Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01579

 

 

 

 

 

 

2022.08.24 Дугаар 210/МА2022/01579 Улаанбаатар хот

 

В.Э-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01420 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч В.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч М- ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аззаяа, Г.Санжаадорж /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбарын агуулга:

1.1. Ажилд эгүүлэн тогтоолгох,

1.2. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах,

1.3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсан.

В.Э- нь М-ны Эрсдлийн газарт эрсдлийн мэргэжилтнээр 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажилд орсон бөгөөд 2018 оны 08 дугаар сард Төслийн санхүүжилт, зээлийн газрын ахлах мэргэжилтэн, 2020 оны 04 дүгээр сараас Тамгын газарт, Хүний нөөц, захиргааны хэлтсийн захирлаар ажиллаж байсан.

Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас халсан, ажил хүлээлцэх талаар мэдэгдсэн. Х-ны Төлөөлөх удирдах зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Тамгын газар, хүний нөөц, захиргааны хэлтэс татан буугдсан тухай мэдэгдэл хүргүүлж байгааг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн.

Тус мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гар дээр хүргүүлж, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэж бичээрэй гээд бичүүлж авсан. Х-ны Гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б-90 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Х-ны Гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б-90 дугаар тушаалын үндэслэх хэсэгт М-ны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 13.7 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн.

Орон тоо бодитой хасагдаагүй. Хүний нөөц, захиргааны хэлтэс нь зөвхөн нэршил өөрчлөгдөж, Дотоод үйл ажиллагааны хэлтэс нэртэй болсон. Иймд орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үүргээ гүйцэтгээгүй, Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно.

2021 оны 09 дүгээр сарын цалин 10,485,540 төгрөг, 10 дугаар сарын цалин 5,731,178

11 дүгээр сарын цалин 5,354,403 төгрөг, нийт 21,571,122.44 төгрөг бөгөөд нэг сарын дундаж цалин хөлс нь 7,190,374 төгрөг байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан. Шүүгчийн захирамж нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал албажаагүй, шүүгчийн туслахаас асуухад захирамж гараагүй талаар тайлбарласан. 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр захирамж гарсан тул ирж авахаар мэдэгдсэн.

 

2. Хариуцагч талын татгалзал тайлбарын агуулга:

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар тогтоолоор М-ны дүрмийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдуулан М-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан.

Уг шинэчилсэн бүтцээр Тамгын газар, Хүний нөөц, захиргааны хэлтэс татан буугдсан тул Гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б-90 дүгээр тушаалаар тус хэлтсийн захирлаар ажиллаж байсан В.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн мэдэгдлийг үндэслэн гаргасан. В.Э-ыг ажлаас чөлөөлөхөөс 45 хоногийн өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдэх хуудсаар танилцуулж, хүлээлгэн өгсөн.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М- ХХК-д холбогдох, Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай В.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Э-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй.

Орон тоо бодитой хасагдаагүй, дараах нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй.

 Х-ны Гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А-99 дугаар тушаалын хавсралтын 7.1.1-т заасныг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А-76 дугаар тушаалын хавсралтын 7.1.1-т заасан чиг үүрэгтэй харьцуулж, чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан эсэхийг үнэлж, тал бүрээс нь бодитой шинжлээгүй болно.

Мөн зохигчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй. Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар үнэлгээ өгөх ёстой. Ямар ч нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй.

4.б. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулалтын бүтцийг 127 орон тоотой байхаар тогтоосон. Банкны ажилтнууд 103 байснаас 110 болж нэмэгдсэн.

4.в. Хүний нөөц, захиргааны хэлтсийн захирал болон Дотоод үйл ажиллагааны хэлтсийн захирал албан тушаалын тодорхойлолт буюу ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзвэл ажлын байрны зорилго адилхан, ажлын байрны үндсэн 6 зорилтоос 2 зорилт хасагдсан бусад зорилтууд, хийгдэх гол үйл ажиллагаа нь хэвээр байгааг шүүхээс үнэлээгүй. Орон тоо буюу ажлын байр, ажил үүрэг хасагдаагүй, зөвхөн нэршил өөрчлөгдсөн.

4.г. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 13 минутанд М- ХХК-д хийгдсэн үзлэгээр Дотоод үйл ажиллаганы хэлтсийн захирлын ажлын байрны тодорхойлолтыг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр батлаагүй, тус өдөр боловсруулагдаагүй болох нь тогтоогдсон.

В.Э- нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Дотоод үйл ажиллагааны хэлтсийн захирлын албан тушаалыг гүйцэтгэсэн болохыг шүүх үнэлээгүй.

4.д. Шүүх 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.1.1 дэх хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажпын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. гэж заасан. Тухайн ажил үүрэг нь байсаар атал, шүүхээс орон тоо хасагдсан гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

4.е. Шүүхийн шийдвэр, захирамж заавал биелэгдэх зарчмыг хангаагүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаал нь тухайн үед боловсруулагдаж батлагдаагүй байсан. Иймд тушаал болон ажлын байрны тодорхойлолт боловсруулсан компьютерт үзлэг хийлгэх хүсэлт гаргаж, шүүхээс хангаж шийдвэрлэсэн. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 13 минутанд үзлэг хийхдээ тушаал бүртгэлд үзлэг хийгдээгүй, тухайн байгууллагын албан хэргийн программд үзлэг хийгдсэн. Иймд захирамжийн биелэлт хангагдаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б-90 дүгээр тушаалаар хэлтсийн захирлаар ажиллаж байсан В.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцсэн.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч В.Э- нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан

1.1. Ажилд эгүүлэн тогтоолгох,

1.2. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах,

1.3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон.Үүнд:

2.а. Нэхэмжлэгч В.Э- нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс М-ны Эрсдлийн газарт эрсдлийн мэргэжилтэн, 2018 оны 08 дугаар сараас Төслийн санхүүжилт, зээлийн газрын ахлах мэргэжилтэн, 2020 оны 04 дүгээр сараас Тамгын газарт, Хүний нөөц, захиргааны хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд М-ны гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б-90 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлөгджээ. /хх 6, 7/

 

2.б. Талуудын хоорондын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан ХГ-18/61 дугаартай хөдөлмөрийн гэрээнд банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б-93 дугаар тушаалыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг Тамгын газрын Хүний нөөц, захиргааны хэлтсийн захирлаар ажиллуулахаар, үндсэн цалин 4,400,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ. /хх 7-12/

 

2.в. Х-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А-76 дугаар тушаалаар газар, хэлтэс, албаны чиг үүргийг 1 дүгээр хавсралтаар, орон тоог 2 дугаар хавсралтаар баталсан байна. /хх51, 58/

 

2.г. Гүйцэтгэх захирлын тушаалаар банкны нэгж дэх ажилтнуудын орон тоог шинэчлэн баталснаар өмнөх бүтцээр 110 орон тоотой байсныг 127 орон тоотой болгосон,

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба - 1,

Дотоод аудитын алба - 5,

Гүйцэтгэх захирал - 1,

Банкны ажилтнууд - 120 гэж тогтоосон тухай талууд маргаагүй. /хх-51/

 

3. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар Тамгын газар, Хүний нөөц, Захиргааны хэлтэс татан буугдаж, нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан эсэх,

 

3.2. Ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдлийг гардуулсан эсэхэд маргаж байна.

Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөв хэрэглээгүй байна. Гэвч хэргийн үйл баримт тогтоогдсон, талууд мэтгэлцсэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, хэргийг агуулгаар нь бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална.

Мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно.

 

Хэрэгт авагдсан тогтоолууд болон гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А-99 дугаар тушаалын хавсралтын 7.1.1, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А-76 дугаар тушаалын хавралтын 7.1.1-д заасан хүний нөөц, захиргааны чиглэлээр гүйцэтгэх үүргийг харьцуулан үзэхэд Хүний нөөц захиргааны хэлтсийн гүйцэтгэх чиг үүрэг нь Дотоод үйл ажиллагааны хэлтэст шилжсэн гэж үзэхээр байх бөгөөд тухайн хэлтэс нь татан буугдсан биш, чиг үүргийг шилжүүлэх замаар өөрчлөн байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Мөн талуудын тайлбараар Хүний нөөц, захиргааны хэлтсийн 5 үндсэн чиг үүргээс 2 чиг үүрэг буюу цалин хөлстэй холбоотой нягтлан бодох бүртгэл нь Санхүүгийн газрын төлбөр тооцооны хэлтэст, хэвлэл мэдээллийн чиг үүрэг нь гүйцэтгэх захирлын удирдлага дор шилжиж, үлдсэн 3 чиг үүрэг болох захиргаа хүний нөөц, архив, албан хэрэг хөтлөлт, аж ахуйн үйлчилгээ, худалдан авалтын чиг үүргүүд нь Дотоод үйл ажиллагааны хэлтэст шилжсэн нь маргаангүй давхар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хүний нөөц, захиргааны хэлтсийн чиг үүрэг нэршлийн хувьд өөрчлөгдөж чиг үүрэг нь Дотоод үйл ажиллагааны хэлтэст болон бусад хэлтэст шилжсэнээс үзэхэд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс нэхэмжлэгчийн ажил, албан тушаалын ажлын байр огт үгүй болсон гэж дүгнэх боломжгүй.

 

Байгууллагын шинэ бүтцээр нэхэмжлэгчийн хариуцаж байсан үйл ажиллагааны үндсэн чиг үүргүүд хэвээр хадгалагдаж, гагцхүү өөр өөр хэлтэст шилжсэн, шинээр бий болгосон бүтэц нь нэршлийн хувьд өөр байгаа тул нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага агуулгын хувьд зөв, хуульд нийцсэн, нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжтой байх ёстой. Тамгын газар, хүний нөөц, захиргааны хэлтэс нь нэршлийн хувьд өөрчлөгдөж үйл ажиллагаа нь хуваагдсан тул ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.

 

Хэргийн 22 дугаар талд авагдсан бичгийн баримтаар ажил олгогч нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр буюу 44 хоногийн өмнө нэхэмжлэгч буюу ажилтан В.Э-т ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж байна гэсэн мэдэгдлийг гардуулан өгчээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх заалтад нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Э-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

 

Ажилд эгүүлэн тогтоосон тул түүний үр дагаврыг арилгах ёстой бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нь үр дагаварт хамаарна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн дундаж цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн 5,300,000 төгрөг, 5,700,000 төгрөг, 6,500,000 төгрөгийн дунджаар тогтоож, 9 сар, 14 хоногийн ажилгүй байсан хугацааны олговрыг 55,483,180 төгрөгөөр олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч В.Э-ыг М- ХХК-ийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 55,483,180 төгрөгийг хариуцагч М- ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч В.Э-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгасугай. гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Э-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 435,366 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гаргах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД