өндөр залуу нь энэ ямар том бацаан бэ, энийг энд нь зодчихъё гэсэн. Намхан залуу нь хурдан Халдварт явах зам заагаад өг гэхээр нь би тэр 3 залуутай цуг бага зэрэг чигээрээ явсан. Гэрийн ойролцоо ирэхэд тэр 3 залуу надаас жоохон холдоод хоорондоо шивнэлдэж ярьсан. Би юу гэж ярьсныг сонсоогүй. Тэр 3 залуу Халдварт явахаа больчихлоо, Ботаник явлаа дээшээ яаж явахуу гэсэн. Тэгэж байгаад өндөр болон дунд нуруутай 2 залуу нь хойд зүг рүү гүйсэн. Намхан залуу нь надтай цуг үлдээд манай хоёр найз буцаж ирнэ, байж бай, тэгээд утсыг чинь өгнө гэсэн. Тэгэж байхад намхан залуугийн Эл Жи-ийн хар өнгийн утас нь дуугараад нөгөө хоёртойгоо ярьж байснаа гэнэт намайг цээжинд жийж өшиглөсөн. Би газар унасан байхад баруун гаранд өшиглөөд зугтсан. Би араас нь хөөх гэхэд гүйцээгүй. Тэгээд би гэртээ орж ирээд байж байхад аав, ээж хоёр ирээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд уулзахад манай сургуулийн 3 хүүхдийг намайг дээрэмдсэн 3 залуу бас дээрэмдсэн байсан. Тэгээд цугтаа цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдлөө гаргасан. Баруун гаранд өшиглөх үед бага зэрэг хөхөрсөн байсан. Сүртэй биш болохоор тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Одоо гэмтэл байхгүй учир шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний “Скай -810” загварын дэлгэцдээ мэдрэгчтэй гар утас байсан. 2014 оны 8 дугаар сарын үед  130,000 төргөрөөр Теди төвөөс худалдаж авсан. Алдагдсан гар утасны хохирлоо нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулж авбал өөр гомдол санал байхгүй /1-р хх-ийн 107-р тал/

7.Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч Л.Бямбасүрэнгийн:... 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хичээлээ тараад гэртээ харих гээд 19:30 цагийн үед Цагаан хуаран хотхоны хойд талын гудамжаар найз Ууганбаяр, Мөнхсайхан нарын хамт алхаж явсан. Цагаан хуаран хотхоны тэндээс 3 залуу өөдөөс хүрч ирсэн. Өөдөөс тулж ирэхэд намхан залуу нь надаас цэнэгтэй утас байна уу, ярих гэсэн юм гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр 3 залуу зөрөөд Жуков руу өгсдөг гудамж руу алхаад явсан. Бид нар цааш алхаж байхад нөгөө 3 залуу араас гүйж ирээд намхан залуу нь утас байгаа биздээ гаргаад ир гэж хэлсэн. Миний өмдний халаасанд гар утас байгаа нь мэдэгдэж байсан учир намхан залуу нь тэмтрээд энэ утас чинь байна гаргаад ир гэсэн. Миний утасны цэнэг дуусаад унтарсан байсан болохоор гаргаад өгөхөд нөгөө намхан залуу асаахад 4 хувийн цэнэгтэй байсан. Намхан залуу цэнэгтэй байна сим картаа хийгээд ярьчихъя гэж хэлээд утаснаас миний сим картыг авч надад өгөөд, өөрийн сим картаа хийсэн. Хүн рүү залгаад цааш алхаад утсаар яриад байсан. Нөгөө 2 залуугийн өндөр нь танайх хаана байдаг вэ бид нар Ботаник руу найзындаа очих гэж байгаа юм гялс ярих хэрэг гараад гэх мэтээр эелдэг яриа өрнүүлж байсан. Ойрхон байх худгийн хажууд очсоны дараа өндөр залуу нь надтай юм яриад үлдсэн ба нөгөө 2 залуу нь манай 2 найзыг нэг нэгээр нь худгийн 2 тал руу аваад явсан. Энэ үед хажуугаар хүн явахад Мөнхсайхан, Ууганбаяр 2 зугтаасан. Тэгэхэд нөгөө 2 залуу нь хүрч ирснээ хүнд хэлчихлээ, утсаа авмаар байвал араас гүйгээрэй гэж хэлээд Халдвартын эмнэлэгийн зүг гүйсэн. Би араас нь гүйгээд Баянзүрх дүүргийн  18 дугаар хороонд байрлах 122 дугаар цэцэрлэгийн урд хүртэл гүйсэн. Тэнд очсоны дараа тэр 3 залуу одоо машин ирнэ, тэгэхээр утсыг чинь өгнө гэж хэлсэн. Хэсэг байсны дараа намхан залуу нь өндөр залууд юм шивнэж хэлэхэд өндөр болон дунд зэргийн өндөртэй 2 залуу нь хойшоогоо алхаад явсан. Намхан залуу нь үлдээд одоо машин ирнэ гэж хэлсэн ба хүн харж байгаад байхгүй болохоор нь цээж рүү жийж өшиглөсөн. Тэгснээ нөгөө хөлөөрөө нүүрэнд өшиглөхөд би газар унасан. Намайг унахад тэр залуу хойшоогоо нөгөө 2 залуугийн зүг гүйсэн. Би босоод араас нь хөөгөөд алдсан. Тэгээд гэртээ хариад аавд хэлээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиход Мөнхсайхан, Ууганбаяр нар байсан ба бас манай сургуулийн 10/д/ ангийн Баяржавхлан утсаа дээрэмдүүлсэн гээд өргөдөл бичиж байсан. Асуухад миний утсыг авсан 3 залуу мөн байсан. Цугтаа өргөдөл бичиж шалгуулахаар өгсөн. Тухайн үед нүүрэнд өшиглөх үед доод уруул хавдаж, язарсан байсан. Тухайн үед гайгүй байсан болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж хэлсэн. Одоо гэмтэл байхгүй учир шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. “Самсунг Галакси Гранд -2” маркийн гар утас байсан. 2015 оны 8 сард 250,000 төгрөгөөр Теди төвөөс худалдаж авсан. Шинэ шахуу байсан болохоор авсан үнээрээ үнэлнэ. Алдагдсан гар утасны хохирлоо нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулж авбал өөр гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 111-112-р тал/

8.Мөрдөн байцаалтанд гэрч Сарантуяагийн: 2015.11.05-ны өдөр 20:00 цагийн үед Бодолцолмон цүнх, куртик, хувцас нь шороо болсон орж ирсэн. Яасан талаар нь асуухад “сая гэр рүү ирж яваад гудамжинд 3 залууд цахилгаан бороохойдуулаад 2 гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. Тэр хүмүүстэй ноцолдоод хувцас нь шороо болсон гэсэн санагдаж байна. зодуулж цохиулсан зүйлгүй, шарх бэртэл байгаагүй. Цахилгаан бороохойгоор айлгаж байгаад гар утсыг нь аваад явсан байсан. Бодолцолмон их айж сандарсан байсан. Орж ирээд юу болсон талаараа ярих үед чичрээд байсан. Ах, эгч нар нь нийлээд 2015 оны 10 сард шинээр дэлгэцдээ мэдрэгчтэй гар утас авч өгсөн байсныг дээрэмдсэн байсан. Мөн хуучин хэрэглэж байсан энгийн гар утсыг нь дээрэмдсэн гэх мэдүүлэг /1-р хх-72-р тал/

9.Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Мөнхдоржийн:..2015.11.16-ны өдөр би Жуковт ах Нацагдоржийн гэрт байхад 22:00-23:00 цагийн үед найз Батмөнх гаднаас орж ирсэн. Орж ирэхэд нь харахад баруун нүд нь хавдаж хөхөрсөн, толгойн зүүн хэсэгт 2 газар язарч цус гарч хатсан байдартай байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Юу болсон талаар нь асуухад Батмөнх “сая 21:00 цагийн үед гэр рүүгээ харьж яваад 2 хүнд зодуулаад, хутга тулгуулаад, гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. Батмөнх урд өмнө нь хүнтэй маргалдаж зодуулсан удаа байгаагүй учир хүнд зодуулж, бүр хутга тулгуулаад дээрэмдүүлсэн гэхээр нь айж гайхаад цуг гэрт нь очсон. Тэгээд цусыг нь цэвэрлэж бага зэрэг тайвшруулсан. Батмөнх “цагдаад хандаад хэрэггүй, одоо өнгөрсөн, олдохгүй” гэж хэлэхэд нь би ярьж байгаад энэ хэлтэс дээр ирж өргөдөл гаргасан. Батмөнхийн Самсунг Галакси 53 загварын хөх өнгийн утас байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-р тал/

10.Мөрдөн байцаалтанд гэрч Алтансүхийн:...Би Алтангэрэлийн Тулгаагийн ээжийн дүүгийн хүүхэд нь буюу үеэл ах нь байгаа юм. Манай гэрүүд ойрхон байдаг ба 2015.11.07-ны өдөр Тулгаагийн ээж Алтанцэцэг эгч 17:00 цагийн үед “толгой бариад өг” гээд дуудаад би очсон. Гэрт нь очиход Тулгаа ажилдаа явсан байсан ба 22:00 цагийн үед Тулгаа ажлаасаа ирээд “би автобуснаас буугаад алхаж яваад гудамжинд 3 хүнд гар утас, бөгжөө дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. Харахад хоолой нь бага зэрэг улайсан байсан. Тэгээд Тулгаагийн хамт гараад Их Дарь-Эхийн гудамжаар машинтай хайгаад хүмүүсийг нь олоогүй. ...Тулгшаа ажлаа тараад ирсэн болохоор согтууруулах зүйл хэрэглээгүй байсан. Хоолой нь улайсан басйан ба дээрэмдсэн 3 хүн нь цахилгаан бороохой гаргаад, хутгалана гээд айлгаж байгаад дээрэмдсэн байсан. Айхтар зодож цохиогүй, 1-2 удаа цохисон байсан. Тулгаа орж ирэхдээ их айж сандарсан байдалтай гүйж орж ирээд хэлсэн. Тулгаад LG  брэндийн хар өнгийн дэлгэцдээ мэдрэгчтэй гэр утас байсан. Худалдаж аваад удаагүй 1 сар орчим л болж байсан. Бөгж нь болохоор том хэмжээтэй арслангийн толгойн хээтэй мөнгөн бөгж байсан. Тулгаа өөрөө 2-3 ширхэг мөнгөн бөгж нийлүүлж байгаад хийлгэсэн гэсэн. гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 38-р тал/

