Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/01122

 

В.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01420 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2022/01579 дүгээр магадлалтай,

В.Эын нэхэмжлэлтэй,

“МУХБ” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Э, түүний өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аззаяа, Г.Санжаадорж, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч В.Э нь хариуцагч “МУХБ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01420 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “МУХБ” ХХК-д холбогдох, Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай В.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Эын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2022/01579 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч В.Эыг “МУХБ” ХХК-ийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 55,483,180 төгрөгийг хариуцагч “МУХБ” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч В.Эт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгасугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Эын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 435,366 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гаргах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадорж, Б.Аззаяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1-д заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

4.1.Нотлох баримтыг бодитой үнэлээгүй, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

“МУХБ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2021.08.27-ны өдөр 21 тоот тогтоолоор МУХБны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан бөгөөд уг тогтоолоор Тамгын газар, Хүний нөөц захиргааны хэлтэс тус тус татан буугдсан. Хүний нөөц, захиргааны хэлтэс татан буугдсан учир тус хэлтсийн захирал В.Эыг 2021.11.10-ны өдрийн Б-90 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэдэг үндэслэлээр, 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгож ажлаас чөлөөлсөн. Ажлаас үндэслэлгүй халсан хэмээн В.Э нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.15-д “...хүний нөөц захиргааны хэлтсийн захирлаар ажиллаж байсан В.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021.11.10-ны өдрөөр дуусгавар болгож, В.Эыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасныг хууль зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ” 5.16-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн гурван үндэслэлийг заасан бөгөөд ажил олгогч “МУХБ” ХХК нь тус банкны Хүний нөөц захиргааны хэлтсийг татан буулгасан болох нь дээр дурдсан нотлох баримт, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна” гэж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. Мөн хэсэгт заасан “орон тоог цөөрүүлсэн” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. Хэрэгт авагдсан тогтоолууд болон гүйцэтгэх захирлын 2020.04.27-ны өдрийн А-99 дугаар тушаалын хавсралтын 7.1.1, 2021.09.08-ны өдрийн А-76 дугаар тушаалын хавсралтын 7.1.1-д заасан хүний нөөц, захиргааны чиглэлээр гүйцэтгэх үүргийг харьцуулан үзэхэд Хүний нөөц захиргааны хэлтсийн гүйцэтгэх чиг үүрэг нь Дотоод үйл ажиллагааны хэлтэст шилжсэн гэж үзэхээр байх бөгөөд тухайн хэлтэс нь татан буугдсан биш, чиг үүргийг шилжүүлэх замаар өөрчлөн байгуулагдсан гэж үзэхээр байна” гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд чиг үүрэг шилжсэн гэж үзэх үндэслэлгүй.

МУХБны гүйцэтгэх захирлын 2020.04.07-ны өдрийн А-99 дугаар тушаалын хавсралт 2-т Хүний нөөц захиргааны хэлтэс нь нийт 20 ажилтантай байхаар батлагдсан. Үүнээс Хүний нөөц захиргааны хэлтсийн захирал 1, хүний нөөцийн бодлого, журам хариуцсан нягтлан бодогч 1, үйл ажиллагаа хариуцсан нягтлан бодогч 1, хөдөлмөрийн харилцаа, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн 1, сургалт хөгжил, бүрдүүлэлт сонгон шалгаруулалт хариуцсан мэргэжилтэн 1, олон нийт хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн 1, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн 1, бичиг хэргийн ажилтан 1, архивын ажилтан 1, худалдан авалт, засвар тээвэр хариуцсан мэргэжилтэн 1, аж ахуй, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн 1, гүйцэтгэх захирлын туслах 1, жолооч 3, үйлчлэгч 4 буюу нийт 20 хүн ажиллахаар баталсан байна.

МУХБны гүйцэтгэх захирлын 2021.09.08-ны өдрийн А-76 дугаар тушаалын хавсралт 2-т Дотоод үйл ажиллагааны хэлтэс (шинээр байгуулагдсан) нь нийт 14 хүнтэй ажилтантай байхаар баталсан байна. Үүнээс Дотоод үйл ажиллагааны хэлтсийн захирал 1, хүний нөөц, захиргаа хариуцсан ахлах мэргэжилтэн 1, хөдөлмөрийн харилцаа, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн 1, сургалт хөгжил, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт хариуцсан мэргэжилтэн 1, бичиг хэргийн ажилтан 1, архивын ажилтан 1, худалдан авалт, аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтэн 1, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, эмч 1, гүйцэтгэх захирлын туслах 1, харилцагчийн зөвлөх 1, жолооч 3 гэсэн ажилтантай байхаар баталсан.

Мөн чиг үүргийг харьцуулан харахад Хүний нөөц захиргааны хэлтсийн 3 чиг үүргээс 7.1.1-д д заасан 22 чиглэлээр, 7.1.2-д 13 чиглэлээр 7.1.3-д заасан 13 чиглэлээр хариуцан ажилладаг байсан. Харин дотоод үйл ажиллагааны хэлтэс нь 7.1-д заасан 19 чиглэлээр, аж ахуй худалдан авалтын 15 чиглэлээр хариуцан ажилладаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэршил өөрчлөгдсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

4.2.Бүтцийг шинэчлэн баталсан тогтоолыг харьцуулж үнэлээгүй.

Гүйцэтгэх захирлын чиг үүрэг, орон тоо баталсан тухай тушаалыг хооронд нь харьцуулан нэршил өөрчилсөн гэж үздэг хэдий ч уг хэлтсийг татан буулгасан Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол болон хавсралтыг харьцуулан үзэж нотлох баримтыг бодитой үнэлээгүй. Хүний нөөц захиргааны хэлтэс татан буугдсан гэдгийг 2021.08.27-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралт болон 2020.04.24-ний өдрийн 16 дугаар тогтоолын хавсралттай харьцуулан харахад хэд хэдэн хэлтэс татан буугдсан гэдгийг харж болох хэдий ч шүүхэд гаргаж өгсөн баримтыг үнэлээгүй.

4.3.В.Эын нэхэмжлэлийн шаардлагын талаар

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжтой байх ёстой. Тамгын газар, хүний нөөц, захиргааны хэлтэс нь нэршлийн хувьд өөрчлөгдөж үйл ажиллагаа нь хуваагдсан тул ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэжээ. МУХБны 100 хувийн охин компани болон “Ди би эм лизинг” ХХК нь 2021.11.23-ны өдрийн 03/37/21 тоот албан бичгээр В.Эыг тус компанид ажиллахыг боломжтой хэмээн мэдэгдсэн ч ажиллахгүй. (хх100)

2021.12.27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “МУХБ” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн захирлын (Хүний нөөц захиргааны хэлтсийн захирал) ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг нэхэмжилж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу Үйл ажиллагааны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байна. “МУХБ” ХХК-д Үйл ажиллагааны хэлтэс гэдэг хэлтэс байхгүй бөгөөд (2021.08.27-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаас харах боломжтой ажилд томилох боломжгүй буюу биелэгдэх боломжгүй шаардлага гаргасан байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-ийг зөрүүтэй хэрэглэсэн, нотлох баримтыг бодитой үнэлээгүй учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадорж, Б.Аззаяа нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.11.04-ний өдрийн 001/ШХТ2022/01209 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч В.Э хариуцагч “МУХБ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж  дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэргийг хянаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, “нэхэмжлэгч В.Э нь хариуцагч  банкны Тамгын газрын Хүний нөөц, захиргааны хэлтсийн захирлаар ажиллаж байсан, түүнийг  гүйцэтгэх захирлын 2021.11.10-ны өдрийн Б/90 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөхдөө банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсан, шинэ бүтцээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэс татан буугдсанаас ажил, албан тушаалын орон тоо байхгүй болсон гэсэн үндэслэл заасан, хэргийн баримтаар тушаалд заасан үндэслэл бий болсон нь тогтоогдсон, ажил олгогч ажлаас чөлөөлөх тухайгаа  хуульд заасан хугацаанд  ажилтанд мэдэгдсэн, иймээс нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба “...анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлэх журмыг зөв хэрэгжүүлээгүй, банкны бүтэц өөрчилсөн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолууд болон гүйцэтгэх захирлын 2020 ба 2021 оны  тушаалууд, уг тушаалын хавсралтуудаас үзэхэд хүний нөөц, захиргааны чиглэлээр гүйцэтгэх чиг үүргийг харьцуулахад Хүний нөөц захиргааны хэлтсийн чиг үүрэг нь Дотоод үйл ажиллагааны хэлтэст шилжсэн гэж үзэхээр байна, иймээс Хүний нөөц, захиргааны хэлтэс татан буугдсан биш, чиг үүргийг шилжүүлэх замаар өөрчлөн байгуулагдсан, нэхэмжлэгчийн ажлын байр огт үгүй болоогүй, шинээр бий болсон бүтэц нь нэршлийн хувьд өөр байгаа тул нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага агуулгын хувьд зөв тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, харин Тамгын газар, хүний нөөц, захиргааны хэлтэс нь нэршлийн хувьд өөрчлөгдөж үйл ажиллагаа хуваагдсан тул ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй “ гээд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгажээ.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан “...анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж хяналтын журмаар гомдол гаргасан ба энэ хүрээнд шүүхээс дүгнэлт хийв.

10.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.

10.1.Нэхэмжлэгч В.Э шүүхэд хандаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа “...эрхэлж байсан ажил, албан тушаалын ажлын байрны орон тоо бодитоор хасагдаагүй, зөвхөн нэршил өөрчлөгдөж, Хүний нөөц, захиргааны хэлтэс нь Дотоод үйл ажиллагааны хэлтэс гэж өөрчлөгдсөн, ...ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хуульд заасан хугацаанд өгөөгүй” гэсэн үндэслэл заасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...эрх бүхий этгээд бүтэц зохион байгуулалт өөрчлөх шийдвэр гаргасан, уг бүтцээр Хүний нөөц, захиргааны хэлтэс татан буугдсан, хуульд зааснаар 45 хоногийн өмнө энэ талаар мэдэгдсэн, тэтгэмж олгосон” гэж маргажээ

10.2.Хэргийн баримтаас үзэхэд, Монгол Улсын Засгийн газрын 2021.08.18-ны өдрийн 252 дугаар тогтоолоор МУХБны дүрмийг шинэчлэн баталсан, үүнтэй холбогдуулан МУХБны Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2021.08.27-ны өдөр 21 дүгээр тогтоол гарч банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан, банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А-76 дугаар тушаалаар газар, хэлтэс, албаны чиг үүргийг 1 дүгээр хавсралтаар, орон тоог 2 дугаар хавсралтаар баталсан байна.

Уг шинэчилсэн бүтцээр өмнө байсан хэлтсүүдийн чиг үүргийг өөрчилсөн, үүнд Тамгын газрын харьяанд байсан Хүний нөөц, захиргааны хэлтэс хамаарсан нь тогтоогджээ.

10.3.Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг санаачилгаар цуцлах бөгөөд мөн зүйлийн 40.5-д ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө, бөөнөөр халах тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй.