11.Мөрдөн байцаалтанд гэрч Г.Ууганбаярын:..2015.12.02-ны өдөр хичээлээ тараад 19:00 цагийн үед гэртээ харих гээд найз Бямбасүрэн, Мөнхсайхан нарын хамт Цагаан хуаран хотхоны хойгуур газарт орсон том хашаагаар явж байхад араас 3 залуу ирсэн. Намхан залуу нь “гар утсаа өгч бай, ах нь ганц ярьчихъя” гэж хэлсэн. Бид нар “байхгүй” гэж хэлсэн чинь өндөр залуу нь “ямар сүртэй юм бэ, худлаа ярьдаг хүмүүсд би дургүй шүү, пизданууд минь” гэж хэлсэн. Тэгэхэд намхан болон дунд зэргийн нуруутай 2 ах тэр өндөр ахад “явъя одоо” гэж хэлээд дээшээ өгсөөд явсан. Бид нар чигээр алхаж байхад нөгөө 3 залуу худаг тойроод буцаж хүрч ирсэн. Өндөр залуу нь “ямар сүртэй юм бэ, та 3-т утас байгааг чинь мэдээд байна, худлаа ярьдаг хүнд би дургүй шүү, жинхэнэ уур хүргэв” гэж хэлэхэд Бямбасүрэн халаасанд байсан гар утсаа гаргаж өгсөн. Намхан залуу нь гар утсыг нь аваад өөрийнхөө сим картыг хийгээд хүн рүү залгасан. Тэгээд утас нь холбогдохгүй байна гэж хоорондоо ярьсан. Тэгээд Бямбасүрэнгийн утасны зургийг үзээд удаад байсан. Бид 3 “ах нараа даараад байна, бид нар явъя” гэхэд өндөр залуу “байж бай бид нар ч даарч байна” гэсэн. Тэгээд бид нарыг хаана хэнтэй амьдардаг талаарх асуухад бид нар амьдардаг  газраа үнэнээр нь хэлсэн. Тэгэхэд өндөр залуу “баян айлын хүүхдүүд байна, өмссөн хувцасыг нь хар” гэж хэлсэн. Тэгэж байгаад “Ботаник руу яаж явах вэ” гэж асуусан. Тэгээд жоохон юм ярьж байснаа бид 3-ыг дагуулаад худаг руу аваачсан. Худаг дээр очсоны дараа бид 3-ыг нэг нэгээр нь салгаад 3 талд гаргасан. Намхан залуу нь надтай цуг яваад “чиний пүүз чинь минийхтэй адилхан юм байна, размер нь таарах юм байна” гэж ярьсан. Энэ үед хажуугаар нэг хүн явахад Мөнхсайхан жуковын зүг гүйхийг хараад “ахаа би явчих уу, манайх хол хужирбуланд байдаг, ээж залгаад байна” гэж хэлэхэд “за, яв яв” гэсэн. Би Мөнхсайханы араас алхаад очиход Мөнхсайхан байрны хажууд машин хучиж байсан ах дээр очоод “3 ах дээрэмдээд байна, манай найзын утсыг аваад өгөхгүй байна” Тэгэхэд тэр хүн машиныхаа хучлагыг буцаж хийгээд “хаана байна, очъё” гээд бид 2-ыг машиндаа суулгаад худгийг тийшээ явсан. Нөгөө 3 залуу хараад Бямбасүрэнг дагуулаад Халдвартын эмнэлэгийн зүг гудамжаар ороод зугтаасан. Тэгээд араас нь хайгаад олоогүй болохоор нөгөө ах буцаж байрны гадаа машинаа тавьсан. Тэгээд тэх ах цагдаад дуудлага өгөөд “иа 2 орцонд дулаан байж бай, цагдаа ирэхээр ах нь гараад ирье” гэж хэлсэн. Бид 2 хүлээж байхад 10 минут орчмын дараа цагдаа ирэхээр нь Мөнхсайхан бид 2 цагдаад юу болсоныг хэлээд машинд нь суусан. Цагдаа өөр дуудлагатай байна гээд Цагаан хуаран хотхонд ирэхэд манай сургуулийн 10д ангийн Баяржавхлан бас дээрэмдүүлсэн гэж дуудлага өгсөн байсан. Тэгээд юу болсон талаар ярихад Баяржавхланг дээрэмдсэн хүүхдэд нөгөө 3 залуу мөн байсан. Тэгээд БЗД дэх Цагдаагийн 1-р хэлтэс дээр аваачсан. Удаагүй 15 минут орчмын дараа Бямбасүрэн аавтайгаа хүрч ирээд “нөгөө 3 залуу гар утсыг аваад намайг өшиглөсөн” гэж хэлсэн. Мөнхсайхан бид 2 хол гартэй учир түрүүлээд явсан ба Баяржавхлан, Бямбасүрэн нар үлдсэн. ...Бид нарт хүрээгүй. Өндөр залуу нь “гар утсаа гаргаад, худлаа ярьдаг хүнд дургүй, пизданууд минь” гэх мэтээр айлгаж хэлсэн. Өөр даамталж айлгасан зүйл байхгүй. Тэр 3 залуу 3-лаа хар өнгийн маск зүүсэн байсан. Мөнхсайхан бид 2-г явсаны дараа тэр 3 залуу Бямбасүрэнг дагуулж явсан. Намхан залуу нь “утсаа авмаар байвал дагаад яв” гэж хэлээд байрнууд дунд оруулсан. Тэгээд 2 өндөр залуу нь явсаны дараа Бямбасүрэнг зодсон гэсэн. Бямбасүрэнгийн гар утсыг нь авсан байсан. Мөнхсайхан бид 2-ын эд зүйлийг аваагүй” гэж хэлсэн. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-р тал/

12.Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Мөнхсайханы:..Том хашаан дундуур бид  гурав явж байхад 3 залуу араас дуудаад хүрч ирсэн. Намхан залуу нь “утсаа өгч бай, ах нь ганц ярьчихъя” гэж хэлсэн. Бямбаа “байхгүй”, би “сим ордоггүй” гэж хэлсэн. Тэгэхэд тэр 3 залуу явснаа буцаад хүрч ирсэн. Өндөр залуу “утас байхгүй юм уу, би худлаа ярьдаг хүнд дургүй” гэж хэлсэн. Тэгэхэд Бямбаа утсаа гаргаад намхан залууд нь өгсөн. Намхан залуу гар утсыг нь аваад өөрийн сим картаа хийгээд хүнтэй ярих гээд их удсан. Юм ярьж байснаа бид 3-ыг худаг руу дагуулж явсан. Худаг дээр очсоны дараа 3-г нэг нэгээр нь салгаад 3 талд гаргасан. Дунд зэргийн нуруутай залуу нь надтай цуг яваад “надаа гутлаа өг, цамцыг чинь авна, энэ чинь миний куртка байна” гэж хэлээд миний хувцасыг авах гээд байсан. Би яах гэсэн юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд цаанаас нь өндөр залуу нь ирэхэд дунд зэргийн нуруутай залуу” энэ миний хувцасыг өгөхгүй байна, миний хувцас байгаа биздээ” гэж хэлсэн. Өндөр залуу “өгөөч, чи наадахаа алуулна” гэж хэлсэн. Тэгэхэд дунд зэргийн нуруутай залуу худгийн хойшоо гудамж руу дагуулж явахаар нь би салаад дээшээ Жуковын буудал руу зугтаах гэхэд хойноос курткэнээс барьсан. Би гарыг нь нударч тавиулаад гүйсэн. Гүйж байхад байрны гадаа нэг ах машинаа хучиж байсан. Би гүйж очоод “3 залуу бид нарыг дээрэмдээд, манай найзуудыг явуулахгүй байна” гэж хэлж байхад Ууганбаяр араас хүрч ирсэн. Тэр ах машиныхаа хучлагыг буцааж хийгээд бид 2-г машиндаа суулгаад худгийн зүг явсан. Нөгөө 3 залуу харангуудтаа Бямбааг аваад цаашаа зугтаасан. Араас нь машинтай хөөхөд тэд нар гудамжаар ороод алга болсон. Тэгээд тэр ах байрандаа буцаж ирээд цагдаа дуудсан. Цагдаа 10 минут орчмын дараа ирсэн. Бид 2 машинд суугаад болсон явдлын талаар хэлсэн. Цагдаа өөр дуудлагатай байна гээд Цагаан хуаран хотхонд очиход манай сургуулийн 10д ангийн Баяржавхлан бас дээрэмдүүлсэн гэж дуудлага өгсөн байсан. Тэгээд юу болсон талаар ярихад Баяржавхланг нөгөө 3 залуу бид нарыг  дээрэмдэхээс өмнө дээрэмдсэн байсан. Тэгээд бид 3 цагдаагийн машинтай хайж байгаад олдохгүй болохоор БЗД дэх цагдаагийн 1-р хэлтэс дээр аваачсан. Удаагүй 10-15 минут орчмын дараа Бямбасүрэн хүрч ирээд “миний гар утсыг авсан, намхан залуу нь намайг өшиглөж зодсон” гэж хэлсэн. Ууганбаяр бид 2 хол гэртэй учир түрүүлээд явсан ба Бямбасүрэн, Баяржавхлан 2 өргөдөл бичиж өгөхөөр үлдсэн”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-117-р тал/

-Эд зүйлийн үнэлгээ / хх-н 33, 37, 44, 61, 85, 108,  113, -р тал/

-Хохирол  төлсөн  баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтуудыг  хуульд заасан үндэслэл, журмын дагуу  цуглуулж  бэхжүүлсэн  байх  бөгөөд  шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож  шийтгэх тогтоолын үндэслэл  болголоо.

 Хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтууд болон хохирогч, гэрчүүдийн  мэдүүлэгүүдээс дүгнэхэд хохирогч нарын  өмч хөрөнгийг  авах зорилгоор  шүүгдэгч  Э.Дорждамба Б.Ганбаяр нар нь  бүлэглэн  7-н удаагийн үйлдлээр  бусдын эрх чөлөөнд халдаж  хутга тулгах, цахилгаан  бороохой зэргээр  айлган  сүрдүүлж  гар утас, мөнгө, бөгж,  өмсөж явсан хувцас зэргийг дээрэмдэн авсан,  А.Эрдэнэтөгс нь Э.Дорждамба, Б.Ганбаяр нартай бүлэглэн  4-н  удаагийн үйлдлээр  бусдын эрх чөлөөнд халдаж айлган,  сүрдүүлж  бусдын  эд зүйлийг  дээрэмдэн авсан  байна. Эдгээр  шүүгдэгч нар  нь бусдын  эд зүйлийг  өөрийн мэдэлд  авах зорилгоор хүчирхийлж, заналхийлж эрх чөлөөнд нь халдаж шунахай сэдэлтээр  зориуд хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 147 дүгээр зүйлийн 147.2-т заасан гэмт хэргийн  бүрэлдэхүүнтэй байна.

            Иймд  шүүгдэгч  Э.Дорждамба, Б.Ганбаяр нар нь бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Подстанцын хойд талд иргэн Б.Батмөнхийг зодож хутга тулган амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, “Самсунг-Галакси-S” загварын хөх өнгийн гар утас, 13.000 төгрөгийг дээрэмдэж  нийт  185.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг ,

- мөн  Э.Дорждамба, Б.Ганбаяр нар бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 19.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их-Дарь-Эхийн 11 дүгээр гудамжинд иргэн С.Ганбатыг цохиж зодон, хутга тулган амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “LJF200” загварын гар утас, “Тимберленд” фирмийн хагас түрүүтэй гутал дээрэмдэж 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

- мөн Э.Дорждамба, Б.Ганбаяр нар бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 21 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Подстанцын орчимд иргэн Ц.Ганзоригийг хутга тулган амь биед нь аюултайгаар заналхийлж “Самсунг Нөт-2” загварын гар утас, урт загвартай куртка, арьсан хэтэвч 40.000 төгрөг дээрэмдэж нийт 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

-Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нар бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Подстанцын орчимд иргэн Б.Болдцолмонг цахилгаан бороохой тулгаж, хутгална гэж амь биед нь аюултайгаар заналхийлж, “Самсунг-Галакси-S3” загварын гар утас, “Нокиа” брендийн гар утас дээрэмдэж 185.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

-Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нар бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Подстанцын орчимд иргэн А.Тулгааг цохиж, цахилгаан  бороохойдон, хутгална гэж амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “LJ5900” загварын гар утас, мөнгөн бөгж дээрэмдэж 165.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг ,

-Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нар бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 19:00 цагаас 19 цаг 30 минутын хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамжинд насанд хүрээгүй Б.Баяржавхлангийн “Скай 810” загварын гар утсыг дээрэмдэж 130.000 төгрөгийн, Л.Бямбасүрэнгийн “Самсунг-Галакси-Гранд”2 загварын гарын гар утсыг дээрэмдэж 185.000 төгрөгийн хохирол гэмт хэргийг  тус тус үйлдсэн  нь өөрсдийнх нь тайлбар, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгүүд болон бичгийн  бусад  нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож,  шүүгдэгч Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нарыг  Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  147 дүгээр зүйлийн 147.2-т зааснаар   ял шийтгэл  оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Шүүгдэгч Э.Дорждамба нь 13-н удаагийн үйлдлээр  дээрэмийн гэмт хэрэг үйлдсэн  гэж мэдүүлдэг ба энэ талаар  мөрдөн  байцаалтын ажиллагаа хийсэн боловч   гэмт хэргийн талаар  гомдол, мэдээлэл цагдаагийн  байгууллагад ирээгүй,  хохирогч байхгүй гэсэн үндэслэлээр  Баянзүрх дүүргийн  Прокурорын  газрын 2017 оны  02 дугаар сарын 17-ны өдрийн  №97 дугаартай  Прокурорын тогтоолоор яллагдагч нарт хобогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /3-р хх-н   162-167-р тал/

Шүүгдэгч Э.Дорждамба Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн  747-р шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж ял шийтгэгдсэн эсэхийг нь шийтгэх тогтоолын хуулбар болон ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хх-н 229-236-р тал/

 Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  78 дугаар зүйлийн 78.2.1-т …тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй бол  ялгүйд тооцохоор хуульчилсан ба Э.Дорждамба нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн  747-р шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийтгүүлсэн боловч  ялтай байдал нь Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан  Анхны Арчилсан Сонгуууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент  Байгуулагдсаны 25 Жилийн Ойг Тохиолдуулан  Өршөөл Үзүүлэх Тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1.2-т заалтанд хамаарч  ялтай байдал  нь  хэрэгсэхгүй болж ялгүй  болсон байна.

                 Шүүгдэгч Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. / 1-р хх-ийн 240-р тал, 2-р хх-н  2-р тал /

Хохирогч  Б. Бодолцолмонгийн хохиролд  185.000 төгрөгийг төлсөн /2-р хх-н 145-р тал/
Хохирогч  Ц.Батмөнхийн хохиролд   198.000 төгрөгийг төлсөн  /2-р хх-н  146-р тал/

Хохирогч  Б.Бямбасүрэнгийн хохиролд  185.000 төгрөг төлсөн  /2-р ххн  147-р тал/

Хохирогч  А.Тулгаагийн хохиролд  165.000 төгрөгийг төлсөн / 2-р хх-н  148-р тал/

Хохирогч Ц.Ганзоригийн  хохиролд    утас  болон  бэлнээр 110.000 төгрөгийг  төлсөн / 2-р хх-н  149-р тал/

Хохирогч  С.Ганбатын хохиролд 290.000 төгрөгийг төлсөн  /2-р хх-н   150-р тал/

Хохирогч  Б.Баяржавхлангийн  хохиролд  130.000 төгрөгийг төлсөн / 3-р хх-н  55-р тал/ байх тул  шүүгдэгч нарыг  бусдад төлөх  төлбөргүй  гэж  үзэв.

 Шүүгдэгч Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нар  нь 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 2017-03-20-ны өдрийг хүртэл сэжигтнээр болон яллагдагчаар  цагдан хоригдсон болох нь сэжигтнийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж,  яллагдагчийг цагдан  хорих тухай  шүүгчийн  захирамж, цагдан хорьж мөрдөх  хугацааг сунгах  тухай шүүгчийн уудаар  тогтоогдож байх тул   шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь  оруулан тооцох нь зүйтэй байна.  /1-р хх-ийн 135-165-р тал,2-р хх-ийн 32-37-р тал, 178-197-р тал, 231-236-р тал, 3-р хх-н 12-17-р тал, 3-р хх-ийн 124- 138-р тал, 3-р ххн 183-р тал/

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна гэж хуульчилсан ба шүүгдэгч нарыг  гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан,  зэрэг  байдлыг харгалзан  энэ  хуулийн заалтыг хэрэглэх  боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн  үзэв.

       Шүүгдэгч Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нар нь  үйлдсэн  хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа,  бусдад учруулсан хохирлоо  нөхөн төлсөн, хэрэгт оролцсон оролцоо  зэргийг  харгалзан  ял шийтгэлийг оногдуулахдаа  ялгамжтай  оногдуулахаас   гадна  тэднийг   эдлэх ялыг Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн  52.10-т заасныг журамлан  мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар  жирийн дэглэмтэй  эрэгтэйчүүдийн хорих ангид,  хорих ангид эдлүүлэх  нь зүйтэй гэж үзэв.

        Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Бөндөг овогт Эрдэнэхүүгийн Дорждамба, Тамчиг овогт Бат-Эрдэнийн Ганбаяр, Элгэн бээлийн овогт Алтанцэцэгийн Эрдэнэтөгс нарыг бүлэглэн  буюу  давтан  үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн бусдын эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55 1-т заасныг журамлан  мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар Бөндөг овогт Эрдэнэхүүгийн Дорждамбыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурван/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар, Тамчиг овогт Бат-Эрдэнийн Ганбаярыг эд хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурван/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар, Элгэн бээлийн овогт Алтанцэцэгийн Эрдэнэтөгсийг эд хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн  52.10-т заасныг  журамлан  52 дугаар зүйлийн  52.5-д зааснаар Э.Дорждамбад оногдуулсан 3/гурван/ жил 8 /найман/ сарын хорих ялыг, Б.Ганбаярт оногдуулсан  3 /гурван/ жил 8 /найман /  сарын хорих ялыг , А.Эрдэнэтөгсөд оногдуулсан 3  /гурван/ жил 6 /зургаан /  сарын хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих  ангид тус тус эдлүүлсүгэй.  

            5.Эрүүгийн ерөнхий ангийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нар нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 03 дүгээр сарын 20-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт  454 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            6. Шүүгдэгч нар  бусдад төлөх  төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн  88.1.7-т  зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Тимберленд” фирмийн шар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, хар өнгийн маск 2 ширхэг, олон үйлдэлтэй хутга 1 ширхэг, хар өнгийн 3 нүхтэй ноосон малгай 1 ширхэг, үрлэн сумтай тогтоолон гар буу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний  өмгөөлөгч  нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                             Т.ШИНЭБАЯР

                                                                  

                                                              Э.ЧИНГИС