10.4.Өмнөх буюу 2020 оны бүтцээс шинэчлэгдсэн 2021 оны бүтэц нь нийт орон тооны дээд хязгаарыг нэмэгдүүлсэн, тухайлбал, “МУХБ” ХХК нийтдээ 110 ажилтантай байсныг 127 болгон өөрчилсөн, Тамгын газрын харьяанд байсан Хүний нөөц, захиргааны хэлтсийн 20 ажилтантай хэрэгжүүлж байсан үндсэн 5 чиг үүргээс 2 чиг үүргийг өөр хэлтсүүдэд шилжүүлсэн, 3 чиг үүргүүд нь шинээр байгуулагдсан Дотоод үйл ажиллагааны хэлтэст /Захиргаа удирдлага хариуцсан гүйцэтгэх захирлын удирдлагад очсон/ шилжсэн эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд, энэ тохиолдолд тухайн хэлтсийн чиг үүрэг хэвээр, захирлын эрхэлж байсан ажил албан тушаалын орон тоо хасагдаагүй зөвхөн нэршил өөрчлөгдсөн гэж үзэж, улмаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэр гаргах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцэхгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Өөрөөр хэлбэл, Хүний нөөц, захиргааны хэлтсийн өмнө хэрэгжүүлж байсан чиг үүрэг хасагдсан, харьяалал өөрчлөгдсөн, нийт ажиллагсдын орон тоо буурсан тохиолдлыг нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэс нэршлийн хувьд өөрчлөгдсөн гэж дүгнэх нь өрөөсгөл байна.

10.5.Үүнээс гадна давж заалдах шатны шүүх орон тоо хасагдаагүй гэж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан /Хүний нөөц, захиргааны хэлтсийн захирлын гэж ойлгогдох/ ажилд эгүүлэн тогтоосон атлаа шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй бол ажил олгогч, ажилтантай харилцан тохиролцож адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж дүгнэсэн нь буруу, хоёрдмол утгатай шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байна.

Тухайлбал, давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 болон 36 дугаар зүйлийн 36.1.2, 36.2-т заасан хоёр өөр хууль зүйн ойлголтыг нэг маргаанд хамааруулсан нь учир дутагдалтай болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй буюу ажилтны эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо хасагдаагүй бол нэхэмжлэгчийг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэн, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан урьд эрхэлж байсан Хүний нөөц, захиргааны хэлтсийн захирлын /эсхүл давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр нэршил өөрчлөгдсөн бол Дотоод үйл ажиллагааны хэлтсийн захирлын/ ажилд эгүүлэн тогтоох үр дагавар үүснэ.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 36 дугаар зүйлийн зохицуулалт нь ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах тохиолдол, үүргийн тухай бөгөөд үүнд, ...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон нөхцөлийг хамааруулсан буюу энэ нь ажилтныг буруу халагдсаныг тогтоосон шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон, тухайн шийдвэрийг биелүүлэх үед байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөний улмаас шүүхийн шийдвэрт заасан ажилтны урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй ийм нөхцөл байдал үүссэн бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэх тохиолдлыг зохицуулсан байна.

Иймээс дээрх хуульд заасан 2 өөр нөхцөл нь энэ маргаанд хэрэглэгдэх учиргүй.

10.6.Шинэ бүтцээр Хүний нөөц, захиргааны хэлтэс гэж байхгүй болсон тул тус хэлтсийн захирлын, шинээр байгуулагдсан Дотоод үйл ажиллагааны хэлтсийг чиг үүрэг болон бүтцийн хувьд Хүний нөөц, захиргааны хэлтэс тэр хэвээрээ гагцхүү нэршил өөрчлөгдсөн гэж үзэхгүйгээс  нэхэмжлэгч В.Эын урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 36.2-т заасан үйл баримт тогтоогдоогүй байхад ажил олгогчид ажилтантай тохиролцож өөр ажилд ажиллуулах үүргийг шүүхийн шийдвэрээр хүлээлгэх нь хуульд нийцэхгүй болно.

11.Нэхэмжлэгчийн ажил, албан тушаалын орон тоо хасагдсан үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлөх тухайгаа хариуцагч хуульд заасан хугацаанд мэдэгдсэн, түүнд 2 сарын тэтгэмж олгосон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан нөхцөл зөрчигдөөгүй гэж дүгнэв.

12.Гагцхүү тухайн байгууллагад нэхэмжлэгчид санал болгох ажлын байр байгаа бол талууд тохиролцож өөр ажил, албан тушаалд ажиллуулах эрх нээлттэйг дурдах нь зүйтэй байна.

13.Дээрх байдлаар нэхэмжлэгчийг ажлаас халсан хариуцагчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2022/01579 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар хариуцагч “МУХБ” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД